Monday 15 December 2008

Эдийн засгийг шинэчлэх Хятад улсын туршлага

Эдийн засгийг шинэчлэх Хятад улсын туршлага

Улс төрийн шинэчлэл хийж, эдийн засгаа нээлттэй болгосны ачаар сүүлийн 20 жилд Хятад өөрийнхөө түүхэнд асар том амжилтыг олсоор байна. Тэдний мэдэгдэж байгаагаар, энэ хугацаанд эдийн засгийн өсөлт нь дунджаар 9,8% байсан гэнэ. 1998 онд Хятадын үндэсний нийт бүтээгдэхүүн нь 961,9 млрд америк доллартай тэнцэж, дэлхийд 7-р байр эзэлж байв. Валютны нөөц нь одоогийн байдлаар 149 млрд америк доллар ба иргэдийн дундаж наслалт нь 35 байсан бол сүүлийн 20 жилийн дотор 70 болж өссөн байна. Гэтэл 2003 онд Хятадын ДНБ-ий хэмжээ 11,6694 наяд буюу 11,6694 * 1011 юань, 1,4 наяд буюу 1400 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засаг нь 2003 онд 9,1%-аар өссөн бөгөөд аж үйлдвэр – 12,5%, үйлчилгээ – 6,7%, хөдөө аж ахуй 2,5 % байв. Валютын нөөц нь 403,3 тэрбум долларт хүрч, хотын хүн амд зориулсан ажлын байр 8,5 саяар нэмэгдсэн байна. Хятадын эдийн засгийн өсөлтөнд гадаадын хөрөнгө оруулалтын их урсгал, үл хөдлөх хөрөнгө болон үйлдвэрлэлийн салбарын өсөлт нөлөөлж байгаа юм. Харин эдийн засгийнх нь хөгжилд саад болж магадгүй гол бэрхшээл нь тус улсын банкны системийн хангалтгүй хөгжил юм. Мөн 2003-2005 онд түлш, бензин буюу нефть, эрчим хүчний асуудал тулгамдаж байсан. Асар олон хүн амтай тус улсад энэ талаар байнга шийдвэрлэх шаардлагатай асуудал үүсдэг нь нефть импортлол юм. Оросын нефть экспортлогч ЮКОС компанийн захирал шоронд хоригдож, хятадтай тохиролцсоны дагуу нефть нийлүүлэх эсэх нь бүрхэг болоход Хятадын удирдлага ихэд сандарч, нөхөн төлбөр нэхнэ хэмээн мэдэгдэж байжээ.

