Friday 19 December 2008

Монголын төр эдийн засгийнхаа нэг дарамт нь болж байна

Д.Гантуяа
Засаглалын менежмент нь хэтэрхий хоцрогдсон Монголын төр өөрөө эдийн засагтаа учруулж байгаа асар том дарамт юм гэсэн дүгнэлтийг одоогоос нэг жилийн өмнө эдийн засагч Даваадорж “Голланд өвчинд нэрвэгдсэн Монголын эдийн засаг” гэсэн илтгэлдээ хийж байжээ. Энэ дүгнэлтийг баталж болох нэгэн судалгааг ННФ болон МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хамтран хийсэн байна. “2006 оны Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм: Институцийн хөгжил-эдийн засгийн өсөлтийг түргэтгэх шинэтгэлийн дараагийн үе шат” сэдэвт судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон юм.
Энэ судалгааны гол илтгэгч МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ч.Хашчулууны хийсэн танилцуулгаас үзвэл төрөөс эдийн засагт учруулж буй дарамт компаниудын том жижгээс хамааран харилцан өөр байгаа аж. Тухайлбал жижиг компаниудын хувьд энэ дарамт томуудтай харьцуулахад өндөр байдаг нь ажиглагджээ. Төрийн зохицуулалт, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт зэрэг үйлдвэрлэл, үйл ажиллагаатай шууд холбоогүй Монголын бизнест ихээхэн хэмжээний нэмэлт дарамтыг үүсгэж байгаа зардлыг эдийн засгийн хэллэгээр трансакцийн зардал гэдэг байна.
Жижиг компаниуд нь дарамтаас салахын тулд хахууль өгдөг бол том компаниуд нь улстөрийн лоббид ордог хэмээн судалгааны баг үзэж байна. Том компаниуд өөрсдийн төлөөлөгчөө парламентад сонгуулах, эсвэл сонгуулийн компанид нь мөнгө гаргах зэргээр харьцангуй цөөн удаа өндөр өртөгтэй трансакцийн зардал гаргадаг байна. Үүнийг том компанийн хувьд өөрийнх нь хүч, хөрөнгө илүү байдагтай холбон үзжээ. Судалгаанд хамрагдсан том компаниудын захирлуудаас асуухад трансакцийн зардал бараг байхгүй гэж хариулсан ажээ. Тухайлбал, хуулийн асуудал бэрхшээл үүсгэлээ гэхэд дээр хуульч хөлслөөд гэрээн дээрээ суулгаж хойноос нь явуулдаг бол жижиг компани ингэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл жижиг компаниуд нь өөрсдийгөө хамгаалах хүч бололцоогүй тул хахууль өгөөд л салдаг болжээ. Ингээд Монголын бизнесийн дийлэнх буюу 90 орчим хувийг бүрдүүлдэг жижиг бизнесменүүдийн хувьд хууль журам сайн хэрэгжиж, төр хийх ёстой зүйлээ хийж байсан бол бизнес нь хамаагүй амар болох байсан гэж доктор Ч.Хашчулуун үзэж байна.
Дээрх судалгаанаас үзэхэд Монгол дахь эдийн засгийн үр өгөөжийг бууруулж байгаа трансакцийн зардал дундажаар ДНБ-ий 35 орчим хувьтай тэнцүү байна. Ер нь бол трансакцийн зардал нь заавал байх ёстой аж. Харин байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тухай асуудлыг энэ жилийн тайлангаар авч үзсэн гэж ННФ-ын менежер Б.Мөнхсоёл тэмдэглэж байна. Трансакцийн зардал тэг байхад төрийн оролцоо байх хэрэггүй, бүх юм төгс орчинд явагдаж байна гэсэн үг хэдий ч энэ нь бодит амьдрал дээр бараг байхгүй гэж тэрбээр үзэж байна. Түүний хэлснээс үзвэл Монголын нөхцөлд жижиг компаниудын хувьд компанийн хэмжээнээс хамаарсан нэмэлт зардлууд байнга гарч байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед хяналт шалгалт хэзээ ирнэ тэр үед трансакцийн зардал гарч байдаг аж. Том компаниудын хувьд харьцангуй давтамж багатай, анх үүсэхдээ, тодорхой нэг том асуудлыг шийдэхдээ танил тал, улстөрийн лоббигоор шийдэж, түүндээ том мөнгө хаядаг байна. Гэхдээ тэр нь байнга давтагдахгүй. Тэгэхээр дүрмийнхээ сандаа ногдож байгаа хувиараа аваад үзвэл трансакцийн зардал том компаниудад бага, жижиг компаниудад байнга давтагдаж байгаа ажээ.
