Friday 19 December 2008

Шилдэг нийтлэл 4

А. АЛТАНТУЯА – АРДЫН ЭРХ СОНИНЫ СЭТГҮҮЛЧ
Өгүүллийн нэр:
1. Монголын Голланд өвчний дүр зураг хийгээд Ж.Штиглицийн сануулга
2. Барагдашгүй баялгаа яах вэ?

2.1. МОНГОЛЫН ГОЛЛАНД ӨВЧНИЙ ДҮР ЗУРАГ ХИЙГЭЭД
Ж.ШТИГЛИЦИЙН САНУУЛГА
“Ардын эрх” 2006 оны 1 сарын 16, №010 /288/
А. Алтантуяа
“Ардын эрх” сонин
“Нөөц баялгийн сөрөг үр дагавар гэдэг үг нь энгийн мөртлөө ээдрээтэй зүйл юм. Юу гэвэл эдийн засагт баян буюу нөөц баялаг ихтэй байх нь илүү сайн сайхан байж, түргэн хөгжих, дэвжихийн нэр гэж үздэг байлаа. Гэтэл тийм байх албагүй бөгөөд нөөц баялгаар баян байх нь улс орны байдлыг дордуулж болдгийг нотлох баримт олширсоор байна” гэж дэлхийн толгой эдийн засагчдын нэг гэгддэг ноён Жозеф Штиглиц хэлжээ. Тэрээр ”Даяршлын сүүдэр”, “Гайхмаар гэнэтийн өсөлт” номуудаараа дэлхийн олон сая уншигчдын танил болсон. Түүнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан /ОУВС/-гийн сүүлийн 15 жилийн турш хийсэн “аварга туршилт”-ын дампуурлыг олон нийтэд дэлгэн харуулсан гэдэг.
Монгол уншигчдын хувьд ноён Ж.Штиглицийн Дэлхийн банк, ОУВС буурай хөгжилтэй орнуудад тусламж нэрийдлээр харин ч сөрөг үр дагавар үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна хэмээсэн нийтлэлээр нь танил болж, энэ талаар эдийн засагч, судлаачид байр сууриа илэрхийлж байсан билээ.
Харин энэ удаад бол дээр иш татсан “Баялагтай байхын зовлон” хэмээх илтгэл нь монголчуудын хувьд төдийлөн танил биш, цөөн хэдэн эдийн засагчдын анхаарлаа хандуулахыг сэрэмжлүүлэн сануулж буй, Монголд нүүрлээд байгаа Голланд өвчний талаар өгүүлсэн учир сонирхол татаж буй юм.
Анх Голланд улсад нүүрлэж эдийн засагчид Голландын гэж нэрлэсэн /Нидерландын ч гэж бас нэрлэдэг/ эдийн засгийн өвчний талаар “Ардын эрх” сонин өмнө нийтэлж байсан гэдгийг уншигчид санаж байгаа байх. Тухайн үед зарим уншигчид “Юун, яасан өвчин? Харь нэртэй хэзээ ч сонсоогүй өвчний талаар бас юун сенсаци дэлгээд эхлэв” гайхашран дургүйцэж байсан. Харин ашигт малтмал, газрын баялгийн талаарх яриа, маргаан ид хүчээ авч байгаа энэ үед Голланд өвчний “хам шинж” Монголд хэдийнэ анзаарагдаж эхлээд байгааг та бүхэн харж буй биз.
Өнгөцхөн харахад газрын лиценз тойрсон маргаан хэлэлцээн, харийнхан Монголын баялгийг цөлмөчихөөд эздэд нь юу ч үлдээхгүй тонилох гэж байгаа талаарх шуугиан, янз бүрийн хөдөлгөөн холбоодын тэмцэл зэрэг Голланд өвчний цууриаг Монголд хадааж байна. Эдийн засгийн янз бүрийн үзүүлэлт, үр дагавар, Голланд өвчний сонгодог жишээ, хам шинжүүдийг тоочихоос илүү “Баялгаа ашиглаад дуусчихаар бид яах вэ”, “Байгалийн баялгийг шударгаар хуваарилья” гэх уриа цуурай Голланд өвчнөөс сэргийлэх, ангижрах арга замыг монгол маягаар жирийн гүдэс үгээр илэрхийлж буй хэрэг болов уу.
