Monday 29 December 2008

Үнэгүй мөнгө

Бусад улс оронд мөнгө бутархай руугаа задардаг байхад манай улсад задрах нь байтугай улам бүхэлжээд байх юм. Энэ нь манай улс эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн баян цатгалангийн баталгаа юу? Эсвэл баян харагдаж ядуу амьдардгийн илрэл үү?

Социалист нийгмийн үед 10 мөнгө, 20 , 50 мөнгө гээд л нэг төгрөг маань 100 бутархай мөнгөнд хуваагддаг байсан. Ардчиллын хонх дуугарахтай зэрэгцээд бутархай мөнгө хэрэглэхгүй болсон нь нэг талаас олон жижиг мөнгө авч явахгүй амар мэт боловч нөгөө талаас томоохон компаниудын халаас руу үлдэгдэл мөнгө цуварсаар. Өнөөдөр аль ч дэлгүүрээс юм аваад нийт дүн 2, 3 , 4 ч гэх юмуу задгайгаар төгссөн бол дараагийн аравт руу шилжиж, энэ дундаас 1-9 төгрөгний ашиг тухайн дэлгүүрт автоматаар ордог. Дэлгүүрээр үйлчлүүлэх мянга мянган үйлчлүүлэгчдийн энэ мэт бутархай мөнгөний үлдэгдэл багагүй “юм” болдог нь эргэлзээгүй ээ. Энэ нь манай улсад бутархай мөнгө байдаггүйтэй холбоотой гарах сөрөг үр дагаврын хамгийн энгийн жишээ. За энэ ч яахав , бутархай мөнгө гэж бодож байна уу? Тэгвэл бас тийм биш юм байна. Хариултандаа бутархай мөнгөө авч чадахгүй байна гэдэг бол инфляци маш өндөр байгаагийн баталгаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэд инфляци дагаад бага мөнгөн тэмдэгтийн хэрэглээ багасдаг гэсэн юм. Яагаад гэж үү? Учир нь танд нэг сая төгрөг байлаа гэж бодоход мөнгөө аль болох бүхэлжүүлэхийг хичээнэ. Хэн ч энэ мөнгөө дан аравт болгохыг хүсэхгүй шүү дээ. Үүнээс нөгөө арван төгрөг маань хэнд ч хэрэггүй үнэгүй болж байгаа юм. Энэ мөнгөний үнэгүйдлийг л инфляци гэж нэрлэдэг.

Ямар ч нийгмийн үед инфляци байж л байдаг. Байх ёстой хэвийн хэмжээ нь гэхдээ нэг оронтой тоо буюу 1-9 хооронд. Гэвч манай улсын инфляци нэг оронтой тоог аль хэдийн даваад одоо бүр 36 хувьд хүрчихсэн байгаа. Инфляци ингэж өсөх нь мөнгийг үнэгүйдүүлэхээс гадна нийгмийг бухимдуулаад байгаа бараа таваарын үнийн хөөрөгдлийг бий болгоно. “арван мянган төгрөгөөр юу ч авахаа байж ээ!” гэх яриа хаа сайгүй л “хөглөрч” байгаа нь ард иргэдэд хэрхэн тусч буй нь хэнд ч ойлгогдоно. Мөнгө улам бүхэлжээд , хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө ихсээд ирэхээр бараа бүтээгдэхүүний хомсдолд орж тэр хэрээр панзчид өөрийн дураар үнээ хэлж хөөрөгдөл эхэлдэг. 2006 оны эцсээр 6 % байсан инфляци юунаас болоод хэт их өсчихөв? Үүнд хэд хэдэн нөхцөл шалтгаан нөлөөлжээ.

· Сонгуулийн үеэр бэлэн мөнгө ард иргэдийн гар дээр хэт их тарааснаас зах зээл дэхь мөнгөний илүүдэл үнэгүйдлийг үүсгэсэн.

