Friday 19 December 2008

Шилдэг нийтлэл 3

О.ЭНХЖАВХЛАН – “ИНФОРУМ” СОНИНГИЙН СЭТГҮҮЛЧ

Өгүүллийн нэр:
• Оюутолгойг “Алтан булаг” болгох боломжууд
• Дотоодын хөрөнгө оруулагчаа дэмжээч. Алтан загасны эмгэн шиг эвдэрхий тэвштэйгээ хоцорх байлаа /дэд гарчиг/
ОЮУТОЛГОЙГ “АЛТАН БУЛАГ”
БОЛГОХ БОЛОМЖУУД
“Зууны мэдээ” сонин 2006 оны 2 сарын 16 №36
О.Энхжавхлан
“Инфорум” сонин
Би лиценз эзэмшигч биш. Бас эдийн засагч биш. “Топ эдийн засагч” гэж өөрийгөө өргөмжлөх хэрнээ эдийн засгийн ямар ч үндэсгүй, буруу мэдээллийг санаатай болон санаандгүй тарааж алдарших амбийцгүй. Хөрөнгийн биржийн захирал бүр биш. Хэвлэлийн бага хурал хийлгэн, хүн амьтны цөсийг хөөргөсхийж байгаад уул уурхайн компаниудын хувьцааг арилжих эрхийг УИХ-аас авахаар горилогч биш.
Би бол дугаар хорооны жирийн иргэн. “Монгол минь хөгжөөсэй, монголчууд минь сайхан амьдраасай, бас миний амьдрал өөдлөн дэвжиж, амгалан тайван байгаасай” гэж хүсдэг л нэгэн. Цол гуншин, албан тушаал, сая тэрбум төгрөг, эсвэл улс төр, эдийн засгийн хонжоо надад байхгүй. Харин чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч буйн хувьд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх бий. Бас “Айвенхоу”-гийн хувьцааг худалдаад авахгүй ч Оюутолгойгоос олох ашиг хэнд тусахыг эргэцүүлэх эрхтэй. Тиймээс ч улс үндэстний эрх ашгийг хөндөж байгаа энэ асуудлаар саналаа хэлмээр байна. Яагаад болохгүй гэж?
ГЭРЭЭГ ЮУ ГАЦААЖ БАЙНА?
“Айвенхоу майнз” Оюутолгойд босох Хюго Дамметийн уурхайгаа* 2007 оноос ажиллуулахаар зарласан. Гэтэл Тогтвортой байдлын гэрээ (ТБГ)-гээ байгуулж чадалгүй гурав дахь Засгийн газрын нүүрийг үзлээ. Гэрээг гацааж буй шалтгаан нь дэд бүтэц, тухайлбал эрчим хүчийг Монголоос авах асуудал. Гэвч энэ бол шалтаг. Хамгийн гол шалтгаан буюу үнэн нь одоо байгуулах гэрээгээр Монгол Улсад унах ашиг бага байгаа.
Оюутолгойн нөөц баялгийн эцсийн бүрэн мэдээ гараагүй, нөгөөтэйгүүр “Айвенхоу майнз” бодит байдлаас зөрүүтэй тооцоо өгч буй нь гэрээг хойшлуулж буй хүчин зүйл яалтгүй мөн. Нөгөөтэйгүүр өнөө мөрдөгдөж байгаа хуулиудын цоорхой үүнд нэмэр оруулж буй. Юутай ч товлосон хугацаа нь дөхөхийн хэрээр “Айвенхоу”-гийнхон үлгэр шиг рекламуудаар тасралтгүй бөмбөгдөх боллоо. “Ямар ч их мөнгөтэй улс юм. Энэ их мөнгөний урсгал хэвлэл мэдээллээс гадна шийдвэр гаргагчид руу чиглэх вий” гэх айдас нийгмийн дунд төрөөд байгаа нь нууц биш ээ.
Байгалийн баялаг бол тав арван Засгийн газар, нэгэн үеийнхний өмч биш. Эцэг өвгөдөөс өвлөн ирсэн газар шороо, эрдэнэс баялаг биднийх ч, үр хүүхэд, хойч үеийнхний минь ч өмч. Тэднийхээ өмнө зөв буруугаа шүүлгэх түүхэн шийдвэрийг өнөө бид гаргах гэж байна.
