Friday 19 December 2008

Бизнесийн орчин дахь дарамт, төрийн оролцоо

Р.Энхбат
(Хэвлэлийн "Адмон" компанийн захирал)
Дарамт гээд ярихлаар олон хүний санаанд татварын дарамт ордог. Татварын дарамт бол ил тодорхой харагдаж байдаг, тоо хэмжээтэй зүйл. Гэтэл ил харагддаггүй, тоо хэмжээ нь мэдэгддэггүй хэрнээ хэрэг дээрээ татвараас хэцүү дарамт учруулдаг бизнесийн орчин бидний эргэн тойрныг хүрээлж байна. Монгол орон чөлөөт зах зээлийн замаар ороод 10 гаруй жил өнгөрлөө. Гэтэл хуучин нийгмийн төвлөрөл, дээрээс хуваарилдаг систем хэвээрээ л байна. Зах зээлээс бус, хуваарилалтаас голлон хувь хүртэж амьдрагсад улам зохион байгуулалтад орж, эдийн засгийг эрэлт хэрэгцээгээр зохицуулагдах ёстой эрүүл саруул механизм руу оруулахгүй чөдөрлөж байна.

Үүнээс хамгийн их хохирогчид нь зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй зохицох гэж зүтгэж яваа жижиг дунд үйлдвэрлэгчид, дунд зэргийн компаниуд юм. Төр, засгийн хуваарилалтаас хувь хүртдэг хэсгийнхэн энэ чиглэлээрээ харьцангуй томорч, үйл ажиллагаагаа тендерт оролцох чиглэлээр түлхүү явуулах болжээ. Тендерээс ашиг орлогоо олдог, хувь хүртдэг, бараа үйлчилгээгээ тийш нь "шахдаг" компаниуд бий боллоо. Ийнхүү зах зээлийн эрэлт, хэрэгцээн дээр менежмент хийдэг жам ёсны хэлбэрээс ангид компаниудыг манай бизнесийн орчин төрүүлээд байна. Жижиг дунд үйлдвэрлэгч, компаниудын нөгөө талын зовлон бол бүртгэлгүй, орлого нь тодорхойгүй жижиг бизнес эрхлэгчид юм. Тэд татвар төлдөггүй учраас барааны, үйлчилгээнийх нь үнэ улсын бүртгэлтэй татвар төлдөг компаниудаас байнга доогуур байдаг.
Ийнхүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дээрээс нь төр, дороос нь хураамж төлдөггүй хэсгийнхэн дарамталж байна. Зах зээлд шилжсэн арав гаруй жилийн хугацаанд ийм байдал үргэлжилсээр монголчуудын өдөр тутмын амьдрал урагшлахаа болилоо. Энгийнээр хэлэхэд "Ашигтай ажиллая гэвэл нэг бол үйлдвэрлэлээ орхиод лангууны худалдаа руу шилжих, эсвэл ямар ч хамаагүй аргаар хуваарилалтын хэсэг рүү орох" гэсэн салаа замын уулзварт дунд хэсгийнхэн оччихоод байна. Угтаа бол эрүүл саруул нийгэмд бизнес эрхлэгчдийн 70-80 хувь нь дунд давхрагад хамардаг.
Гэхдээ өнөөдөр эрүүл өрсөлдөөн бараг алга боллоо гэж дүгнэж хараахан болохгүй юм. Эрүүл өрсөлдөөн лангууны гэгдэх жижиг бизнес эрхлэгчдийн дунд өрнөх төдий л байна. Ганцхан жишээ дурдахад өнөөдөр хүнсний зах дээр мах зарж байгаа, эсвэл барилгын материал борлуулж буй гээд нэг лангуун дээр зэрэгцэн зогсож байгаа жижиг худалдаа эрхлэгчид уг нь өрсөлдөгчид юм. Гэтэл яваад очихоор хоорондоо жигтэйхэн эвтэй, эзгүй хойгуур нь юмыг нь манаад л, зарим нь борлуулж өгөөд л, тэрч бүү хэл өөрт нь байхгүй юмыг хаана хэн борлуулж байгааг хүртэл зааж өгдөг. Бас сонинуудыг хар. Цөмөөрөө л хоорондоо өрсөлдөгчид. Гэтэл нэг сэтгүүлчийг шорон ороход бусад нь өмөөрч хамгаалдаг байх жишээтэй. Бас поп дуучид, хошин шогийн жүжигчид зах зээлийн утгаараа хоорондоо өрсөлдөгчид. Тийм атал тэд бие биеэ дэмжээд тоглолт дээр нь очиж дуулаад, дэм дэмэндээ яваад л байна. Энэ бүхэн юу хэлээд байна гэхлээр эрүүл саруул өрсөлдөөн эргээд эрх ашгийн нэгдэл, дундын сонирхлыг буй болгодгийн нэг илрэл юм.
