Friday 19 December 2008

Даяарчлал ба хөгжил дэвшлийн эсрэг үйл явц: Бутан, Турк, Монгол...

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг
ХХI зуун бол хүн төрөлхтний гурав дахь мянган жилийн эхлэл, технологийн асар түргэн дэвшлийн үе, дэлхийн хүн ард нэгэн гэр бүл гэдгээ мэдэрсэн эрин болж талын малчин монгол гэрээсээ АНУ-д сурдаг хүүтэйгээ утсаар холбогдож гэх мэтээр урьд өмнө байгаагүй шинэ зүйлийг авчирч байгаа нь нүдний өмнө илхнээ байна. Энэ зууны гол шинж бол даяарчлал юм.
Гэтэл даяарчлал хүрээгээ тэлэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрт тусгаар үндэстэн, бүс нутгийн өөрийн соёл, зан заншил, шашнаа хадгалах гэсэн эсэргүүцэл гэмээр эрмэлзлүүд гарч байна. Үүнийг С.Хантингтон “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн”-дөө онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь нэг ёсондоо тухайн соёл иргэншлийг ирээдүйд авч үлдэх гэсэн жам ёсны эрмэлзлийг илэрхийлж байгаа хэдий ч нөгөө талаас хөгжил дэвшлээс татгалзсан, хоцрогдсон дэг жаягийг сэргээх гэсэн оролдлого болж харин ч оршин тогтнолдоо сөрөг үр дагаврыг авчирч байна уу гэлтэй. Энд юуны өмнө Туркийг жишээ татмаар байна.
Дэлхийд бүс нутгийн интеграцийн эхийг тавьсан, гишүүн улс бүхэндээ хөгжлийн болон аюулгүй байдлын баталгаа өгсөн Европын холбоонд элсэх нь энэ тивдээ хамгийн буурай хөгжилтэйд тооцогдох Туркийн хувьд алдаж болохгүй боломж юм. Газар нутгийн байршил (Туркийн газар нутгийн 90 % нь Азид хамаарагддаг), үндэстний цөөнхийн асуудал (тус улсаас салан тусгаарлахыг олон зууны турш оролдож ирсэн курдүүдийн асуудлыг төр засаг нь хүч хэрэглэн шийдэж ирснээрээ Өрнөдийн улсуудаас байнга шүүмжлэл хүлээдэг), эрх зүйн хатуу тогтолцоо (Турк өнөөг хүртэл цаазаар авах ялыг хуулиндаа байлгасаар байгаа нь энэ ялаас нийтээр татгалзсан Европын эрх зүйн тогтолцоонд нийцэхгүй байгаа юм) зэрэг төвөгтэй асуудлуудаасаа болж олон жил Европын холбоо энэ улсад нүүр өгөхгүй байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд Турк дээрх бэрхшээлүүдээ бага сагаар шийдвэрлэж, курдүүдийн удирдагч Абдулла Ожаланд цаазаар авах ял зааснаа өнөөг хүртэл гүйцэлдүүлэхгүй түдгэлзэх гэх мэтээр Өрнөдөд буулт хийх болсноор энэ улсыг гишүүнээр элсүүлэх цаг ойртсон тухай Брюсель, Лондонд яриа хэлэлцээр дуулдах болж олон жилийн хүлээлтэнд итгэл найдвар гэрэлтэж байна.
Гэтэл өнгөрсөн жилийн Туркийн засгийн газрын зарим нэг арга хэмжээ болон нийт улс даяарх иргэншлийн үйл явц нь Европын холбоонд элсэх найдварыг бүдгэрүүлэх болсныг Өрнөдийн хэвлэлүүд дурьдах болов. Тухайлбал, Германы Spiegel-д бичсэнээр өнөөгийн Туркийг үндэслэгч дэлхийн соёл иргэншил рүү улс орноо оруулсан Ата Туркийн хийсэн эрс шинэчлэл өдгөө талаар болж шашны бурангуй ёс руу эргээд энэ улс ухарч байгаа ажээ. Шашны хатуу чиг баримжаатай консерватист засгийн газрын хийж буй алхмууд нь барууны ертөнцөөс Туркийг улам бүр холдуулах боллоо. Мусульман шашны баяр болох Рамадан сарын үеэр олон нийтийн газар, албан газар, сургуулиудад эмэгтэйчүүд алчуур зүүхгүй явах, богино банзал өмсөхийг хориглосон тогтоолыг засгийн газраас гаргасан байна. Мөн Туркийн боловсролын яамнаас дунд сургуулийн сурах бичигт агуулгын хяналт хийж мусульманы сургаальд харш заалт, үгсийг хасах шийдвэр гаргав. Тухайлбал, 1830 оны Францын долоон сарын хувьсгалын тухай түүхийн сурах бичигт “Эрх чөлөө ард түмнийг удирддаг” гэсэн дүгнэлт байсныг хасчээ. Энэ мэтээрх илт тулгуур үзэлт алхмууд нь ХХ зууны эхэнд шашны бурангуй ёс, овгийн байгуулал бүхий Туркийг хүчээр өөрчлөн өнөөгийн өндөрлөгт хүрэх замыг нээсэн Ата Туркийн хувьсгалтай харьцуулахад ухралт юм. Ата Турк шашны дэг жаягийг төр, нийгмийн амьдралаас салгаж, эрэгтэй эмэгтэйчүүдэд ажиллаж амьдрах тэгш боломж олгож анх удаа лалын ертөнцөд эмэгтэйчүүдийн гивлүүрийг авч хаясан билээ.
