Saturday 27 December 2008

Чингис хааны булшны нууц

Их хааны булш төдийгүй түүний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бүрхэгдэж одоо хүртэлд тодорхой бус хэвээр байна.

XIII зууны үед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээснээр Чингис хаан тулааны үед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ.
Харин � омын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг.
Тэгвэл ангийн үеэр морьноосоо унаж гэмтэсний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг.
Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хүртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны үр удмын их хаадыг бүгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагүй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авчирахад дагалдан ирсэн бүгдийн амийг сэлмээр хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж үлдээжээ.
Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны үйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгүй дүр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот рүү чиглэжээ. Харин замдаа их хааны үхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бүхнийг хүйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч түүний амар амгаланг бүү алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бүх зарц боолыг хүйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс аргамал мод бут бүрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм.
Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хүнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Дархан хэмээх овогтой монголын нэг овгийнхонд үе удам дамжин их хааны шарилыг манах итгэл хүлээлгэсэн байна. Тэд ч 700 жилийн турш энэ үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байсан ч өнгөрсөн зууны эхээр аргагүйн эрхэнд нутаг заагдан өөр газарт суурьшжээ.


1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй хэвээр.
Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгүй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт түүний хөдөөлүүлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингисийн цэргийн жанжинууд нь түүний шарилыг Дэлүүн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдрилийг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж.
Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бүр Чингис хааны гэрийн гадна хүндэтгэл үзүүлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны үлдэгдэл ясыг хадгалдаг аж.
1998 онд Чингис Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зүүн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хүрч өндөрлөгүүдийн нэгний орой дээр овоо босгон түүнийгээ Бурхан гал уул гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. өмнө нь Бага алтан гэдэг байсан оргилыг Хатан уул түүнээс хойд зүгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ.
Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол үйлдэж их хааны сүнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхүү овоо нь янз бүрийн чулуунаас бүтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битүү ой бүрхдэг байсан ч хэд хэдэн удаа хүчтэй түймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хүн алга. Эрэл үргэлжилж байна.

No comments:

Post a Comment