Friday 19 December 2008

Дадлагын тайлан 2008-12-19

Дадлагын тайлангийнхаа анхны хувилбарыг хийчихлээ. Хүмүүсээ заавар зөвлөгөө өгөөрэй! Дадлагын тайлан ямар байдгийн? Эндээс хасах, нэмэх санаа байна уу?


Улан-Баторский филиал РЭА имени Г.В.Плеханова


Отчет практики
Место прохождения практики: Министерство Финансов Монголии, Управление объединенной экономической политики


Выполнила: Студентка 4-го курса
Батбаатар Оюунтогс
Проверил: преп. К.э.н., доцент
Богрецов . .


г. Улан-Батор
2008 г.


Агуулга

Агуулга............................................................................1
Оршил..............................................................................2
1. МУ-ын Сангийн Яамны ЭЗНБГ..................................................3
1.1. МУ-ын Сангийн Яам..........................................................3
1.1.1. Түүхэн замнал..............................................................3
1.1.2. Сангийн Яамны бүтэц, зорилт................................................5
1.2. ЭЗНБГ......................................................................6
1.2.1. Үйл ажиллагааны чиглэл, бүтэц..............................................7
2. МУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага.................8
2.1. 2007 оны МУ-ын эдийн засгийн байдал, үндсэн үзүүлэлтүүд....................8
2.2. МУ-ын 2011 он хүртэлх эдийн засгийн хөгжлийн прогноз, төлөвлөж буй үр дүнгүүд...........................................................................15
3. МУ-ын 2007 оны төсвийн шинжилгээ, ба Сангийн Яамны санхүүгийн тайлан......17
3.1. Монгол Улсын 2007 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хийсэн шинжилгээ......17
3.1.1. Монгол Улсын 2007 оны төсвийн ерөнхий байдал.............................17
3.1.2. Төсвийн тэнцэл............................................................20
3.1.3. Монгол Улсын эдийн засаг ба нэгдсэн төсвийн харилцан хамаарал, анхаарах зарим асуудал.....................................................................21
3.2. Сангийн Яамны 2008 оны 2-р улирлын санхүүгийн тайлан.....................25
Дүгнэлт...........................................................................29
Номзүй............................................................................30.



Оршил


1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжсэн манай улс улстөр, эдийн засгийн, орчиндоо нилээд өөрчлөлтүүдийг хийсэн билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийн үе өнгөрч, одоо эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе эхэлсэн гэж ярьдаг ч миний хувьд арай өөр томъёололтой байдаг. Тиймээс энэхүү ажлын хүрээнд дадлага хийх хугацаандаа олж авсан мэдээ материалуудад үндэслэн өөрийн дүгнэлт, саналыг бичих болно.
Энэхүү тайлан нь оршил, агуулга болон гурван үндсэн хэсэг, дүгнэлт, номзүй, хавсралттай байх бөгөөд эхний хэсэгт өөрийн дадлага хийсэн газар болох МУ-ын Сангийн Яамны Эдийн Засгийн Нэгдсэн Бодлогын Газрын тухай, удаах хэсэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын тухай, гурав дахь хэсэгт Сангийн Яамны санхүүгийн тайланд хийсэн анализ, дипломын ажилтай холбогдуулан цуглуулсан “МУ-ын төсөв”-ийн тухай өгүүлэх болно.
Энэхүү ажлыг бичихдээ Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн академиас удирдлага болгож өгсөн дадлагын удирдамжийг баримталсан бөгөөд эхний хэсэгт өөрийн дадлага хийсэн газрынхаа тухай судалсан зүйлс, дараах хэсэгт тухайн газрын эрхэлсэн асуудал, ажилтай холбоотой мэдээ материал, гурав дахь хэсэгт өөрийн дипломны ажилд хэрэгтэй гэж цуглуулсан материал, дадлыгын удирдамжийн дагуу тус Яамны санхүүгийн тайланд хийсэн анализуудыг нэгтгэн дүгнэлээ.
МУ-ын Сангийн Яамнаас эрхлэн гаргасан статистикийн ном, хэвлэлүүд, Сангийн Яамны веб сайт www.mof.gov.mn , болон бусад материалуудыг ашиглав.



Хэсэг 1. МУ-ын Сангийн Яамны Эдийн Засгийн Нэгдсэн Бодлогын Газар

1.1. Монгол Улсын Сангийн Яам


Сангийн Яам нь МУ-ын Засгийн Газрын бүрэлдэхүүн хэсэгт ордог бөгөөд МУ-ын эдийн засаг, санхүүгийн байдлын талаар зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх үүрэг бүхий этгээдийн хувьд иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын төлөө Засгийн Газраас тавьж буй зорилт, хүчин чармаайлтыг дэмжих гол үүргйиг хүлээдэг.

Сангийн яам нь Сангийн сайд, Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн улс орны санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, түүнчлэн нягтлан бодох бүртгэл, аудит, худалдан авах ажиллагаа, санхүүгийн дотоод хяналт, зээл, тусламж, өрийн удирдлагыг бэхжүүлэх үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.


1.1.1. Түүхэн замнал
Эдийн засаг, санхүүгийн улсын нэгдсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулдаг энэхүү байгууллагын бүтэц, үйл ажиллагааны талаар бичихийн өмнө тус яамны түүхэн хөгжлийн талаар бичиж танилцуулъя.
Үүссэн цагаасаа эхлэн улс үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, улсын орлого, зарлагатай холбогдсон бүхий л чухал асуудлыг төрийн санхүү эдийн засгийн шинэ бодлогод нийцүүлэн явуулах, удирдан хөтлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж, гааль, татвар, санхүүгийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог бий болгон төлөвшүүлж, хөгжүүлэн боловсронгуй болгож ирсэн Сангийн Яам эдүгээ 97 дахь жилийнхээ ойтой золголоо.

