Friday 19 December 2008

2007-8-29 Bodi setgeliin magtaalaas...

1. Би бурханы дээдийн номыг
Баримтлан дагагч тэдгээр хүмүүсийг
Бууршгүй сүжгээр харна
Аврал итгэл айлтгах ба ерөөл тавина
2. Тустайд таалсан сарны
Тус хувь гүйцэж төгссөнөөс гарсан
Төгс ялгуулсан тэр хамгийн багш бөгөөд
Тэнэн очих сансарт шалгадаг оюунаар өөр бусыг эс олмуй
3. Алины зарлигаас гарсан
Аль тэр утгын сэтгэлчлэнхи эрдэнэсийг
Тэрсүүдийн "сайн" номлол мэт үзэгдэх
Жир нэгэн эрдэнэтэй жишихийг хаанаас тэвчих
4. Алинаа цэгц шударга, оюун төгс, шинжлэл
Аль энэ гурваар төгс шинжилсэн
Чадагчийн дээд шашныг лянхуат цөөрөм мэтэд
Чухам үзээд ангир шувуудын авир ёсоор орогтун
5. Өөр бусдын хотол чуулганы орон
Өрөөл бусдын үл мэдсэн тэргүүүтэй
Найман зүйл эрдэм төгс бурханыг
Нэн сүжигтэйеэ авралд эс үзэх хэн буй.
6. Хоёр үнэний бэлгэ чанар хийгээд
Хоёр үгүй, үзүэгдэлд үгүй тэргүүтэй
Найман зүйл эрдэм төгс дээдийн ном
Нийтийн дундаас чухам хэний аврал бус байх билээ?
7. Тотгорлох дорд хилэнцээс гэтэлсэн
Тухайлж ямар адил ба ямар ямагтыг онох дотоод ухаан
Оюунаар гэтлэх эл найман эрдэм төгс
Онцгой хутагтын чуулган хэний авралын орон бус гэж?
8. Асралын ус хийгээд нигүүслэлийн газарт дэлгэрсэн
Алагчлалгүй бодь сэтгэлийн Галбарваас их мод
Алив төрөлхтөний хүссэн хэрэг хялбар бүтэхийн үлгэрлэл
Аяа эгшигт охин тэнгэрт буй ч олдохуйяа бэрх.
9. Ямар адил дээд бодь сэтгэлийн
Туслахуй сэтгэл даяар амьтанд түгээмэл
Тэр мэт сэтгэл харин эцэг, эх, Арши хийгээд
Тэнгэр Эсэрвад ч хаанаас байх буй.
10. Цэцгийн дундаас Бундарига мэт
Цагаан буяны сэтгэл дундаас дээд нь бодь сэтгэл
Тэр лугаа төсвөөс ахуй зуур хийгээд хойтод амгалан
Тиймийн учираа бүгд бүгдээр шамдан үүтгэ.
11. Зүйл бүхнийг болгоох зүйргүй гэгээн нирваан
Зөвхөн дээд бодь сэтгэлээс гарах тул
Зовлонт энэ орчлонгоос зугтах тонилохыг хүсээчид
Зүйтэй шамдлаар одоо бодь сэтгэлийг эгээрэх нь зохис.
12. Өөр хийгээд бусдын хэргийг бүтээх
Өөрцгүй дээд арга юу буй хэмээн шинжвээс
Эрдэнэт бодь сэтгэл ямагтыг л
Энэ мөн гэж магадлалт баяслаар үүсгэ.
13. Нэг бус нижгээд удаа үр нь гарах бодь сэтгэлийн буян
Нирваныг хүртэл үл барагдан арвидмуй
Нирваныг олоод дүрст лагшингийн үүлнээс
Нийтийн буяны ногоог дээдийн номын хураар тэтгэн дэлгэрүүлмүй.
14. Ухааны дундаа дотоод ухаан
Эрдэнийн дундаа сэтгэлчлэнхи чандмань