20-р зуунд Монголд гадаадын хоёр том хөрөнгө оруулалт орсон. Нэг нь “Эрдэнэт”, нөгөө нь “Говь”. Тухайн үед дайны төлбөрт ирэх мөнгөөр Монголын хүн бүрт дээлийн торго өгөх төсөл хүртэл яригдаж байсан юм гэнэлээ. Харин дээдэс маань өнөөдөртөө захирагдалгүй маргаашаа харж “Говь”-ийг байгуулсны буяныг хэдэн үеэрээ л хүртэж байна. “Эрдэнэт” ч мөн адил. Монгол Улс өөрийн хувиа зээлээр бүрдүүлж, түүнээ төлж дуусмагц давуу эзэмшилтэй байхаар тохирсон нь өнөө яаж ч үгүйсгээд хамгийн боломжит хувилбар байсан. “Эрдэнэт” баяжмалаа хямд үнээр экспортолж байсан гэх мэт өнөөдөр хамаагүй асуудал, эцсийн дүндээ наймаа хэнд хожоотой салсан бэ, мэдээж бидэнд.
Оюутолгой бол 21-р зууны Монголын дуулиант хөрөнгө оруулалтуудын түүчээ. Түүний гэрээн дээр бид алдах эрхгүй юм. Тийм ч учраас гэрээ гацсан нь бидэнд алдаагүй нүүх боломж олгож байна. Ядуу Монгол баяжих, хөгжих хамаг итгэл найдвараа Оюутолгойдоо дайгаад ухаантай, зальтай, олон улсад зартай наймаачинтай наймаалцах мөч ойртож байна.
НӨӨЦ БАЯЛАГ СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ
“Байгалийн асар их баялагтай орнууд ихэнхдээ хүмүүс нь ядуурдаг, улс нь хөгждөггүй, баялгийн өгөөж харьцангуй цөөн хүнд ногддог”. Энэ бол Нобелийн шагналт эдийн засагч Ж.Штиглицийн үг.
Байгалийн баялаг ихтэй атлаа яагаад ядуу, хөгжилгүй байдаг вэ? Шалтгааныг нь Штиглиц эрхэм байгалийн их баялаг цөөнгүй сөрөг үр дагавар авчирдагаар тайлбарласан байна. Үүнд:
1. Төлөөс нэхэх сэтгэлгээ.
Байгалийн баялаг байгаа нөхцөлд баяжих хамгийн хялбар арга бол тэрхvv бялуунаас хvртэх, чингэхийг хичээх явдал юм. Тиймээс илvv том бялуу бvтээе гэхээсээ байгаа бялуугаа хувааж авахыг оролдоход эрч хvчээ зарцуулдаг байна. Энэ vйл явцын дvнд баялаг бvтээгдэхээсээ илvv сvйтгэгдэх нь олонтаа байдаг.
2. Авилгал, хээл хахууль залилан
…компаниуд ашгийг хамгийн их байлгах гэсэн энгийн нэг зорилготой байдаг, Тєлєх ёстой нийт мєнгєнийхєє хэмжээг хамгийн бага болгох шалгарсан арга бол тєрийн албан тушаалтныг хахуульдах явдал байдаг. Бvхэл бvтэн улсад тєлєхийн оронд ганц хvнд тєлсєн нь хамаагvй хямд бизээ. Хоёр дахь асуудал бол гэрээний хэрэгжилтийг хангах явдал юм. Гэрээнд заасны дагуу тэд "цэвэр дvн" буюу цэвэр орлогоосоо тооцсон тодорхой хэмжээний мєнгєн тєлбєрийг тєлєх ёстой. Гэвч …компаниуд тэрхvv "цэвэр дvн"-гээ багасгах талаар нягтлан бодох, тайлан бvртгэлийн заль гаргаж эхэлдэг.
3. “Голланд євчин”
Гаднаас асар их хэмжээний орлого орж ирэх нь дотоодын валютын ханш чангарахад хvргэдэг бєгєєд ингэх нь нефть болон байгалийн бусад баялгаас єєр бараа бvтээгдэхvvний экспортыг хvндрэлтэй болгож, энэ нь импортыг орлох салбар доройтоход хvргэнэ.
4. Валютын ханшийн хэлбэлзэл
Нефтийн /байгалийн бусад баялаг ч адил О.Э/ vнэ маш их хэлбэлзэлтэй байдгаас макро эдийн засгийн удирдлагад хvндрэл учирдаг. Сайн жил ч байна, бас муухан жил ч байна гэсэн vг. Эдийн засагт ийм маягийн хэлбэлзлийг удирдахад маш хэцvv байдаг, ялангуяа энэ мэтийн эрсдэлийг даах механизм байдаггvй хєгжиж байгаа орнуудын хувьд бvр хvндээр тусдаг.
5. Сул холбоос
...Нєєц баялагтай байх нь тэр бvр єсєлт хєгжилд хvргэдэггvйн бас нэг шалтгаан бол энэ салбар эдийн засгийн бусад салбартай сул холбоотой байдагт оршино. Єєрєєр хэлбэл, нефтийн салбар єєрєє хєгжихдєє бусад салбарын хєгжилд сайнаар нєлєєлж, тэднийг хамт хєгжvvлдэг салбар биш гэсэн vг юм.
