Monday 15 December 2008

Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдал, урт хугацааны хандлага /2007 оных/

Энэ материалын сүүлийн хэсгийг "Цаг төр" сэтгүүлийн нэг дугаар дээр тавигдсан байсан эдийн засагч З.Энхболдын нийтлэлээс авсан, мөн тоо баримтуудыг Үндэсний Статистикийн Хорооноос авч байсан билээ. :)

1. Эдийн засгийн хөгжлийн 2006 оны гүйцэтгэл.


Мэдээллийн эх үүсвэр: Үндэсний статистикийн газар.

2006 онд нэг хүнд ногдох ДНБ 1221 доллар хүрч, 7,5%-ийн өсөлттэй гарчээ. Монголын ДНБ-ийг салбараар нь ангилвал: хөдөө аж ахуй – 20,6%, үйлдвэрлэл – 21,4%, үйлчилгээ – 58%. Инфляцийн түвшин – 6%. Худалдан авах чадварын хэмжээгээр нийт 5,781 млрд доллар гүйлгээ хийгдсэн байна.

2006 онд макро эдийн засгийн байдал сайжирсан байна. Жишээ нь:

1. Гадаад худалдааны тэнцэл. “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт -2006” гэсэн олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж 35 орны 439, дотоодын 384, нийт 823 зочид төлөөлөгчид оролцов.



Гадаад худалдааны тэнцэл 2006 онд 57 сая ам. долларын ашигтай гарсан нь гадаад зах зээл дээр зэс, алт зэрэг экспортын бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой байлаа. Энэ тоо сүүлийн жилүүдэд анх удаа эерэг үзүүлэлттэй гарч байгаа юм.

2. Гадаад валютын цэвэр албан нөөц.



Гадаад худалдаа ашигтай гарч, шууд хөрөнгө оруулалт нэмэгдэн нийт төлбөрийн тэнцэл дүнгээрээ ашигтай гарч улмаар гадаад валютын цэвэр албан нөөц 2006 онд 687,3 сая ам доллар буюу 24 долоо хоногийн импортын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ.

3. Төсөв, санхүүгийн чадавхи.



- Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2006 оны гүйцэтгэлээр 1360.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 1237.0 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 123.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

- Төсвийн урсгал тэнцэл 2005 онд 232,3 тэрбум төгрөг, 2006 онд 371.7,4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.


2. Эдийн засгийн хөгжлийн төлөв.


Эдийн засгийн хөгжлийн үе шатууд.

I үе шат: 2007-2015 он. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

• Эдийн засгийн өсөлтийн баттай суурийн эхлэлийг тавина.
• Эрдэс түүхий эдийн шинэ орд газруудыг эзэмшиж эхлэх замаар уул уурхайн олборлох аж үйлдвэрийг хөгжүүлэх, улмаар боловсруулж эхлэх.
Зэс хайлах
Төмрийн хүдэр хайлах
Газрын тос боловсруулж эхлэх
• Нүүрсний кокс, шатахуун гаргах
• Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулдаг болох.
• Эрчим хүч, автозам, тээвэр, мэдээлэл холбоо, аялал жуулчлал, барилгын салбарыг илүү хурдацтай хөгжүүлэх.
Мянганы замыг баjьж дуусгах,
Эрчим хүч экспортлох хүчин чадал бий болгох, экспортлох
• Үндэсний эдийн засагт аялал жуулчлал, түүнд туслан үйлчлэх салбаруудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх

II үе шат: 2015 – 2021 он. Технологи ашиглан, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх.
• 2016-2021 онд уул уурхайн олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн өнгөт ба хар төмөрлөг, шинэ материал, машины үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх,
• Эдийн засгийн өсөлтөд чухал үүрэгтэй эрчим хүч, авто зам, тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх,
• 2016-2021 онд төвийн бүсээс баруун, зүүн бүс рүү төмөр зам барих ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ зарим томоохон хот суурин газрыг цахилгаан соронзон замаар холбож зорчигчдын үйлчилгээнд шинэ тээврийн хэрэгсэл ашиглаж эхлэх,
• Монгол Улс нь Зүүн хойт Азийн банк-санхүүгийн төв болоход чиглэсэн олон улсын санхүүгийн зах зээлийг идэвхитэй хөгжүүлэх,
• 2016-2021 онд эдийн засгийн бүтцэд орчин үеийн аж үйлдвэр, үйлчилгээний салбар давамгайлсан, харьцангуй биеэ даасан, өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засаг бүхий эрчимтэй хөгжиж буй орон болно.