Улс орны экспортын бүтээгдэхүүний 50-аас илүү хувь нь байгалийн баялаг буюу боловсруулаагүй түүхий эд эзэлдэг Голланд өвчний илрэлийн нэг шинж Монголд хэдийнэ илэрч, экспортын бүтээгдэхүүний 60 гаруй хувийг зэс алт, түүхий ноолуур эзлэдэг болоод байгаа. Экспортын бүтээгдэхүүний тодорхой хувийг тахалдаг байсан оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ руу татваргүй нийлүүлэх давуу боломж дуусгавар болсноор энэ салбараас “гэрэл гэгээ” хүлээх аргагүй болсон. Төсвийн тодотголыг нэмэх эсэх нь дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ өсөх эсэхээр л хэмжигдэж байгаа билээ.
Дэлхийн эдийн засагчид байгалийн баялаг тухайн улс оронд мөнгө дагуулж ирэхээс хөгжил авчирдаггүй гашуун жишээг байнга сануулж буй. Энд асар их байгалийн баялагтай мөртлөө дотоодын үйлдвэрлэл нь сөнөж мөхөн, цөөхөн хэсэг хүн, давхарга баяжин олонх нь ядууралд автсан олон орнуудын жишээг дурддаг.
Монголд хамгийн тод харагдаж байгаа жишээг дурдая. 2004 оны шинэ жилийн баяртай зэрэгцэн дэгдээсэн том PR-ийн нэг нь эдийн засгийн өсөлт урьд өмнө байгаагүй ихээр өсч 10,6 хувьд хүрсэн тухай дуулиан. Энэхүү 10,6 хувийн өсөлтийг манай улстөрчид харин ч нэг хүссэн үедээ хүссэн тааллаараа ашиглан тайлбарладаг. Нэг хэсэг ийм өсөлтөд хүргэсэн аугаа удирдагчдын гавьяаг магтан дуулж байсан бол өдгөө энэ өсөлтийг нухчин дарж эдийн засгийг унагасан буруутныг хайж буй.
Харин эдийн засгийн “гайхамшигт” өсөлтийн жилүүд монголчуудад, ялангуяа жирийн иргэдэд ямар зүйл авчирсан бэ? Цалин нэмэгдсэн үү, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт сэргэсэн үү гэвэл үгүй ээ. Яг ийм жишээг Латин Америкийн орнууд туулаад өнгөрсөн. Байгалийн баялаг ихтэй уг орнуудад 1990-ээд онд Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/, хэрэглээ өсөн цэцэглэв. Гялалзсан энэ тоонд хууртан байсны эцэст тэд хэдхэн жилийн дараа эдийн засгийн сүйрэлд өртсөнийг ноён Ж.Штиглиц сануулж байна.
Энгийн хар ухаанаар бол байгалийн баялгаар хөлжиж, баяжих ёстой мэт атал яагаад улс орон Голланд өвчинд сүйрч буйг ноён Ж.Штиглиц “Хаана их хэмжээний мөнгө байна, тэнд уг мөнгийг буруугаар ашиглах сонирхол сэдэл өндөр байдаг” гэсэн энгийн үгээр тайлбарлажээ.
Голланд өвчний хамгийн хор хөнөөлтэй чанар байгалийн баялгаа арилжаалсны үр дүнд маш их хэмжээний мөнгө орж ирэн дотоод валютын ханшийг чангаруулдаг. Энэ нь дотоодын үйлдвэрлэлд хортойгоор нөлөөлдөг. Энгийнээр хэлбэл бэлэн шахуу бага өртгөөр олборлох байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлоод орж ирсэн мөнгөөр нь хэрэгцээгээ хангаж, ихэнх тохиолдолд тансаглацгаадаг. Баялгийн бялуу төрийн байгууллагуудын төсөв, үргүй зардал руу урсч, авилга хээл хахуулийг гааруулж, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг амьгүйжүүлдэг байна. Энэ бүх байдлаас сэргийлэх аргыг ноён Ж.Штиглиц доорхи байдлаар томьёолжээ. Үүнд
Нэгдүгээрт: Нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо /Байгалийн баялаг олборлогчид цэвэр орлогоо бага байдлаар харуулахыг тулд санхүү бүртгэл, тооцооны янз бүрийн залийг хэрэглэдэг, үүнээс сэргийлэх. Манайд одоогоор санхүү бүртгэл, тооцооны хяналт хэрэглээ “О” төвшинд байна гэж зарим мэргэжилтнүүд үздэг юм билээ/
Хоёрдугаарт: Хариуцлага хүлээх ёс
Гуравдугаарт: Хяналт, шалгалтын тогтолцоо
Дөрөвдүгээрт: Ил тод байдал. Энд гол нь авилга, хээл хахууль, залилангийн замаар баялгийг урсгахгүй байхыг анхааруулж байгаа аж. Тэрээр байгалийн баялаг олборлогчид төлбөрөө “Бүхэл бүтэн улсад төлөхийн оронд нэг хүнд төлсөн нь хамаагүй хямд байдаг” гэдгээр тайлбарласан нь биднийг одоо ч аалзны тор шиг хэрээд байгаа авилгын аюулыг сануулж байна.