Иймд нөөц баялгаа зөв ашиглахын тулд улс орнууд дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй гэж Нобелийн шагналт эдийн засагч зөвлөжээ. Үүнд:
“1. Улс орнууд баялаг гэж нэрлэдэг зүйл дээрээ мэхлүүлдэг явдал бий.
2. Баялгаас цөөн хүн ашиг хонжоо олох, түүнийг өөрийн болгохоор бүх арга, хэрэгслийг ашигладаг. Үүний дүнд нийгэм бүхэлдээ хохирдог.
3. Байгалийн баялаг ихтэй орнууд түүнээсээ хэт хамааралтай болж, үнийн маш их тогтворгүй байдал үүсдэг бөгөөд энэ нь эдийн засагт ихээхэн хортой.
4. Голланд өвчин
5. Баялгийг Засгийн газрууд зөвхөн ойр, зуурын ашиг олоход ашигладаг, үүний үр дүнд баялаг урт хугацааны тогтвортой хөгжилд хүргэдэггүй”.
ХУУДУУТАЙ ТООЦООНЫ АНХНЫ СЭЖҮҮРҮҮД
Нэрт эдийн засагчийн зөвлөгөө цагаа олжээ. Түүний сануулсан зарим алдаанаас сэргийлэх шаардлага яалтгүй гарлаа. Тухайлбал, “Айвенхоу Майнз” "Орд ашиглалтын цогцолбор тєлєвлєгєє"–ндөө олох ашгаа бодитой бус харуулсан. Зэсийн эрэлт хэрэгцээ улам ч өсөх хандлагатай байхад Айвенхоу олборлох алт зэсийнхээ үнийг одоогийн зах зээлийн ханшаас ч доогуур тооцсон бөгөөд зөвхөн ханшийн зөрүүг арилгахад л Монголын ард түмэнд ногдох хөрөнгийн хэмжээ 10 тэрбум доллараар нэмэгдэх тооцоог бие даасан судлаач Р.Болд* хийсэн байна.
“Айвенхоу”-гийнхны сурталчилж буйгаар “тэд 35 жилд 30 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, үүнээс 15 тэрбум нь зардал. Үлдэж байгаа 15 тэрбум долларыг Засгийн газар, Айвенхоу хоёр хувааж авна. Түүний 7 тэрбум нь Засгийн газарт татвар, хураамж хэлбэрээр очно” гэж буй. Хэрвээ ажиллагсдын төлөх татвар, нийгмийн даатгалын төлбөрийг хасаад бодитой тооцох юм бол Оюутолгойгоос Засгийн газарт очих өгөөж түүнээс ч бага болохыг “Нээлттэй нийгэм” форумаас гаргасан шинжээчийн дүгнэлт* баталж байгаа юм.
Засгийн газарт өгсөн төлөвлөгөөний тооцоо, Фридланд эрхмийн гадаадад ярьж буй зүйл хоёр газар тэнгэр шиг ялгаатай байгаад эрхгүй эгдүүцэл төрнө.
“Бидэнд дор хаяж 100 гаруй тэрбум долларын металл байгаа…Олборлолт хийгдээд ирэхээр нэг уурхайнаас єдрийн 90,000 тонн, нєгєєхєєс нь 50,000 тонн гаргаад байх юм бол мєнгийг жинхэнэ vйлдвэрлэж єгнє дєє. block cave (Айвенхоугийнхны олборлолтдоо ашиглах технологи)-ын дундаж зардал нь нэг тонны 1-2 доллар байх. Тээрэмдэхэд тонн бvрт 3-4 доллар нэмэгдэнэ гэж бодоход дунджаар нэг тонн зэс 5-6 долларын єртєгтэй гарна гэсэн vг. Энэ нь 5 доллараар цамц хийгээд, тvvнийгээ 100-гаар зарахтай л адил шvv дээ**.
Бизнесийн ёсзүйг сайн мэдэх хүн бүхний хувьд Фридланд эрхмийн мэдээлэл бол Засгийн газарт өгсөн цааснаас нь илүү бодитой, үнэн. Түүний дээр Оюутолгойн орд агуулгаараа гайхалтай, алтыг нь авахдаа л зэсийг нь нэмэлт зардал гаргахгүй, үнэгүй олборлох боломжтой зэргийг тооцвол “Айвенхоу”-гийн Монголд өгөхөөр амлаад буй 7 тэрбум доллар үнэхээр чамлалтай юм. Ингэхээр мэхлүүлэхгүйн тулд нөөц, баялгийн тооцоог ахин нягтлахаас аргагүй.
