Friday 19 December 2008

Хятадын ар шилэн дээр суугаа тахиа

Проф Олхонуд Баярхүү
“Уг нь Монгол бол тоомсорлон үзэхгүй байж болох орон. Гэвч ердөө 80 жилийн өмнө Хятад нутаг дэвсгэрийн хэсэг байсан газраа бүрмөсөн орхих гэж үү. Бид зохистой шийдвэр гаргаж чадах юм бол Монголыг Хонконг, Макао шиг эх орондоо нэгтгэж болох юм” гэж БНХАУ-ын цэргийн нэгэн сэтгүүл 2003 оны хаврын дугаартаа бичиж, тэр үед манай төвийн нэг сонинд үгчлэн орчуулснаас эшлэе. “Хятад бол дэлхийн хоёрдахь том орон бөгөөд 11 сая 418.174 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хэмжээгээрээ зөвхөн Оросын дараа орох ба дэлхийн хуурай газрын дөрөвний нэг, манай гаригийн гадаргын 12-ны нэгийг Хятад эзэлнэ. Хятад хил хойшоо Амар, Уссури мөрөн, Памирын уулс, Тагна Тувагийн Саяны нуруу, өмнөшөө Спратлийн арлуудаар хүрээлнэ” гэж Тайванийн жил тутмын номд бас бичжээ. “Монголын одоогийн гол онцлог нь туйлын ядуу, буурай. Хятад, Орос хоёрын хүрээлэлд байдаг, үндсэндээ олон улсын орхигдсон хүүхэд гэж хэлж болно. Энэ л бидний ашиглаж болох боломж” хэмээн дээрх цэргийн сэтгүүлд бичсэн нь өнөөгийн Монгол ба монголчуудыг яс маханд ортол тодорхойлсон хэрэг байв. Хятадын жирийн иргэд ингээд ойлгочихвол боллоо гэсэн шиг. Энэ дэвсгэр дээрээс бидэнтэй харилцах болж байна уу?
Энд өмнөд хөршөө буруушаахгүйгээр өөрсөд дээрээ шүүмжлэлтэй авч яримаар санагдав. Гарчигт өгүүлсэн егөөдөл үгийг Монголын ахуйтай холбоод тайлбарлавал нэн хөгийн хөөрхийлөлтэй дүр зураг бидэнд дээр буухаар байна. Хятадуудын хувьд “Дотоод” (Нэй Мэн) ба “Гадаад” (Вай Мэн) гэсэн хоёр л “Монгол” бий (Үүнийг бид “Ар” ба “Өвөр” хэмээн чихнээ чимэгтэй буулгадаг) “Гадаад Монгол” гэгч нь “Хятадын ар шилэн дээр суугаа тахиа”-ны хэлбэр бүхий 1.5 сая хавтгай дөрвөлжин км асар уудам нутаг, гэтэл ердөө 2.5 сая хүн ам, харьцуулбал Бээжин хотын захын нэгэн дүүрэг, эсвэл Хөх-Хот тэр чигтээ. Энэхүү тоон үзүүлэлт хятад хүн бүрийн аазгайг хөдөлгөж, зэвүүг хүргэж явдаг гэвэл арай ч хэтэрнэ. Гэхдээ “ядуу хэрнээ пээдгэр монголчууд”-тай Бээжингээс төрийн төв бодлогын хэмжээнд харилцах уу, Эрээнээр үзмэр болгож харилцах уу гэж жирийн хятад наймаачид сэтгэхийг хэн хорих вэ?
Тухайлбал нөгөө цэргийн сэтгүүлд: “Ихээхэн хөрөнгө оруулж Өвөр Монголыг сайжруулж, Өвөр Монгол-Гадаад Монголын амьдралын төвшинг эрс ялгаатай болгож, ингэснээр Өвөр Монгол нь Гадаад Монголыг татагч асар том хүчин болж...” хэмээн зааварчилгаа өгч, ингэсний үр дүнд Гадаад Монголын иргэд нь өвөрмонголчууд шиг амьдрахыг хүсэх явдлыг бий болгож гэхчлэн мөрүүд дурайж байна. Сэтгүүлд бичсэн мөрүүд дурайж байх бус амьдрал дээр өдөр бүр шахуу нотлогдож байгаад асуудлын гол оршиж байна л даа.
Ерөөсөө л Хятадыг түшихээс өөр зам Монголд байхгүй, эцсийн бүлэгт аль болохоор Өвөр Монгол, Ар Монголыг аль алиныг нь Хятадад ойртуулах хэрэгтэй гэсэн философи энд явж байна уу гэмээр. Монголчууд Хятадад нэвтрэхдээ визгүй, харин хятадууд наашаа визтэй орж гардаг харилцан адилгүй журам чухам энэ философиос үүдэлтэй.