19-р зуунаас 20-р зууны 25 он хүртэлх хугацаанд хятад дэлхийн тавцанд гарч ирж чадаагүй ба хэт олон хүн ам нь ямар ч ид шидгүй байжээ. Хятадууд өнгөрсөн түүхээсээ дараах 2 сургамжийг олж авсан байна:
1. Бүх хүчээрээ Хятад улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг хамгаалах.
2. Түүхийн богинохон хугацаанд маш баян, хүчирхэг гүрнийг байгуулах хэрэгтэй, учир нь “Хоцрогдсон оронд ирээдүй байхгүй”.
Гэвч бодит амьдрал дээр өлсгөлөн, гуйланчлал энгийн үзэгдэл болсон Хятад оронд яаж энэ бүхнийг хийх вэ? 1949-1978 онд Хятад хөгжлийнхөө хэд хэдэн шатыг алхжээ. Үүнийхээ дараагаар тэд шууд л ЗХУ-тай холбоо тогтоож, зөвлөлтийн боловсрол, туршлага хятадын нийгэмд нэвтэрч, иргэдийг соён гэгээрүүлж байлаа. Зөвлөлтийн мянга мянган мэргэжилтнүүд Хятадад очин юу ч байхгүй шахуу газарт үйлдвэрүүд барьж өгсөн бөгөөд, хятадын оюутнууд Оросын их дээд сургуулиудад боловсорч, хүмүүжиж байжээ. Хятад, оросын ахмадууд одоо энэ тухай эргэн санах биз ээ.
10 жилийн дотор сул эдийн засагтай Хятад улс АНУ-аас эхлээд, барууны ертөнц, зөвлөлт – хятадын хагарлын дараа ЗХУ-тай эсрэгцсэн байр суурийг баримталж эхэлсэн байна.
1979 онд ЗХУ-ын Афганистан руу цэргээ оруулах “судьбоносное” гэдэг шийдвэрийн үеэр Бээжин эцсийн байдлаар зөвлөлтийн жишиг хөгжлөөс татгалзаж, бид хятадын амьдралтай зохицсон өөрсдийн хөгжлийн замаар явна, их бүтээн байгууллатын онолыг “ Хятадын онцлогт тохирсон социализм” болгож хэрэгжүүлнэ хэмээжээ.
Ингээд 1979-1989 онд, өөрөөр хэлбэл 10-хан жилийн дотор Хятадын үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өссөн байлаа. Энд 70-аад онд ЗХУ-аас татгалзах үедээ Хятад хүн амынхаа хэсгийнх нь ч орон байр, дулаан, хоол хүнсний асуудлыг шийдэж чадахааргүй, ядуу орон үлдэж байсан гэдгийг санах хэрэгтэй. Ажилгүйдлийн асуудал маш хурц тавигдаж байсан.

Дэн Сяопинын бодлого нь тактикийн эрсдэл хийж, стратегийн хожил авах зарчим дээр суурилжээ. Ийм бодлого нь ч үр жимсээ өгсөөн. Хүн амын амьдралын түвшин харьцангуй дээшилсэн (хувьсгал хийхээс өмнөх үеийнхтэй харьцуулбал, 2-4 дахин нэмэгдсэн) байна. Нэгэн хэвийн төрийн өмчит байдлыг халж, олон талт бүтэц байгуулсан нь өмчийн 30% нь хувийн хэвшлийн буюу гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг төрүүлэв. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчинг үүсгэжээ (нийт хэмжээ нь, 277,6 млрд америк доллар). Хятад улсын эдийн засгийн цаашдын төлөв байдал ч тодорхой болж, үсрэнгүй хөгжсөөр 2000 оноос хойших 30-50 жилийн дотор тус улсын хөгжил хөгжингүй орнуудын түвшинд тун ч ойрхон очихоор төлөвлөгджээ. Үнэндээ тухайн үеийн социалист нийгмийн өнцгөөс харахад энэ их эрсдэл, шинэчлэл нь “Алдагдал”-аар л төгсөнө дөө гэж харагдаж байсан ч, бодит байдал дээр эсрэгээр, харин ч техник технологи, шинжлэх ухааны асар их дэвшилт, хөгжилтийг ардаа дагуулж, стратегийн хожлоо авсан явдал болж таарав.
Тэмдэглэж хэлэхэд, хэрвээ би эндүүрээгүй бол Хятадын өөрчлөн байгуулалт нь эдийн засгийн үр дүнтэй ажиллагааг идэвхижүүлж, тухайн орныг аажмаар зах зээлийн эдийн засаг руу шилжих, капитализмын хуулийг дагах зам руу татсан билээ.
БНХУ-ын хувьд зах зээлийн эдийн засгийг байгуулах нь – зорилго биш, харин Хятад улсын хөгжин цэцэглэх боломжтой ганц нөхцөл байдал нь байсан юм. “Хятадын онцлогт тохирсон социализм” нь юунаас ч илүү “олон хэвшилт холимог эдийн засаг”-ийн шинж чанарыг бүрэлдүүлжээ.
Хятадын удирдагч нарын байр суурь нь Джон Гэлбрейтын онолтой төстэй. Уг онолд, “Эдийн засаг, улс төрийн төлөвлөгөөт систем бол улсынхаа бодлогод орчин үеийн технологийн шаардлага, уян хатан байдал, аль үр дүнтэй хэлбэрийг сонгон нэвтрүүлж, өөрийн онцлогт тохируулан хэрэглэх нь зүйтэй” гэж үзсэн байдаг. Дэн Сяопин болон Джон Гэлбрейт нар төлөвлөгөө болон зах зээл 2-г социализм, капитализм гэдэг утгаар нь хатуу холбож туйлшраагүй юм. Гэлбрейтийнхээр бол, энэ 2 системийн хоорондоо зөрөлдөөд байгаа зүйл нь, төлөвлөгөөт системд техноструктур, харин зах зээлд – энэ бүтцэд дарлагдсан, жижиг үйлдвэрүүд нь хоорондоо өрсөлдсөн байдал ноёрхдогоор л тодорхойлогдоно. Төлөвлөгөөт систем – хамт олны хүч ухааныг ашигладаг, үүнд л түүний давуу тал оршиж байгаа. Төлөвлөгөөт системийн үйл ажиллагаа нь хүчирхэг корпорациуд, мэргэжилтнүүдийн нэгдлээр тодорхойлогддог.

