Friday 19 December 2008

Өрсөлдөх чадвар ба шударга бус өрсөлдөөн

Өрсөлдөх чадвар ба шударга бус өрсөлдөөн
Г. Өлзийсайхан
Монгол Улс шударга бус өрсөлдөөн буюу монополийн эсрэг бодлогын хэрэгжилтээр 117 орноос хойноосоо долдугаар байранд оржээ. Манай 104 бизнесменд тавьсан “Шударга бус өрсөлдөөний эсрэг бодлого танай улсад хэрхэн үйлчилж байна вэ?” гэсэн асуултад хариулсан дүн нь энэ байранд аваачсан байна.
Судалгаагаар 33 хувь нь “зарим талаар сул” гэсэн бол 17 хувь нь “сул, өрсөлдөөнийг дэмжихэд ашиггүй” гэжээ. Харамсалтай нь шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмждэг гэсэн сайн хариултыг нэг ч компанийн удирдлага хэлээгүй байна. Энэ бол Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын тайланд туссан зөвхөн нэг асуултын хариулт.
“Макро эдийн засаг, технологи, төрийн байгууллага гэсэн үндсэн болон бусад олон үзүүлэлтийн дотроос зөвхөн нэг нь энэ юм. Цаашид жил болгон Монгол Улс уг тайланд ороод л явна. Одоогийн байрнаас урагшлах, хойшлох нь бизнесменүүдийн төрийн байгууллагатайгаа хэрхэн хамтран ажиллахаас мөн хамаарна” гэж ННФ-ын менежер Б.Мөнхсоёл Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг дээр тайлбарлахдаа ийнхүү хэлж байлаа.
Яагаад Монгол Улс дахь шударга бус өрсөлдөөний эсрэг бодлого хангалтгүй байна вэ? Аливаа баялаг нь тухайн эдийн засагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын бүтээмжээр тогтоогддог ба тухайн орны компаниуд хэр бүтээмжтэй байгаа нь үндэснийхээ өрсөлдөх чадварт нөлөөлдөг гэсэн онол байдаг аж. Тэгэхээр бизнесменүүдийн дүгнэлт, өнөөдрийн бодит байдал хоёр хэрхэн нийцтэй байна, шударга бус өрсөлдөөнд ямар ч зохицуулалт байхгүй байна уу гээд олон асуулт хөвөрч мэдэх нь.
Хууль эрх зүйн орчин буюу Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль 13 жилийн өмнө батлагдан гарч, 2000 онд уг хуульд нэмэлт өөрчлөлтийг хийжээ. Харин хуулиа хэрэгжүүлэх байгууллага нь нэлээн хожим, дөнгөж жил хагасын өмнө байгуулагдсан байх юм. Тийм учраас энэ сэдэв нь манайд шинэ асуудал болон тавигдаж байгаа нь гарцаагүй.
Нээлттэй Нийгэм Форум, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын /ШБӨХЗГ/ хамтран зохион байгуулсан “Шударга өрсөлдөөнийг дэмжих замаар бизнесийн орчинг сайжруулж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт нээлттэй ярилцлагын үеэр ШБӨХЗГ-ын дэд дарга Хүрэнбаатарын ярьснаар өрсөлдөөнийг хөгжүүлж буй улс орнууд өрсөлдөөний хуулийг эдийн засгийн “үндсэн хууль” гэж үзэж, төсөв мөнгө болон бусад салбарын бодлоготой ижил хэмжээнд авч үздэг гэнэ. Ийм учраас өрсөлдөөний талаар баримтлах бодлого хэрэгтэйг өнөөгийн амьдрал шаардаж буй талаар онцолсон юм. Ингэснээр бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгардаг олон янзын хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн элдэв төрлийн зохицуулалт болон тусгай зөвшөөрлийг бууруулахад ач холбогдолтой аж. Улмаар шударга өрсөлдөөн нь хэрэглэгчдийн эрх ашгийг бүрэн хамгаалж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлснээр Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшлэх юм байна.