Олох ашгаа нэгэнт бодитой тооцоод гаргасан нөхцөлд Штиглиц эрхмийн зөвлөсөн тав дахь алдаа буюу Засгийн газрын үрэлгэн зангаас сэргийлэх, ядаж хазаарлах арга олдох байлгүй дээ.
ФРИДЛАНДЫН “ШПИ”-Г ГЭРЭЭНД ТУСГАЯ
Ноднин хавар АНУ-ын Флорида муж улсын Тампа хотод болсон Уул уурхайн хөрөнгө оруулагчдын бага хурал дээр “Айвенхоу Майнз” компанийн тэргүүн Р.Фридланд Оюутолгойн давуу талыг танилцуулахдаа
“Энд хүн байхгүй. Газар нь тэгшхэн. Янз бүрийн Төрийн бус байгууллагууд байхгүй. Хятадын хилээс 70 км зайтай. Энд цас ордоггүй. Хүмүүст садаа болохгүйгээр хаягдлаа асгах газар ихтэй...
Канадын Онтарио мужид Inco 53 хувийн татвар тєлдєг, мєн Индонезид Freeport 52 орчим хувь тєлдєг. Манай татвар 5, 6 хувь байлаа гэхэд бид Grasberg-аас хоёр дахин муу ажилласан ч, тэднээс ялгаагvй мєнгє хийх болно.” гэж ярьсан байдаг.
Тэгэхээр эндээс “Айвенхоу”-тай байгуулах ТБГ-д зайлшгүй тусгах ёстой зарим заалтууд гарч ирж байна.
Үүнд:
• Олох ашиг, төлөх татварын тооцоог нарийвчлах
• Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлыг үнэлэх, тусгах
• Төрийн бус байгууллагуудын хяналт
• Дэд бүтцийн асуудал. Түүний дээр хамгийн гол нь бидэнд рекламдаад байгаа 117 мянган ажлын байр чухам хаана яаж бий болохыг сонирхмоор байгаа юм. Тэр тусмаа Хьюго уурхайг хүүхдүүд ч ажиллуулахаар автоматчилна гэж танилцуулж буй хүмүүсээс тодорхой мэдээ нэхмээр байна. Эцсийн дүндээ ажлын байрны төлөө л Засгийн газар ажиллах ёстой биз дээ.
ОЮУТОЛГОЙ ЭРДЭНЭТ БОЛОХГҮЙ
МҮТВ-д өгсөн ярилцлагадаа ноён Р.Фридланд Оюутолгойд Эрдэнэт шиг хот босгох бодолгүй гээд Мардайг жишээлэн дурдсан. Үүнээс үзвэл Ханбогдод одоо байгаа хуаран маягийн явуулын хотхон хүрээгээ тэлэхээс бус хот болж өргөжихгүй нь бололтой. Энэ нь “Айвенхоу” эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн асуудлыг түр зуур шийдэх нь” гэсэн хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл Ханбогдод станц барихгүй, төвийн эрчим хүчтэй холбохгүй, харин дизелийн буюу авсаархан жижиг дэд станцаар цахилгааны асуудлаа шийдэхээр төлөвлөж буй бололтой. Үүнийгээ ч Фридланд нуухгүй “Хятадын засгийн газар нvvрсийг шингэн уруу хєрвvvлдэг Sasol технологи бvхий 7 тэрбум долларын хоёр шинэ vйлдвэр барихаар тєлєвлєчихсєн байгаа. Энэ нь бараг л гидрокарбон юм уу, дизель эсвэл байгалийн хий гэсэн vг л дээ. Энэ бол эрчим хvч, энэ бол манай зэсийн vйлдвэрийн хувьд асар хямд эрчим хvч” гэж хэлсэн.
Дэд бүтцийн тухайд ч мөн Хятадаас авна гээд Хятадын төрийн тэргүүн Ху Жинтаогийн нэрийг дурдан рекламдаж байгаа. Хэрвээ ноён Фридланд худлаа ярьдаггүй бол Ху Жинтао Оюутолгой, Тавантолгойг Хятадын зах зээлтэй холбох зам, төмөр замд 300 сая доллар зарцуулахаа түүнд амлажээ. Ингэснээр “Айвенхоу” сохор зоос ч гаргахгүйгээр дэд бүтэцтэй болох тооцоо цээжиндээ хийгээд сууж байна. Гэтэл манайхны хувьд “эрчим хүчээ Монголоос ав” гэхээс өөр яриа саналгүй сууж буй.