· Төрийн албан хаагчдын цалинг эхлээд 30, дараа нь 20 гэх мэтчилэн хэдхэн сарын дотор 60 хүртэлх хувиар нэмсэн нь эргэлтэн дэхь мөнгийг нэмэгдүүлж үнэгүйдэх шалтгаан болсон. Энэ талаар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Рожер Кронэнберг:

“Монгол улсын засгийн газрын зарлагын хамгийн их нэмэгдсэн хэсэг нь цалин хөлс. Үүнийг богино хугацаанд 60-70 хүртэл хувиар өсгөсөн нь үнийн өсөлтийг хөөргөдөөд байгаа юм. Нэг удаад ийм их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулбал инфляцийг тогтоож барихад хүндрэлтэй ” гэж дүгнэсэн юм. Мөн

· УИХ-ын сонгуулийн үеэр намууд хоорондоо ард иргэдэд өгөх сая, сая таван зуун мянган төгрөгөөр өрсөлдсөн нь сөрөг нөлөө үзүүлж хүлээлтийг бий болгосноос үүдэлтэй барааны өсөлт ч бий болсон.

Сургаар таваарын үнэ өсч байгаа юм чинь мөнгөө тараачихвал 36 байгаа инфляци маань магадгүй бүр 40 ч шүргэж болох талтай. Манайд мөнгөний бодлогыг Төв банк, эдийн засгийн бодлогыг сангийн яам зохицуулж байдаг. Энэ хоёр байгууллага ижил түвшинд үйл ажиллагаа явуулдаг, бие биенийгээ нөхөж чаддаггүй, уялдаа холбоотой ажилладаггүйгээс манай инфляци өсөх бас нэг нөхцөл болдог байна. Энэ талаар сангийн сайд асан, улсын их хурлын гишүүн Ч.Улаан “Ирэх онд инфляцийг 12 % хүртэл бууруулна гэсэн. Үүний тулд хөрөнгө оруулалтыг багасгах хэрэгтэй. Мөн урсгал зардлыг бууруулж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байх шаардлага гарч байна. үүний дараа хяналттай оновчтой бодлогыг бүх шатанд явуулах учиртай. Ингэж байж л инфляцийг бууруулна. Монгол банк мөнгөний хатуу бодлого явуулж зээл олголтыг багасгаж байгаа ч төсвийн бодлого үүнтэйгээ уялдахгүй байна. Монгол банк хориод байхад төсвөөс зээл өгдөг. Зээлээр бий болдог эрэлтийг төсвийн хөрөнгөөр бий болгоод байгаа юм. ” гэж хэлсэн нь сангийн яам, төв банк хоёрын тус тусдаа үйл ажиллагаа явуулдагийн уялдаа холбоогүй ажиллагаа, сул талыг тодхон харуулж байгаа юм. Азийн таван барын нэг Японы төв банк сангийн яамдаа харьяалагдсанаар улс орныхоо эдийн засгийг цогц аргаар шийдэж хүчирхэг болгодог байна. Үүнээс нь бид үлгэр авч тус хоёр байгууллагаа нэгтгэчихвэл манай улсын эдийн засгийн байдал арай дээрдэж, цогц уялдаатай бодлого явуулах нөхцөл бүрдэнэ. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн тоо болон цалин хөлсийг дахин нэмэхээс зайлсхийж, ач холбогдол багатай хөрөнгө оруулалтыг багасгаж, мөнгөний хатуу бодлого баримтлах замаар өнөө үед үүсээд буй мөнгөний үнэгүйдлийг бууруулж болох юм. Бид инфляцаа бага болголоо гээд бутархай мөнгө хэрэглэх хүртлээ бууруулдаггүй юм аа гэхэд ядаж нэг оронтой тоо хүртэл нь буулгаад тогтвортой барьчихвал ард иргэдийн нуруун дээр тохсон хүнд ачаа бага ч болов дундрах л байх даа!

http://goonaran.blog.banjig.net/post.php?post_id=93829

No comments:

Post a Comment