Богд хаант Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулсан тухай 1911 оны Богд Хааны зарлигаар Монгол Улсын Сангийн Яамны суурь тавигдсан түүхтэй. Үүний дараа монгол Ардын нам, Ардын түр засгийн газрын дарга Д.Чагдаржавт хавсруулан эрхлүүлээд, Монголын үндэсний хувьсгалын ялалтыг хангахад шаардлагатай санхүү, эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх үүрэг оноосон байна.
Тус яамнаа байгуулагдсан хоол, хүнсний хэлтсийн эрхэлсэн түшмэлээр Л.Лосол нар томилогдон ажиллаж, санхүү, аж ахуй, худалдааны чиглэлээр холбогдох нормативуудыг гаргах, албан хаагчдын цалин хэрэглэлийн дүрэм, гааль, түрээс хураах дүрэм, гадаад худалдааны гэрээ боловсруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж иржээ.
Ардын журамт цэрэг Улаан армийн хамт Нийслэл хүрээнд орж ирсэний дараа 1921 оны 7 дугаар сарын 9-нд МАН-ын төв хорооноос Ардын түр засгийн газрыг өргөтгөн байгуулж Сангийн Яамны тэргүүн сайдаар С.Данзан, дэд сайдаар О.Жамъян, эрхэлсэн түшмэлээр О.Гочийтский нарыг тус тус томилсон байна.
1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн Газрын дэргэд эдийн засгийн зөвлөл байгуулсан ба зөвлөл нь аж ахуй, санхүүгийн бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн явуулахад онцгой анхаарч, аж ахуйн үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүртгэн судлах, улс орны эдийн засгийн ойрын ирээдүйн хөгжлийн төлвийг тодорхойлох талаар идэвхийлэн ажиллаж байжээ.
Эдийн засгийг нэгтгэн удирдах шаардлага улам өсч ирсэнийг харгалзан Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Улсын төлөвлөгөөний комиссыг байгуулсан байна. Улсын төлөвлөгөөний комисс нь жил, таван жилийн төлөвлөгөө, улмаар 10-20 жилийн хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөл, үндсэн чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. 1988-1992 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, үндэсний хөгжлийн яам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаад 1992 онд Монгол Улсын Засгийн Газрын үндсэн бүтцэд үндэсний хөгжлийн газрыг байгуулсан байна.
1940-1960 онуудад санхүүгийн албаны үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөлтийг улс төрийн эдийн засгийн бодлогын гол цөм болгож ирсэн өмнөх үеийн туршлага, журмыг түшиглэж, УААА-н салбаруудыг бүртгэл, тооцооны нэгдсэн журамд бүрэн хамруулсан юм.
Өнгөрсөн хугацаанд манай улсын санхүү, эдийн засгийн байгууллага нь эх орныхоо “шинэ нийгэм” байгуулах, эдийн засгийн хүчин чадлыг бэхжүүлэн хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой хуваарилж, зохистой харилцааг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийн тодорхой үе шатуудад байнга хөгжин сайцирч, боловсронгуй болсоор ирсэн юм.



1.1.2. Сангийн Яамны бүтэц



Сангийн Яамны өнөөгийн бүтцийг дээрх хүснэгтээс харж болно. Яамны удирдлага нь Сангийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдэх бөгөөд яам өөрөө 9-н газраас бүрдэнэ. Үүнд: Эдийн засгийн нэгдсэн бодлого зохицуулалтын газар, төсвийн бодлого зохицуулалтын газар, санхүүгийн бодлого зохицуулалтын газар, төрийн сангийн газар, хууль эрхзүйн газар, зээл тусламжийн нэгдсэн бодлого зохицуулалтын газар, төрийн захиргааны удирдлагын газар, худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газар, нягтлан бодох бүртгэл, хяналтын газар орно.

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД
Монгол улсын хуулиар тогтоосон үндсэн чиг үүрэг болон үйл ажиллагааныхаа зарчимд нийцүүлэн Сангийн яамны алсын хараа, эрхэм зорилгыг дараахь байдлаар томъёолж байна:
АЛСЫН ХАРАА – Бидний ирээдүй
Сангийн яам Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхийн төлөө алсын хараатай ажиллана.
ЭРХЭМ ЗОРИЛГО - Бидний үүрэг
Сангийн яамны эрхэм зорилго нь Монгол улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн, оновчтой удирдлагаар хангахад оршино.


1.2. Эдийн Засгийн Нэгдсэн Бодлогын Газар


Газрын эрхэм зорилго
Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын эрхэм зорилго нь Улс орны макро эдийн засаг, нийгмийн бодлогыг нэгтгэн тодорхойлж, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засаг, нийгэм, бүс нутгийг хөгжүүлэхэд бодлого, стратегийг боловсруулж, удирдлагыг мэргэжлийн удирдамжаар хангахад оршино.

Үйл ажиллагааны стратеги

Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын үйл ажиллагааны стратеги нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, МХЗ-уудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, эдийн засгийн аюулгүй байдал, Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Сангийн сайдын үйл ажиллагаанд мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

-Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт болон дунд хугацааны стратеги, үндсэн чиглэл, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах, Сангийн сайдаас Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарын болон салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн уялдааг хангах бодлого боловсруулах;


1.2.1. Бүтэц, үйл ажиллагааны чиглэл




Үйл ажиллагааны чиглэл

Сангийн Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана.
• Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги, үндсэн чиглэл, эдийн засгийн аюулгүй бадлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах, Сангийн сайд, Засгийн газрын танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад бүх талын дэмжлэг үүүлэх;
• Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, санхүүгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, эдийн засаг, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах;
• Эдийн засгийн шинэчлэл, зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн нэгдсэн бодлого явуулах, улсын эдийн засаг, нийгмийн салбарын болон салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн уялдааг хангах бодлого боловсруулах;
• Улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, стратегитай уялдуулсан төсөв, санхүү, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах;
• Зээл, тусламжийн талаархи нэгдсэн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн удирдлагыг бэхжүүлэх, хяналтыг чангатгах;
Нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн дотоод хяналтын нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
• Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, удирдлага, зохицуулалтыг сайжруулах;
• Яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх,төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх.

Үйл ажиллагааны зорилт

• Санхүү, эдийн засгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
• Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлоагыг тодорхойлох, үндсэн чиглэл боловсруулахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
• Макро эдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангахад зөвлөгөө өгөх;
• Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын болон төрийн өмчийн бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
• Төсөв, санхүү, татвар, гааль, даатгал, зээл, тусламжийн бодлого болосвруулахад зөвлөгөө өгөх,дэмжлэг үзүүлэх;
• Зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх.

2. МУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага

2.1. 2007 оны МУ-ын эдийн засгийн байдал, үндсэн үзүүлэлтүүд


Эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ
Эдийн засгийн бодит өсөлт, хүчин зүйлүүд
Эдийн засгийн бодит өсөлт 2007 онд 10,2% болсон нь 2006 оныхоос 1,6 пунктээр илүү, харин 2004 оны өсөлтийн түвшингээс 0,4 пунктээр бага байна.
Монгол Улсын бодит ДНБ /2005 оны зэрэгцүүлэх үнээр/ 2007 онд 3325,9 тэрбум төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1503,1 ам.доллар болж, 2006 оныхоос 23,8 хувиар, харин 2004 оны түвшингээс 2 гаруй дахин өсчээ.
Манай улсын эдийн засаг сүүлийн 4 жилд хурдацтай өссөн нь төр засгаас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн дэмжих, ажилгүйдлийг бууруулах бодлого барьж, бизнес хөгжих таатай орчин бүрдүүлсэний үр дүн юм.
График 1. Эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ



Эдийн засгийн 2007 оны өсөлтөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өрсөлдөөн нь нэмэгдэж, бүтээгдэхүүнийх нь үнэ ханш буурч байгаа мэдээлэл, холбооны салбар, гадаад худалдаа, газрын тосны олборлолт зэрэг салбарын өсөлт голлон нөлөөлжээ.
2007 онд малын тоо толгой 40,3 саяд хүрч 2006 оныхоос 15,7% буюу 5,5 сая, 2004 оныхоос 43,7%-иар буюу 12,2 сая толгойгоор өсчээ. Хүнсний ногооны үйлдвэрлэл 2007 онд 4,3%-иар өссөн бол харин нэг га-гаас авах үр тарианы хэмжээ 2006 оны түвшнээс 1,8 центрээр буурчээ. ДНБ-нд хөдөө аж ахуйн салбар 2006 онд 19,5 хувийг эзэлж байсан бол 2007 онд 20,5 хувь болж 1,0 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуйн салбар 2006 онд 7,5 хувиар өсч байсан бол 2007 онд 15,8 хувиар өсчээ.
Эдийн засгийн өсөлтийг бүрдүүлсэн гол хүчин зүйлсийг авч үзвэл сүүлийн дөрвөн жилд боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн бараа засварын үйлчилгээ, тээвэр, агуулахын аж ахуй, мэдээлэл холбооны салбаруудын өсөлт илүү нэмэгдэж, уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын эдийн засгийн бодит өсөлтөд оруулах хувь хэмжээ нь буурах хандлагатай байгаа нь алтны олборлолт буурсантай холбоотой бөгөөд энэ нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 68 хувийн татварыг алтны олборлох салбарт тогтоосноос болжээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт нэхмэлийн үйлдвэрлэл 2007 онд 37,8 хувиар, хүнс, ундаа үйлдвэрлэл сүүлийн 4-н жилийн дунджаар 39,1 хувиар өссөн нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтөнд голлон нөлөөлжээ.
Газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь 2006 онд 2004 онтой харьцуулахад 2,1 дахин өсч, мал аж ахуйн салбар сүүлийн 4 жилийн байдлаар 2004 онд хамгийн их буюу 49,1 хувь, 2007 онд 31,8 хувь, хөдөө аж ахуйн салбар 2004-2007 онд дунджаар 28,9 хувиар өслөө. Хөдөө аж ахуйн салбар эрчтэй өсөхөд сүүлийн 4 жилд манай улсын цаг агаарын байдал таатай байсны зэрэгцээ уг салбарын бүтээгдэхүүний үнэ ханш зах зээлд өндөр байж энэ хэрээр ХАА-н салбарын үйл ажиллагаа бүхэлдээ сайжирсан зэрэг нь нөлөөлжээ.
Эдийн засгийн бүтцээрээ манай улстай адил төстэй орнуудтай харьцуулахад манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр, тогтвортой өсч байна.
График 2. Эдийн засгийн бодит өсөлт, улсаар



Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт
Эдийн засгийн бүтцийг салбараар авч үзвэл 2004-2007 оны дунджаар уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбар 27,1 хувь буюу хамгийн их, хөдөө аж ахуй, ан агнуурын салбар 23,7 хувь, тээвэр агуулахын аж ахуй, холбооны салбар гуравт буюу 11,4 хувийг тус тус эзэлж байна. 2004-2007 оны хооронд эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орсон бөгөөд тухайлбал 2004 онд хөдөө аж ахуй, ан агнуурын салбар эдийн засгийн бүтцэд 25,4 хувь эзэлж байсан бол 2007 онд 20,5 хувь болж үйлчилгээний салбарын дараа орох болжээ. Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн эдийн засгийн бүтцэд эзлэх хувь 2004 онд 19,4 хувь байсан бол 2007 онд 29,5 хувь болж уг салбарын хөгжил эрчимжиж байна. Энэ нь манай улсын эдийн засагт уул уурхай, олборлох үйлдвэрлэл зонхилж, уг салбараас их хамааралтай болж байгаа нь харагдаж байна.

График 3. Эдийн засгийн бүтэц, салбараар, 2004-2007 оны дундаж хувь



ДНБ-ий эцсийн ашиглалт, хуваарилалт
ДНБ-ийг эцсийн ашиглалтаар нь авч үзвэл сүүлийн дөрвөн жилд дунджаар 26,8 хувиар өссөн байна. 2007 онд оны үнээр 4674,4 тэрбум төгрөг болж 2006 оныхоос 24,7 хувиар, 2004 оныхоос 2 дахин өсчээ.
Хэрэглээ
Сүүлийн дөрвөн жилийн дунджаар нийт хэрэглээний түвшин жилд 18,9 хувиар нэмэгдлээ. Монгол Улсын засгийн газраас ажлын байр шинээр бий болгох, хүн амын орлогыг нэмэгдүүлэх улмаар ядуурлыг бууруулах чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх халамж үйлчилгээг өсгөх зэрэг томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүнд өрхийн аж ахуйн хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн дунджаар жилд 16,8 хувь өслөө. Өрхийн аж ахуйн хэрэглээний өсөлтөд 2006 оноос айл гэрт бүл нэмж, хүнс дагуулж ирсэн шинэ хүүхдэд 100,0 мянган төгрөг, 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг, өрх бүл нэмсэн хос бүрт 500,0 мянган төгрөгийн тусламж болон төрийн албан хаагчдын сарын дундаж цалинг 2007 онд 300,0 мянган төгрөгт хүргэсэн зэрэг нь нөлөөлжээ.
График 4. ДНБ-ий ашиглалтын бүтэц



Засгийн газрын хэрэглээ сүүлийн 4-н жилийн дунджаар жилд 27,4 хувь өсчээ. Энэхүү өсөлтөд төсвийн орлого урьд жилүүдийнхээс харьцангуй өндөр гарч энэ хэрээр төрөөс иргэдэд чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотой юм.
Нийт хуримтлал
Нийт хуримтлалын өсөлт 2004-2007 оны дунджаар 44,3 хувь байна. 2007 оны нийт хуримтлалыг бүтцээр нь авч үзвэл үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 36,4 хувь, материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт 3,3 хувь, үнэт зүйлсийн хуримтлал -0,2 хувийг тус тус эзэлж байна.
Нийт хөрөнгө оруулалт сүүлийн 4 жилд дунджаар жилд 24 хувиар өссөн бана. 2004 онд нийт хөрөнгө оруулалт 588,3 тэрбум төгрөг байсан бол 2007 онд 1,157.1 тэрбус төгрөгт хүрч 2 дахин өсчээ. Нийт хөрөнгө оруулалтад гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 4 жилд дунджаар 47,7 хувь, өөрийн хөрөнгө 21,7 хувь, төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн 4 жилд дунджаар 47,7 хувь, өөрийн хөрөнгө 21,7 хувь, төсвийн хөрөнгө оруулалт 17,7 хувь, банкны зээл 12,8 хувь тус тус эзэлж байна.