Харин баялгийг хэрхэн улс орондоо өгөөжтэй байлгах тухайд тэрээр тогтворжуулалтын сан /Манайд одоогоор Тогтвортой хөгжлийн сан байгуулах талаар ид яригдаж буй. Ноён Ж.Штиглиц “Баялагтай байхын зовлон” илтгэлээрээ нефтийн баялаг ордтой Азарбайджан улсад зөвлөгөө өгчээ./-г санал болгожээ. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаас олж буй хөрөнгийг төсвийн зардал, тансаглал эсвэл хэсэг бүлэг хүмүүст зориулах биш цаашид байгалийн баялгаас үл хамааран эдийн засгийн өсөлт хөгжилтөд нөлөө үзүүлэх салбарыг бэхжүүлэх, бий болгоход зарцуулах юм. Ж.Штиглиц Азарбайджаны хувьд дэд бүтцийг сайжруулж, зам барих талаар онцлон анхааруулжээ.
Харин монголчууд бидний хувьд. Тогтвортой хөгжлийн сан байгуулах тухай асуудал хэдийнэ яригдаж эхэлсэн, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах талаарх хэлэлцүүлэг өрнөж байгаа зэрэг нь энэ салбар руу анхаарал хандуулж байгаагийн нэгэн илэрхийлэл. Харамсалтай нь удтал яригдсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай санал, төсөл, үе үехэн хальт дурддаг Тогтвортой хөгжлийн сангийн талаарх асуудал улс төрийн бужигнаан, Засгийн газрын огцролтын дуулианд хэрхэх бол?

2.2. БАРАГДАШГҮЙ БАЯЛГАА ЯАХ ВЭ?
“Ардын эрх” 2006 оны 1 сарын
А. Алтантуяа
“Ардын эрх” сонин
-Уг нь дуг нойрондоо дугжирч байгаад хонио чононд бариулчихсан малчинг манайхан “хохь чинь” л гэдэг сэн дээ-
Нэг цагт “алтан дээр суусан гуйлгачид монголчуудыг хэлдэг” гэж бардамнадаг /уг нь ч бардамнаад байх юу байхав дээ, өөрсдийг нь доромжлоод байхад/ байсан монголчууд алдах уу, хожих уу гэх түүхэн шийдлийн цаг үед ирээд байна гэж дээр дооргүй ярилцаж, улстөрчид популизм-даж, эдийн засагчид талцан маргалдаж байна. Ийнхүү их хөл хөөрцөг болох сэдлийг “Айвенхоу майнз” компаниас үүдэлтэй гэх боловч яг үнэндээ Монголын ашигт малтмалын салбарын эрх зүйн зохицуулалт ч татвар, хяналтын тогтолцоо ч “0” байсны нэг илэрхийлэл болов уу.
Монголчууд байгалийн баялгаа ашиглаж эхлэх цаг яагаа ч үгүй гэж тайвширч байхад Фрийдланд гэгч сэргэлэн нөхөр бирж дээрээс хөрөнгө босгоод юу юугүй баялгийг маань хонхойлоод эзэд бидэнд нь үртэс ч үлдээхгүй нь гэсэн шуурга дэгдэв. Түүний Монголын Засгийн газарт хэлж байгаа тоо баримт гадны бизнесмэнүүдэд сэнхрүүлж буй яриа тэнгэр газар шиг зөрөөтэй байгаагаас монголчуудын сая нэг юм нойрноосоо сэрсэн юм шиг тэмцэл хөдөлгөөн өрнүүллээ гэх.
