Friday 19 December 2008

2008-3-25 suns

Өглөө босоод иртэл хөл гар хүндүүртэй. Зүүн хөлний шилбэ, баруун гарны шуу нил хүндүүр. Булчин нь зангирсан юм болов уу гэтэл үгүй ээ. Харин ч булчин нь байгаа үгүй нь мэдэгдэхээ больж, зөөлөн мах л болсон байна. “Юу вэ энэ чинь? ... Шөнийн зүүд үү? эсвэл би булчин задрах тахал энэ тэрийг нь тусчихав уу? ” Үгүй ээ, булчин задрах тахал гэдэг чинь толгой өвдөж, сүрхий халуурч бөөлждөг гэсэн. Тэгэхээр миний хөл гар.... ? Өчигдөр хүнд юм өргөлүү? Үгүй ээ, юу ч өргөөгүй. Өргөлөө ч гэсэн нэг гар, нэг хөл хүндүүр орно гэж баймааргүй юм?

Ийм юм бодосхийн орноосоо өндийвөл гэнэт зүрх палхийв. Орны минь урд нэг жаахан хүү сууж байлаа. Хамаг бие хүйт оргиод нүдээ аниад хөнжилдөө шургаж, хэсэг хэвтэв. Арайхийн хөнжлөөсөө цухуйвал тэр алга болчихож. Үүр цайж байгаа болохоор өрөө харанхуй шахуу, энд тэнд эрвийж сэрвийсэн зүйлс нэг л аймаар харагдана.

Чөтгөр гэж, нээрээ тийм шүү дээ. Нэг эмгэн зүүдэнд ороод байсан. Шөнөжингөө нэг хүнтэй зодолдоод байсан нь тэр эмгэн болж таарлаа. Тэгээд л хөл, гар хүндүүрлэчихэж. Тэгсэн мөртлөө ямар ч шарх сорви байхгүй, хөхөрсөн гэмтсэн зүйл байхгүй. Хөлний булчин ачаалал авч чадахгүй, сүрхий хөндүүрлэн өвдөнө.

Ахиад л... Намайг яагаад тайван орхихгүй байгаа юм бол оо? Энэ жаахан хүү яагаад намайг дагаад байгаа юм бол? Ах, та биш биз дээ?

Ер нь ч надад ах гэж байхгүй... Гэтэл би яагаад нэг ах байх ёстой юм шиг санаад, бий болгоод байгаа юм бол? Намайг төрөхөөс жилийн өмнө ээж миний дээр байсан нэг хүүхдийг алдсан л даа. Тэр нь хүү байсан гэсэн. Гэтэл би нэг жилийн дараа төрсөн мөртлөө “Би ахтай хүн” гэж сэтгэл өег боддог. Энэ бодол уу?!

Намайг 3 настай байхад, дүү төрөөд 4 сар болж байхад шөнө дөлөөр ээжийг нэг хүн чангаасан гэдэг. Би аавтайгаа, ээж нялх дүүг маань тэврээд унтдаг байсан гэсэн. Тэгээд эргээд хартал харанхуй дунд нэг жаал хүүгийн дүрс цайран харагдсанаа цаашилж, харанхуйд уусан, улам жижгэрсээр алга болсон гэсэн. Ээж тэр шөнө их айж, жаахан хүүгийн сүнс ирлээ гэж аавыг сэрээсэн. Энэ түүхийг сонсоод нх би их гайхаж байсан. Намайг нэг эрэгтэй хүүхдийн сүнс дагаад байх шиг санагддаг байсын. Тэгээд би хар багаасаа л ахтай хүн гэж боддог байлаа. Тэгээд ээжийг ийм түүх ярихад нээрээ надад ах байхгүй юм байна шдээ, гэдгийг олж хараад их гуниглаж билээ. Жаахан ч байж дээ.

Харин шөнийн зүүд ямар учиртай юм бол? Нэг эмгэн намайг гэж олон хүний дундаас зүтгэн гарч ирээд нэг зүйл яриад л байсан. Чихэнд нэг юм шивнээд, өөдөөс нухацтай нь аргагүй хараад л... Тэгээд яагаад байсныг нь сайн санахгүй байна, би ямар ч байсан эсэргүүцээд, сүүлдээ зодолдоод байсан. Тэр эмгэн жижигхэн юм байж их хүчтэй, бас их түргэн хөдөлгөөнтэй байсан санагджийна. Юун дээр маргалдсан билээ дээ? ... Ер санахгүй байна.

