Monday 29 December 2008

Д.Энхбат

Энэ хүнийг зөв бодолтой, зөв, сайн хүн гэж хүндэтгэж явдаг юм. Иргэний Холбооны ерөнхийлөгч байхдаа бичсэн бичлэгийг нь оллоо. Тэгээд эндээ хадгалаад авчихъя гээд тавьж байна.


Одоогоос 17 жилийн өмнө ялсан хувьсгал, 15 жилийн өмнө баталсан шинэ Үндсэн хуулийн үр дүнд иргэд бид ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг болсон билээ. Хувийн өмч, зах зээлийн харилцаа бодит зүйл болж, бид аж ахуйгаа хөтөлж, наймаа хийж, өрсөлдөж, ихийг санаачлан бүтээж ирлээ. Монгол Улс дэлхийг дахин таньж, дэлхий ч биднийг дахин, цоо шинээр мэддэг боллоо. Байгалийн их баялаг, нийгмийн ардчилсан, нээлттэй тогтолцоо, гадаад таатай нөхцөл байдал нь Монгол Улсыг эрчимтэй хөгжих бололцоотой улс орнуудын нэг болгож байна. Угтан авах боломж, урагшлах сайхан ирээдүйдээ бид өнөөг хүртэл итгэж ирсэн билээ. Харин өнөөдөр бид, ардчилал, эрх чөлөөгөө хэр хамгаалж, хэр тордон хөгжүүлж ирж вэ гэж өөрсдөөсөө дахин асуух хэрэгтэй боллоо.

Яагаад гэвэл

Монгол хүн Монголдоо тайван, сэтгэл хангалуун амьдрах орчин улам бүр багасч, иргэд, залуучууд боломж л таарвал гадаадад дүрвэн гарах хүсэлтэй боллоо. Орон нутгийн иргэд нутаг усандаа хавчигдаж, уух ус нь хүртэл аминд эрсдэлтэй болж байхад хот сууринд ажил хийх боломж нь гадныханд, харин архи уух зам нь бидэнд үлдэх боллоо. Газар нутгийн баялаг, мянган жилийн тэмцлийн түүхээрээ олж авсан амьдрах орон зайгаа хуйвалдан худалдаж, улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, тусгаар тогтнолоо үл тоомсорлох болов. Өөрсдийн амьдрал, улс орныхоо ирээдүйн төлөө сонголт хийх эрх чөлөөгөө мөнгөөр үнэлж, мөнгө, архидалт, булхайн сонгууль хийх болсоор удлаа. Эрх баригчид гурван жилийн турш хулгай хийж, улс орныг туйлдуулаад, сонгуулийн сүүлчийн жил бүрт хамгийн сайхан ааштай, хамгийн өгөөмөр дүр эсгэх жүжгээ тавих нь ёс мэт болоод байна. өнөөдөр энэ жүжиг яаж эхэлж байгааг бид дахин харж байна. Энэ бүхэн бидний төсөөлж мөрөөдөж ирсэн ардчилал, эрх чөлөө мөн гэж үү? Авилгал, ядуурал, байгаль, экологийн гамшиг, ашигт малтмалын луйвар, улстөрчдийн урвалт, хуйвалдаан энэ бүгд бидний хүсч буй Монгол Улсын маань дүр зураг мөн гэж үү? Өнөөдөр бид эргэцүүлэн бодож, хариуцлагаа ухаарч, иргэний сонголтоо хийх цаг болоод байна.