Трансакцийн зардлын хэдэн хувь нь улстөрөөс, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалаас хамааралтай вэ гэсэн асуулт хэлэлцүүлгийн үеэр гарч байв. Энэ асуудал дараагийн судалгааны хэсэг байх бололтой. Хэлэлцүүлэгийн үеэр өөр нэг яриа нэлээд хурц өрнөв. Тэр нь юу вэ гэвэл Монголын төр өөрөө олигархжиж байгаа тухай юм. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн үзэж байгаагаар бол үүний илрэл улам бүр тодорч байна. Парламентад өөр өөр нэртэй намууд байгаа болохоос биш, зарчим, үзэл бодлоор ялгарсан намуудын тухай ойлголт байхгүй болж, ашиг сонирхлын арилжаанд орсон улстөрийн бүлэглэл бий болсон нь хамгийн том аюул болов. Одоо хууль тогтоох, гүйцэтгэх засаглал гээд бүх юм холилдсон байдалтай цул бөмбөлөг болсон гэж Э.Бат-Үүл хэлж байна. Үүний цаана эрх мэдлийн төлөөх тулалдаанаас өөр юу ч байхгүй. Гудамжинд уул уурхай ярьж байгаа тэмцлийн цаана үнэн хэрэгтээ баялаг дээр хяналт тогтоох гэсэн бүлэглэлүүдийн тэмцэл явж байгаа. Энэ бол бүр ч их ноцтой зүйл хэмээн тэрбээр зовниж байна.
Хуулийн үйлчлэлийн тухайд бүр ч хэцүү боллоо. Хуульгүй, тохиролцооны зах болгож улстөр, бизнес, хууль шүүх тэнд ажиллах ямар ч боломжгүй болдог тийм зүйл рүү явж байгаа нь хамгийн аюултай гэж улстөрч Э.Бат-үүл мэдэгдэв. Харин үүнээс гарахын тулд олигархийн эсрэг хувьсгал хийх ёстой ч байж мэднэ хэмээн тэрбээр үзэж байна. Түүнийхээр УИХ-ын гишүүдийн тоо 76 байгаа нь бага аж. Тухайн үед Үндсэн хуулийг баталж байхад төрийн эрх барих дээд байгууллагыг цөөхөн хүний гарт өгсөн нь алдаа болсон гэж тэрбээр үзэж байна. Жишээлэхэд Английн парламентийн танхимд гишүүдийн тал хувь нь ороод дүүрдэг. Бусад нь орж чаддаггүй. Гэтэл Английн парламент гишүүдийнхээ тоог цөөлөөгүй. Цөөхөн хүн тохиролцохдоо амархан. Хуйвалдахдаа ч их амархан. Олигархжихдаа ч амархан юм байна гэдгийг ойлгосон учраас тэр гэж Э.Бат-үүл ярьж байна.
Түүнтэй адил саналыг судлаач З.Батболд хэлж байна. Одоогийн хоёр намын явуулж буй эдийн засгийн бодлого нь энэ өрөөнд эдийн засгийн эрх чөлөө ярьж байгаа хүмүүсээс тэс өөр байгаа юм. Улстөр, бизнес хоёр нэг бүлэглэл болчихсон. Трансакцийн зардал багатай том компаниуд нь бүгд томчуудын эрх мэдэлд байдаг. Тэд ямар нэг аргаар татвараа хөнгөлүүлдэг, хөрөнгө оруулалт авдаг. Гэтэл жижиг, дунд буюу 90 хувийг эзлээд байгаа компаниуд тэр зардалдаа сөхөрч унахад бэлэн болоод байна. Тэгэхээр үүнийг яаж багасгах вэ гэвэл төрийн шинэтгэл хийх ёстой гэж тэрбээр үзэж байна.
Төрийн институцийн орчин буюу хууль журам байна. Түүнийг биелүүлэх механизм байна. Монголын хуулиуд харьцангуй сайн. Гэхдээ 100 хувь хэрэгжиж байна уу гэвэл тийм биш. Яг одоогийн шатан дээр засаглалын чанарыг сайжруулах ёстой байна. Гол нь төр хийх ёстой зүйлээ хийхгүй байгаад оршино. Хууль журмаа сахих, гэрээний биелэлтийг чангатгах, хувийн өмчийн хамгаалалт чанга байх ёстой гэж доктор Ч.Хашчулуун үзэж байлаа.
