Friday 19 December 2008

Asuudal 02:59 , 2007-10-14

Өнөөгийн монголын нийгэмд шийдвэрлэх, зохицуулах, шинээр нэвтрүүлэх шаардлагатай олон олон тулгамдсан асуудлууд байдаг. Эдгээрийн тухай өдөр бүр хэвлэл мэдээллээр цацаж, улс төр, эдийн засагчид төдийгүй арван жилийн сурагчид хүртэл ам дамжин ярьцгааж байдгийн дотор шүүмжлэх нь шүүмжилж, дэмжих нь дэмжиж, харин зарим нь хий хоосон дүгнэцгээнэ. Тийм ээ, өнөөдөр Монгол ардчилсан орон. Хэн юу хэлэхийг, хийхийг хүснэ, тэр бүхнээ хийж чаддаг. Гэвч энэ бол өнгөн тал. Яг үнэн хэрэг дээрээ 1990 оны өмнө ноёлж байсан бурангуй ёс, дэглэм өнөөдөр ч зарчмын хувьд оршсоор л байна. Энэ тухай бүх монгол хүн мэднэ. Жишээ нь л гэхэд авилгал. Хэн нэгэн хүний гарт “эрдэнэс”-ийг нь атгуулаад л зорьсон ажлаа бүтээчихнэ. Албан тушаалтай хүмүүсийн мэдэлд л байгаа юм хойно,ажил нь бүтэж л таарна.

Их дээд сургуульд онц, сайн, дунд, муу суралцацгааж, хүссэн хүсээгүй бүх л залуус дээд мэргэжил эзэмшихийг эрмэлзэнэ. Эцэг эх, хамаатан садан, тэр байтугай таньдаг ихэнх хүмүүс нь аль 1 арван нэгэн жилийн сургууль төгсөчийг “Ямар сургуульд орсон бэ?” гэж ёс юм шиг асууна. Ажил хийвэл муу юм гэж үү дээ? Энэ чинь сайн хэрэг шүү дээ.

За яахав, хөрөнгөтний нийгэм дөнгөж биеэ олох гэж байгаа нийгэмд хүн бүхэн урагш ахиж, цалин өндөр ажил хийж, баян тансаг амьдрахыг, нэг ёсондоо хувийн өмчтэй болохыг эрмэлзэх нь зөв л дөө. Энэ талаараа бол урагш тэмүүлэх энэ эрмэлзэл, тэмүүлэл олон сайн үр дагаврыг дагуулна. Харин нөгөө талаараа сайн сурагч, оюутан биш харин мөнгөтэй, танилтай хүмүүс л ажлын байруудыг эзэгнэж, гайгүйхэн цалин, орлоготой ажлуудыг нь хийж байна. Энэ нь мэдээж өрсөлдөөн, шалгуураар гарч ирээгүй учраас сайн мэргэжилтэн, шинийг санаачлагч, өөрчлөн бүтээгч байж чадах нь ховор. (Өөрийн нүдээр би, арван жилдээ дунд сурсан нөхөр их сургуулийн хуваарь минь бэлээн, гэсээр байгаад цөөхөн сайн хүүхэд авдаг их сургуульд төвөггүйхэн элсчихийг харсан. Бас их сургуульдаа сүртэй сайн сураагүй нэг найз маань ажлын байр маань бэлээн, гэсээр томоохон байгууллагад өндөр цалинтай ажилд орохыг харав.)

Миний таних монголд 1 жилийн гэрээт ажлаар ирж ажиллаж байсан ХБНГУ-ын иргэн S.Zwillich гэгч эмэгтэй Монголын Төмөр Замын билетний касс орж Бээжин явах билет асуух гэтэл тэнд ажиллаж байсан 170 см-ээс дээш өндөртэй, царайлаг, харилцааны соёлтой охидоос германаа байг гэхэд англиар ярьчих үйлчилгээний ажилтан байгаагүй байна. Календарь барьж өдрийг нь заагаад, бугуйн цагаар цагаа тохиролцоод, тооны машин дээр үнийг нь бичиж, дохио зангаагаар ойлголцсон сурагтай. Энэ бол боловсролын салбарын сүйрэл.

Энд хэн нэгэн хүнд, эсвэл нийгмийн аль нэгэн хувьсалд бурууг тохох арга байхгүй. Учир нь бидний амьдралын зарчим, сэтгэлгээ, хувь хүний болон нийгмийн бүтэц, удирдлагын жолоо 2 тийшээ далбилзаад, замын 2 талын хашлагыг мөргөөд байгаа юм.

Миний бодлоор нийгэмд үйлчилж байгаа социализмын нийгмийн үеийн ул мөр, арилаагүй ёс, удирдлагын дарангуйлал зэргийг өөрчлөх хэрэгтэй.

Зах зээлийн эдийн засгийн системд төрийн оролцоо хамгийн бага байх ёстой байтал манайд төрийн оролцоо хэт ихдээд байх шиг. Хууль эрхзүйн хүрээнд улсын хурлын дарга нь дур мэдэн хууль засаж, олон иргэдийг хохироодог асар том цоорхойтой хууль батлагдаад л. Хотын ундны ус ширгэж үгүй болох гэж байхад тоодог хүн нэг ч алга. Доор нь хэдэн байгууллагууд төсөл зарлаад, юм хийгээд хийгээд нэмэр байхгүй. Эмх замбараагүй, арай дэндүү олон их дээд сургуулиуд чанаргүй мэргэжилтнийг хэдэн зуун мянгаар нь үйлдвэрлэсээр л.

Яг одоо ийм нийгэмд амьдарч байгаа залуус бид одооноос л энэ бүхнийг засах арга замыг эрэлхийлж, өөр өөрсдийн мэргэжлээрээ ихийг сэдэж, хийж, алдааг засах хэрэгтэй. Чадахгүй нэг нь их сургуульд сурахаа больвол яасан юм бэ?

No comments:

Post a Comment