Өнөөгийн хямрал, бидний дүгнэлт

Өнөөгийн хямралын үндсэн шалтгаан нь төр, намуудын үйл ажиллагаатай нэн түрүүнд холбогдох боловч иргэд бид эрхээ эдлэн оролцож, эрх баригч түшмэд, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж сураагүй, хяналтын механизмыг бүрдүүлж чадаагүйтэй холбоотой. Хяналтыг зөвхөн сөрөг хүчнээр ойлгодог цаг нэгэнт хуучиржээ. Бид төрийн байгууллагуудын системийг хэт том, дотроо саланги, уялдаагүй, дотоод болон нийгмийн аливаа хяналтаас ангид байгуулсан нь зарчмын алдааны эхлэл байжээ. Үүний улмаас улс төрийн намууд нь гишүүдийнхээ хяналтаас, төр нь иргэдийн хяналтаас гарч, төрийн албыг арилжааны зарчимд шилжүүлэх, гэмт хэрэг, улс төр, бизнесийн хүрээний зааг ялгааг алга болгох үндсэн нөхцлийг бүрдүүлжээ. Хэрэв иргэдийн хяналт байхгүй бол төр засаг болон эрх баригчид яаж дураараа туйлдгийг бид нүдээрээ харж, амьдралаараа туулж байна. Ардчилал Монголын нийгмийн бүхий л салбарт эрс шинэчлэл, өөрчлөлтийг авчирсан ч нийгмийн амьдралын хамгийн чухал институтын нэг болох улс төрийн намуудын бүтэц, үйл ажиллагааг нээлттэй болгож чадсангүй. Улс төрийн намууд нь манай нийгмийн хамгийн хаалттай, ил тод бус институт болчихжээ. Намууд нь хууль болон гишүүдийн хяналтаас гадуур эрх мэдэлд хүрэх зам болж байгаагаас болоод авилгал, хуйвалдааны аюулд хамгийн их эрсдэж байна. Бодит ардчиллын тулгуур зарчмууд, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд харш, нам төвтэй тогтолцоог хадгалж, амьдруулоаар байгаа нь эрх мэдэлд шунасан гэмт бүлэглэлүүдийн нуугдах орчин болж байна. Монгол бол ядуу орон биш билээ. Харин Монгол бол замбараагүй учир ядуурсан орон юм. Бид ёс суртахуун, улс үндэстнийхээ эрх ашиг, хуулиа дээдэлдэггүй, замбараагүй орон болжээ. Хууль цаазаас дээгүүр хэн ч байх ёсгүй гэж тэртээ 800 жилийн өмнө эзэн Чингэс хаан тунхаглаж байсан нь хүчирхэг Монгол улсыг байгуулсан гол нууц байсныг бид мартсан байна. Чингэс хаанаас ч илүү эрх дархтай, хуулиас дээгүүр орших олон арван түшмэд, нам, бүлэглэл өнөөгийн Монголын доройтол, замбараагүйтлийн гол учир шалтгааны нэг юм. Дүгнэн хэлбэл, Монголд өнөөдөр ёс суртахуун, засаглалын хямрал нэн даамжирч, замбараагүй байдал ихэсч, төр бизнесийн цөөнхийн бүлгийн дарангуйлал тогтоохыг хүсэгчид улам хүчирхэг болж байна. Тэд хуулийн сул систем, төрийн хяналтгүй тогтолцоо, иргэдийн сул оролцоог хүсч байна. Бид яаж тэмцэх вэ, ямар гарц байна гэж олон нийт асууж байна. Иргэн төвтэй, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж бид Үндсэн хуульдаа заасан билээ. Бид хийсэн сонголтондоо үнэнч байж, энэ заалтыг туйлбартай хэрэгжүүлэх нь өнөөгийн улс төр, засаглалын хямралыг давах гол гарц юм. Тиймээс 15 жилийн өмнө хийсэн түүхэн сонголтоо эргэн санаж, хүсэл зоригоо нэгтгэн, хамтран тэмцэж чадвал бид Монголдоо сайхан амьдралыг бүтээх болно. Харин үүнийг эс ухварч, дуугай байх нь тэднийг чимээгүй зөвшөөрсөн гэсэн үг бөгөөд хариуцлагаас татгалзсан бидний хамгийн муу сонголт байх болно. Иргэний холбоог санаагчлагч бидний олонхи ч гэсэн өнөөдрийг хүртэл зөвхөн ийм л замыг сонгож ирснээ хүлээх ёстой. Харин өнөөдөр бид шинэ сонголтоо хийлээ. Авилгал, хүнд суртал, дарангуйллыг дан ганц зөв санаа, хэдэн зөв хүн дийлэхгүй. Хар хүчийг зөвхөн түүнээс том цагаан хүч л давж гарна. Зөв үзэл санаа, зөв зохион байгуулалт, иргэн бүрийн оролцоо энэ бол бидний хүч юм. Энэ бол шийдэл, бидний явах зам, нийгэмдээ хийх шинэчлэлийн эхлэл юм. Иймд иргэд бид өнөөдөр Иргэний Тунхагаа батлан, зохион байгуулалтад орж энэ зөв хүчийг үүсгэн тэмцэхээр сонголтоо хийж байна.