График 5. Нийт хөрөнгө оруулалтын бүтэц



2000 оноос өмнөх онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт хөнгөн үйлдвэр, худалдаа, нийтийн хоол, тээвэр, аялал жуулчлал, нэхмэл эдлэл, банкны салбар, мэдээллийн технологи, барилга зэрэг салбаруудад ихэвчлэн ордог байсан бол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтцэд үлэмж өөрчлөлт гарчээ.
Цэвэр экспорт
Манай улсын гадаад худалдаа сүүлийн 4 жилд эрс нэмэгдэж гадаад худалдааны нийт эргэлт 2004 онд 1864,9 сая ам.доллар байсан бол 2007 онд 4119,3 сая ам.доллар боллоо. Гадаад худалдааны алдагдал сүүлийн жилүүдэд буурсаар 2006 онд анх удаа 57,2 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин 2007 онд экспорт 1949,2 сая ам.доллар, импорт 2170,1 сая ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 221,0 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Бусад үзүүлэлтүүд
Инфляциийн түвшин
Манай улсын эдийн засагт инфляцийн түвшин 2004 оны эхний хагаст 7.0 хувь байсан бол жилийн эцэст 11.0 хувь болж нэмэгдсэн байна. 2005 онд 9.5 хувь, 2006 онд өмнөх оноос 3.5 пунктээр буурч 6.0 хувьд хүрсэн ч 2007 онд эргээд өсч 15.1 хувь, 2008 оны байдлаар 35.1 хувь болоод байна.


Хүснэгт 1. Өрхийн хэрэглээнд гол хувийг эзэлдэг бара, үйлчилгээний бүлгүүдийн үнийн өсөлт, хувь.



Манай улсад 2004 оны 7 сараас эхлэн бензин, шатахууны үнэ өссөн. Шатахууны үнэ 2004-2007 онд байнга өссөн бөгөөд энэ нь дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ нэмэгдсэн, манай улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас шууд хамааралтай, 2004 оноос эхлэн ОХУ ашигт малтмалын олборлолтод ногдуулах татвараа нэмэгдүүлсэнээс газрын түүхий тосны үнэ бас нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. Шатахууны үнэ 2007 оны жилийн эцэст 2004 оны 6 сартай харьцуулахад 2.4 дахин өсчээ. Энэ нь бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шууд нөлөөлж, үнэ өсөх нэг шалтгаан болж байна.

Мөнгөний нийлүүлэлт

Нийт мөнгө 2007 онд 2004 оныхоос 2,8 дахин нэмэгдэж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт мөнгө М2 болон ДНБ-ий харьцаа 12.8 нэгжээр өсч 52.2 хувьд хүрэв. Мөнгөний нийлүүлэлтийн хурдацтай өсөлтийн зонхилох хэсгийг бараг мөнгөний өсөлт, түүний дотор хадгаламжийн өсөлт хангасан нь санхүүгийн зуучлал өргөжиж, иргэд, байгууллагын орлого өсч мөнгөн хөрөнгийн хуримтлал нэмэгдэж байгаатай холбоотой байна.
Хүснэгт 2. Мөнгөний нийлүүлэлтийн бүтэц



2.2. МУ-ын 2011 он хүртэлх эдийн засгийн хөгжлийн прогноз, төлөвлөж буй үр дүнгүүд

Монгол Улс 2012 он хүртэл ДНБ, түүний нэг хүнд ногдох хэмжээ, төсвийн нийт орлого, гадаад худалдааны тэнцэл зэрэг үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, бодлого болосвруулж байгаа бөгөөд дараах байдлаар МУ-ын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг прогнозолсон байна.

Хүснэгт 3. Монгол улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
Baseline-4100 (зэсийн үнэ, доллараар)




Эндээс харахад ДНБ-ий хэмжээг 2011 онд 2002 онтой харьцуулбал 7,3 дахин ихэсгэхээр төлөвлөж байна. Мөн 2002 онд 3,4 байсан ажилгүйдлийн түвшинг 2011 онд 2,5 болгож бууруулах, мөн 2002 онд экспорт 523,9, импорт 752,8 сая ам.доллар байсныг 2007 онд экспорт 1949,2, импорт 2170,1 сая ам.доллар болгож дээшлүүлсэн байна. Энэ нь гадаад худалдааны хэмжээ ихэссэнийг харуулах боловч манай орны хувьд импорт нь экспортоосоо давж байгаа тул гадаад худалдааны тэнцэл 2007 онд 220,9 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Харин эдгээр үзүүлэлтүүдээ 2011 онд прогнозлосноос харвал 2011 онд гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй буюу 170,9 сая ам.долларын ашигтай гарахаар байна.
Төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнгийн ДНБ-д эзлэх хувь манай оронд маш өндөр гардаг бөгөөд 2002 онд 39%, 2007 онд 38%, цаашид тасралтгүй бууруулсаар 2011 онд энэ үзүүлэлтийг 29% болгохоор төлөвлөж байна.


Хэсэг 3. МУ-ын төсвийн ерөнхий байдал, тэнцэл ба Сангийн Яамны 2008 оны 2-р улирлын санхүүгийн тайлан
3.1. Монгол Улсын 2007 оны төсвийн ерөнхий байдал, тэнцэл

3.1.1. Засгийн Газрын зардлын өсөлт


“Туршлагаас үзэхэд төр үйл ажлыг нэг л эхэлсэн бол зогсоох нь тун ховор байдаг. Үйл ажиллагаа нь хүлээсэн үр дагавар авчирч чадахгүй байхад хүртэл багасгаж хуимхын оронд улам л тэлж төсөвт өртгийг улам нэмэгдүүлдэг”
Нобелийн шагналт, XX зууны нэрт эдийн засагч
Мильтон Фридман
Ийм байдал манай орны төсвийн хувьд ч ажиглагдаж байна. Судалгаанаас үзэхэд дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Кейнсийн онолын нөлөөгөөр өндөр хөгжилтэй орнуудын төрийн зардал нэлээд нэмэгдсэн байдаг. Манайх шиг жижиг, бүтээмж багатай эдийн засгийн хувьд түүний үр ашгийг нэмэгдүүлэх хамгийн чухал арга бол төрийн зардлыг аль болох бага түвшинд байлгах явдал юм. Энэхүү судалгааны маань нэг гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын зардлын өсөлт хэр байгаа, бусад улс орнуудтай харьцуулбал ямар байгааг харуулах явдал юм.