Түргэнээс түргэн явагч нь цог самбаа бөгөөд
Сэтгэлийн дундаа бодь сэтгэл нь нэн агуу.
15. Нар саран, зул, гилбэлгэн эрхэс
Нийтэд гиймэл боловч сэтгэлийн харанхуйг хаанаас арилгах
Бодь сэтгэл хамаг амьтны дотоод түнэр харанхуйг
Бодитойёо даяаранг ёзоороос нь үргээн арилгана гэж дээдэс сайшаажээ.
16. Тус амгалан бүхнийг үүтгэж гаргах орон
Тэнцэшгүй ялгуусны хөвгүүдийн бодь сэтгэл
Түүнтэй сэтгэлчлэнхи эрдэнэ бээр
Тэнцэж дүйцэхийн чадал хаанаас буй.
17. Зэгс үрээ үүтгээд эцэст нь өөрөө хатах
Зүйтэйеэ жич үр үл гармуй
Бодь сэтгэлээр эзлэгдсэн буян
Барагдашгүй үрийг үүтгээд бас цааш арвидмуй.
18. Хамгийг хуруулах Галбарваас модны ёроолд хүрээд
Хүслээ айлтган ерөөвөөс тэрчлэн хүссэнийг бүтээнэ.
Бодь сэтгэл ч хамаг амьтны хүслийг
Бүтээж төгсгөн гүйцэт эрхшээнэ.
19. Галбир их модны мөчир навч гүйцэт болох нь
Гувшин гувшин газрын дусалд шүтсэнийх
Сансар нирваны буяны тэмдэг ямагт
Сайхь бодь сэтгэлд шүтсэнийх мөн.
20. Өдгөөгөөс нирваныг олох хүртэл
Өөрцгүй нэгнээ баримтлах нь дээдийн ном
Тус амгалан бум бумаар цацрах суурь нь
Тэр л чухам бодь сэтгэл мөн гэж дээдэс хэлэлцэнэ.
21. Амьтан тус тусын гэмийг арилгаад
Аль нижгээд хязгааргүй эрдмийг
Төрүүлэхийг хүсвээс, тэр нь бодь сэтгэл мөн
Тун гайхамшигтай бөгөөд сонин гайхамшигт.
22. Хамагт туслахыг хүсвээс бодь сэтгэлийг олох нь зүй
Хамаг лугаа амраглан эвсэхийг хүсвээс бодь сэтгэлийг үүсгэх нь зүй
Хамгаар итгэл болохыг хүсвээс бодь сэтгэлийг энхрийл
Хамаг бүгдий буяны садан болохыг хүсвээс бодь сэтгэлийг үүтгэх нь зүй
23. Амьтанд туслая хэмээн таалаад
Амьтаст алинаар тус болох хэмээгээд
Амьтасыг нигүүлсэлээр таалваас
Аяа дээд бодь сэтгэл ямагтыг болгооно.
24. Энэлэлийг үргээн үлдэгч нь саран (сэрүүн гэрэлт)
Эн захгүй түнэр харанхуйг арилгагч нь нар (огторгуйн эрдэнэ)
Хамгаас нисваанисыг хөөн гаргахад
Харьшгүй бодь сэтгэлийг сартай дүйцүүлэх нь үл зохистой.
25. Сэтгэлийн сар нь бодь сэтгэл
Сэтгэлийн нар нь бодь сэтгэл
Сэтгэлийн эрдэнэ нь бодь сэтгэл
Сэтгэлийн рашаан нь бодь сэтгэл.....


... нийт 356 бадаг байдаг бөгөөд шатлал бүр нь маш гүн утгатай, бас монгол хэлний гайхамшгийг
бүрэн харуулсан гайхамшигтай бүтээл шүү.
Бодь сэтгэл гэдэг нь гэгээрэхийг хэлж байгаа. Айхтар гүн утгатай. Уншаад ойлгосон байлгүй дээ... :)

No comments:

Post a Comment