Бид хэн бэ?

Улс төр, нийгмийн байдалд шүүмжлэлтэй ханддаг зуу гаруй иргэд, сэхээтнүүдийн мэтгэлцээн, хэлэлцүүлгээс холбоо маань төрж гарсан. Олон сайхан санаа, шийдэл гарсан ч үүнийг чинь тэгээд хэн хийх юм бэ гэсэн энгийн асуултын хариу нь Иргэний холбоо өөрөө байсан юм. өнөөдөр бид мянгуулаа боллоо. Иргэний холбооны эрхэм зорилго нь намын ашиг сонирхол ноёлсон Монголын нийгмийн өнөөгийн тогтолцоог иргэний эрх ашиг давамгайлсан тогтолцоогоор солих явдал юм. Бид Иргэний Холбоог байгуулахдаа иргэдийн өргөн оролцоонд тулгуурласан, эрх баригчид болон төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэний хяналт тогтоох, иргэдийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх иргэний улс төрийн байгууллага болгох зорилт тавьж байна. “Монголдоо сайхан амьдаръя” энэ бол бидний уриалал, бид бүхний хүсэл мөрөөдлийн үг юм. Бид ганц нэгээрээ, эсвэл зөвхөн хэсэг бүлгээрээ Монголдоо сайхан амьдрах боломжгүй билээ. Иргэн нэг бүрт нээлттэй байж, хүн бүрт хичээн зүтгэх боломж олгосон, нийгмийн шударга тогтолцоог бүрдүүлсэн цагт л бид бүгдэд Монголдоо сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ. Үүнийг хийж эс чадваас,
Та хичнээн их мөнгөтэй ч хорт утаагаар амьсгалж, хогондоо дарагдсан хотод амьдралаа өнгөрөөх болно.
Та хэчнээн их мөнгөтэй ч үр хүүхдийнхээ өнөө, болон ирээдүйд байнга санаа зовон явах болно.
Та хэчнээн их мөнгөтэй ч улс төрийн гэмт бүлэглэлийн далд дарамт дор амьдрах болно. Хэрэв та мөнгөгүй бол Монгол нутагтаа гадуурхагдан, харийн хүнээс дорд үзэгдэн, амь зогоон явах болно. Үүнийг бид хүсэхгүй байгаа. Гэхдээ бид үүнийг чимээгүй зөвшөөрч, тус бүртээ л өөрийн амьдралаа аргалчихна гэсэн богино бодолтой амьдарсаар байна. Би улс төрд оролцоогүй, надад хамаагүй гэж хэн нэгэн хэлж болох боловч авилгач, хүнд сурталтнуудад өөрийнхөө, улс орныхоо амьдралыг шийдэх эрхийг даатган өгч байгаагаа мартдаг. Бидний ийм чимээгүй дэмжлэг л тэдний амьдрах орчинг бүрдүүлдэг. Ийм цаг үед иргэний сонголтоо хийлгүй, нийтийн үйл хэрэгт оролцохгүй явах нь өөрөө хамгийн муу сонголт болох юм.

