Friday 12 December 2008

МУ-ын Засгийн Газрын зардал, олон улсын зэрэгцүүлэлт

Олон Улсын түвшинд улс орнуудын Засгийн Газрын хэмжээг хэд хэдэн үзүүлэлтээр зэрэгцүүлэн үздэг туршлага бий. Үүнд:
1. ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувь,
2. ДНБ-д улсын хэрэглээний эзлэх хувь,
3. Нийт зардалд улсын байгууллагуудын хэрэглээний эзлэх хувь,
4. Нийт зардалд татаас, урсгал шилжүүлгийн эзлэх хувь.

Дэлхийн банкнаас жил бүр хэвлүүлдэг “Дэлхийн Хөгжлийн үзүүлэлтүүд-2005” эмхэтгэлд ДНБ-нд төсвийн зардлын эзлэх хувиар нийт 83 улс орныг зэрэгцүүлсэн тоо мэдээлэл тусгагдсаны дотор Монгол улсын энэ үзүүлэлтийг 2003 онд 30,8 хувь гэж оруулжээ. Манайхаас өндөр хувьтай 25 орон байсан бөгөөд энэ үзүүлэлтээр Монгол улс дээрх 83 орны дотор 58 дугаар байранд оржээ. Үүнээс үзэхэд ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувиар Монгол Улс дунджаас дээгүүр, өөрөөр хэлбэл төсвийн зардал ихтэй орны тоонд оржээ.
ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувь шилжилтийн эдийн засагтай зарим орнуудад, тухайлбал, ОХУ-д 2003 онд 22,9 хувь, Польшид 34,5 хувь, Украинд 29,0 хувь, Чех улсад 38,2 хувь, Болгарт 34,0 хувь байжээ.
Олон улсын валютын сангийн төсвийн газраас МонголУлсын төсөв, санхүүгийн бодлогын талаар хийсэн дүгнэлт, өгсөн зөвлөмжид тус орныг шилжилтийн эдийн засагтай орнуудтай зэрэгцүүлэхдээ Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн хамгийн буурай хөгжилтэй 7 оронтой ихэвчлэн харьцуулсан байдаг. Энэ бүлэгт Армен, Азербайжан, Гүрж, Киргиз, Молдав, Тажикстан, Узбекистан улсуудыг оруулдаг билээ. Эдгээр орнуудын худалдан авах итгэлцүүрээр тооцсон нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 2002 онд 980-3,210 (PPP) ам.долларын хооронд, дундаж нь 2,047 (PPP) ам.доллар байсан бол Монгол Улсын үзүүлэлт дээрх дунджаас нэлээд доогуур буюу 1,710 (PPP) ам.доллар байжээ.
ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувь “Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүд, 2005” эмхэтгэлд тоо мэдээгээ өгсөн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн хамгийн буурай хөгжилтэй 4 оронд, тухайлбал, Гүржид 2003 онп 15,4%, Киргизэд 15,8%, Молдавт 22,5%, Тажикстанд 9,6% байсан нь манайхаас нэлээн доогуур байжээ. Ингэхлээр Монгол Улс ДНБ-нд эзлэх төсвийн зардлаараа эдгээр хөгжлийн түвшин ойролцоо орнууд дотроо харьцангуй их зардалтай улсын тоонд орж байна.
Одоо ДНБ-д улсын хэрэглээний эзлэх хувиар Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгааг авч үзье. “Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүд – 2005” эмхэтгэлд ДНБ-д улсын хэрэглээний эзлэх хувиар нийт 136 улс орныг зэрэгцүүлсэн тоо Манайхтай ойролцоо хувьтай 11 орон, манайхаас өндөр хувьтай 33 орон байсан байна. Үүнээс үзэхэд Монгол Улс энэ үзүүлэлтээрээ дээрх 136 орны дотор нэлээд хойгуур буюу 92-103 байранд, төрийн зардал ихтэй орны тоонд оржээ.
Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн хамгийн буурай хөгжилтэй 7 оронтой харьцуулахад Монгол Улс ДНБ-нд улсын хэрэглээний эзлэх хувиараа мөн л нэлээд өндөр орны тоонд орж байна. Тухайлбал, ДНБ-д улсын хэрэглээний эзлэх хувь 2003 онд МУ-д 19% байсан бол Арменд 10%, Азербайжанд 12%, Гүржид 9%, Молдавт 18%, Тажикстанд 9 %, Киргизэд 17%, Узбекистанд 19% байжээ.
Гэхдээ манай орны хувьд тоо мэдээлэл зөрүүтэй, ДНБ-ий гүйцэтгэлд далд эдийн засгийн хэмжээ бүрэн тусгагддаггүй зэргээс бодит байдал нэлээд өөр гарч болзошгүй байгааг бас тэмдэглэвэл зохино. Сангийн Яамнаас гаргасан тоо мэдээллээр ДНБ-д нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2003 онд 42,1 хувь, 2004 онд 39,4%, 2005 онд 33,7%, харин урсгал зардлын эзлэх хувь 2003 онд 29,8%, 2004 онд 28,8%, 2005 онд 26,5% байна. Сүүлийн үеийн зарим судалгаагаар Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 20 гаруй хувийг эзэлж байгаа гэж тогтоосон. Хэрэв 2005 оны ДНБ-ийг 10 хувиар нэмэгдүүлж тооцвол түүнд төсвийн нийт зардлын эзлэх хувь 33,7% биш, 30,7%, урсгал зардлын эзлэх хувь 26,5 хувь биш, харин 24,1 хувь болж буурахаар байна. Иймээс ДНБ-д далд эдийн засгийн хэмжээг аль болох бүрэн тусгах нь байдлыг илүү бодитой үнэлж дүгнэхэд чухал.
Дэлхийн нэр хүнд бүхий Фрейзерийн институтээс жил бүр хэвлэн гаргадаг дэлхийн эдийн засгийн чөлөөт байдлын илтгэлд төрийн байгууллагуудын хэмжээ, оролцоог дараах 4 гол үзүүлэлтээр олон улсын түвшинд зэрэгцүүлэн судалсан байдаг. Үүнд:
• Нийт хэрэглээнд улсын байгууллагуудын хэрэглээний эзлэх хувь,
• ДНБ-д татаас, урсгал шилжүүлгийн эзлэх хувь,
• Нийт үйлдвэрлэлд улсын үйлдвэрүүдийн болон нийт хөрөнгө оруулалтад улсын хөрөнгө хөрөнгө оруулалтын эзлэх хувь,
• Татварын дээд хувь хэмжээ /хамгийн өндөр татвар ногдуулдаг орлогын түвшин/ .
Нийт хэрэглээнд улсын байгууллагуудын хэрэглээний эзлэх хувь болон ДНБ-д татаас, урсгал шилжүүлгийн хувь өсөх нь эдийн засагт төрийн оролцоо, хэмжээ нэмэгдэж байгааг харуулдаг гэж үздэг. Иймээс эхний хоёр үзүүлэлтээр Монгол улсыг бусад улс орнуудтай зэрэгцүүлэн авч үзлээ.
Фрейзерийн институтын аргачлалаар нийт хэрэглээнд улсын байгууллагын эзлэх хувиар тусгай индекс тооцдог бөгөөд уг индекс нь 0-1-ын хооронд гардаг. Нийт хэрэглээнд улсын байгууллагуудын хэрэглээний эзлэх хувь өндөр байх тусам индекс нь бага гардаг. Манай орны 2003 оны тоо мэдээллээр энэ индекс 6,2 гэж гарч байна.
Нийт хэрэглээнд улсын байгууллагуудын хэрэглээний эзлэх хувиар тооцсон индексээр манай орныг бусад улс орнуудтай зэрэгцүүлж үзэхэд, МУ 2002 онд 6,2 гэсэн оноотой гарсан бөгөөд Фрейзерийн институтын судалгаанд хамрагдсан 123 орноос 120 нь тоо мэдээлэлтэй байснаас Грек, Румын зэрэг орнууд мөн 6,2 оноотойгоор 58-59-р байранд орсон байна. Хэрэв Монгол улс энэ зэрэгцүүлэлтэнд оролцсон бол 2002 оны энэ үзүүлэлтээрээ дээрх байрны нэгэнд буюу дунд зэргийн түвшинд орох байжээ. Харин өндөр хөгжилтэй зарим орон, тухайлбал, Дани –(1,4), Франц – (2,6), Израил – (1,8)-д нийт хэрэглээнд улсын байгууллагуудынх нь эзлэх хувь их байгаагаас тэдгээр орнудын энэ үзүүлэлтээр тооцсон индекс бага гарахад хүрчээ. Эндээс харахад өндөр хөгжилтэй орнуудад төрийн байгууллагын хэрэглээ ерөнхийдөө их байдаг ажээ.