Хүснэгт 1. ДНБ болон төсвийн зардлын өсөлт, харьцаа, оны үнээр

тэрбум төгрөг


Эх сурвалж: МУ-ын статистикийн эмхэтгэл, 2003,2006, Сангийн Яамны төсвийн гүйцэтгэл

Хүснэгт 1-ээс харахад 2000 оноос хойш ДНБ оны үнээрээ 4,5 дахин нэмэгдсэн байхад нэгдсэн төсвийн нийт зардал 4 дахин өсч, ДНБ-ий өсөлтөөс нэг их хоцролгүйгээр нэмэгдсээр иржээ. Гэхдээ 2001, 2002 болон 2006-2007 онуудад төсвийн зардлын өсөлт ДНБ-ий өсөлтөөс давж байжээ.
Олон улсын түвшинд улс орнуудын Засгийн ГАзрын хэмжээг хэд хэдэн үзүүлэлтээр зэрэгцүүлэн үздэг туршлага бий. Үүнд:
1. ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувь,
2. ДНБ-д нийт улсын хэрэглээний эзлэх хувь,
3. Нийт зардалд улсын байгууллагуудын хэрэглээний эзлэх хувь,
4. Нийт зардалд татаас, урсгал шилжүүлгийн эзлэх хувь.
(МУ-ын төсвийн зарцуулалт, олон улсын зэрэгцүүлэлтийн талаар Хавсралт материал 1 буюу “МУ-ын төсвийн зарцуулалт, харьцуулалт материалаас үзнэ үү.)
Зураг 1. ДНБ-д нэгдсэн төсвийн нийт болон урсгал зардлын эзлэх хувь


Эх сурвалж: МУ-ын статистикийн эмхэтгэл, 2003,2006, Сангийн Яамны төсвийн гүйцэтгэл

Зураг 1-ээс харахад ДНБ-д эзлэх төсвийн нийт зардал 2001-2002 онуудад хамгийн өндөр түвшинд буюу ДНБ-ий 44,4 хувьд хүрч байснаа 2005 онд огцом буурч, 2006-2007 онд 38,3 хувьд хүрчээ. Сүүлийн 8 жилийн дунджаар ДНБ-д нэгдсэн төсвийн зарлагын эзлэх хувь 39 орчим хувь байгаа нь Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо ерөнхийдөө өндөр байгааг харуулж байна.

Монгол Улсын Засгийн Газрын зардлын хэмжээг дэлхийн бусад улс орнуудтай зэрэгцүүлэн шинжих зорилгоор Дэлхийн Банкнаас хэвлэн гаргасан “Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүд-2007” эмхтгэлд орсон ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувь гэсэн үзүүлэлтийг ашиглав.

Хүснэгт 2. ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувь, дэлхийн дундаж болон улс орнуудын орлогын бүлэг, бүс нутгаар


Эх сурвалж: World development indicators, 2007 Table 4.10. Cantral Government Finances, page 226-228. *Монгол Улсын 2005 оны ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувиар.

Хүснэгт 2-оос Монгол Улсын төсвийн зардал эдийн засгийн хөгжлийн түвшинтэйгээ харьцуулахад хэтэрхий өндөр байгаа нь харагдаж байна. 2005 оны байдлаар Монгол Улс бага орлоготой орнуудын бүлэгт багтаж байсан бөгөөд энэ орнуудын дунджаар төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь 15,5 байсан бол Монгол Улсынх 27,5 хувь гарсан нь өндөр орлоготой орнуудын түвшинд дөхөж очсон, өөрийн эдийн засгийн хөгжлийн түвшин, бололцоо, хэмжээнээсээ хэтэрсэн их зардалтай байжээ. Монгол Улсын харкъяалагдах бүс нутгийн дунджаар, тухайлбал, Хойд Азийн дунджаар энэ үзүүлэлт 2005 онд 15,2 хувь байжээ.
2005 он бол Монгол Улсын хувьд ДНБ-д эзлэх төсвийн нийт зардал хамгийн бага гарсан он байсныг энд зориуд тэмдэглэвэл зохино Гэтэл энэ үзүүлэлт 2000-2003 онд 42,1-44,4 хувь хүрч байсан билээ. 2007 оны байдлаар Монгол Улсын ДНБ-д эзлэх төсвийн нийт зардал 38 хувьд хүрээд байгаа бөгөөд эндээс Монгол Улсын нэгдсэн төсвийн зардал боломж, хэмжээнээсээ үнэхээр хэтэрсэн өндөр түвшинд байгаа нь хэн бүхэнд тодорхой байна.
“Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүд-2007” эмхэтгэлээс үзэхэд 2005 онд ОХУ-ын төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь 20%, БНХАУ-д 11,1%, Арменид 18,1, Гүржид 17,4, Таджикстанд – 13,7 хувь байжээ.
Нээлттэй Нийгэм Форумаас монгол хэлнээ орчуулан гаргасан “Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан, 2005-2006” хэмээх номонд Монгол Улс өрсөлдөх чадварын индексээрээ судалгаанд хамрагдсан нийт 117 орноос 96, төсвийн алдагдлаараа 100, Засгийн газрын үргүй зардлаараа бүр 109 дүгээр байранд орсон байна. Үүнээс үндэслэн дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манай төсвийн зардал үр ашиг муутай, Засгийн газрын өндөр зардалтай буюу өөрийн эдийн засгийн чадавх, боломжоос хэтэрсэн зардалтай байна гэж дүгнэж болохоор байна.
Одоо Монгол улсад төсвийн талаар “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” бодлого илт үгүйлэгдэж байгаа бөгөөд засгийн газрын зардлыг багасгаж, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлахын тулд ДНБ-д төсвийн урсгал зардлын эзлэх хэмжээг тодорхой түвшингээс хэтрүүлэхгүй байхаар тогтоох шаардлагатай байна.

3.1.2. Төсвийн тэнцэл

Монгол Улсын төсөв сүүлийн 3 жил дараалан ашигтай гарсаныг зураг 2-оос харж болно. Бусад улс орнуудын жишгээр бол төсөв ашигтай гарах нь тийм түгээмэл биш, бас дээр нь үүнийг ихэвчлэн төсвийн төлөвлөлтийн алдаа гэж үздэг. Төрийн зардал өсөөд, дээр нь төсөв ашигтай гарч байгаа бол татварыг бууруулж, эдийн засгийг тэлэх бодлого явуулах ёстой.

