Friday 26 December 2008

Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл

Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2008 оны 10 дугаар сарын эцэст 2357.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 167.3 тэрбум төгрөгөөр буюу 6.6 хувиар буурсан боловч тэрбум төгрөгөөр буюу 4.1 хувиар өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2008 оны 10 дугаар сарын эцэст 329.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 31.7 тэрбум төгрөгөөр буюу 8.8 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс 6.2 тэрбум төгрөгөөр буюу 1.9 хувиар нэмэгдлээ...
Иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж өмнөх сарынхаас 39.6 тэрбум төгрөгөөр буюу 3.6 хувь буурч 1072.4 тэрбум төгрөгт хүрэв. Гадаад валютын хадгаламж 396.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 55.3 тэрбум төгрөгөөр буюу 12.2 хувиар буурсан боловч өмнөх оны мөн үеийнхээс 33.7 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар илүү байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 39.5 хувиар өсч, 2691.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 38.4 хувиар өссөн бол хувийн байгууллагынх 41.6 хувь, бусад байгууллагынх 2.4 дахин, санхүүгийн бусад байгууллагынх 2.1 дахин өсч, улсын байгууллагынх 9.8 хувиар буурчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 8.5 тэрбум төгрөгөөр буюу 16.9 хувь, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 25.3 хувь өсөв.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 83.3 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.1 хувийг эзэлж байна. Төгрөгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2008 оны 10 дугаар сарын эцэст 1144.37 төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувь, өмнөх сарынхаас 0.2 хувь, төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1511.77 төгрөгт
хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.9 хувь, өмнөх сарынхаас 8.0 хувь тус тус чангарав. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 167.34 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.2 хувь суларсан бол өмнөх сарынхаас 0.1 хувь чангарсан байна. Хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаа 2008 оны 10 дугаар сард нийт 23 удаа явагдаж, 4.7 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 1.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоо 2008 оны 9 дүгээр сартай харьцуулбал 1.1 дахин, гүйлгээний хэмжээ нь 64.3 хувиар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 93.4 буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 1.8 дахин буурч, гүйлгээний хэмжээ 95.0 хувь багасчээ.
ТОП-20 дундаж индекс 2008 оны 10 дугаар сард 7660.7 болж, өмнөх сарынхаас 732.9 нэгжээр буурав. Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2008 оны 10 дугаар сард 576.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 109.4 тэрбум төгрөгөөр буюу 15.9 хувь буурсан байна.

No comments:

Post a Comment