Манай орны индекс социалист системд байсан Болгар (2002 онд 5,7), Польш (2002 онд 5,5) зэрэг орныхтой ойролцоо гарсан байна. Гэтэл зарим орных нилээд өндөр, тухайлбал, 2002 онд Бангладеш улсынх 10, Аргентин улсынх 6,9, Чили улсынх 6,9 гарсан байхад заримынх нь манайхаас ихээхэн доогуур байна. Тухайлбал, 2002 онд Дани улсынх 1,4, Финлянд улсынх 2,9, Австри 4,4, Канад улсынх 4,4, ХБНГУ-ын 4,6, Хятад улсынх 5,3 гарчээ.
ДНБ-д татаас, урсгал шилжүүлгийн эзлэх хувийг үндэслэн тооцсон индексээр манай орны үзүүлэлт 2002 онд 7,3 гарсан бөгөөд мэдээлэл нь орсон 99 орны 59-рт, 7,2 оноотой Литвийн дараа орохоор байна. Манай орон ДНБ-д эзлэх татаас, урсгал шилжүүлгийн эзлэх хувь өндөр орны тоонд орж байна.
Нээлттэй Нийгэм Форумаас саяхан монгол хэлнээ орчуулан гаргасан “Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан, 2005-2006” хэмээх номонд дэлхийн улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь зэрэглэн байр эзлүүлжээ. Монгол Улс 2005 оны үзүүлэлтээрээ энэ судалгаанд хамрагдсан дэлхийн 117 орноос 96 дугаар байранд буюу сүүлээсээ 21 дэх байранд оржээ. Тус тайланд Монгол Улсын бизнес орчныг хүндрүүлж байгаа үндсэн 4 асуудлыг нэрлэсэн байна. Түүнд:
1. Засгийн газрын үр ашиггүй, нүсэр аппарат,
2. Дэд бүтцийн хөгжил сул,
3. Татварын хэмжээ,
4. Авилгал, хээл хахууль оржээ.
Өрсөлдөх чадварын индексийн тооцоонд төсвийн зардал, Засгийн газрын үргүй зардал гэсэн 2 үзүүлэлт байгаа бөгөөд төсвийн алдагдлаараа Монгол Улс 100, Засгийн Газрын үргүй зардлаараа бүр 109 дүгээр байранд оржээ. Ерөнхий индексээрээ 96-р байр эзэлсэн атлаа Засгийн газрын үргүй зардлаараа 109 дүгээр байранд орсон нь энэ үзүүлэлт манай орныг хойш нь чангаасны зэрэгцээ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад төсвийн зардал үр ашиг муутай байгаагийн нотолгоо болж байна.
Монгол улсад засгийн газрын зарлага ДНБ-ний хэдэн хувийг эзэлж байгааг нь бусад улс оронтой харьцуулж үзвэл маш өндөр байна.
Орнууд Хувь
1 Хятад 11
2 Сингапур 15,4
3 ОХУ 20,0
4 АНУ -21,2
5 Финлянд 36,6
6 Голланд 40,0
7 Их Британи 41,1
8 Франц 46,1
9 Монгол 47,0
Төсөвт зарлагын эзэлж байгаа хувь хэмжээ нь Америк зэрэг хөгжингүй орнуудаас, хүчтэй төртэй ОХУ, мөн нийгмийн халамжийн бодлогыг амжилттай явуулдаг Голланд зэрэг орнуудаас өндөр байна. Харин манай орны хувьд олсныхоо хэрээр идэх гэж буй мэт үрэлгэн, тансагласан байдалтайгаар зарлагаа тодорхойлжээ. Гэтэл ЗГ-ын зардал нь эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байна .
ДНБ-д төсвийн зарлагын эзлэх хувь, дэлхийн дундаж болон улс орнуудын орлогын бүлэг, бүс нутгаар
Орлогын бүлэг, бүс нутаг 2005
Дэлхийн дундаж 28,2
Орлогын бүлэг
Бага орлоготой орнууд 15,5
Дундаж орлоготой орнууд 15,6
Өндөр орлоготой орнууд 28,4
Бүс нутаг
Зүүн Ази, номхон далайн орнууд 12,5
Европ болон Төв Ази 29,7
Хойд Ази 15,2
Европын холбооны улсууд 37,2
Монгол Улс 27,5

No comments:

Post a Comment