Хятадын нийгмийг юу гэж нэрлэж байгаагаас хамаарахгүйгээр, тус улсын удирдагчдад шийнэчлэлийг түргэн хийх гэж хүмүүсийг үймүүлэн, улс орондоо эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх л чухал бөгөөд өөрсдийн “Чулуу өрж тавиад, голыг гатлах” тактикаа хадгалсаар байгаа. Хятад улс 21-р зуунд хуучин социалист улсуудтай адил алдаа гаргахгүйн тулд, эрс шинэчлэлт хийлгүй, “хялбар аргаар” зах зээл рүү шилжих оролдлого хийж байна. Ямар ч үнийн либералчлалыг нураалгүй, гиперинфляци үүсгэхгүй, ард түмний материаллаг байдлыг муутгахгүй, мөн нийгмийн хамгааллын хүчин зүйлүүдийг эвдэхгүй. Хятадын эдийн засгийн шинэчлэлийн туршлага нь сталиных шиг хэт дайн тулаанд хошуурсан шинжтэй улс төр, эдийн засгаас төрийн эрх мэдлийг хадгалсан хэвээрээ зах зээлийн эдийн засаг руу шилжиж болох байсныг харуулж байна. Хятадын шинэчлэлийн хамгийн гол онцлог бол өөрчлөлтийг тодорхой дараалалтайгаар нийгэмд зохицуулсан; шинэчлэлийн үнэ, ард түмний эрх ашиг 2-ыг зэрэгцүүлж чадсан явдал юм. Шинэчлэлийн гол шалгуурыг Цзян Цзэмин дараах байдлаар тодорхойлжээ“ Шинэчлэл нь ард түмний абсолют олонхид үр дүнгээ өгөх ёстой, мөн шинэчлэлийн үнэ абсолют олонхид зөвшөөрөгдөх ёстой”.

Хятадын өөрчлөн байгуулалтын онцлог шинж:

1. Хятадын өнө эртний уламжлалтай их соёл иргэншлийг сайтар судлах, ажилдаа ашиглах, мөн улсаа олон улсад нээлттэй болгож эрчимтэй хөгжихөөр зэхэж буй тул өөрийн үндэсний онцлог байдлыг сайтар харгалзан, олон улсын соёлын довтолгооноос хамгаалж үлдэх.
2. Төрөөс эдийн засгийн чиг хандлагыг зохицуулахдаа аливаа абстракт сургааль болон дүрэмд баригдалгүй, тодорхой зорилго, эдийн засгийн өсөлтийг хангах туршлага зэргийг тооцсон.
3. Үндэсний менталитет болон өв уламжлалын онцлогийг идэвхитэй хэрэглэх /конфуцист арга, шатлан захирах ёс/.
4. Эдийн засгийн эрс шинэчлэл рүү хувьсах байдлаар, сайн боловсруулсан аргаар орох.
5. Эерэг туршлагуудынхаа хүрээнд болон хятад, улсын туршлагыг нарийн судлаж шүүмжлэлт дүгнэлт хийснээр эдийн засгийн туршилт хийх.