Европын холбооны саяхны мэдэгдэлд Туркийн засгийн газрын байр суурь тус улсыг гишүүнээр элсүүлэх талаарх яриа хэлэлцээг түвэгтэй болгож байна гэжээ.
Туркийн сөрөг хүчний зарим улс төрчид Рамадан сарын баярын үеэрх олон нийтийн зан үйлийг зохицуулсан дээрх арга хэмжээ нь цаашдаа зөвхөн баяраар тогтохгүй байнгын хэм хэмжээ болж үлдэх вий гэж болгоомжилж байгаа аж. Мөн сэхээтнүүд болон нийгмийн элит хэсэг засгийн газрын тэргүүн Таип Эрдоганы бодлого нь Туркийг хоёр дахь Иран болгох вий гэдгээс ихээхэн айж байгаа юм.
Асуудал гол нь эмэгтэйчүүд гивлүүр зүүх эсэхэд байгаа юм биш, соёлт хүн төрөлхтний амьдралын хэв маягаас зай барьж, хоцрогдсон ёс жаягийг сэргээж ухралт хийж байгаа үндсэрхэх, шашны тулгуур үзэл дахин сэргэсэнд байгаа юм. Монголын хувьд Туркээс соёл, уламжлалын хувьд асар их ялгаатай бөгөөд тэр хэрээр даяарчлалд хэрхэн хөл нийлэх нь мөн л өөр замаар явах нь ойлгомжтой. Гэхдээ өнөөгийн Монголд өрнөж буй өнгөрсөн рүүгээ эргэж ухарсан зарим нэг үйл явц нь Турктэй адил байгаа тул энд зориуд дээрх асуудлыг авч үзлээ.
“Тос дотроосоо хөгцөрдөг” гэсэн үг бий. Дэлхий дээрх Буддизмын гол нүүр царай болсон (тусгаар улс гэдгээрээ Төвдөөс ялгаатай) хэдийнээс гадаад ертөнцөд хаалттай Бутан, Бирма уулын мухар дахь бөглүү, тасархай иргэншлээ хэзээ ч өөрчлөхгүй нь тодорхой болов. Усанд орвол буян арилчихна гэж сүсэглэдэг “хөмөрсөн тогооны доторх шиг” Бутанд сурвалжлага хийсэн манай нэгэн сэтгүүлч “Энд л амар жимир санаа зовох зүйлгүй амьдрал байна” гэж дуу алдсаныг юу гэж ойлгох вэ? Гэтэл Буддын шашинт орнуудаас ганцаархнаа өнөөдөр дэлхийд Азийн бар хэмээн нэр нь сайнаар дуулдаж яваа Тайланд шашнаа хадгалж ирсэн, тэр байтугай асар эрх мэдэл бүхий хаант засгаа ч хадгалж үлдсэн хэдий ч ихээхэн “модернжиж”, дэлхий дахинд нээлттэй байж чадсанаараа Зүүн өмнөд Азийн худалдаа, олон улсын харилцааны томоохон төв болж чадсан байдаг. Хөгжилд саад болох хоцрогдсон ёс, хаалттай байдлаасаа салж чадсан нь Тайландын хөгжлийн нэг нууц гэдэг.
Манайхан арай ч Бутан шиг усанд орвол буян арилчихна гэхгүй байгаа хэдий ч өнөөг хүртэл бүтээсэн дэвшил, хүрсэн ололтоосоо татгалзах алхмуудыг олонтаа хийх болжээ.

УИХ-ын 2004 оны сонгуулийн 62-р тойрогт нэр дэвшигч нэг нөхөр “Энэ өдөр ... жилтэй хүнийг төрийн албанд сонговол өлзийтэй” гэсэн зурхай бүхий сонин тарааж өөрийгөө ухуулж явсан удаатай.Үүнийг үндэсний уламжлалт шашин шүтлэг энэ цагт дахин сэргэсэн дэвшил гэх үү, эсвэл Монголын нийгэм дэх парадокс (гажиг) гэх үү? Сонгогчид яахав, тэр болгон нэр дэвшигчийн жил усыг сонирхоод явахгүй, гэхдээ л зурхайд нэлээд хувь нь итгэдэг. Үүнийг нь бохир улс төрчид, мөнгө олох гэсэн хүмүүс ашиглаад байгаа нь харамсмаар.