Социализмын дараахь үед буюу төрийн монопольт үйлдвэрүүд оршин тогтнож байх үед гарсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд өнөөдөр эргэн харах олон асуудал байгаа гэнэ. Хэдийгээр шинэ ч гэлээ тус байгууллагын өмнө уг хуулиар зохицуулж болохгүй харилцаанууд ч үүсч байгаа аж. Тийм учраас хуулийг шинэчлэх талаар ярилцаж буй юм байна.
“Адмон” компанийн захирал Р.Энхбат “Доод түвшинд, жижиглэнгийн худалдаа, ахуй үйлчилгээний жижиг цэг, салбарт шударга өрсөлдөөний зарим хэлбэр байгаа. Бизнес томроод ирэхээр өрсөлдөөний орчноос хөөцөлдөөний орчинд орж ирдэг” гэж хэлсэн юм. Түүнчлэн нийгмийн сэтгэл зүй зах зээлийн энэ орчинд бэлтгэгдээгүй, өрсөлдөөний орчинг зөвхөн хууль тогтоомжоор бий болгож чадахгүй гэдгийг ч бас онцоллоо.
Тэрээр ШБӨХЗГ-т гурван удаа тодорхой бизнесийн орчинд “өрсөлдөөн эрүүл саруул явагдаж байна уу” гэсэн утгатай албан бичиг илгээсэн ч хариугаа одоо хүртэл аваагүй гэнэ. Тийм учраас “Иймэрхүү байгууллага чөлөөт өрсөлдөөнд тус биш, саад болж байна, юу хийдэг үүрэгтэйг нь би мэдэхгүй” гэж шүүмжилсэн юм.
ҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Яагаад төр байдаг юм бэ гэвэл та бидний үйл ажиллагааг явуулах аятай нөхцлийг бий болгохын тулд оршдог” гээд “Өрсөлдөөн бизнесийн орчин гэдгийг замын хөдөлгөөнтэй зүйрлэж болно. Замын хөдөлгөөний дүрмийг жийп ч, эксель ч ягштал баримтлах ёстой. Замын цагдаа гэнэтхэн гарч ирээд мөнгө аваад байж болохгүй. Харин өрсөлдөөний механизм буюу тоглоомын дүрэм жаахан замбараагүй болсон үед л замын цагдаа гарч ирж зохицуулах үүрэгтэй. Төрийн үүрэг ч бас адил” гэж тодорхойлсон юм.
Банкны салбарт хөдөө орон нутгийн иргэдэд ямар ч сонголт байхгүй, төр нэг банкаа дэмжээд явчихаар өрсөлдөөн болохгүй байгаа, иймээс Төрийн сангийн асуудлыг эргэн хараач гэж, нефтийн салбарынхан байгаль орчин, галын аюулгүй байдалд анхаарсан хөрөнгө оруулалт хийж, татвараа сайн төлөх тусам өрсөлдөх чадвар буурч байгаа, төр шударга өрсөлдөх орчныг бий болгохгүй бол энэ тухай хэчнээн яриад, ийм байгууллага бий болгоод ч нэмэргүй гэж, худалдааны салбар дээр жижиг нь томыгоо “идэж” байгаа, жижиг нь татвараа төлөхгүй наймаа хийж, том компаниуд нь татвараа шударгаар төлөөд явахаар үнээр өрсөлдөх боломж бүрдэхгүй байна гэж өөр өөрийн зовлон бэрхшээлээ ярилаа.
Харилцаа холбооны салбар ч бас татварын хувьд тэгш бус орчинд байгаа тухай ярьсан юм. Тэргүүлэх томоохон компаниуд нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай гэж орлогын албан татварын хөнгөлөлтийг олон жилээр эдэлж, дараа нь багассан хувиар эдэлдэг гэнэ. Жишээ нь, Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Төмөр замын холбоо НӨТ төлдөггүй учраас үнэ тарифаа бага тогтоож үнээр өрсөлдөх давуу байдал бий болгож байгааг “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн Маркетингийн газрын захирал Б.Тунгалаг хэллээ.