Ер нь герман эцэг, польш эхтэй, Канадын харъяалалтай, Сингапурт амьдарч, Хятад, Казахстан, Бирмд алт, зэс ухаж, олон улсад зардаг орчин үеийн бизнесмен Фридландын хувьд Оюутолгойг нээснээс хойш Солонгос, Япон, ялангуяа Хятадуудыг их далладаг болоод байгаа хүн. Түүний хятадуудад хичнээн их хайртайг ойлгож болох ч, “Хятадынх мөртөө Хятадын гадна байгаа… Оюутолгой Хятадын хөгжилд маш их нөлөө үзүүлнэ”* гэдэг байр суурийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй нь. “Оюутолгой эн түрүүнд Монгол Улс, монголчуудын хөгжилд маш их нөлөө үзүүлэх ёстой”.
Ямар ч байсан одоогийн байдлаар “Айвенхоу” Монголын говьд дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар Японы нэртэй компани Мицуитэй гэрээ хийгээд байгаа. Харин “Мицуи” яг юуг хийхээр төлөвлөж байгаа нь одоохондоо тодорхойгүй. Энэ нөхцөлд Монголын тал тэдэнд эрчим хүчийг дотоодоос хангах, төмөр замыг Зүүнбаян, Замын-Үүдтэй холбох бодитой тооцоотой тодорхой төслийг барих хэрэгтэй байна.
ОЮУТОЛГОЙД ТӨР ХУВЬ ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ
Өнгөрөгч намрыг хүртэл Оюутолгойн төлөөх тэмцээнд шийдвэр гаргах эрхийг эс тооцвол хөрөнгө оруулагч арай давуу байлаа. Харин иргэний хөдөлгөөн, олон нийтийн шаардлагын ачаар өнөөдөр Засгийн газар хөрөнгө оруулагчтай тэнцүү зиндаанд сууж байна. Өнөөг хүртэл “Айвенхоу” Засгийн газарт
• Ордыг бид нээсэн.
• Хамаг эрсдэлийг үүрсэн.
• 268 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 5,6 тэрбум төгрөгийн татвар төлсөн.
• Ашиглах хөрөнгийг олж байгаа гэдгээр түрүү барин хандаж буй.
Хариуд нь Монголын талаас барьж байгаа ганц барьц бол “Оюутолгой Монголын төр, ард түмний өмч”. “Чухам энэ үг л Айвенхоутай ТБГ хийхэд баримтлах амин чухал зарчим бөгөөд хэрвээ анхаарч харж гэмээнэ Монголын төрд бас давуу эрх байгаа юм” гэж ЭЗХТЗ-ийн зөвлөх байсан туршлагатай эдийн засагч, техникийн шинжлэх ухааны доктор Я.Гомбосүрэн хэлсэн юм.
Я.Гомбосүрэн гуайн хэлснээр бусдын хийснийг булааж, 50:50 гэж хашгичихгүйгээр Оюутолгой шиг баялаг ордуудад эзэн суулцах, хувьцаа эзэмших боломж төрд бүрэн бий гэнэ. Тодруулбал,
“1. Усныхаа баялгийг үнэлээд үйлдвэрийн дүрмийн сан, хувьцаанд нь оруулж болно. /Жич өнөөг хүртэл манайх усаа бараг үнэлэхгүй ашиглуулж байгаа/
2. Нөөц ашигласны төлбөрийг орлогоос нь бодоод шууд авч болно. Бас хувьцаанд нь оруулах арга байна.
3. Газрын төлбөрийг үнэлээд хувьцаанд оруулах уу, шууд авах уу гэдгээ төр шийдэх хэрэгтэй.
4. Экологийн хохирлын буюу байгаль орчны үнэлгээг хувьцаандаа оруулаад ногдол ашгийг нь аваад явж болно” гэсэн саналыг “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад авах комиссын гишүүн байсан энэхүү эрдэмтэн зөвлөж байгаа юм. Бодууштай л санал.
Энд дэвшүүлж буй экологийн үнэлгээ бол бидний сайн мэдэх нөхөн сэргээлтээс тусдаа зүйл аж. Нөхөн сэргээлтийг олборлолтын явцад хөрс шороог эвдэлсэн компани өртөгтөө тусган хийдэг. Харин олон улсад экологийн хохирлын үнэлгээг хийхдээ хөрс яаж сүйдэв, ус, агаар яаж бохирдов, ургамал, амьтны аймагт хэрхэн нөлөөлөв, газар хэр эвдрэв, орон нутаг хэр цөлжсөн гээд олон үзүүлэлтийг харгалздаг юм байна. Тэгэхээр энэ талаар Айвенхоутай байгуулах ТБГ-нд тусгах шаардлага байна.