1984 оны намар тэр үеийн ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан гэнэт Эрээнд ирж, орон нутгийн ажилтай танилцаад “Өмнө этгээдэд Шэньжэнь бий, умард этгээдэд Эрээн бий шүү” хэмээх алдарт үгсээ цууриатуулжээ. Шэньжэнь гэдэг нь Хонконгийн наад эрэг дээрх гацаа байснаа эдүгээ цэцэглэн хөгжөөд бараг дутахаа байсан том хот болжээ. Эрээнийг яг тийм болгоод 1984 оны нүдээр бол Гадаад Монгол, Зөвлөлт, Дорнод Европынхны үзмэр болго гэсэн Төв Хорооны чиглэлийг Ху Яобан өгчихөөд явсан нь тэр байв.
Тэр үеийн Эрээн нь уртаашаа 10 гаруй мянган хүнтэй, ганцхан буудалтай, нэг өндөр хоршоотой, км хүрэхгүй нэг өргөн чөлөөтэй, хүмүүс нь давсны үйлдвэр, төмөр замд ажилладаг, бараг балгас болох шахсан тосгон байж билээ. “Гадаад Монгол”-оос хааяа нэг очих албаны хүмүүсийг эвэртэй туулай үзсэн мэт дагаж хуйлардаг (“Сэрэлт” киноны орос эмчийг нутгийнхан хэрхэн хүлээн авдаг тэр дүр зураг) байж билээ. Гэтэл Эрээнийг ямар болгочихоод байгааг харьцуулъя гэхэд эрүүл ухааны хэмжүүр лав хүрэхгүй. Гэхдээ хятадууд өөрсдөө биш, гол нь монголчуудын нөгөөх татагдах туйлшрал савлагаа тэр жижиг гацааг орчин үеийн хот болгожээ. Яг одоо статистикийн тоо гар дээр алга, гэхдээ хар ухаанаар төсөөлөөд үзэхэд, монголчууд жилдээ хэчнээн сая юанийн хөрөнгө оруулалт (бэл мөнгө) Эрээн рүү аваачиж хийчэхээд оронд нь юу зөөж авчраад байгаа билээ. Энэ их мөнгөн дүнг юань, доллар, төгрөг гурваар гаргаад ирвэл нүд бүлтрэх нь юу вэ, гэхдээ сэтгэл хирдхийхгүй гэж үү. Цаашлаад Эрээнд ар монголчуудад зориулсан эмнэлэг, монгол сурагчдад зориулсан дунд, дээд сургууль байгуулаад ёстой нөгөөх “Гадаад Монголын иргэд нь өвөрмонголчууд шиг амьдрахыг хүсэх” хүслийг бадрааж татан дагуулах нь мөд хийгдэх ажил. Олон улсын нисэх буудал, орчин үеийн таван одтой зочид буудал, үлэг гүрвэлийн аварга том музей гэхчлэн өнөө маргаашгүй тэнд сүндэрлэх байгууламжийг азная.
Уг нь Эрээнийг зөвхөн наймааны болхидуу хот байх ахуйд Хөх-Хот бидний монголчуудыг даллан дуудаж хайр энэрэлээ үзүүлж байв. Тэнд очиж өвчнөөсөө салсан буюу хорвоог орхисон монголчуудын тоо, тэдний зардлын (Өвөр Монгол руу оруулсан бэл мөнгө) тооцоо гэж энд биш гэхэд лав тэнд нь бий байх. Парламент Сонгуулийн хуулийг 10 жилийн савлагаа туйлшралын үр дүн нь ар монголчууд үйлдвэрлэлээ бүрэн зогсоож, Эрээн цэцэглэн хөгжиж, монголчуудын талаас илүү нь зөвхөн наймаагаар хоолоо олж иддэг нийгмийн шинэ үзэгдэл төлөвшжээ. Эрээнгүйгээр аж төрлөө залгуулж буй, Эрээнтэй шууд биш гэхэд дам холбоогүй айл өрх гэж Монголд үлдсэн үү. Чанаргүйг нь дуудан хэрэглэсээр нэгэнтээ дасал болсон Эрээний барааг эндээ хоёроос доошгүй дахин өсгөөд өгөхөөр дэлхийн жишгийг бараг давж байна даа.
Үнэхээр ахуй анхдагч ухамсар хоёрдогч гэдэг нь хууль үйлчилж байна. “Эх оронч” байхын тулд эхлээд амаар нэг юм орж, бөгсөөр нэг юм гарч байх ёстой гэсэн Мао даргын сургаалиар энэ эрэгцүүллээ төгсгөе.

No comments:

Post a Comment