Monday 29 December 2008

Монгол эдийн засаг өсөлтөө хадгалж чадах эсэх нь цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалах нь

Европын сэргээн босголт, хөгжил//ЕСБХ/-ийн банкнаас жил бүр дэлхийн улс орнуудын шилжилтийн үеийн тайлан судалгааг гаргадаг байна.

Тайланд Төв Ази болон Зүүн Европын улсуудын төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн явцыг хамруулдаг аж. Энэ жилийн тайлангийн талаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны тэргүүн эдийн засагч Ральфе де Хаас, Монголыг хариуцсан захирал Жон Шомель Доу нар өнгөрсөн бямба гаригт манай эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын төлөөлөгчдөд сонсголоо.

Тайланд Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах, хууль эрх зүйн орчноо тогтворжуулах шаардлагатай гэжээ. Түүнчлэн ипотекийн зээл, эрүүл мэндийн болон бусад төрлийн даатгалын тогтолцоогоор дамжуулан санхүүгийн бие даасан салбарыг хөгжүүлэх боломж бийг ч тэмдэглэв.

Мөн манайхыг цалин хөлсний зохицуулалт байхгүй, орж ирж буй шууд хөрөнгө оруулалтад тавих хяналт хараахан бүрдээгүй байна хэмээн дүгнэв. Түүнчлэн манай уул уурхайн салбарт Хөрөнгө оруулалтын гэрээг шийдвэрлэх хугацаа цаашид ч сунжрах төлөвтэйг тэмдэглээд, татвар ногдуулалт, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр нөлөө гарахгүй байгааг тайланд тод тусгасан байна.

Мөн Монгол Улс цаашид олон улсын хамтын нийгэмлэгтэй эдийн засгийн чиглэлээр хэр зэрэг хамтран ажиллахаас эдийн засгийн өсөлтөө хадгалж чадах эсэх нь хамаарна гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкныхан зөвлөжээ.

No comments:

Post a Comment