Sunday 14 December 2008

Банкуудын байдал хүнд байна

Д.Сүндий: Банкуудын байдал хүнд байна

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн валютын ханш огцом чангарч, төгрөгийн ханш огцом унаж эхэллээ. Шалтгаан нь юу байв. Мэдээж шалтгааныг нь хүмүүс нөгөө дэлхийн банк, санхүүгийн хямрал гэж хэлэх байх. Бүгдээрээ эргээд хэн, хэзээ, юу гэж хэлж байсныг санах гээд үзье.

2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн сайд: “Ойрын үед төгрөгийн ханш унана гэсэн мэдээлэл огт ташаа, олон нийт санаа зовох хэрэггүй” гэсэн бол Монгол банкны Ерөнхийлөгч: “Төгрөгийн ханш огт унахгүй, Монголбанкнаас инфляцийг бага түвшинд барих бодлого явуулж байгаа.” гэв. Харин 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхны ам.долларын ханшийн өсөлт болоход Монголбанкны валютын газрын захирал: “Энэ өсөлт нь нэгэнт түр зуурын шинж чанартай байсан болохоор эргээд хэвийн түвшиндээ орох нь гарцаагүй” гэж мэдээлэлж байлаа. Үнэндээ ч вэб хуудас дээрээ “Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэг - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Түүнчлэн инфляцийг тогтвортой түвшинд барих явдал юм.” гэж тодорхойлсончлон үндсэн үүргээ бодон мэдээлэл хийгээ биз.

Дээр дурдсан Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс үзэхэд энэ оны 4 сард төгрөгийн ханш унах нь гэсэн таамаглал аль хэдийн байж, энэ таамаглал нь оны эхнээс банкууд ам.долларын зээл олгохоо больсонтой холбоотой. Гэтэл 2008 оны 07 дугаар сарын 03-нд 9,000 шахам ам.долларын үнэтэй байсан зэсийн ханш тасралтгүй буурсаар өнөөдөр дөнгөж 3600 гаруй ам.доллар болсныг доорх графикаас харж болох бөгөөд энэ төгрөгийн ханш унах нь гэсэн таамаглалыг бүр баталгаажуулахаар байж.



Өнгөрсөн оны эцсийн байдлаар зэсийн баяжмалын экспорт Монгол Улсын нийт экспортын 45%, ДНБ-ний 22% хувийг тус тус эзэлжээ. Зэсээс бусад ашигт малтмал, ноос ноолуурыг тооцохгүйгээр зөвхөн зэсийн ханш олон улсын зах дээр унахад манай улсын экспортоос олох нийт ам.доллар 20% хувиар багасах нь маш тодорхой харагдаж байна.

Энэ мэт сэрэмжлүүлэг байсаар байтал Монголбанк үл тоон ард түмнийг сайхан үгээр тайвшруулж байх хооронд юу болсныг одоо тайлбарлая. 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ам.долларын албан ханш 1,144.99 төгрөг байсан бол 2008 оны 12 дугаар сарын 03-ны байдлаар 1,194.9 төгрөг болж 49.91 төгрөг буюу 4.18% хувиар өссөн байна. Арилжааны банкуудын хувьд Худалдаа хөгжлийн банкны 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ам.долларын зарах ханш 1,146 төгрөг байсан бол 2008 оны 12 дугаар сарын 03-ны байдлаар зарах ханш 1,245 төгрөг болж зарах ханш нь 99 төгрөг буюу 8.64%-аар өссөн байна.

Ингээд төгрөгийн ханш унах буюу таны халаасан дахь 100 төгрөг тутмаас 9 төгрөг алга болон 91 төгрөг үлдэж байна. Одоо тэгвэл та бидний нийт алдагдлыг тооцоолбол Монгол Улсын хэмжээнд банкны хадгаламж эзэмшигч 1.3 сая хүн, мөнгөн дүн нь 1 триллион гаруй төгрөг, 300 гаруй сая ам.доллар гэж үзвэл түүний 8.64% нь 86 тэрбум 380 сая гаруй төгрөг болж байна. Энэ мөнгө нь Хадгаламж банкнаас дутсан 14.3 тэрбум төгрөгөөс 6 дахин, хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод олгох 33 тэрбум төгрөгөөс 2.61 дахин, ямаанд өгөх татаасны 30 тэрбум төгрөгөөс 2.87 дахин их мөнгө бидний халааснаас ганцхан сарын дотор алга болчихоод байна. Энэ зөвхөн нийт хадгаламж эзэмшигчид та бидний халааснаас шууд гарч байгаа мөнгө. Харин нийт Монгол Улсын хэмжээнд гүйлгээнд байгаа бэлэн мөнгө нь 2 триллион 357 тэрбум төгрөг гэвэл 203 тэрбум 600 гаруй сая төгрөгийн алдагдал гарч байна. Гэтэл энэ тухай хэн ч юу ч ярихгүй, бас хэн ч хариуцлага хүлээхгүй байх юм.