Монголдоо сайхан амьдарна гэж бид юуг хэлж байна вэ?

Бид тунгалаг, хариуцлагатай төртэй, шударга шүүхтэй, байгалийн баялгаа харилцан ашигтайгаар хамтран ашиглах чадвартай, үйлдвэрлэл, аж ахуйгаа хөгжүүлсэн, байгаль дэлхийгээ хамгаалсан, сайхан хөдөө, сайхан хотууд бүхий улс болмоор байна. Хот суурин газарт амьдардаг айл өрх бүр өөрийн орон сууцтай, хөдөө нутгийн малчид өөрийн бэлчээр, эдлэнтэй болж, орон нутагтаа эзэн нь байж, нутаг ус, хот, гудамжаа хэрхэн хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль, дэлгүүр, үйлчилгээгээ яаж авч явахаа бид өөрсдөө шийддэг болмоор байна. Хүн бүр, айл гэр бүхэн өөрийн ажил, орлоготой байхыг хүсч байна. Хүн бүрийг ажлын байртай болгох нь Монголдоо сайхан амьдрахын гол баталгаа юм. үүнийг гардан хийж, нэг, хоёр, олон арван хүнийг ажлын байртай болгож буй хүмүүс бол манай нийгмийн манлайлагч иргэд гэдгийг бид ойлгож байна. Монгол Улс зөвхөн нийгэм, төр, бизнесийн манлайлагчиддаа тулгуурлан хөгжиж чадна. Бид оюунлаг, шударга, эх оронч хүмүүсээ тойрч, бүгдийг оролцуулах замаар л амжилтад хүрч чадна. Энэ бүгд бол бидний хүсэл эрмэлзлэл юм.

Бид юу хийх вэ?