Зураг 2. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага, тэнцэл, тэрбум төгрөг


Эх үүсвэр: МУ-ын ЗГ,”МУ-ын эдийн засаг, нийгмийн 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, 2010-2011 оны хандлага”. УБ., 2008, 36х.

Төсөв ашигтай гарсан шалтгааныг шинжилж үзэхэд орлогыг дутуу төлөвлөснөөс гүйцэтгэлээрээ нэмэгдэж гарсан, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бүрэн зарцуулаагүйтэй голлон холбоотой байгаа нь харагдлаа.
2007 онд нэгдсэн төсөв ашигтай гарсан нь нэг талаас төсвийн нийт орлого төлөвлөсөн хэмжээнээс 10,7 хувиар буюу 181,2 тэрбум төгрөгөөр давсан, нөгөө талаас төлөвлөсөн нийт зардал 63,8 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэнтэй холбоотой.

Хүснэгт 3. Монгол Улсын 2007 оны төсвийн гол үзүүлэлтүүдин төлөвлөгөө, гүйцэтгэл, тэрбум төгрөг.


Эх үүсвэр: МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар,ШУА-ийн харъяа ҮХХ. “МУ-ын 2007 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хийсэн мэргэжлийн шинжилгээ”, УБ., 2008, 6х.


3.1.3. Монгол Улсын эдийн засаг ба нэгдсэн төсвийн харилцан хамаарал, анхаарах зарим асуудал

Монгол Улсын төсөв нь ДНБ-ий 40-өөд хувийг төсвлөрүүлсэнийхээ хувьд эдийн засаг дахь төрийн хүчтэй оролцооны илэрхийлэл болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтүүд, тухайлбал, эдийн засаг дахь уул уурхайн салбарын эзлэх хувь эрс өсч, 2000 онд 11,5 хувийг эзэлдэг байснаа 2007 онд 30 хувьд хүрч, энэ салбар Монголын эдийн засагт нөлөөтэй томоохон салбар болсоныг доорх зургаас харж болно.

Зураг 3. ДНБ-ий 2000 оны салбарын бүтэц, хувиар


Зураг 4. ДНБ-ий 2007 оны салбарын бүтэц, хувиар




Олон улсын ангиллаар авч үзвэл уул уурхайн салбар нь хөдөө аж ахуйн салбарын нэгэн адил анхдагч гэж нэрлэдэг салбарт хамаардаг бөгөөд анхдагч салбар эдийн засагт нь өндөр хувийн жин эзэлдэг улс орныг хоцрогдсон бүтэцтэй эдийн засагтай орон гэж үздэг. Тэгэхлээр боловсруулах салбарын эзлэх хувь 2000 онд 6,1 байснаа 2007 онд 5,8 болж буурсаны зэрэгцээ анхдагч салбаруудын эзлэх хувь манай орны эдийн засагт бараг 50 хувьд дөхөж байгаа нь эдийн засгийн бүтцийн доройтол улам гүнзгийрч ирсэнийг харуулж байна.
Өнөөгийн хоцрогдсон голдуу орнуудын төрд нүүрлэсэн авилгал болон төрийг нэг буюу хэсэг бүлгээрээ өмчлөх нийгмийн үзэгдэл, газрын баялгийн төрийн санд орох мөнгө ихэссэн ч түүнийг зөв ашиглаж чадахгүйгээс хөгжлийг хурдасгагч биш харин ч бүр сааруулагч болгох үзэгдэл 2 хоршсон тохиолдолд “баялгийн хараал” болж дээрхээсээ илүү гамшигтай хүчин зүйл болж улс гүрнийг хоцрогдол, ядуурлын туйлд хүргэх болсоныг олон орны жишээ харуулж байна.
“Баялгийн хараал” гэсэн нэр томъёо дэлхий нийтэд саяхнаас ашиглагдаж эхлэх болсон бөгөөд газрын доорх асар их баялагтай мөртлөө удирдлагын муугаас дэлхийн хөгжлийн сүүл барьдаг Заир, Зимбабве, Гвиней мэтийн олон орнуудад хамааруулан хэрэглэж байна.
Катрин Бересманы /2005/ үзэж байгаагаар “хараалд идэгдсэн” эдгээр орнуудын нийтлэг ерөнхий шинжид:
• Эдийн засгийн бүтцийн хоцрогдолтой, өөрөөр хэлбэл эдгээр улсуудын эдийн засаг бүхэлдээ байгаль, гадаад зах зээлээс шууд хамааралтай боловсрогдоогүй эрдэс түүхий эд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгуурладаг,
• Экспорт нь мөн эрдэс баялаг, хөдөө аж ахуйн гаралтай цөөн нэр төрлийн түүхий эдээс бүрддэг. Дэлхийн буурай хөгжилтэй орнуудын дэлхийн зах зээлд гаргаж байгаа нийт экспортын гуравны хоёроос их нь түүхий эдийнх байдаг гэсэн тайланг дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан байна.
• Эдийн засаг нь гаднй аливаа сөрөг нөлөөлөлд амархан өртөж үр дагавар нь бусдаас хүнд тусдаг мөртлөө гадаад зах зээлийн эерэг хүчин зүйлүүдийг ашиглах боломж чадвар хязгаарлагдмал, үр нөлөө нь бага. Жишээ нь, эдийн засгийн хаа нэгтэй ч юм уу эсвэл гаднаас илүүдэл хөрөнгө, бололцоо гарахад түүнийг байршуулж ашиглах боломж муу, үндсэндээ байхгүй.

Эдгээр шинж тэмдгүүд манай орны эдийн засагт бэлхнээ нүүрлээд байгаа. Монгол Улсын төсвийн тэнцэл сүүлийн 3 жилд ашигтай гарч байгаа нь сайшаалтай ч энэхүү “ашигтай” байдал нь төсвийн болоод нийт эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал руу аажмаар аваачих аюул дагуулж байх магадлалтай юм. Сүүлийн 2 жилийн төсвийн гүйцэтгэлд хийсэн дүн шинжилгээнээс харахад манай улсын төсвийн орлого дэлхийн эрдэс баялгийн буюу алт, зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлого дээр суурилсан байна гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байна. Энэхүү “хэврэг” төсвийн ашигтай тэнцэл нь түр зуурын орлогын нэмэгдлийг бий болгож, энэ их хэмжээний орлого нь үргүй зардлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засаг, экспорт уул уурхайн салбараас хэт хамаарсан, эрдэс баялгийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий, улсын төсвийн орлого, зардлын өсөлт, бууралт, эрдэс баялгийн дэлхийн зах үээлийн үнийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий, эмзэг эдийн засгийн тогтолцоог бий болгож байна.
Татварын ерөнхий газраас авсан мэдээллээр уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн татвар, хураамжаар улсын болон орон нутгийн төсөвт оруулсан орлогын хэмжээ 2007 оны байдлаар нэгдсэн төсвийн нийт орлогын 38%-д хүрсэн байна. Хэрэв 2007 онытөсвийн нийт орлогоос уул уурхайн салбараас орлон орлогыг хасвал нийт төсөв ДНБ-ий 12,7 хувьтай тэнцэх 580,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах байлаа.

