Friday 19 December 2008

Нүүдэлчний примитив эдийн засаг

Проф. Олхонуд Баярхүү
Монголын нийгэм тогтворгүй, ажилгүйдэл, ядуурал, авилгал нь хэрээсээ хэтэрсэн. Тэгвэл тэр ядуурлын гол гэмтэн нь хэн бэ? Энэ асуултад монголчууд 16 жилийн турш хариулт хайж байна. Явж явж зах зээлийн эдийн засаг, түүнийг зал ирсэн ардчилал буруутан нь гэж нэг хэсэг явснаа авилгачин төр гэж буруушаах юмтай болжээ.
“Та нар наад ядуурлаасаа 2015 он гэхэд гарч чадах уу, үгүй юү?” гэж олон улсын хамтын нийгэмлэг асуугаад (“Мянганы хөгжлийн зорилтууд”) хугацаа заан хэрэв чадахгүй бол 2015 он гэхэд Та нарыг дэлхийн хамтын нийгэмлэгээс хаслаа гэсэн сануулга өгөөд байна. “Ядуурал” гээч энэ гайнаас гарах гэж төр, засаг нь чадах ядахаараа зүтгэж, олон улсын хамтын нийгэмлэгээс чамгүй тусламж гуйж олж ирснийг энд огтоос буруутгах гэсэнгүй. Ерөөсөө “эдийн засаг”, “үйлдвэрлэл” гэж сонгодог байтугай наад захын утгаараа байгаагүйн хар гай нүүрлэсэн нь энэ. Талаар нэг бэлчих мал, түүнийг адуулах ухаан гэдэг нь жилийн дөрвөн улиралд байгалийн бэлчээр даган нүүдэллэж, байгалиас натурал примитив аж ахуйгаа босгож ирсэний үр дагавар мөн.
Нэгэн хэвийн дүр зураг, цаг хугацаа, орон зайн хязгааргүй орчинд, тааваараа байгалиас өөр хэний ч эрхшээлд бус, дур зоргоороо аж төрөл бол Монголын хөдөөгийн дүр төрх мөн. Гэвч малаа дагаад малчин өөрөө хөгжсөн нь үгүй. 2000 жилийн тэртээх монгол малчин XXI зууны өнөөгийн малчны хооронд зарчмын, суурь ямар ялгаа байна вэ? Хэдэн арван үеэрээ мал дагасан монголчуудын сүүлчийн хоёр үед нь хотжилт явагдаад, нийгэм өөрөө төрөл арилжаад дэлхийн хөгжлийн хурдыг даалгүй сүүлчийн үе нь ядуурчихаад явж байна.
Нүүдэлчний примитив сэтгэлгээнд “эдийн засаг” гэдэг ойлголт баттай төлөвшөөгүй байдаг. Эдийн засаг гэж тэдний хувьд юу вэ? Таван хошуу мал нь. Гэхдээ тавуулаа нэг дор, нэг айлд байна гэдэг маш ховор. Ердөө л малаа адуулах арчлах, ашиг шимийг нь хүртэх. Тэгэхдээ энэ нь нэмүү өртөг, ашиг гэхээсээ натурал байдлаар амиа аргацаах төдий. Тиймдээ ч “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” хэмээх үг малчдаас гарсан. Түүхнээ монголчуудын зарим нь тариа арвай тариалах төдий байсан нь эдийн засгийн сектор болж огт төлөвшөөгүй явсаар ХХ зууны 1960-аад он хүрсэн. Газар тариалан төлөвшин эхэлтэл 1990 оноор нурсан. Учир нь монголчууд бие даан хийх чадваргүй, сэтгэлгүй.
Мал дагасан бусад салбарын тухайд гэвэл жишээ нь сүү цагаан идээ, айраг цагаа, хорхог, боодог, 5 цулын шөл, гэдэс дотор, хуйхласан толгой гэсгээд нүүдэлчдийн хоолны “соёл” дуусч байгаа тул дэлхийд үүнийг нь “соёл” хэмээн авч үздэггүй. Бууз, хуушуур, банш, лапша гээд явчихаараа тэр нь гаднаас нэвтэрсэн болдог. Гэр ахуй, өмсөх зүүх, эдлэх хэрэглэх нь даан ч хязгаартай тул өөрсдөө хөгжүүлсэн нь хомсхон, ихэнхи нь өмнөөс орж ирж нэвтэрсэн. Боловсрол, эрдэм гэвэл дөрвөн аргын тоо, захидлын мөр гаргах бичиг үсэг байхад хангалттай хэмээн олон зуунаар хэвшсэн байдал нь одоо ч үргэлжилсээр.

