Friday 19 December 2008

Тогтвортой өсөлтөд хүрэхийн тулд Зүүний үзлийг дага

Жозеф Штиглиц
Баруун, зүүны үзэлтнүүдийн аль аль нь өөрсдийгөө эдийн засгийн өсөлтийн төлөө зөв чиг шугам гэж зарлаж байна. Тэгэхээр энэ хоёрын аль нэгийг сонгох гэж байгаа сонгогчдын хувьд эдгээрийг удирдлагын хоёр өөр баг мэтээр авч үзэх нь зохистой юу?
Үнэн хэрэгтээ байдал тийм хялбархан байсан бол хамаагүй амар байхсан. Зарим тохиолдолд аз тохиох нь бий. 1990-ээд оны үед Америкийн эдийн засгийг тэнгэр ивээж, эрчим хүчний үнэ хямдарч үйлдвэрлэлд их хэмжээний шинэчлэл явагдаж, Хятадаас их хэмжээний чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлж байсан зэрэг нь инфляцийг бууруулж, хурдацтай өсөлтөд хүргэж байлаа. Тиймээс тухайн үед Америкийн эдийн засгийг удирдан чиглүүлж байсан Ерөнхийлөгч асан Б.Клинтон, Холбооны нөөцийн банкны даргаар ажиллаж байсан А.Грийнспан нарт бага ч гэсэн талархах хэрэгтэй юм, учир нь хэрэв тэд буруу бодлого явуулсан бол ямар их уршиг тарьж болохыг хэлэхэд хэцүү юм. Өнөөдөр бидэнд учраад буй эрчим хүч, хүнсний үнийн өсөлт, санхүүгийн тогтолцооны хямрал нь үндсэндээ муу бодлогын уршгаар бий болсон юм.
Эдийн засгийн өсөлтийг бий болгох стратегиуд нь үр дүнгийн хувьд хоорондоо эрс ялгаатай нь мэдээжийн хэрэг. Эхний ялгаа нь өсөлт хэрхэн бий болгох, түүнийг яаж ойлгож байгаагаар илэрдэг. Дотоодын нийт бүтээгдхүүн нэмэгдсэнээр өсөлт бий боллоо хэмээн ойлгож болохгүй юм. Өсөлт нь тогтвортой байх ёстой. Олсон ашиг орлогоо зохистой хөрөнгө оруулалт болгож чадаагүй үед, байгаль орчинд сөрөг үр дагавартай, гадны зээллэгээр санхүүжүүлсэн хязгааргүй хэрэглээ, хязгаарлагдмал байгалийн нөөц баялгийг олборлосны үндсэн дээр бий болж буй өсөлт нь тогтвортой байж чадахгүй.
Мөн өсөлт нь аль болох олон иргэнд хүрсэн байх, өөрөөр хэлбэл, ихэнх иргэд аливаа өсөлтийн ашиг тусыг хүртсэн байх ёстой. Компаниудыг хэтэрхий дэмжсэн эдийн засгийн бодлого нь үр нөлөө муутай бөгөөд ДНБ өсөж байсан ч гэсэн ихэнх иргэдийн амьжиргаа муудах нь бий. Америкийн сүүлийн үеийн өсөлт нь эдийн засгийн хувьд тогтвортой бишээс гадна, ард иргэдэд хүрч чадаагүй юм. Өнөөдөр ихэнх Америкчуудын амьдрал долоон жилийн өмнөхөөс доройтсон байна.
Гэхдээ өсөлтийн тэгш бус байдал нь хоорондоо зөрчилддөг гэсэн үг биш юм. Бүх иргэдэд өсөлтийн ашиг тусыг хүртээх замаар төр, засгийн зүгээс өсөлтийг улам бэхжүүлж болдог. Улс орны хамгийн үнэтэй нөөц бол түүний хүн ам байдаг. Тиймээс бүх иргэд бүх чадвараа дайчлан ажиллах боломжтой байх үүний тулд бүх хүнд боловсрол эзэмших бололцоог бий болгох нь амин чухал юм.
Орчин үеийн эдийн засагт эрсдэлтэй алхам хийх, азаа туршихыг шаарддаг. Хэрэв хүмүүс санхүү эдийн засгийн аюулгүй байдал нь баталгаа сайтай бол эрсдэл даах, азаа сорих хандлага илүү байдаг. Хэрэв тийм баталгаа байхгүй бол иргэд гадаад өрсөлдөөнөөс хамгаалуулах шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгаалал бол протекционист бодлогоос илүү үр дүнтэй байдаг.
Нийгмийн эв нэгдлийг хангаж чадахгүй бол үүний улмаас өмчийг хамгаалах, гэмт хэрэгтнүүдийг шоронд хорихоос авахуулаад бусад олон зардлыг бий болгодог ажээ. Урьдчилсан тооцоогоор хэдхэн жилийн дараа Америкт аюулгүй байдлыг хангах салбарт ажиллагсадын тоо боловсролын салбарт ажиллагсадын тооноос илүү гарах аж. Шоронд суух нэг жил нь Харвардад сурах нэг жилээс илүү их зардалтай гарах юм. Америкт хоёр сая хүнийг шоронд хориход гарч буй зардал нь нэг хүнд ногдох хоригдлын тоогоороо дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь ДНБ-ээс хасч байгаа бөгөөд хоригдогчдын тоо нэмэгдсээр байгаа юм.