ЭРХЭМ ТӨР ТА ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛАХ ЦАГ ИРЛЭЭ
Оюутолгой, Тавантолгойн асуудлаас үүдэн УИХ Ашигт малтмалын болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Хамгийн хачирхмаар нь гар хүрэх гэж байгаа хуулиуд дотор гадаадынханд Монголын баялгийг найр тавин татваргүй ачуулаад байгаа гол буруутан болох “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль” бараа ч алга. Яагаад тэр вэ? Хэрвээ энэ хуулийг хөдөлгөхгүй бол Айвенхоутай байгуулах ТБГ-д эхний 10 жилд хамаг ашгийг гадагш татваргүй ачуулах заалт сууж л таарна шүү дээ.
Хэрвээ төр Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хөндөхгүй гэсэн байр суурьтай байгаа бол зайлшгүй эргэж харах нэг зүйл байна. Тэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ.
Түүх сөхвөл, “Эрдэнэт” үйлдвэр 1979- 1991 он хүртэл 8% нөөц ашигласны төлбөртэй явж байжээ. Энэ бол үнэхээр өндөр хувь. Одоо манайх борлуулалтын орлогоос 2.5 хувь байгаа. Их ч биш, бага ч биш, алтан дунд. Түүнийг нэмэх үндэслэл бий юу гэвэл бий. Дэлхийн банкнаас манай Засгийн газарт өгсөн зөвлөмжид “дэлхийн дундаж 4%” гэсэн буй.
Уг нь эдийн засгийн сонгодог утгаараа бол бид татварыг нэмэх биш аль болох багасгах учиртай. Татвар бага л тусмаа хөрөнгө оруулалтыг татахад сайн, тэр тусмаа Австрали, Канад, АНУ, Чили, Аргентин гээд бидэнтэй амжилттай өрсөлдөж байгаа бусад орон нөөц ашигласны төлбөргүй буюу маш бага хувьтай байгаа өнөө үед. (Судлаад үзэхээр нөөц ашигласны төлбөрийн талаар маш сонирхолтой санаа төрөх юм билээ, гэхдээ энэ тухай хожим жич өгүүлье).
Гэвч Австрали, Канад, АНУ-д хуулийн хэрэгжилтэд тавьдаг хяналт, тооцдог хариуцлага ямар билээ. Манайх ямар билээ.
Ингээд бодохоор Монголын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бууруулах төлөв өнөөдөртөө харагдахгүй л байна.
Дээр нь гадаадын хөрөнгө оруулалттай компани, байгууллагад ногдох татварыг эхний 5 жилд 100%, дараагийн 3 жилд 50% хөнгөлдөг, тоног төхөөрөмж оруулж ирэхэд импортын татвар 0-5% байгаа манай нөхцөлд нөөц ашигласны төлбөрийг нэмэх, дэлхийн дундажид хүргэх, эсбөгөөс түүнийг тооцдог аргачлалыг өөрчлөх шаардлага зайлшгүй байна.
Ер нь эрдэс баялгийн олборлолтод ногдуулах татвар, хөнгөлөлт, чөлөөлөлтийг ашиглах жилээр биш, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээгээр тооцдог тогтолцоог төр та судалж үзэж болохгүй юу. (Тэгэхээр ахиад л Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд гар хүрэх асуудал босох юм)
Гуравт, Оюутолгойгоос үүдэн боссон бас нэг асуудал бол хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлага. Монгол Улсын Ашигт малтмалын хуулийн 39-р зүйлд “хайгуулын лицензийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын үр дүнгийн нэгдсэн эцсийн тайлан болон анхдагч материалуудын нэг хувийг үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгнө” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл хайгуул дууссаны дараа л ашиглалтын лиценз өгнө буюу авна гэсэн үг. Гэтэл “Айвенхоу” хайгуулаа дуусгаагүй, эцсийн тайлангаа өгөөгүй, одоо ч өрөмдөж байгаа. Гэтэл түүнд ашиглалтын лиценз олгочихсон нь хууль зөрчсөн хэрэг билээ. Чухамдаа энэхүү ашиглалтын лиценз л олон улсын хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа “Айвенхоу”-гийн хувьцааны үнийг өсгөх хөшүүргийн нэг болж буй гэвэл маргах хүн цөөн биз.
Түүнчлэн төр таны хүлээх үүрэг, хийх ажилд зайлшгүй багтах зүйл бол баялгаа ухуулсан нутгийнханд үнэртэхийн төдийг амсуулдаг одоогийн тогтолцоог халах, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулах, хамгийн гол нь бүх мэдээллийг ил тод болгох асуудал орж байна. Засгийн газар компаниудтай ямар гэрээ байгуулж, хэдий хэрийн төлбөр төлж, байгалийн баялгаас төсөвт хэдэн төгрөг, орон нутагт юу орж байгаа, тэрхүү орлогыг хэрхэн зарцуулж байгааг иргэд мэддэг, хянадаг, тэдэнд тайлагнадаг тогтолцоо бидэнд чухал байна. Түүний тулд Төр та “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-д нэгдэн орох цаг болжээ. Бүр нэн даруйхан.