Түүнчлэн шударга бус өрсөлдөөний давамгай байдлыг хэрхэн бодитойгоор тодорхойлох, Тендерийн тухай хууль өрсөлдөх чадварыг хаасан хууль болсон, ШБӨХЗГ нь компаниудын дунд шударга бус өрсөлдөөн явагдаж байна уу гэдгийг хянахаас гадна шударга бусаар өрсөлдөөд байгаа төрийн дүрэм журмыг авч үзэх хэрэгтэй, зөвхөн энэ хуульд биш, Татварын хууль, болон бусад салбарын хуульд өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхтэй холбоотой заалтыг цогц байдлаар оруулах шаардлагатай гэсэн олон саналыг бизнесийнхэн хэлсэн юм. Мөн бусад байгууллагуудтайгаа үйл ажиллагаагаа уялдуулахгүй бол эрх үүргийн давхардал гарах, статусын хувьд биеэ даасан байдлаар ажиллахгүй бол хяналт тавихад хүндрэлтэй нөхцөл үүсч болох талаар тэд зөвлөлөө.
Өрсөлдөөний зохицуулах байгууллагынхан тэдэнд ямар асуудал байгаа талаар сонсч ярилцахаар шийдсэн нь дараа дараагийн ажилдаа нэмэр авах гэсэн үүднээс ажээ. Тухайн салбарт монополь буюу давамгай байдалтай ямар аж ахуйн нэгж байна гэдгийг тогтоож, хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллах юм байна. Мөн монополь байдлаа ашиглаж бусад байгууллагын өрсөлдөх нөхцөл байдалд хуульд заасан харш үйлдэл хийлгэхгүй талаас нь ажилладаг функц байдгийг мэргэжилтнүүд нь ярьж байна.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулиар тус байгууллага нь бүх аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллагад хяналт шалгалтыг хийх эрхтэй. Нэг талаас өөрсдөө санаачилж дүрэм, журам, тогтоол, шийдвэр, стандарт дээр шалгалт хийх, нөгөө талаас бизнесийнхэнд яг ямар асуудал тулгарч байгаа талаар санал, гомдол, хүсэлтийг нь хүлээн авна гэдгийг ярилцлагын үеэр мэдэгдлээ. Ойрын үед ч төрийн байгууллагууд дээр энэ чиглэлээр шалгалт хийх гэнэ.
Өрсөлдөөний байгууллага сайн ажиллаж шударга бус өрсөлдөөнийг багасгаснаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хоёр дахин өссөн жишээ байна. Австралийн өрсөлдөөний байгууллага өрсөлдөөний сайн бодлого хэрэгжүүлсний үр дүнд тус улсын нэг өрхийн жилийн дундаж орлого 7000 гаруй австрали долларт хүрсэн аж. Шинэ Зеланд, Их Британи зэрэг өрсөлдөөний зөв бодлого хэрэгжүүлсэн улсуудын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлснийг практикаас харж болох гэнэ.
Зах зээлд өрсөлдөөн нэмэгдсэнээр үйлдвэрлэгчдийн техник технологи боловсронгуй болох, бүтээмж дээшлэн бүтээгдэхүүний чанар сайжирч хэрэглэгчдэд сонголт бий болох, боломжийн үнээр чанартай бараа үйлчилгээ авах нөхцөл бүрдэх нь тодорхой. Иймээс өрсөлдөөний байгууллагаас төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулж, хуулиа шинэчлэх тухай ярьж эхэлсэн нь эхний алхамаа тодорхойлж байна гэж дүгнэж болох юм.
2006-06-27

No comments:

Post a Comment