Барууны болон зүүний үзлийн хоёрдахь том ялгаа нь төр хөгжлийг бий болгоход ямар үүрэгтэй оролцох тухайд илэрдэг. Зүүний үзлээр бол төр нь дэд бүтэц, боловсрол, технологи хөгжүүлэх, мөн төр өөрөө зах зээлийн нэг оролцогчийн хувьдаа их чухал үүрэгтэй гэдэг. Засгийн газар Интернет болон орчин үеийн био-технологийн хувьсгалын эх үндсийг тавьсан. XIX зуунд улсын дэмжлэгтэй их сургуулиудад хийгдсэн судалгаа нь Америкийн хөдөө аж ахуйн хувьсгалыг үрслүүлсэн. Үүний дараа Засгийн газар уг дэвшлийг Америкийн сая сая фермерүүдэд түгээсэн билээ. Жижиг бизнесийн зээллэг шинэ бизнес төдийгүй шинэ аж үйлдвэрийн салбарыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ.
Сүүлийн ялгаа нь хачирхалтай санагдах магад. Учир нь зүүнийг баримтлагчид өнөөдөр зах зээлийг ойлгодог болсон бөгөөд тэд эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж чадах болон зохистойг ухамсарлажээ. Харин барууныхан, ялангуяа Америк дахь барууныг баримтлагчид ойлгохгүй байна. Ялангуяа Буш-Ченигээр төлөөлүүлсэн Америкийн Шинэ барууныханг хуучин корпоратизмын шинэ дүр төрх гэж хэлж болно.
Эд нар либертариуд биш. Тэд хүчтэй гүйцэтгэх эрх мэдэл бүхий, хүчирхэг төрийг эрхэмлэх атлаа, зах зээлийн зарчмыг бага хүндэтгэж, тогтсон сонирхлыг хамгаалахад төрийг ашигладаг байна. Үүний жишээг бичвэл маш урт жагсаалт болох бөгөөд заримыг нь дурдахад томоохон фермийн аж ахуй эзэмшигч компаниудад өгч буй татаас, гангийн үйлдвэрлэлийг хамгаалах зорилготой татвар, хамгийн сүүлийн үеийн байдлаар Bear Stearns, Fannie Mae, Freddie Mac гэх томоохон компаниудыг хямралаас аврахаар их хэмжээнээ санхүүжилт хийсэн зэрэг болно. Ийнхүү ам яриа, ажил хэргийн зөрүү бүр эртнээс эхэлсэн бөгөөд Рейганий үед Япон улс суудлын автомашинуудад сайн дураараа экспортын хязгаарлалт тогтоож байгаа нэрийн дор Америк өөрийн протекционист бодлогоо тулгаж байсан юм.
Харин ч үүний эсрэгээр Шинэ зүүнийхэнд зах зээлийг үр ашигтай ажиллуулахын төлөө хичээж байна. Өнөөдөр учирсан санхүүгийн хүндрэлтэй байдал нь ямар ч хяналтгүй зах зээл дангаараа үр дүнтэй ажиллаж чадахгүй байгааг харуулав. Өөрийгөө зохицуулагч зах зээлийг хамгаалагчид зах зээл заримдаа алддаг, бүр сүйрэл учруулдаг ч өөрөө өөрийгөө засварлах чадвартай гэж үздэг. Их Хямралын үед ч гэсэн үүнтэй төсөөтэй зүйл ярьж байсан. Засгийн газраас оролцох шаардлагагүй бөгөөд зах зээл нь урт хугацаанд бүрэн ажил эрхлэлтийг бий болгож, эдийн засгийг сэргээнэ гэж үзэж байлаа. Гэтэл Жон Мэйнард Кэйнсийн дүгнэснээр алсын төлөвтөө бид бүгд мөхөх аюултай юм.
Зах зээл нь зохих хугацаандаа өөрийгөө засварлах зохицуулах чадваргүй. Ямартаа ч гэсэн банкнуудын зохисгүй бодлого, хэтэрхий шунахай үйлдэл, үнэт цаасны зах зээлд оролцогчид, зээлийн үнэлгээ өгөгч байгууллагууд эрсдлийг буруу үнэлсэн зэргээс болоод улс орнууд эдийн засгийн зогсонги байдал, цаашлаад хямралд орж байхад Засгийн газар зүгээр хараад суух боломжгүй юм. Хэрэв засгийн газрууд эдийн засгийн “эмнэлгийн зардал”-ыг төлөх хэрэгтэй бол түүнийг “эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх” шаардлагагүй байхаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Төр засаг эдийн засагт оролцох ёсгүй гэж үздэг барууныхны номлол буруу болох нь харагдлаа, та бид одоо үүний үнийг төлж байна. Үүний уршгаар бид зөвхөн АНУ-д л гэхэд 1.5 их наяд долларын бүтээгдхүүн алдаж байна.
Барууны үзэлтнүүд оюун санааны эх үндсээ Адам Смиттэй ихэвчлэн холбож үздэг. Харин Смит тухайн үедээ зах зээлийн хүч чадлыг бодитой үнэлж хязгаар байгааг хүлээн зөвшөөрч байжээ. Бүр тэр үеэс л бизнесүүд шинэлэг бүтээгдхүүнийг үр ашигтай үйлдвэрлэх замаар бус харин хоорондоо нууцаар хуйвалдан үнэ өсгөх замаар ашгаа хялбар аргаар өсгөдөг байж. Тиймээс шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах хууль зайлшгүй хэрэгтэй байдаг.
Үдэшлэг зохион явуулах хялбар байдаг. Тухайн цаг мөчид хүн бүрт таатай байж болно. Харин тогтвортой өсөлтийг хадгална гэдэг илүү хэцүү байдаг. Өнөөдөр, барууныхантай харьцуулахад зүүнийг баримтлагчид илүү өндөр өсөлт бүхий, нийгмийн шударга ёсыг хангасан зохистой бодлогын хувилбарыг дэвшүүлж байна. Иймд сонгогчдын хувьд өнөөдөр сонголт хийхэд хялбар байгаа болов уу.

No comments:

Post a Comment