Хятад энэ замыг сонгох болсон нь, тэдний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байсан Гонконг, Таывань, Сингапур зэрэг улсуудын үлгэр жишээ нөлөөлсөнийх байсан юм. Тэдний эдийн засаг, соёлын их амжилт нь Бээжинд сууж байсан БНХУ-ын удирдлагуудад эргэлт буцалтгүй тайван замын өөрчлөн байгуулалтыг сонгоход хүргэжээ. Энэ нөхцөл байдал тэднийг ухаалгаар, тодорхой үзэл бодол, стратегитайгаар өөрчлөлт хийхэд нь нөлөөлсөн биз. Тэдний зорилго бол – иргэдийнхээ материаллаг болон сэтгэлзүйн түвшинг хангах, Хятадын хүчирхэг байдлыг бий болгох юм. Энэ маягаар, нийт ард түмнийг урамшуулан өдөөсөн санаанууд төрж байв. Шинэчлэлийн энэхүү амжилт нь хятадын иргэншлийн дэвшилд түлхэц өгсөн юм. Энэ эртний иргэншил, соёл төсөөлөшгүй их саад бэрхшээлтэй тулгарсан боловч амьдрах чадвараа баталж харуулав. Нөгөө талаас, өөр ямар ч үндэстэн хятадтай адил үндэсний оцлогоо хадгалж хөгжөөгүй билээ. Хятадууд социалист үзлийг ч хятадыг ч орхилгүй дунд нь амьдарч, үндэсний чанар болон хятадын агуу байдлыг хангаж чадлаа. Хятадад хөрөнгө оруулагчдын 80% нь гадаадад суугаа хятад иргэд байдаг нь санаандгүй хэрэг биш. Хятад улс бүх түүхийнхээ туршид гадаад улсын туршлагыг өөрийнхөө соёлд зохицуулж авах механизмыг боловсруулжээ. Хятадын түүхээс, тус улсыг эзэлж байсан харийн түрэмгийлэгчдийн үед ч хятадын соёл давамгайлж байсан нь олон жишээн дээр харагддаг.

Мэдээллийг хэт ташуу өгөхгүй гэсэндээ тэмдэглэж хэлэхэд, хятад ямар ч асуудалгүй байсан гэвэл огт худлаа бөгөөд бүр нилээн их байсан гэдгийг хэлье. Энэ нь юу вэ гэвэл, газарзүйн тулгамдсан асуудлууд ба экологийн хямрал. Мөн улсын үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, төвийн бүс болон хөдөө орон нутгуудын дэд бүтцийн асуудал, ялгаа, далайн эргийн дагуух баян хотууд болон бусад ядуу бүсүүдийн орлогын түвшин гэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гарч ирж байлаа. Энэ дундаас хамгийн хурцадмал нь ажилгүйдэл байжээ. Гэмт хэрэг залуучуудын дунд ихэд тархаж, авилга хээл хахууль хүчээ авч байв. Санхүү – зээлийн хүрээнд олон асуудал тулгарч, зээлийн хүү хэт өндөр байв. Гэвч энэ бол стратегийн хожлын төлөөх тактикийн эрсдэл байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Хэрвээ Хятадын хөгжлийн бодлогод нэг л доголдол буюу алдаа гарвал, дээр дурдсан бүх хямралууд улс орныг тэр чигээр нь залгих аюултай байлаа.