Нийгэмд байгаа институци ажиллахгүй, түүнийх нь оронд огт өөр харилцаа ажиллаад эхэлж буйн тод жишээ нь Нутгийн зөвлөл юм гэж хэлэлцүүлгийг удирдсан ННФ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан хэлж байна. УИХ дээр парламентын гишүүд төсвөөс 250 сая төгрөг хувааж аваад тараахаар ярьж байгаа нь Монголд институци байхгүйг харуулж байна гэж тэрбээр ярьлаа. Тийм болохоор дараа жилийн судалгааг Эдийн засгийн эрх чөлөөний тойм: Төсөв гэсэн сэдвээр, эсвэл Монголын өрсөлдөх чадвараар хийх санал явж байгаа, та бүхэн саналаа өгнө үү хэмээн тэрбээр хэлэлцүүлгийн төгсгөлд хэлж байлаа. Түүний хэлснээр бага хэмжээний төр, их хэмжээний бизнесийн эрх чөлөөтэй байхын төлөө эдийн засгийн эрх чөлөөний тайлан судалгааг тогтмол хийх аж.
ННФ-ын менежер Б.Мөнхсоёлын хэлнээр эдийн засгийн эрх чөлөөг хэмждэг хоёр том байгууллага дэлхийд байдаг. Нэг нь “Хэритэйж фаундейшн”, нөгөө нь Фрейзер институт юм. Фрейзер институт төрийн бодлого болон институцийн тогтолцоо нь аливаа улсад эдийн засгийн өсөлт хөгжилтийг хэрхэн дэмжиж байгааг тогтоохдоо төр засгийн хэмжээ, хууль эрхзүйн бүтэц, олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө, эрүүл мөнгө хүртэх боломж, зээлийн хөдөлмөрийн бизнесийн зохицуулалт гэсэн таван үндсэн асуудлаар хэмждэг. Монгол Улс “Хэритэйж фаундейшн”-ий тайланд анхнаас нь хамрагдаад ирсэн. Фрейзер институтээс гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөний дэлхий дахины тайлан”-д 2006 оноос хамрагдаад эхэлжээ. Эдийн засгийн эрх чөлөө гэдэгт нэгд, хувь хүний сонголт хийх эрх чөлөө, хоёрт, хувь хүний солилцоо буюу арилжаанд оролцох эрх чөлөө, гуравт, хүмүүс хоорондоо өрсөлдөх эрх чөлөө, дөрөвт, хувь хүмүүсийн болон байгууллагын өмчийн халдашгүй эрх гэсэн тулгуур дөрвөн ойлголтыг багтаадаг байна.
2006 онд Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр судалгаанд хамрагдсан дэлхийн 130 улсаас 74 дүгээр байрт жагсчээ. Үүнээс төр засгийн хэмжээ, зээлийн болон хөдөлмөрийн бизнесийн зохицуулалтаар 47, 49-р байр, олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө болон эрүүл мөнгө хүртэх боломжоор 53, 56-р байр эзэлсэн байна. Бусад оронтой харьцуулбал эдгээр асуудлаар арай гайгүй байр эзэлсэн байна. Харин хууль эрхзүйн бүтэц буюу институцийн асуудлаар бараг хамгийн сүүлд шахуу, 130 орноос 123-р байрт оржээ.
1980-2002 онд хийсэн судалгаануудаас харахад эдийн засгийн эрх чөлөө сайтай улс оронд эдийн засгийн өсөлт өндөр байна. 1993-2002 оны эдийн засгийн өсөлтийн дундаж хэмжээг авч үзвэл эрх чөлөө өндөртэй орнуудад өсөлт нь 2.4 хувь байсан бол доогуур орнуудад -0.5 хувь байгаа аж. Эдийн засгийн эрх чөлөөтэй орнууд гадаадын хөрөнгө оруулалтаар доогуур орнуудаасаа 45 дахин их байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын бүтээмжид нөлөөлдөг. Эдийн засгийн эрх чөлөө дээгүүр орнуудын хөрөнгө оруулалтын бүтээмж нь доогуур байсан орнуудаас 70 хувиар их байгаа бөгөөд хүн амын дундаж наслалт, эх нялхсын эндэгдэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг хүний сайн сайхан байдлын үзүүлэлтүүд нь эдийн засгийн эрх чөлөөнд эерэг үр дүн авчирдаг гэсэн тооцоо гарчээ.
Эдийн засгийн эрх чөлөө ядуурлыг бууруулдаг. Эдийн засгийн эрх чөлөө доогуур орнуудын ядуусын орлого 2002 онд дунджаар 823 доллар байсан бол эрх чөлөө өндөр орнуудад хүн амын хамгийн ядуу 10 хувь нь дунджаар 6877 долларын орлоготой байсан байна. Орлогын илүү тэгш хуваарилалт хийгддэг. Эдийн засгийн эрх чөлөө өндөр орнуудад хүн амын хамгийн ядуу 10 хувийн орлогын нийт орлогод эзлэх хувь эрх чөлөө доогуур орнуудынхаас 20 хувиар өндөр байгаа ажээ.

No comments:

Post a Comment