Хүүе, өчигдөр нээрээ хуучин байраараа орсон юм байна шд. Тэнд манайх 12 жил амьдарсан. Намайг 10 төгссөн жил нүүсэн. Би нүүх болсонд нь ямар их баярлаж байсан гээч. Тэнд муу энерги, айдас байгааг үргэлж мэдэрдэг байсан юм чинь арга ч үгүй биз. Харин нүүгээд 4 жил болсон болохоор ахиад тэр байранд орж үзмээр санагдаад, өчигдөр гудамжаар алхаж явахдаа өөрийн мэдэлгүй тийшээ зүглэчихсэн байсан. Эргэн тойрных нь мод, чулуу, байшин, траншейны нүх хүртэл хүүхэд насны дурсамж өгүүлэн угтаж авлаа. Багын найзууд, хүүхдийн цовоо цолгин инээд, ээж аавын орой ажлаа тараад ирдэг байсан зам, миний сургууль руугаа явдаг байсан зам, найзын маань санаандгүй хугалж орхисон мод өндрөөшөө биш өргөөшөө ургасан байгаа... энэ тэр гээд бүгд л сайхан. Миний хүүхэд нас энд өнгөрсөн... Тэгээд байр луугаа явж ортол бие хүйт даагаад явчихав. Урд нь олон өдөр, олон шөнө энэ л орцонд найзуудтайгаа бөмбөгөөр тоглож, болсон явдал ярьж, хааяа бас найз бандитайгаа уулздаг байсан... Гэтэл цагаан эрээн плитан дээр бүдэг шар гэрэл тусч, хуучин жижүүр суудаг байсан өрөө харанхуй эзгүйрсэн ч байх шиг. 10-аадхан хоног хөдөө явж ирчихээд гэртээ ороход ямар гоё санагддаг байлаа? Гэтэл одоо нэг л хүйтэн, энд тэнд сүүмийсэн хар юм гүйгээд ч байх шиг. Үнэндээ тэнд надаас өөр хүн байхгүй байсан л даа. Гэхдээ би маш олуулаа зогсож байгаа юм шиг санагдсан. Өөрийгөө хүчлэн байж хоёр давхарт гарлаа. Хөршийн хаалгыг онгойлгоод дотор нь ортол манай хаалга өөдөөс угтав. Сэтгэлд тун ч дотно дүр зураг... Баяр төрж, түүн рүү ойрттол намайг өөрөөсөө хүчтэй түлхэж буй нь мэдрэгдэв. Намайг бүр яваач гэж хөөж байх шиг. Гэрэлтэй харанхуйд ганцаардсан би айдас, харуусалд автан гарч одлоо. Эргээд хартал байшин ганцаараа нүүгэлтэн дүнсийж, цонх бүр нь хөдөлж байх шиг. Чөтгөр гэж, миний биенд юу наалдсан бол оо? Бие арзайж байна.

Ингэж айснаас болоод шөнө тийм юм зүүдэлсийн бол уу?

Өө нээрээ, би найздаа христчин болно гэж амласан. Би өөрөө ч их сонирхож, итгэхээр шийдээд байгаа. Гэтэл намайг хамгаалаад явдаг өнөө жаал хүү нэг л хориглоод байхын. Яадаг ч юм билээ. Өчигдөр унтахаар орондоо ортол хэн нэгэн хүн намайг дуудаад, залбир гэж хэлсэн. Би 3-р ангид байхдаа л урд нь ингэж орой бүр залбирдаг байсан даа. “Бурхан минь, миний хайртай хүмүүсийг аз жаргалтай байлгаж өгөөч. Би бас хайртай хүмүүстэйгээ, аав ээж, найз залуутайгаа элэг бүтэн энх тунх амьдармаар байна. Саад бүхнийг арилгаж өгөөч. Би урьдын адил хүн бүхэнд сайн сайхныг хүсч амьдарна. Миний бие, сэтгэл ариун... Миний сэтгэл ариун.” Залбирлаа дуусгахтай зэрэгцэн нүд ч анилдаж, нойрондоо автсан. Өчигдрийн нэг онцлог гэвэл би: “Бурхан минь, ертөнцийн эзэн минь та хоёр нэг биз дээ? Би аль алинд нь залбирч байна” гэж эхэлсэн. 11 жилийн дараа анх удаа бурханд залбирав. Хувилгаан хувраг хүний удам шүү дээ, би. Болохгүй ч юм хийж байна уу? Тэр эмгэн удмын сүнс ч юм билүү? Удган ч юм билүү?

Аюултай зүйлээс зугтаалгаж, муу энергээс түлхэж, сайн руу нь татаж байдаг миний ахын сүнс ч гэсэн өнөө өглөө надад уурласан байсан. Би ахаасаа ер айдаггүй шдээ. Гэтэл өнөөдөр яагаад палхийтэл цочиж, их айдаст автав?

Би хуучин байрныхаа сүнснүүдтэй зодолдов уу? Эсвэл тэр хэн байсан юм бол?

Цаг 09:26. Ядаж байхад миний хайр яагаад залгахгүй байна аа? Санаж байх чинь...

Намайг хорин нэгэн жил дагаж яваа ахын маань сүнс миний амьдралыг муу замаас зайлуулж тусалдаг. Муу зүйлийг зөгнөн мэдэрч, намайг аль болох хол байлгадаг юм шиг санагддийн. Бас түүний л хүчээр миний бодсон бодол, хүсэл тэмүүлэл биеллээ олдог юм шиг. Сайн сүнс намайг насан туршид минь дагаж явна.

Сонин содон зүйл, элдвийн энерги мэдэрч байгаа маань түүний л тусламжтайгаар. Гэтэл би одоо сүнс харахаас, эсвэл мэдрэхээс айж байна. Би энгийн л нэгэн охин баймаар байна. Хэн ч намайг мэдрэхгүй, би ч бусдыг мэдрэхгүй...

Нэг зүйлийн ховсонд орох гээд байх шиг. Намайг хамгаалсан, над руу дайрсан хоёр тэмцэлдээд байна. Эмгэн надад юу хэлээд байсан бэ?

Сатан... Христчин хүнийг сатан хорлох гэж байна гэж ойлгохсон. Гэтэл ах, та яагаад байна аа?

No comments:

Post a Comment