Гэсэн ч Хятадын их өөрчлөлт нь олон улсын ямар ч жишиг, үлгэр жишээтэй адилгүй, хүнд хэцүү, өргөн хүрээтэй асар том үйл хэрэг байж чаджээ. Хүндрэлтэй байдал нь гагц Хятадын хүн ам дэндүү олонд байсангүй, аварга том улс орны хөгжлийн төлвийг цогц байдлаар тодорхойлж авч явахад оршиж байсан билээ. Тэдний нэгэн давуу тал бол бусад улсуудын өнө удаан жилийн дараалалтайгаар шийдэж, хэрэгжүүлдэг асуудлуудыг нэг дор, хэд хэдэн зорилго зорилт дэвшүүлэн, тууштай хэрэгжүүлж чаддагт байгаа юм. Өрнөдийн үнэт зүйлийн систем дээр үндэслэсэн дэлхийн нэгдсэн соёлыг эх орондоо нэвтрүүлэхдээ өөрийн боловсруулсан альтернатив бодлогыг гарган тавьж байсан нь хятадын шинэчлэлийн туршлагаас сурах зүйл мөн. Үүнээс гадна, урьдаас тааварлаагүй өөрчлөн шинэчлэх арга замыг сонговол Хятадын уламжлалт ёс суртахууны үнэ цэнийг ард түмний дунд үгүй хийж, сэтгэлгээнд нь өөрчлөлт орууах байлаа. Өөрөөр хэлбэл, хүмүүс баян тансагийн төлөө утга учиргүй тэмүүлж, орчин үеийн өрнөдийн соёлыг хуулбарлаж, даган дуурайх сэтгэхүй ард түмэнд буй болох бодит аюул Хятадын хөгжлийн альтернатив сонголтыг тосон хүлээж байв. Оросын эрдэмтдийн дунд өнөөдөр хэдий нь хожимдсон ч,Орос орон хятадтай адил замаар явж болох байсан тухай яриа тархаж, “Бид нөхцөл байдалдаа тохируулан зөвлөлт орноо авч үлдэж болох байсан шүү дээ” хэмээн ярьцгааж байгаа.

Орос орныг даган, ардын хувьсгал хийж, бас орос орныг даган капиталист нийгэм рүү шилжсэн монголчууд бидний дунд “Төрийн хүү, сайн удирдагч” төрөхгүй гэж үү? Бидэнд нэгэн цогц бодлого, эх орны төлөөх нэгдэл хэрэгтэй байх шиг. Монгол улстай ижил зах зээлийн систем рүү эрс шилжиж, олон улсад хаалгаа нээсэн орос оронд ч мөн л олон бэрхшээлүүд тулгарч байсан. Тэд авилгад идэгдэж, рубль үнэгүйдэж, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг ихэсч, эдийн засаг уналтанд орж, ард түмэн үймсэн хүнд хэцүү цагийг туулсан. Гэтэл өнөөдөр дэлхийд их гүрний статустай, хүчирхэг орон болсоноо тунхаглаж, АНУ-г айлгаж байна шүү дээ. Өмнөд хөрш Хятад тайван байдлаар эдийн засгаа хөгжүүлж, зах зээл рүү шилжсэн, харин хойд хөрш эрс шинэчлэл хийн, зах зээл рүү шилжсэн. Аль алинд нь хөгжлийн хүнд бэрх үе тохиолдсон боловч алсын хараатай бодлого нь улс орны хөгжлийг түргэтгэн, зөв тийш залсан байх юм. Монгол оронд сайн эрдэмтэд, сайн удирдагчид, сайн эх орончид байхгүй юм гэж үү?
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй!

2007-12-29. 11:25.


Мэдээллийг:
1. ОХУ-ын “Известия” сонин.
2. Национальная экономика. 2-е изд. – СПб.: Питер, 2005. – 240 с.: ил.
3. Международные экономические отношения.: Учеб¬ник/ ПОД ОБЩ. РЕД. ПРОЕКТА PLEHA.COM. - М.: IT

No comments:

Post a Comment