ОЮУТОЛГОЙГ ЧӨЛӨӨТ БҮС БОЛГОЁ
Нэгэнт УИХ Гадаадын хөрөнгө оруулалт, татварын хуульд гар хүргэхгүй өнөөгийн нөхцөлд “Айвенхоу”-тай ТБГ байгуулахад Монголд ашиггүй. Гэтэл Оюутолгой бол Монголын хувьд стратегийн ач холбогдолтой, цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийн хэмжээний том орд. Түүнийг хэрхэн ашиглахаас манай улсын ирээдүйн хөгжлийн төлөв гарах төдийгүй цаашид байгуулагдах ТБГ-үүдэд жишиг загвар болох учиртай.
Магадгүй энэ өвөрмөц онцлог “Айвенхоу майнз”-ыг Оюутолгойн талаар тусгай хуулийн төсөл санаачлахад хүргэсэн байх. Хэрвээ Оюутолгойн асуудлаар тусгай хуулийн төсөл Засгийн газар боловсруулж гэмээнэ дээр дурдсан Монголд ашиггүй хуулийн цоорхойнуудыг нөхөх гарц нээгдэж болох юм.
Ер нь Оюутолгойд Алтанбулаг шиг эдийн засгийн чөлөөт бүсийн хууль ч юм уу татвар, нийгмийн асуудлыг нь зохицуулсан, хэн хэнээ гомдоохгүйгээр харилцан ашигтай түншлэхээр тусгай журам хэрэгтэй байх шиг. Тэгж гэмээнэ Оюутолгой монголчууддаа өгөөж буянаа хайрласан, эрдэнэсийн алтан булаг болно.
Эцэст нь эрхэм Штиглицийн монголчуудад онлайнаар өгсөн зөвлөгөөнд анхаарлыг тань хандуулъя.
“Аль нэг орон гадаадын компанитай байгалийн баялаг олборлох гэрээ байгуулж, гадаадын компани бага хэмжээний хураамж төлөн үйлдвэрлэл явуулахад ДНБ өсөх боловч энэ үзүүлэлт нь байгалийн бүтээгдэхүүний хорогдлыг тооцдоггүй учир тухайн орон үнэн хэрэгтээ тэр хэмжээгээр ядуурч байгаа юм. Үндэсний Цэвэр Бүтээгдэхүүн (ҮЦБ)-ий үзүүлэлт харин үүнийг тооцдог бөгөөд тухайн орны үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээг бус, түүнээс олох орлогыг авч үздэг. Хэрэв энэ бүх орлого Канадад байгаа уул уурхайн компанид орж байгаа бол энэ нь Монголын ард түмэнд хэрэг болохгүй. Тэгэхээр ҮЦБ-ний үзүүлэлт нь тухайн оронд үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүнийг бус тэр бүтээгдэхүүнээс тухайн оронд орж байгаа орлогыг тооцдог. Хэрэв тухайн орон байгалийн баялгийнхаа төлбөрт авбал зохих ёстой нөхөн төлбөрөө гүйцэд авахгүй байгаа бол түүнийг хууран мэхэлж буй хэрэг бөгөөд үүний үр дүнд уг орон ядуурч буй хэрэг”.
“Оюутолгой Монгол Улсын ДНБ-ийг өсгөнө” гэж сурталчилж буй. эрхмүүдээс одоо би “Оюутолгой Монгол Улсын Үндэсний цэвэр бүтээгдэхүүнийг яаж өсгөх вэ?” гэж асуумаар байна.

Зүүлтийн тайлбарууд:
*Оюутолгойд барих уурхайгаа баялгийг нь анх тооцоолж, үнэ ханшийг нь үнэлж өгсөн найз Хюго Дамметынхаа нэрээр нэрлэхээ ноён Фридланд ноднин зарласан билээ.
* Эдийн засагч Ж.Штиглицийн өгүүллийг та Интернэтээс www.forum.mn сайтаас уншиж болно.
* Ноён Р.Фридландын хэлсэн үг, тоо баримтыг “BMO Nesbitt Burns 2005 Global Resources Conference”-д тавьсан илтгэлээс нь авав.
* Нийтлэлд “Нээлттэй нийгэм” форумаас Оюутолгойн орд ашиглалтын төлөвлөгөөнд хийсэн анализын дүгнэлт (www.forum.mn), бие даасан судлаач Р.Болдын (2005 оны 12-р сард “Сэрүүлэг” сонинд нийтлүүлсэн )тооцоонуудаас оруулав.