Ноён Фрийдланд Монголын Засгийн газарт “Оюу толгой” орд газраас жилд 1,1 тэрбум, 35 жилд 40 орчим тэрбум ам.долларын олборлолт хийгээд ашгийн 15 тэрбум ам.доллар /үүний тал нь улс орон болгон авах л ёстой байдаг татвар хураамжийн хэлбэрээр гэж байгаа. Өнөөгийн манай асар их хөнгөлөлт, чөлөөлөлттэй татвар, хураамжийн нөхцлөөр бол яг ашгийнх гэх хувь туйлын бага гэж эдийн засагчид үзэж буй/-ыг хуваах боломжтой гэсэн мөртлөө АНУ-д болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган дээр 5-6 ам.доллараар бүтээгдэхүүн үйлдвэрлээд 100-гаар зарах болно гэсэн нь монголчуудын эгдүүг хүргэсэн хэрэг. Баялгийнхаа эзэн нь байж гэж эх оронч эгдүүцэл нэг талаас зүй ёсны гэмээр дургүйцэл тэмцэл хөдөлгөөнийг дэгдээсэн. Цаашид ч энэ дургүйцэл эсэргүүцэл илүү ихээр өрнөх нь лав, улстөрийн элдэв дуулиан, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн толхилцоонд дарагдан түр мартагнахыг эс тооцвол.
Нөгөө талаас Монголд бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай нөхцөл, татварын хөнгөлөлттэй нөхцөлд уягдан орж ирсэн болохоос гэж харийнхан гомдоллож байна.
“Ав ав” гээд бариад өгөхөөр нь хонийг нь ганзагалаад явчихад хойноос нь харааж байгаатай л үлгэр шиг. Ялангуяа бизнесмэнүүд хаа нэг ядуу тэнэг орон ашиг хийх маш таатай боломж гаргасан байвал хэн ч азны юм гээд дайраад л орно шүү дээ гэж сэмхэн шивнэж буй.
Бизнест сайн тохиролцоо гэж байхаас сайхан сэтгэлт хөрөнгө оруулагч гэж байдаггүй. Монголчууд ”аль дээр үед” 1997 онд Гадаадын хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын хуулиа одоогийн хэрүүл ам дэгдээгээд байгаа нөхцөлтэйгээр баталчихаад цоорхойг нь нөхөж чадаагүй л байдаг.
Тэр боломжийг Фрийдлэнд харж чадаж… Гэтэл одоо харин “Бид буруу зүйл хийжээ, одоо больё найзууд аа. Та нарыг ийм их мөнгө олох гэж байгаа юм гэж бодсонгүй” гээд зүтгэхэд юу нь буруу байхав, алдааг хэзээ ч засч болдог хууль дүрмээ гялс өөрчилчихье гээд байгаа.
Тэгээд гялс өөрчилж байгаа ч юм алга. Харин ч манай Засгийн газар Монгол Улсад тусах ашиг бага байна гээд Тогтвортой байдлын гэрээг өдий хүртэл баталгаажуулаагүй буй гэж олзуурхаж буй гэх.
Өдгөө өрнөж буй үйл явц энэ. Харин асуудлын гол нь хууль журам нь хуучирч гэдгийг сануулж, Оюу толгойн дуулианаар бидэнд ил болж буй ашигт малтмалын салбар, байгалийн баялгаас олох хөрөнгийг бид хэрхэн зарцуулах ёстой вэ гэсэн асуултыг тавьж буй явдал юм. Үүнээс бидний, бидний хойч үеийнхний хувь заяа тэр чигтээ шалтгаална гэдгийг дээр дооргүй ойлгож байна. Тэгээд яах вэ? Мэргэжилтэн судлаачид ухаанаа уралдуулж буй нь лавтай. Харин энэ удаад сүүлийн үед гарч буй санаа оноо болон зарим хүмүүсийн саналд анхаарал хандуулах гэсэн юм.
Байгалийн баялгаасаа их хэмжээний валют олсон ч дотоодын үйлдвэрлэл уналтад орж, хээл хахууль, хүнд сурталд идэгдэж, цөөхөн хэсэг баялгаас хувь хүртдэг шинж тэмдэгтэй энэ Голланд өвчнөөр Монгол Улс нэгэнт өвчлөөд эхэлчихсэн гэж зарим эдийн засагч үзэж буй.
Ноён Штиглиц /forum.mn сайтад холбогдох нийтлэлүүд тавигдсан буй/-ийн сануулж буйгаар ил тод байдал, санхүү тайлан тооцооны систем, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, хяналт, алсаа харсан хуваарилалт зохицуулалт гээд Голланд өвчнөөс сэргийлэх замууд манайд “О” хэвээр байгаа гэдгийг бас энэ дашрамд сануулах юун.