Харин тендерийн баримжаатай компаниудад ийм мэдрэмж, эв нэгдэл байхгүй. Улс төржилт, лобби, хувьчлалтай холбоотой маргаанууд л цаана нь байдаг. Хуваарилалтаас хувь хүртдэг компаниуд зах зээл гарч байгаа өөрчлөлт хөдөлгөөнөөс илүү тендерийг мэдэрч ажилладаг болжээ. Тэд төрөөс хуваарилдаг бэлэн мөнгөн дээр ажиллахаар өөрийгээ зохицуулсан байдаг. Бүх менежмент нь зах зээл рүү бус, тендерийг шийддэг хүмүүс, албан тушаалтантай ажиллахад чиглэж байна. Төрөөс ийм хуваарилалт хийгээд эхлэхээр зах зээлийн эрүүл саруул байдал алдагдаж, зах зээл дээр жам ёсоор нь ноёлох чадварыг сулруулж байна.
Төр шударгаар бизнес эрхэлж буй хэсгийг дэмжихийн оронд харин өөрөө "Ногоон гэрлийн компаниуд"-ыг төрүүлэх болов. Энэ бол мөнөөх хуваарилалтаас хувь хүртдэг хэсгийн сор нь юм. Татвар их төлсөн тул хөнгөлөлт эдлэх тусгай эрх бүхий "Ногоон гэрлийн гарц"-аар шагнуулна гэдэг бол зах зээл дээр тэгш бус байдал бий болгосон, хууль бус хэрэг. Уг нь бизнес эрхэлж байгаа болгон л өөр өөрийн хэмжээгээр татвараа төлж байгаа. Татвар төлөх нь хуулийн өмнө хүлээсэн үүрэг болохоос бус сайн дураараа байгуулж буй гавьяа биш юм. Бага орлого олоод бага татвар төлсөн нь тэр хүн эх орондоо бага хайртай гэсэн үг биш. Төр оролцоод будлиулчихсан энэ хэсэгт дээр өгүүлсэн махны худалдагч, поп дуучид, сэтгүүлч нарынх шиг эрүүл өрсөлдөөн бас хамтын ажиллагаа байдаггүй. Учир нь өрсөлдөөн нь шударга бус учраас нийтлэг эрх ашиг, эв нэгдэл бий болдоггүй.
Эцэст нь тэмдэглэхэд, манай зах зээлийг хорлож байгаа ганц зүйл бол төрийн оролцоо юм. Үүн дээр Олон улсын тусламжийн байгууллагууд нэрмээс болж байна. Тэдний үйл ажиллагаан дээр мөнөөх л тендерээр мэргэшсэн хэсэг тоглодог. Тэдэнд манай зах зээлийн эрүүл саруул байдал, үндэсний үйлдвэрлэлийн тухай учирлахад "Бид олон улсын байгууллага. Өөрийнхээ дүрмээр л ажлаа явуулж байна" гэж хариулдаг. Тэд ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулдаг. Гэсэн ч тэдэнд манай амьдралтай холилдох, амьдрах механизмыг бий болгох сонирхол угаасаа байхгүй. Ер нь иймэрхүү дэмжлэг туслалцаа нь эцсийн эцэст хүмүүсийг амьдрах чадваргүй л болгож буй юм.
Эдийн засгийн орчныг эрүүлжүүлэхэд нэг талаасаа их амархан. Ердөө л төрийн энэхүү оролцоо, хуваарилалтыг үгүй болгох хэрэгтэй. Хамгийн хэцүү нь хэзээ үгүй болгож чадах вэ гэдэгт л байна. Үүнд л улстөрийн сонгуулийн учир холбогдол оршиж буй юм.

2004-07-19

No comments:

Post a Comment