Зөв мөнгөний бодлогыг явуулах үүрэгтэй этгээд нь Монголбанк, тэд төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийг тогтвортой түвшинд барих эрх үүргийг хуулиар хүлээсэн хүмүүс. Энэ онд инфляци 34 хувь хүртэл өсөж байхад түүний шалтгааныг түлш, шатахуун, үр тарианы үнийн өсөлттэй холбон гадны хүчин зүйл учраас яах ч аргагүй гэж тайлбарлаж байсан нь саяхан шиг санагдана. Монгол Улсыг жижигрүүлэн нэг айл гэж үзвэл айлын эзэн нь хүүхдүүддээ хатсан ганц талхаар хооллож байгаагаа зах зээл дээр хүнсний барааны үнэ өссөнтэй холбож тайлбарлаад сууж байвал та нар өрөвдөж, нээрээ л энэ зах зээлийн л буруу гэж үзэх үү.

Дэлхийн банк, санхүүгийн хямралын үед мөнгөний бодлого зөв явуулж гадаад валютын нөөцөө зохицуулан менежмент хийж чадахгүй байгаа нь одоо тэгээд хэний буруу вэ. Ямар урьд өмнө Дэлхийн банк, санхүүгийн хямрал болж байгаагүй учир 07 сарын 01-ний өдрийнх шиг яахаа мэдэхгүй байж байгаад л ийм юм болчихлоо гээд сууж байх уу. Дэлхийн эдийн засгийн их хямрал 1929 онд, Азийн санхүүгийн хямрал 1997 онд болж байгаагүй гэх үү.

Мөнгөний бодлогоо зөв явуулж чадахгүй юм бол Эстони улсын жишгээр Монголбанкийг байхгүй болгоод Валютын хороо байгуулан зах зээл дээр хичнээн хэмжээний цаасан мөнгө буюу төгрөг гаргахыг ам.доллар, евро, юань, Солонгосын вон, рубль, Японы иен гэх мэтийн хэдэн валюттай төгрөгийг холбож уяад эдгээр гадны валютын ханшнаас л хамаарч мөнгөний зузаатгал хийхийг хуульчилбал яасан юм бэ. Албаны хүмүүс өөрсдийгөө өмөөрөн сүүлийн хэдэн жил манай улсын эдийн засгийн өсөлт 10 гаруй хувьтай байсан тул өндөр инфляци, төгрөгийн ханшны уналт, төгрөгийн хэлбэлзэл нь жам ёсны зүйл гэж тайлбарлах байх. Тэгвэл бүгдээрээ сүүлийн арав гаруй жил тогтмол 10 орчим хувийн эдийн засгийн өсөлттэй байгаа БНХАУ-ын юань, ам.долларын эсрэг албан ханшийг 1997 оноос 2008 он хүртэлхийг график А-д, төгрөг ам.долларын эсрэг албан ханшийг 1997 оноос 2008 он хүртэлхийг график Б-д үзүүлснээс харахад БНХАУ-ын юаны ханш байнга тогтвортой чангарч байсан бол төгрөгийн ханш байнга суларч бас хэлбэлзэл ихтэй байсан нь Монголбанк ямархуу ажиллаж байсныг харуулж байна.



График А.



График Б.


Ийм их хэлбэлзэлтэй тогтворгүй төгрөгийн ханштай байхад ямар хүмүүс нь төгрөгийн ханшинд итгэх билээ. Худалдаа хөгжлийн банкны ам.долларын хадгаламжийн хүү нь 9% байхад төгрөгийн хүү нь 18.6% байх жишээтэй. Энэ нь арилжааны банкууд нь хүртэл Монголбанк болон төгрөгийн ханшиндаа итгэхгүй байна гэсэн үг.

Мөнгөний болон сангийн буруу бодлогын үр дүнд нь төгрөг, ам.долларын эсрэг суларч та, бидний халаасанд байгаа 100 төгрөг ганцхан сарын дотор 91 төгрөг болох буюу зүгээр байж байгаад 9 төгрөг нь алга болж, нийт Монголчууд бидний банканд байгаа хадгаламжаас 86 тэрбум 380 сая гаруй төгрөг шууд байхгүй болсонд хэн хариуцлага хүлээх вэ. Төгрөгийн ханш унахгүй ээ гэж хошгируулж байхад нь ам.доллар авч чадаагүйгээрээ та бид буруудах уу.

Ингээд зүгээр байж байгаад мөнгө нь хорогдоод байхад ямар хүмүүс нь банканд очиж мөнгө нэмж хадгалуулах билээ. Харин ч бүр банкнуудаас мөнгөө татаж ам.доллар болгохоор хичээж байна. Энэ мэтээр төгрөгийн ханш улам унаж, хүмүүс хадгаламжаа банкнуудаас татсан хэвээр хэсэг хугацаанд үргэлжлэхэд нөгөө мөнгөний зөв бодлогын гавьяагаар та бидний 86 тэрбум 380 сая гаруй төгрөг байхгүй болоод зогсохгүй манай улсын банкууд дампуурах нь байна шүү дээ. Зарим банк бүр өнөөдрийн байдлаар 5 сая төгрөг авахын тулд нэг өдрийн өмнө захиалга өгөхгүй бол мөнгө гаргахгүй байх жишээтэй болж.