Ашиглалтын лицензийг зөвхөн хувьцаат компанид…
Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, эдийн засагч Н.Дашзэгвэ нар Ашигт малтмалын тухай хуулийн тусалд тусгах саналаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулаад буй. Хөрөнгийн биржийн захирал ашигт малтмалын ашиглалтын лизенцийг Хувьцаат компаниудад олгож байх саналыг гаргажээ.
Фрийдлэнд олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт цуглуулж чадсан бол Монголд ч бас Хөрөнгийн бирж гээч юм бий. Хэн нэг Фрийдланд эсвэл Дорж Дондог орд газар хөрөнгө оруулж, хувьцаа худалдаж авч, ногдол ашиг авах эрхтэй байг. Бас илүү шударга бөгөөд зах зээлийн жам ёсонд нийцсэн хэлбэрээр нь, ялангуяа монголчууд бидэнд илүү боломжтой байг. Монгол улс өөрөө тэр хувьцааны эзэмшигч нь байг. Нөөцөө ашиглуулсан, хайгуул хийсэн хөрөнгөөрөө хувьцаагаа эзэмшье, дээрээс нь ширээ сандалд зарцуулдаг мөнгөнөөсөө илүүчлээд зах зээлийн шударга зарчмаар нь биржээс хувьцаа худалдаж авч ногдол ашиг хүртэх хувиа нэмэгдүүлье гэвэл таатай боломж амлачихаад хөрөнгө оруулагч орж ирээд үйлдвэрлэлээ эхлэхийн даваан дээр “Бид эзэн нь, бид талыг нь авах ёстой” гэж муйхарлан зүтгэхээс илүү санагдана.
Тогтвортой хөгжлийн сан хаачив
Баялаг дуусч дундаршгүй биш болохоор асуудлын гол нь өнөөгийн хүртэх хувь хэн нэг зальжин Фрийдлэнд юм уу, улстөрчдийн популист тоглолтоос илүү байгалийн баялгаас олсон мөнгөө ирээдүйдээ хэрхэн “чулуу” болгох вэ гэдэг нь тодорхой. Байгалийн баялагтай мөртлөө ядуу хэвээр үлдсэн улс орнуудын жишээ бидэнд үүнийг сануулж буй.
Ашигт малтмалаас олсон орлогыг төсвийн урсгал зардал, тансаг хэрэглээнд урсгаад алдчих бус ирээдүйд баялаг бий болгох салбарыг дэмжихэд чиглүүлэх. Улс орнууд дэд бүтцээ хөгжүүлэх, боловсролын салбарыг дэмжих гэх мэтэд ашигт малтмалын орлогыг чиглүүлэх
Өнөөдрийн уушгийг ирээдүйн өөх болгох арга замуудаас хөгжлийн санг өдгөө олон улс чухалчилж буй. Үйлдвэрлэл ялангуяа нэмүү өртөг шингээсэн үйлдвэрийн салбар хөгжил муутай манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн сан байгуулж хойч үеийг маань тэжээх үйлдвэрүүдээ хөл дээрээ босгож авья гэсэн санаа гаргажээ.
Экс Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Тогтвортой хөгжлийн сан байгуулья гэж УИХ-ын индэр дээрээс мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгээд тэр Тогтвортой хөгжлийн сан яасан бэ?
Яг одоогоор УИХ-д танилцуулж байсан, тогтоол шийдвэр гарсан эсэхийг мэдэхгүй гэж Үйлдвэр худалдаааны яамныхан толгой сэгсэрч байна. Хүнд суртлын журмууд хэрэггүй гэж тогтоол шийдвэрүүдийг урж хаясан дуулиан нь дарагдаагүй байхад Ерөнхий сайд нь өөрөө огцорч, мөнхүү огцролтын дуулиан дарагдаагүй байхад хогийн саванд орсон журмууд эргэж хэрэгжиж байгаа шиг Тогтвортой хөгжлийн сан байгуулах санаа бас “огцорсон” уу. Уг нь Ерөнхий сайд нь огцорсноос болж хийж эхэлж байсан алхмууд нь тасалдах ёсгүй сэн. Энэ мэт нь биднийг Фрийдланд, байгалийн гамшгаас илүү хоосруулаад байгаа юм биш үү?
Уг нь дуг нойрондоо дугжирч байгаад хонио чононд бариулчихсан малчинг манайхан “хохь чинь” л гэдэг сэн дээ.

No comments:

Post a Comment