Амин зуулгаасаа, өөрөөр хэлбэл байгалийн эрхшээл дэх малаасаа салбал яах вэ гэдэгт нүүдэлчдийн ямар ч ухаантан урьдчилан харж хариу өгөөгүй агаад эцсийн байдлаар хэн ч томъёолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл малаа “хотжуулах”, “эрчимжсэн фермерийн аж ахуй”, “цахим малчин” гэдгийг одоо ярьж эхэлж байгаа нь том дэвшил ч нөгөөхийг нь нүүдэлчид нь хүлээн авах сэтгэлийн хат байна уу гэдэгт хамаг учир оршино. Ийм хариу бодож олоогүйн буруутан нь “нүүдэлчдийн эдийн засаг” гэгч өөрөө юм. Байгалийн эрхшээл дор натурал байдлаар байгсад бол ерөөсөө юмс үзэгдлийг туйлын примитив байдлаар тусган авдаг ба сайн муу, хар цагаан, за эсвэл үгүй гэдгээр ханддаг. Ингээд дараагийн ганц хувилбар нь хүчтэй байвал хулгай дээрэм хийх, хүчгүйтвэл бадар барин гуйлга гуйх. Өөрөөр хэлбэл нэг амьжиргаанаасаа нөгөө рүү шилжиж байна. Хэдэн арван үеэрээ нүүдэллэсээр яваад хотжоогүй тул иргэншээгүй. Иргэншилгүйн гайгаар хотжиж хотын хүн болж чадахгүй, ингээд гуйлга, гэмт хэрэг, золбин амьдрал руу орж ирэхээс өөр гарц байхгүй. Гайгүй өсч өндийгөөд ирвэл сайндаа л наймаачин болж байна.
Хамгийн их харамсмаар юм бол “XXI зуун” нүүдэлчдийн хотжиж дуусахыг хүлээхгүй. Цаг минут, секундээр хэмжигдэх хөгжил, технологийн энэ хурд Монголын нүүдэлчдийг хайрлахгүй, мөд хуйхлана. Хуйхалж ч байна. Эдийн засгийн хэт примитив сэтгэлгээтэй, алгуур энэ нүүдэлчдийг ардчилал руу оруулж, зах зээлд суралцуулах гэж олон улсын хамтын нийгэмлэг, хандивлагчид 16 жил мачийжээ. Тэдний өгсөн ба бидний авсан нь мөнгөн дүнгээрээ бол энэ 2.5 сая хүн амдаа оноовол дэндүү ахдахаар, гэтэл тэр их мөнгө шүүрхий шанагаар орж элсэнд шингэж алга болсон нь нөгөөх л нүүдэлчин өвөөсөө салах дургүй, примитив амьдрал бүхий монголчуудын хохь гэхээс өөрөөр буруутан тодрохгүй.
Нүүдэлчнийг шинэ хүн болгож хүмүүжүүлэх энэ ажил 10 жилдээ багтаж дуусаад ядуурлаасаа бүрэн гарч чадна гэдэг итгэл алга. Төр нь хүсэвч цаадуул нь огт хүсэхгүй байгаад хамаг учир орших мэт. Зовлогоо зовоож тархиа гашиглаж юм сурч, шинэ мэргэжил мэдлэг эзэмшихийн оронд примитив сэтгэлгээгээр түмпэн бариад алтны шаар цэвэрлэж явах, эсвэл хог ухаж явах нь хамаагүй дээр гэж нүүдэлчний эдийн засагт заадаг. Гэмт хэргийн нөхцөл шалтгааныг ажваас нүүдэлчнээс гэмт хэрэгтэн болох нь дэндүү түгээмэл, гол төлөв амьжиргаагаа амь дүйж солих (дээрэм хулгай, биеэ үнэлэх, залилан, шунахайн сэдлээр хүний амь сүйтгэх) эдийн засгийн учир шалтгаантай хэрэг голлож байна. Дарга сэтэртнүүдээс хээл хахуульд хамгийн ихээр өртөгсдийн ихэнхи нь урьд засгийн үед хөдөө гуйранч явсан айл өрхөөс гаралтай малчны хүүхдүүд байна.
Мал дагасан амьдралаас аз жаргал ирэхгүй болох нь нэгэнтээ тодорхой болсон. Өнөөгийн малчин гэдэг бол амь дүйсэн, эрсдэлтэй мэргэжил. Иймд нүүдэлчний эдийн засгийг бүрмөсөн халахаас өөр хувилбар байхгүй. Эрчимжсэн гэнэ үү, хагас эрчимжсэн гэнэ үү, малчин бүр үйлдвэрлэгч, экспортлогч, эзэн, босс, од болохгүй бол 2015 он гэхэд ядууралгүй болох нь бүү хэл малчингүй, малгүй болж мэднэ шүү.

2006-05-09

No comments:

Post a Comment