Friday 19 December 2008

Дэлхийн эдийн засагт бид хэн юм бэ?

Олхонуд Д.Баярхүү (профессор)
2004 онд Монголын эдийн засгийн өсөлт 10.6 хувьтай гарсан тухай мэдээлэл оны дараахан олон нийтийн анхаарлыг татав. Манай эрх баригчид ч энэ тухай сүр дуулиантай зарлалаа. Гэвч ядуу доройг нь тавлан доромжилж байгаа мэт үзэх Монгол хүн даан ч олон тул итгэснээсээ эргэлзэгчид хол илүү байгаа бололтой. Үүнийг НҮБ-ын аргачлалаар гаргасан дараахь судалгаагаар нотлохыг хичээе.
Англихэлээр Least developed countries буюу товчилбол “LDC” гэх тодотголтой 50 улс дэлхийд бүртгэлтэй байх аж. Үгчлэн орчуулбал “Нэн буурай хөгжилтэй орон” гэсэн үг. Анх 1971 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор НҮБ-ын Хөгжлийн бодлогын хороо шалгуур тогтоон 25 улсыг нэрлэснээс хойш эдүгээ хоёр дахин буюу 50 болтлоо өсчээ. Үүнд дийлэнх нь буюу 32 нь Африкийнх, найм нь Азийнх, үлдэх 10 нь адлайн арлын жижиг улсууд байна. Дэлхийн Банкнаас гаргадаг орлогын доогуур түвшний үзүүлэлтээр НҮБ-ын Хөгжлийн бодлогын хороо гол шалгуур хийн, дэлхийн бүх улс орны хөгжлийн түвшинг үндсэн гурван шалгуураар шинжин, 65 улс дээр дорой буурай, ядуу гэсэн үнэлгээ өгч, дахин шигшээд Монгол мэтийн 15-ыг нь хасаад 50 болгосон нь энэ юм. LDC-д тунаж үлдээгүй азтай 15 улс бол хүний нөөцийн индексээр гайгүй тул энэ удаа азнасан хэрэг. Энд сургууль боловсрол, хүүхдийн эндэгдэл, насанд хүрэгчдийн бичиг үсэг гэхчлэн нөгөөх социализмаас үлдсэн гялтайх үзүүлэлт нь авч гарчээ.
“LDC”-д багтахгүй гэвэл нэг хүнд ногдох үндэсний орлого нь 900 ам.доллараас дээш байх гэсэн нэн хатуу болзолтой байх юм. Тэгвэл Монгол хүн бүрт ногдох үндэсний орлого маань 900 ам.доллар хүрч байгаа билүү? Ердөө л 400 ам.доллараас даваад явж байна. 2002 онд НҮБ-д өгсөн манай сүүлчийн тоогоор нэг хүнд ногдох нийт орлого нь 398 ам.доллар байсан, гэтэл өөрсдийгөө “Нэн буурай хөгжилтэй орон” гэж нэрлүүлж яваа улсуудын зургаа нь болох Кабе Верде, Кирибати, Мальдив, Самоа, Тувалу, Вануату гэхэд л нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн нь 923 –1983 ам.доллар байгаа нь Монгол Улсынхаас 2-4 дахин их байх юм.
ДНБ дэх боловсруулах ба орчин үеийн үйлчилгээний салбарын эзлэх хувь, экспортын барааны үзүүлэлт, хөдөө аж ахуйн тогтвортой байдал, хүн амын тоо гэхчлэн манайдаа мөн л халгаатай үзүүлэлтээр “LDC”-гийн эдийн засгийг бас үнэлэх аж. Манай улс эдийн засгийн эмзэг байдлын индексээр нөгөө 50 дотор оруулчихвал дундаас доошоо, бүр 34 орны ард орчих үзүүлэлт гарч ирэхээр байгаа юм. Экспортын хязгаарлагдмал байдал гэдэгт яалт ч үгүй хамаарна. Зэс, хайлуур жоншны баяжмал, молибдены хүдэр, арьс шир, ноолуур гэхчлэн манай нэр цуутай экспорт чинь “экспортын боловсруулсан бараа” гэдэгт ордоггүй. Үүний сацуу манай экспорт хязгаарлагдмалаасаа болоод гадна, дотны нөлөөлөлд ихээхэн өртөмхий, дэлхийн зах зээлийн савлагаанаас ихээхэн хамааралтай. Хөдөө аж ахуйн уламжлалт орон гэх боловч байгалийн гэнэтийн гамшгаас болоод өсөлт нь буурч яваа, тогтворгүй гэдэгт бас бүртгэгдэж байна. ДНБ-д аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 1995 онд 40.6 хувьтай байснаа одоо 22.5 хувь хүртлээ унасан нь бас л таагүй үзүүлэлт. Хүн амын тоо 75 саяас доош байвал бусад үзүүлэлттэй нь хослуулаад “LDC”-д оруулах жишиг байдаг бол тэр хэмжүүрээр Монгол Улс бараг л тэдний тоонд нь орно. Хэрэв ядуурал газар аваад байвал 2.6 сая хүн амыг сүйрүүлэхэд нэн хялбар тул “LDC” бидэндээ бүр ч ойртсоор байгаа мэт.
Дэлхийн хамтын нийгэмлэг хэдийгээр 35 дахь жилдээ чармайж “Нэн буурай хөгжилтэй олонхи орны” нийгэм, эдийн засагт анхаарал тавьж хүч хаясан боловч байдал дордсоор 25-аас 50 болтлоо өссөн нь угаасаа “LDC” статусын элдэв хөнгөлөлт, тусламж зээлээсээ ашиг олоогүй, оновчтой ажиллаагүй гэсэн үг юм. Энэ бол 2002 оны ЮНКТАД-ын судалгаанд буй үнэлэлт дүгнэлт. Манайхаас хамаагүй дээгүүр орлоготой хэрнээ газар нутаг жижиг, хүн ам цөөн, далайгаар хашигдсан, цунамид өртөх магадлалтай гэдгээр нөгөөх зургаан улс “LDC” гэдэг элдэв хөнгөлөлт, тусламжийг авсаар яваад НҮБ эргэлзэх болжээ. Нэг бол амар хялбар сайжрахгүйгээс “LDC”-д мөнхөд байх, эсвэл хэргээр бэлэнчлээд тэнд шигдээд байдаг гэхээс өөр дүгнэлт алга.
Манайхны хувьд олон шалгуураар 1992 он гэхэд уг ийшээ орж явчмаар байсан санж. Гэвч тэгсэнгүй, тойроод л байна. Хүн амын ядуурлын индексээр жагсаавал 40 хувьтай яваа энэ айл чухам хаана очиж жагсахыг бүү мэд. Мөн орлогын үзүүлэлт болох 400 ам.доллар байна. Сүүлийн 15 жилд ардчиллын нэрээр хэрэгжүүлсэн гаднын асар их дэмжлэгтэй шилжилтийн энэ явц “LDC”-гээс холдуулж, хөгжиж буй, гэхдээ шилжилтийн орон гэдэг статус руу баттай оруулаасай л билээ.
2005-03-20

No comments:

Post a Comment