Иргэний холбоо үйл ажиллагаагаа дараах 3 чиглэлд төвлөрүүлэн явуулна. Бид байгууллагаа байнгын үйл ажиллагаатай, орон нутагт салбар нэгжтэй, үндэсний хэмжээний, иргэний оролцооны сүлжээ болгоно. Нийгмийг хямралаас гаргаж, бодит ардчиллыг бэхжүүлэх Иргэний Хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ. Улс төр, нийгмийн өдөр тутмын амьдралд шуурхай дүгнэлт өгч, иргэдийн эрх ашиг, ардчилал, шударга ёсыг хамгаалсан үйл ажиллагааг байнга явуулна. “Өөрөөсөө бусад бүх зүйлийг өөрчлөх гэсэн хүн юуг ч өөрчилж чаддаггүй” гэсэн мэргэн үг байдаг. Хэрэв бид их үйлс бүтээхийг зорьж байгаа бол, хэрэв бид шударга, эрүүл нийгмийг хүсч байгаа юм бол анхнаасаа ёс суртахууны хувьд цэвэр, үйл ажиллагааны шударга зарчимтай байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Тиймээс цаашдаа бид ёс суртахууны зарчим, бидний сэтгэлгээний үнэт зүйлсийг багтаасан ёс зүйн дүрэм боловсруулан чанд сахин ажиллах болно. Иргэний холбоо нь иргэдийн өөрсдийн санаачлага дээр үндэслэн байгуулагдсан, удирдлагаа ардчилсан сонгуулиар сонгодог, орон нутаг, сонирхлын бүлгийн хүрээнд үйл ажиллагаагаа бие даан явуулах чадвартай нэгжүүдийн сүлжээ хэлбэрийн зохион байгуулалттай байна. Иргэний холбоо нь идэвхтнүүдээ бэлтгэх, орон нутгийн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сургалтын нэгдсэн тогтолцоог байгуулж, хууль, засаглал, улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны асуудлуудаар шүүмж, дүгнэлт гаргаж, төрийн байгууллагууд, улс төрийн намуудад шаардлага хүргүүлэх, ярилцлага, цуглаан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн сувгаар өөрийн байр сууриа илэрхийлэн ажиллах болно. Бид Монголын улс төрийг цэвэр байлгаж, шударга, эх оронч, чадвартай хүмүүсийг төрд ажиллуулах, улс төрд оролцуулахын төлөө ажиллана. Бид ирэх сонгуулиудад хүчтэй нөлөөлж, иргэний нийгмийн манлайлагчид, дэвшилтэт улс төрчидийг дэмжиж ажиллах болно. Иргэний хөтөлбөр нь манай Холбооны үйл ажиллагааны программын баримт байх болно. Иргэний хөтөлбөрийн үзэл санааг тусгасан Иргэний Тунхагийг бид та бүхэнд урьдчилан тараасан билээ. Иргэний холбоо өөрийн санхүүжилтийг нийтэд ил тод, нээлттэй байлгаж, аливаа нэг улс төрийн нам, бүлэглэлийн төлөө ажиллахгүй. Бид хөдөлмөр, зүтгэлээрээ амь зууж, гэр бүл, газар нутаг, эх орныхоо төлөө ихэд санаа зовж байгаа ч, Монголдоо сайхан амьдрах хүслээ гээлгүй яваа мянга мянган иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах болно. Монголын Иргэний холбоо ийм л байгууллага байна. Иргэд ээ, Монголд иргэний ардчиллын шинэ давалгааг эхлүүлэх цаг болжээ. Өнөөдөр манай улс төрийн байдал тун эгзэгтэй байна. ёс суртахуун, засаглалын хямрал улам даамжирч, замбараагүй байдал ихсэх тутам дарангуйллыг хүсэгчид улам сайхан ярьж, улам ихийг амалж эхэлж байна. Тэдэнтэй тэмцэх нь маш хэцүү ч та бид ялна. Яагаад гэвэл бид үнэн зөв үзэл санаатай, тэднээс илүү зохион байгуулалттай байж чадна. Бид тэдний бодож байгаа шиг харанхуй, хариуцлагагүй биш ээ. Өнөөдрөөс эхлэн бид үзэл санаагаа хөгжүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын хүчирхэг сүлжээг үүсгэх хэрэгтэй болж байна. Бид Монголын бүх дэвшилтэт хүчийг нэгтгэсэн, эрүүл саруул, нээлттэй, иргэний улс төрийн тэргүүлэх хүчийг бий болгох хэрэгтэй болж байна. Шударгаар амьдарч, өөрийнхөө төлөө, гэр бүл, улс орныхоо төлөө бидэнтэй хамтдаа тэмцэх хүсэлтэй, оюунлаг, эх оронч хүмүүс мянга мянгаараа байгаа гэдэг огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол Улсын эзэд нь та бид билээ. Иргэд бид оролцоогүй, хамтдаа тэмцээгүй цагт Монголд иргэний ардчилал, шударга ёс тогтохгүй. Иргэд бид өөрсдөө орохгүйгээр ёс зүйгүй улс төрчид, эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцож чадахгүй. Оролцоогүй үед зөвхөн гэртээ шүүмжилж суух л сонголт үлдэнэ. Энэ бол бидний зам биш ээ. Монголын хөх яргуйг бид бэлгэдлээ болгон авсан билээ. Хөх яргуй бол ирж буй урин дулаан цагийн дохио. Хөх яргуй цасан дороос урган гарч байгаа нь авилгал, хүнд суртлын хөлдүү тогтолцоог эвдэн ялж буй иргэн хүний тэмцэлтэй адил юм. Монгол нутагт цас ханзран яргуй дэлгэрч, урин цаг эхэлдэг билээ. Монголын иргэн бүр оролцсоноор Монголдоо сайхан цагийг авчирна. Бид оролцоно. Сайхан амьдралаа өөрсдөө бүтээе. Монголдоо сайхан амьдарья. Та бид хамтдаа чадна.

No comments:

Post a Comment