Манай эдийн засагчид Монголын хөгжлийн гарцыг ийнхүү тодорхойлж байна:

Парламентын гишүүд болон эдийн засагчид улс орны эдийн засаг байгалийн баялгийг үр дүнтэй ашигласанаар хөгжинө хэмээн ярьцгааж байна.
Мэдээж энэ бол зөв. Гэвч, өнөөдрийн бидний тодорхойлоод байгаа шиг эдийн засгийн бодлого өөрөө маш эрсдэлтэй юм. Учир нь, дэлхийн зах зээл дээр алт, зэс, молибдений үнэ хэзээ ч унаж болно шүү дээ. Гэтэл дээр дурдсанчлан эдийн засагчид 2021 он хүртэл уул уурхайн олборлолтон дээр гол анхаарлаа хандуулж, эдийн засгийн бодлогыг тодорхойлсон байх юм. Алт, зэсний үнэ унамагц, дөнгөж эерэг гараад байсан бүх үзүүлэлтүүд эрс доошилно. Үүний хажуугаар байгалийг баялаг өөрөө шавхагддаг. Шавхагдаж дуусах үед нь бид хэрхэн амьдрах вэ? Энэ талаар улс орнууд анхаарч, эдийн засгийн бодлоготоо тусгасан байдаг.

Ингээд, Монголын хөгжлийн гарцын тухай “Том хүмүүс”-ийн бодлыг харцгаая.


Газрын доорхи баялгаа үр ашигтай ашиглах замаар уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх,
Эрдэс түүхий эдийн цөөн тооны томоохон орд газрын эдийн засгийн эргэлтэнд оруулах, тухайлбал:

- Нүүрс, зэс, төмрийн хүдрийг олборлох, боловсруулах,
- Оюу толгойн зэс, алтны орд,
- Цагаан суваргын зэсийн орд,
- Төмөртэйн төмрийн орд,
- Таван толгойн коксжих нүүрс,
- Чойр-Нялгын районы хүрэн нүүрс.

Макро эдийн засгийн төлөв, хандлага



- Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2021 онд 13097ам долларт хүрнэ.
- Эдийн засгийн бодит өсөлт 2007-2021 онуудад жилд дунджаар 10 гаруй хувь байна.
- Монгол Улсын хүн ам 2021 онд 3,5 сая болж, хүн амын өсөлт өнөөгийн түвшингээс нэмэгдсэн байна.


Нийгмийн салбарын хөгжил




- Монгол хүний амьдралын чанарыг
- дээшлүүлж,
хөгжиж байгаа орны нийтлэг жишигт ойртуулна.
- Төрийн албан хаагчдын дундаж цалингийн хэмжээ 2015 онд 594 мянган төгрөг, 2021 онд 1395 мянган төгрөгт хүрнэ.
- Ядуурлыг 2015 он гэхэд 2000 оны түвшингээс 2 гаруй дахин бууруулж, 2021 он гэхэд үндсэнд нь арилгах зорилт тавьж байна.
Монгол хүний хоногт авах хоол хүнсний илчлэгийн физиологийн зохистой хэмжээг 2013 он гэхэд бүрэн хангасан байна.

3. Монголын өрсөлдөх чадварын стратеги


Улс орон эхлээд абсолют, дараа нь харьцангуй давуу тал дээрээ үндэслэн хөгжих ёстой гэдгийг эдийн засгийн онол баталсан билээ. 1980-аад онд Харвардын бизнесийн их сургуулийн профессор Майкл Портер болон бусад эрдэмтэд өрсөлдөх чадвар, стратегийн сонголт болон өрсөлдөх давуу талын тухай онолын үндэслэлийг гаргаж тавьсан байна.
Зах зээл рүү 90-ээд онд эрс шилжилт хийсэн улс орнууд өөрийн шилжилтийн үеэ даваад, тогтвортой хөгжлийн зам руугаа орж байхад манай орны хувьд шилжилтийн явц удаашралтай, мөн эдийн засаг сул хөгжиж байгаа нь ажиглагдаж байна. Эдийн засгийн хөгжлийг удаашруулж байгаа шалтгаануудын нэг нь, манайд өрсөлдөх чадварын стратеги байхгүй байгаа явдал юм.
Түүнчлэн 2005 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумд Монголын эдийн засаг, бизнесийн орчинг явцгүйтүүлж байгаа хүчин зүйлүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1. Төрийн үр дүн муутай, нүсэр бүтэц,
2. Дэд бүтцийн сул хөгжил,
3. Татварын хэмжээ,
4. Авилга.

Ирээдүйн боломж.