Төрийн алба шашны дэг жаягтай ихээхэн холбогдох боллоо. Саяхныг хүртэл ердийн нэгэн уул, довцог байсан газруудыг хэн нэгэн ламтан тахин, хадаг яндар тавиад “ариун дагшин” хэмээн нэрийдэж эмэгтэй хүн гарахыг хориглох болов.Энэ нь Турк дахь эмэгтэйчүүдийг богино банзал өмсөхийг хориглосон хуультай агаар нэг юм. Удахгүй бид “УИХ-ын намрын чуулганыг ... сарын тэдний Балжинням, Бат-Эрдэнэтэй давхцсан өлзийт сайн өдөр эхлүүлэхээр тогтжээ” гэсэн мэдээг сонсох байх.
УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд овоо тахих гэх мэт шашны янз бүрийн зан үйлд олонтаа оролцох болж, төрийн ёслол, шинэ байгууллагын нээлт гэх мэт дээр Гандан хийдийн лам нар байнга үзэгдэж маань мэгзэм унших боллоо. Уул, усыг тахих нь нэг талаас газар, байгаль орчноо хамгаалах зан үйлийн хэлбэр гэдгээрээ сайн талтай ч, нөгөө талаас амьгүй эд зүйлсийг бурханчлан шүтэх буюу фетишизм хэмээх хүн төрөлхтний сүсэг бишрэлийн хамгийн анхдагч бүдүүлэг хэлбэр рүү XXI зуунд Монгол улс эргэн орж байгаа нь харамсмаар. Мөн эдгээр тахилга, ёс жаяг нь дээр дурдсанаар эмэгтэйчүүдийн эрхийг хаан боогдуулах гэх мэт хоцрогдсон заншлыг эдүгээ сэргээх болсон нь хөгжил дэвшлийн хувьд ухралт болж байна.
Мөн төрийн зүтгэлтнүүд шашны дээрх зан үйлээс гадна аймаг, орон нутгийн ой, янз бүрийн баяр наадам, 9 сарын 1 гэх мэт тэмдэглэлт үйл явдлуудад оролцох нь сүүлийн жилүүдэд илт олширлоо. Улс төрчид яагаад ийм арга хэмжээнүүдэд ороод байна вэ? Тухайн аймаг, орон нутгийн ард иргэдийг хүндэлсэндээ тэр үү, эсвэл өөр шалтгаан байна уу? Сүсэг бишрэл, итгэл үнэмшлээр нь далимдуулан олныг залан жолоодох, баяр ёслол, шагнал урамшил, урлаг, уран сайхнаар хүмүүсийг татах нь хэзээнээс эрх баригчдын эрх мэдлээ тогтоон барих арга хэрэгсэл болж ирсэн билээ. Улс төрийн шинжлэх ухаанд үүнийг бэлгэ тэмдгийн улс төр гэж томьёолдог. Олон нийт гял цал юм, дуу хөгжим, хурц өнгө, хувцас гэх мэт анхаарал татсан бүхий л зүйлд дуртай байдаг. Үүнийг нь улс төрчид өөртөө ашигтай байдлаар эргүүлдэг юм. Хүмүүс тухайн баяр наадмын хүндэт суудалд заларч байгаа улс төрчийг хараад өөрийн эрхгүй төрөө хүндэтгэн дээдлэх сэтгэгдэлтэй болж, биелүүлэхгүй байгаа амлалтуудыг нь мартагнахад хүрдэг. Өөрөөр хэлбэл бэлгэ тэмдгүүд нь хүмүүсийг тайвшруулах, бодит байдлыг мартагнуулахад хүргэдэг тул эрх баригчид баяр нааадам, шашны зан үйл, шагнал урамшил гэх мэтээр дамжуулан олны дунд унасан нэр төрөө сэргээх, легитим олж авахад ашигладаг юм.