Одоо яах ёстой вэ. Монгол Улсын хөгжүүлэх сангийн барилгын салбарт оруулах гэж байсан 300 тэрбумыг банкуудад зээлүүлэх үү. Үгүй ээ. Монгол Улсын 2009 оны төсөв батлагдаад аль хэдийн дууссан. Тэгвэл эрсдэлийн санд байгаа мөнгийг нийлүүлэх үү. Харамсалтай нь манай улсын эрсдэлийн сангийн хөрөнгө нь ам.доллараар биш төгрөгөөр 200-хан тэрбум төгрөг байгаа бөгөөд төгрөгийг нийлүүлбэл төгрөгийн ханш улам унаж гал дээр тос нэмэхээр юу болдог тийм л юм болно.

Хамгийн эхний арга хэмжээ нь Монголбанканд жаахан ч гэсэн ам.доллар байгаа л юм бол арилжааны банкууддаа яг одоо нийлүүлж ам.долларын ханшийг буцаан ядаж 1150 ам.долларт аваачих хэрэгтэй. Дээрээс нь тэр Хятадын Засгийн газрын 300 сая ам.долларыг яаралтай арилжааны банкуудад зээлүүлэх хэрэгтэй.

Зэрэгцээд гадаад валют олж болох бүхий л эх үүсвэрийг дэмжих хэрэгтэй. Жишээ нь алтны гэнэтийн ашгийн татварыг яаралтай болиулахгүй бол алт олборлогчид хууль бус сүлжээгээр алтаа гадагш нь биетээр нь гаргаад манай улсад үлдэх валютаа гадаадад үлдээгээд байна шүү дээ. Үүнийг болиулж шууд Монголынхоо банкуудад тушаадаг болчихвол банкны салбарт өчнөөн доллар орж ирнэ, дагаад алтны ханш чангарч байгаа тул алт олборлолт ихэснэ. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрахад тодорхой хэмжээгээр бодитой эерэг нөлөө үзүүлнэ.

Дараа нь оройтсон ч гэсэн Монгол Улсын Засгийн газар 2-3 тэрбум ам.долларын зээл Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт гадаад эх үүсвэрээс олж ирэх шаардлагатай. Уг нь оны эхэнд хөөцөлдсөн бол бага хүүтэй олж болох байсан байх одоо өндөр хүүтэй ч хамаагүй олох л хэрэгтэй болж таарч байна.

Дашрамд хэлэхэд манай улсын супер эдийн засагчид гадныхныг хамаагүй хөөдгөө болимоор юм, 1990-ээд онд яаж үхлээ хатлаа гээд л мөнгө гуйж явснаа мартаад, саяхан бид их мөнгөтэй болсон та нар хэрэггүй, та нар дандаа ядуу орнуудад худлаа зөвлөгөө өгдөг гэж ярьдаг нь одоо эргээд хямраад ирэхээр буцаж өчих нүүргүй болгож байна шүү дээ.

Бидний нийт шууд алдагдал 86 тэрбум 380 сая гаруй төгрөг гэдэг бол ам.долларын зарах ханш 1,245 төгрөг байхад хийсэн тооцоо, цаашид 10, 20 төгрөгөөр нэмэгдээд 1,300 хүрчихвэл бидний шууд алдагдал 130 гаруй тэрбум төгрөгөөр, шууд бус алдагдал 300 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэх болоод байна. Монголбанк байгаа ам.доллараа зах зээлд хурдан гаргаж ам.долларын ханшийг буцааж буулгах, УИХ-аас дотоодын бүх төлбөр тооцоог ам.доллараар бодон төгрөгт шилжүүлэн хийдгийг болиулсан хууль гаргах шаардлагатай байна. Жишээ нь: барилгын ам метрийн үнэ, байрны түрээс, бүх л юмны үнийг ам.доллар тооцдогийг болиулах шаардлагатай. Тэгэхгүй бол ам.доллараар тооцон гэрээ хийсэн хүмүүс төлбөр тооцоогоо хийхэд маш их алдагдал хүлээхийн зэрэгцээ ам.долларын зохиомол эрэлтийг үүсгэж байна.

Мөнгөний бодлогоо зохицуулж Сангийн яам болон Засгийн газраа зөв мэдээллээр хангаж, сангийн бодлогын дэмжлэгийг авч, хямралын үед нэн даруй авах шаардлагатай арга хэмжээг Засгийн газраар авахуулж чаддаггүй Монголбанк гэж тусгай үүрэгтэй бүрэн эрх дархтай байгууллага байх шаардлагатай юу, үгүй юу гэсэн асуулт урган гарах нь зүй ёсны хэрэг биш үү. Эсвэл харсаар суугаад хэдэн банкуудаа дампууруулаад дуусах нь жам ёсны хэрэг юм уу. Ер нь манай улсад мөнгөний бодлого гэж байна уу, үгүй юу, байдаг юм бол ил тод бид ийм арга хэмжээ авах гэж байна, харин ард түмэн та нар тэгэх хэрэгтэй гэж яримаар юм.

Д.Сүндий

No comments:

Post a Comment