Хүснэгт 4. Ашигт малтмалын орлогыг хассан төсвийн тэнцэл, сая төгрөг


Эх үүсвэр: МУ-ын татварын ерөнхий газар
Эндээс харахад манай орны төсөв уул уурхайн салбараас ихээхэн хараат, тэр тусмаа 2006 оноос хэрэгжиж ирсэн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвартай холбоотойгоор экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнээс бүр ч их хамааралтай төсөв болж хувирчээ.
Энэ утгаараа манай орны төсвийн орлогын урт хугацааны тогтвортой байдал нилээд эрсдэлтэй, дэлхийн зах зээлийн үнийн байдлаас шууд хамааралтай болжээ.
Иймэрхүү эдийн засагтай манай улсын хувьд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг багасгаж улс орныхоо эдийн засгийн гадаад хүчин зүйлээс хамааралтай эрсдэлийг багасгах явдал өнөөгийн хөгжлийн шийдвэрлэх нэг гол асуудал болж байна. Энэ зорилтыг шийдвэрлэх төрөл бүрийн арга механизмууд байдгийн дотор эрсдэлийн сан байгуулж ажиллуулах явдал сүүлийн үед түгээмэл болж олон орнуудад үр дүнгээ өгч дэлхий нийтийн дэмжлэг авч эхэллээ. Үүнээс үндэслэн Монгол Улсад түргэн хөгжиж байгаа уул уурхайн үйлдвэрлэлийн орлогын удирдлагыг боловсронгуй болгож, нөхөн сэргээгдэхгүй алт, зэс, нефтийн баялгаас одоо улсад орж байгаа, цаашид нэмэгдэн орох түр зуурын орлогыг өнөө үе, хойч ирээдүйдээ хүртээмжтэй, шударга хуваарилах зарчмын үүднээс дэлхий нийтэд туршигдан үр дүнгээ өгч байгаа эрсдэлийн төрөл бүрийн сангуудыг яаралтай байгуулж ашиглах нь чухал болж байна.
Монгол Улсын төсвийг зардал талаас нь харахад мөн л “халамжийн” шинж төрхтэй төсөв болоод байгаа нь төвөггүй мэдэгдэнэ.

Зураг 6. Нэгдсэн төсвийн урсгал зардалд цалин, нийгмийн халамжийн зардлын эзлэх хувь



Монгол Улсын төсөв цэвэр халамжийн шинжтэй болсон гол шалтгаан нь улс төрийн намууд парламентийн сонгуульд өрсөлдөхдөө эдийн засгийн боломжоосоо хэт давсан халамжийн шинжтэй амлалтууд өгч, тухайлбал, хүүхэд, шин эгэр бүл бологсдод мөнгө олгох, элдэв тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр амлаж, түүнийгээ хэрэгжүүлсэнтэй холбоотой юм.
Нөгөө талаасаа дээр дурдсан цалин болон нийгмийн халамжийн зардлууд нь эргэлтэнд байгаа бэлэн мөнгөний хэмжээг их хэмжээгээр нэмэгдүүлсэнээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв дотооддоо инфляцийг хөөрөгддөг нэг гол эх сурвалж болж хувирсан.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрийн зардал хурдан нэмэгдэж, төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь өсч, төсвийн орлого нь зөвхөн уул уурхайн салбараас шууд хамааралтай, зарлага нь бүхэлдээ нийгмийн халамжийн зориулалттай болж, төсөв өөрөө эдийн засагт инфляцийг хөөрөгддөг, яваандаа улс орныг эдийн засаг, санхүүгийн хямрал руу хөтөлж болзошгүй байдал үүсээд байна.
Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 20%-аас хэтрүүлэхгүй байх, УИХ нь Засгийн Газраас оруулсан төсвийн төслийг зарлагын болон хөрөнгө оруулалтын зардлын дүнгийн 10 хувиас хэтэрсэн өөрчлөлт оруулахгүй байхыг хуульчлан тогтоох шаардлагатай байна.
Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө хүн амд бэлэн мөнгө тараах амлалтыг аль болох хязгаарлах, түүний үндэслэл тооцоо, үр дагаврыг нь сайтар харгалзсан байх, харин үүний оронд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэржгүүлэх, ажлын байрыг олноор нь нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр л амлалт өгч, хийхээр төлөвлөсөн ажлаараа л өрсөлдөх тухай заалтыг сонгуулийн тухай хуулинд оруулах шаардлагатай байна.

3.2. Сангийн Яамны 2008 оны 2-р улирлын санхүүгийн тайлан
Дадлага хийсэн байгуллага маань арилжааны, ашгийн, хувийн байгууллага биш төдийгүй, МУ-ын Сангийн Яам, төсвөөс санхүүжилтээ авдаг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох чиглэл, үйл ажиллагаа, төлөвлөгөөг боловсруулж төрөл бүрийн судалгаа, бодлого боловсруулж байдаг газрын хувьд бусад байгууллагуудын санхүүгийн тайлангаас огт өөр бүтэцтэй болох нь дараах мэдээллээс харагдах болно.

Исходные данные.
САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН
2008 оны 06 сар 30 өдөр. /төгрөгөөр/


Эх сурвалж: Сангийн Яам, РД: 9131787, “Төсөвт байгууллагын 2008 оны 2-р улирлын санхүүгийн тайлан”.

САНХҮҮГИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
2008 оны 06 сар 30 өдөр. /төгрөгөөр/


Эх сурвалж: Сангийн Яам, РД: 9131787, “Төсөвт байгууллагын 2008 оны 2-р улирлын санхүүгийн тайлан”.

ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН
2008 оны 06 сар 30 өдөр. /төгрөгөөр/


Эх сурвалж: Сангийн Яам, РД: 9131787, “Төсөвт байгууллагын 2008 оны 2-р улирлын санхүүгийн тайлан”.