Аливаа хөгжиж буй орон өрсөлдөх стратегийн сонголтоо хийгээгүй тохиолдолд ядуурлаас гарахад ихээхэн төвөгтэй байх болно. Урд нь зөвхөн байгалийн баялгийнхаа ачаар амьдардаг байсан улсууд өнөөдөр дэлхийн тавцанд өрсөлдөх чадвараа стратегийн бодлогодоо тусгаснаар амжилттай хөгжиж, эдийн засаг нь илт сайжирч байна.
Үүний тод жишээ бол Персийн буланд оршдог, 3-хан сая хүн амтай Арабын Нэгдсэн Эмират улс юм. Газрын тосны нөөцөөр баялаг энэ орон өмнөө байгалийн баялгаас үл хамааран хөгжих зорилго тавьжээ. Үүний тулд эдийн засгийн бусад салбаруудад өрсөлдөх давуу талаа тодорхойлон, бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь, Арабын Нэгдсэн Эмират улс 10 жилийн дотор дэлхийн авиа компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний “Эмирэйтс” компанийг байгуулж, нисэх хүчний салбартаа тэргүүлсэн байна. Энэ орон Дубай хотоо бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологийн төв болгох зорилт тавьж, хотод Америкийн их дээд сургуулиудын салбаруудыг байгуулсан ба жуулчдад ая тухтай амрах нөхцлийг сайтар бүрэлдүүлж, татваргүй дэлгүүрүүдийн сүлжээг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, тус улс цаашид газрын баялгийн хэрэглээнээс хамаарахгүйгээр эдийн засгийн тогтвортой хөгжлийн замаа засчихсан гэсэн үг.

Өрсөлдөх чадварийн стратеги зайлшгүй болох нь

Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт 7-10% байлаа. Хэдийгээр энэ үзүүлэлт хангалттай өндөр, бас харьцангуй тогтвортой байгаа ч өрсөлдөх чадварын стратеги төлөвлөгөөг гаргахгүй байгаатай холбоотой асуудал үүсээд байгаа юм.
Хөгжиж буй орнууд ихэвчлэн өөрийн газрын баялаг, хямд ажлын хүчээ ашиглан экспортын зах зээл дээр давуу талтай оролцоно гэж андуурдаг. Гэвч ашигт малтмалын олборлолтыг өрсөлдөх үндсэн стратегиа болгох нь бусад шинэ, илүү ашигтай боломжуудыг үл анзаарах байдалд хүргэж, улс орны эдийн засаг зогсонги байдалд орох аюултай юм. Эдийн засгийн бүтэц нь байгалийн баялгийг экспортлоход тулгуурласан нөхцөлд илүү боловсронгуй салбарт хөрөнгө оруулах нь ховор байдаг.
Гэтэл манай эдийн засгийн өсөлт алт, зэс, нүүрсний экспорт дээр тулгуурласан байгааг санах хэрэгтэй. Энэ байдлыг эдийн засагч, Монгол Улсын ерөнхий сайд агсан П.Жасрай 2007 оны 7-р сард дүгнэн хэлсэн байдаг. Энэ зуун мэдлэгт тулгуурласан эдийн засгийг эрхэмлэн биотехнологи, нанотехнологи зэрэг дэвшилтэт хослолуудыг тэргүүнд тавьж аж үйлдвэрийн гурав дахь хувьсгалыг эхлүүлээд байхад монголчууд бид хэдэн малаа эргүүлэн, ганц нэг орд газраасаа зэс, нүүрс олборлон, түүнийгээ яах вэ хэмээн эцэс төгсгөлгүй маргалдаж сууна. Түүний хэлсэнээр, “Монголын эдийн засгийн бодит сектор нь уул уурхайн олборлон баяжуулах салбар, мал аж ахуй гэсэн хоёрхон тулгуур дээр тогтож байна. Гэтэл энэ хоёр салбар хоёулаа эрсдлийн байдалд байна”.
Мөн эдийн засагч З.Батболд “Цаг төр” сэтгүүлд энэ тухай их дэлгэрэнгүй бичсэн байдаг.
Түүний хэлсэнээр, “Монгол улс дэлхийд хамгийн эрчимтэй хөгжиж буй Хятад, Орос, хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгос улсуудтай нэг бүс нутагт оршиж байгаа нь ирээдүйн хөгжлийн ихээхэн боломжийг олгож байна. Тиймээс Монгол Улс эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлэхийн тулд Зүүн Хойд Азийн зах зээлд идэвхитэйгээр нэгдэн орж, нягт хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтой.” гэнэ.
Юутай ч тал талд эрдэмтэд, судлаачид янз бүрийн асуудлыг дэвшүүлэн тавьж, өөрсдийн санал бодлоо илэрхийлж байна. Мөн багагүй хэсэг нь одоогийн засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэх буюу учирч болзошгүй аюултай байдлыг сануулан тунхаглаж байна. Мөнгө, санхүү, эдийн засаггүйгээр ямар ч ажил явдаггүйтэй адил манай орны хөгжил цэцэглэлт ч эдийн засгийн алсыг харсан стратеги бодлого, улс төрийн тогтвортой байдал, иргэдийн сэтгэлгээний хувьсгалаас ихээхэн шалтгаалах болоод байна.
Монголын эдийн засагчид маш олон болтугай! :)

No comments:

Post a Comment