Монгол өнөөг хүртэл олж авсан дэвшил, ололтууд маань талаар болж байна. Монголын оюуны болон хөдөлмөрийн потенциал гадагшаа урсч байна. Хүн амын 70% нь 45-аас доош насных буюу залуучуудын орон гэж бахархалтай нь аргагүй гадныханд бид өөрсдийгөө танилцуулдаг. Гэтэл энэ давуу талаа бид ашиглаж чадахгүй байна. Харьцангуй боловсролтой, дэлхийн соёлоос суралцсан олон залуус Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж чадахгүй байна. Албан бус тоогоор гадаадад байгаа 100 мянган монголчуудын 80 % нь 40-өөс доош насны залуучууд байгаа. Эдний нэлээд хувь нь хөгжингүй орнуудад боловсрол эзэмшсэн, 60 жилийн ойгоо тэмдэглэж түрүүлсэн бөхдөө 30 саяын үнэтэй машин өгч байгаа нутгийнх нь талаас илүү нь цөлжилтөд автсан засаг даргаас илүү зөв шийдвэр гаргах ухаантай, хоргой торгон дээл, хэдэн айлыг орон гэртэй болгох дайны үнэтэй хөөргөөр гангарсан “Чингисийн Монгол” хэмээн цээжээ дэлдэх авч тулаад ярихаараа түүхээ мэдэхгүй улс төрчдөөс огт өөр хүмүүс юм. Тэдний оюуны потенциал Монголын төр засагт огт хамаагүй болж байна. Эх орондоо ажиллах, эзэмшсэн чадвартай тохирох цалин авах боломж алга. Тиймээс ч цөөн хэдийг нь эс тооцвол ихэнх нь гадаадад хар бор ажил хийж байна. Тэдний сонгох эрхийг ч Монголын төр огт хэрэгсэхгүй байна. Хэрэв гадаадад байгаа монголчуудын санал УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиудад тусгагдсан бол өнөөгийн төр засаг дахь хүчний харьцаа ихээхэн өөр байх байсан.
Даяарчлал манайд нэвтрэхийн хэрээр “дангаарчал” гэх ч юмуу сөрөг хандлагууд хүчтэй яригдах боллоо. Улс төрчид, яруу найрагчид “Монгол бол дэлхийд хосгүй үндэстэн”,”Монголчууд хэзээнээс ухаантай”,”Дэлхийн талыг эзэгнэж явсан их гүрэн” гэх мэтээр хүмүүсийн цөсийг хөөргөх юм. Гэтэл бид зөвхөн өнгөрсөн үеийн эдгээр дурсамжуудад түшиглэн ирээдүйн Монголыг бүтээж чадах уу? Судлаач Д. Баярхүү “Даяаршихын тулд “монгол онцлог”,”монгол ухаан”,”миний Монгол”, “хөх толбо” гэхчлэнгээсээ бага ч болов татгалзах хэрэгтэй гэснийг энд зориуд дурдмаар байна. Түүний санал дээр нэмээд Монгол улс ардчилагдахын тулд зарим нэг уламжлал, шашны дэг жаяг, үндсэрхэх үзлээсээ татгалзах ёстой гэж хэлмээр байна. Нэрт сэтгэгч Френсис Фукуяама “Түүхийн төгсгөл”-дөө “шашин, үндэсний үзэл, угсаатны ёс заншил нь улс төрийн ардчилсан институт, чөлөөт зах зээлийн эдийн засгийг бүтээн байгуулахад саад тотгор учруулдаг” гэж үзсэн байдаг. Учир нь эдгээр нь танайх, манайх, хүний,өөрийн гэсэн ялгааг бий болгодог улмаар үнэлэмжид хүчтэй нөлөөлдөг юм. Манай олон нийтийн дунд түгээмэл байгаа ардчилсан бус хандлага болох нутгархах, үндэс угсаа, шашин шүтлэгээр баримжаалан санал өгөх явдлыг улс төрчид өөгшүүлж сонгуульд ашигласаар байна. Монголын сонгуулиудад “нутгийн хүү”,”унасан газар угаасан ус” гэх мэт үгс нэр дэвшигчдийн имиж болж ирсэн.
Даяарчлал, интеграцийн нөхцөлд улс гүрнүүд өөрийн эрх мэдэл, сувернитетээсээ тодорхой хэмжээгээр татгалзаж байж нэгдэн нийлдэг жамтай. Хагас зууны түүхтэй Европын Холбоо гишүүн улс бүрийнхээ хөгжил, аюулгүй байдлын баталгаа болох хүртлээ ихээхэн бэрхшээл, ээдрээг туулж ирсэн юм. Үндэсний онцлог, тусгаар эрх мэдэл, өөрийн мөнгөн тэмдэгт гэх мэтээсээ татгалзаж байж энэ тив интеграцчлагдаж чадсан. Даяарчлалд нэгдэнэ гэдэг маань мэдээж үндэсний тусгаар тогтнол, уламжлалаас бүрэн татгалзана гэсэн үг биш, хэрэгтэйгээ авч үлдээд, хоцрогдсон заримыг нь хаях буюу “Авах гээхийн ухаан”-аар хандана гэсэн үг. Гэтэл Монголд ийм байж чадахгүй байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд дэлхийн улсууд улам бүр нээлттэй болж байгаа өнөө цагт Монгол хаалттай, өнгөрсөн рүү ухарсан алхмууд хийх болсон нь цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
2006-11-21

No comments:

Post a Comment