Анализ
Санхүүгийн байдлын тайлангаас харахад Сангийн Яамны орлогын гол эх үүсвэр нь улсын төсөв бөгөөд зарлага нь яамны дотоод үйл ажиллагааны зардлуудад хуваагддаг байна. Эргэлтийн хөрөнгө нь 1,083,009,787,56 төгрөг байгаа ба эргэлтийн бус хөрөнгө байдаггүй. Нийт хөрөнгийн дүн нь 2008 оны 6-р сарын 30-ны байдлаар 2,377,949,780.60 төгрөг байсан байна.
Харин Санхүүгийн үр дүнгийн тайлангаас харахад Улсын төсвөөс орсон орлогын хэмжээ нь 885,497,863.60 төгрөг, төсөвт байгууллагын ажил, үйлчилгээний орлого нь 8,287,440.24 төгрөг, нийтдээ үйл ажиллагааны орлогын дүн нь 1,353,758,003.84 байсан байна. Харин үйл ажиллагааны нийт зардал 918,921,133.65 төгрөг байсан ба үүнээс үйл ажиллагааны орлого нь зарлагаасаа 434,836,870.19 төгрөгөөр давсан байна.
Мөн, Төсвийн гүйцэтгэлийн тайланг үзвэл нийт зарлага төлөвлөгөөнөөсөө 61,938,611.98 төгрөгөөр буюу 4,1%-ийн хэмнэлттэй гарч, 1,457,478,326.02 байсан байна. Үүний үр дүнд мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл нь 227,672,958.66 төгрөг болжээ.
Жич: Энэхүү санхүүгийн тайлангийн хэсэг нь дадлагат гарч байх хугацаанд дадлагын удирдагчтай хамтран судалсан материал биш бөгөөд зөвхөн удирдамжид заасны дагуу нэмэлт болгож хувийн зүгээс орууллаа.

Дүгнэлт
• МУ-ын Сангийн Яамны түүхэн хөгжил 1911 оны Богд Хаант засаглалын үед эхэлсэн бөгөөд олон өөрчлөлтүүдийн үр дүнд өнөөгийн Сангийн Яамны бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг олж авсан байна. Одоогоор зохион байгуулалтын нэгж 9 газартай бөгөөд тус тусын эрхэлсэн ажлын хүрээнд зөвлөмж зөвлөгөө өгөх, гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, бодлого боловсруулдаг юм байна.
• Миний дадлага хийсэн газар болох ЭЗНБГ нь улс орны макро эдийн засаг, нийгмийн бодлогыг нэгтгэн тодорхойлж, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засаг, нийгэм, бүс нутгийг хөгжүүлэхэд бодлого, стратегийг боловсруулж, удирдлагыг мэргэжлийн удирдамжаар хангах зорилготой.
• ЭЗНБГ-аас МУ-ыг хөгжүүлэх үндсэн чиглэл, эдийн засгийн хөгжлийн тойм гэх мэт ном хэвлэлүүд, ажлын тайлангаа гаргадаг ч тус газрын мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн санал, улс орны эдийн засгийн хөгжлийн тухай бодлогын асуудлууд хууль тогтоох, шийдвэрлэх шатанд яригдахдаа ихээхэн өөрчлөгддөг болох нь анзаарагдсан. Энэ мэргэжлийн эдийн засагч хүмүүсийн тодорхой судалгаа, үндэслэлтэй саналыг өөрчилж байгаа явдал нь цэвэр улс төрийн байдлаас шалтгаалж МУ-ын цаашдын хөгжлийн бодлогод муугаар нөлөөлж байна. Үүний жишээ гэхэд 3-р хэсэгт дурдсанчлан төрийн нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулах зардал хэт ихэссэн байгаа. Эдийн засагчид ингэж зөвлөөгүй боловч, улс төрчдийн PR, намуудын эрх ашгийн үүднээс иймэрхүү эх орны хөгжилд саад болсон зүйлүүд ихээр гарч байна.
• Мөн МУ-ын эдийн засгийн хөгжлийн талаарх төсөөлөл, төлөвлөгөөг харахад нөгөө л олборлох үйлдвэрлэл, газрын баялаг, мал аж ахуй дээр суурилсан төлөвлөгөө харагдаж байгаа бөгөөд одоо ч ийм стратеги төлөвлөлт нь маш эрсдэлтэй болох нь ажиглагдсаар байгаа. МУ-ын эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын тухай тооцоолсон хүснэгтээс харахад МУ-ын гол экспортын бүтээгдэхүүн болох “Зэс”-ийн үнийн түвшингээс хамааруулж тооцсон байгаа нь харагдана. Харин одоогийн байдлаар зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом буурсанаас болж МУ-ын төсвийн бараг гуравны нэгийг бүрдүүлдэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөөр төрөөс татаас авах хэмжээнд очоод байгаа. Гэтэл ийм эрсдэлтэй төлөвлөгөө, эрсдэлтэй ирээдүйг бүтээж болсооргүй санагдана. МУ-д өрсөлдөх чадварын стратеги зайлшгүй хэрэгтэй байгаа талаар Хавсралт материал 2 буюу “Необходимость стратегии конкурентоспособности в Монголии” сэдэвт рефератаас харна уу.
• МУ-ын төсвийн зарцуулалтын хэмжээ хэр хэмжээнээс хэт ихэдсэн өндөр байгаа талаар өгүүлсэн 3 дахь хэсгээс та МУ-ын төсвийн бүтэц, зарцуулалт гэх мэт олон зүйлсийн талаар мэдээлэл авсан байх. Харин энэхүү сэдвийг улам өргөжүүлэн судалж, мэргэжлийн түвшинд чанартай сайн судалгаа хийх нь миний дипломны ажлын гол зорилго болж байна. Төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлд хийх шинжилгээний олон арга байдаг ба үүнээс нэрлэвэл, хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээ, өртөг үр дүнгийн шинжилгээ, олон шалгуурын шинжилгээ, зардал үр дүнгийн шинжилгээ, харьцуулсан шинжилгээ ба бүтцийн өөрчлөлтийн шинжилгээ гэж байна.

Номзүй

1. Нормативно – правовые документы.
1. Төсөвт байгууллагын 2008 оны 2-р улирлын санхүүгийн тайлан, Сангийн Яам,
2. Книги, сборники.

1. Milton & Rose Friedman, Free to choose.
2. Сангийн Яам, МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжил 2006 онд.
3. Министерство Финансов Монголии, “Обзор социально- экономического развития Монголии в 2004-2007гг.”,УБ.,2008г.,
4. Нээлттэй Нийгэм Форум, МУ-ын Эдийн засгийн эрх чөлөөний индекс – 2005.
5. World economic forum, Нээлттэй Нийгэм Форум, Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан 2005-2006.
6. МУ-ын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, 2010-2011 оны хандлага.
7. Сангийн Яам, МУ-ын 2007 оны төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл.
8. МУ- ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шинжлэх Ухааны Академийн харъяа Үндэсний Хөгжлийн Хүрээлэн, “МУ-ын 2007 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хийсэн шинжилгээ”, захиалагч: МУ-ын Сангийн Яам.

No comments:

Post a Comment