* “Айвенхоу майнз”-ын ашиг орлого, 2005 оны 12-р сарын 1-нд Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Үйлдвэр худалдааны яаман дээр болсон уулзалт дээр “Айвенхоу майнз Монголиа” компанийн дэд ерөнхийлөгч А.Мөнхбатын хийсэн танилцуулгаас ишлэв.
* Сонирхолтой санал, үнэтэй зөвлөмжөөрөө тусалсан техникийн ухааны доктор, эрдэмтэн Я.Гомбосүрэнд талархлаа илэрхийлье.

ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА ДЭМЖЭЭЧ
АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН ШИГ ЭВДЭРХИЙ ТЭВШТЭЙГЭЭ
ХОЦОРЧ БАЙЛАА /дэд гарчиг/
“Өдрийн сонин” 2005 оны 11-р сарын 28 ¹386
О.Энхжавхлан
“Инфорум” сонин
“Геосан” ХХК-ийн захирал Г.Ихбаяр, ерөнхий геологич Ж.Тогтох, ерөнхий менежер Б.Энхтүвшинтэй хийсэн ярилцлага маань тэдний компанийн намтар түүхээс эхлэв.
“Геосан” компани 1996 онд байгуулагдсан. Одоо 20 гаруй ажилтантай. Ид ачаалалтай үедээ 60-аад хүн ажиллуулна. Түншүүдийнхээ захиалгаар геологи, геофизикийн хайгуул хийдэг Монголын цөөн компанийн нэг аж.
Түншүүд нь гэвэл гадаадынхан, голлох нь Канад, Австралийн геологи, хайгуулын компаниуд. Анх гуравхан хүнтэй эхэлсэн энэ цомхон хамт олны түүхэнд тэнгэр бүрхэж аянга цахисан он жилүүд ч бий аж.
Г.ИХБАЯР: - Бид анх алтны хайгуулын жижиг ажлууд хийж байсан.
1996- 1997 онд Канадын компаниуд Монгол руу анх орж ирсэн. Тэр үеийн гайхамшиг нь Монголдоо л рекорд тогтоохоор өндөр цалин байсан. Сарын 650- 750$-ын цалинтай байлаа.
1998 оноос бид геофизикийн ажлаа хийж эхэлсэн. Нэлээн үр бүтээлтэй ажиллаж байтал гэнэт цохилт ирсэн. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ унаад бидэнтэй хамтран ажиллаж байсан Канадын компаниуд Монголоос явсан. Тэр үед бид яг л “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг эвдэрхий тэвштэйгээ хоцорч билээ.
Ж.ТОГТОХ: -Үргэлж л ажил их, цалин өндөр байх юм шиг бодож явсан бидний хувьд энэ явдал маш том сургамж болсон юм.
Г.ИХБАЯР: - Хэзээ ч мартагдашгүй сургамж болсон. Хуримтлал үүсгэж чадаагүй байсан болохоор тэр хүнд үед хүмүүсийнхээ цалинг ч тавьж чадахаа больж, чадалтай ажилтнуудаасаа өөр айлд алдаж байлаа. Гэхдээ тэд маань эргээд ирсэн. Үндсэндээ 2002 оноос л бидний ажил идэвхжсэн.
МАНАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ГАДААДАД АЖИЛЛАДАГ /дэд гарчиг/
Хэдийгээр ид ажлын улирал дууссан ч “Геосан”-гийнхан завгүй л сууж байна. Тэд түншүүдийнхээ захиалгаар зэс, алт, уран, нүүрсний хайгуулын ажил, геофизикийн хэд хэдэн ажил хийж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр 2 төсөл хэрэгжүүлж буй.
Ж.ТОГТОХ: - Улсын захиалгаар хийж байгаа ажил гэвэл “1:50 000-ы масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”, нөгөө нь “1:200 000-ы масштабтай хүндийн хүчний судалгаа”. Энэ бол газрын тос дээр хэрэглэдэг гол суурь ажил л даа.
Г.ИХБАЯР: - Монголын хэмжээнд хийгдэж байгаа геологи, хайгуулын ажлын багагүй хувийг бид хийдэг. Зөвхөн дотооддоо ч биш, гадагшаа гарч ажиллах захиалга ч ирж байгаа.
Сая манай 2 инженер Канад, Швейцарийн компаниудын захиалгаар Хятад, Бирмд алтны хайгуулын геофизикийн судалгааны ажил нэг сар орчим хийгээд ирсэн. Он гараад Филиппинд нэг ажлын захиалгатай. Бид инженерүүдээ гадаадад ажиллуулж, оюуны экспорт хийсэндээ их баяртай байгаа.
- Гадагшаа ажиллуулах захиалга ирэхийг бодоход танайхны мэдлэг, чадварыг түншүүд чинь үнэлдэг юм аа даа?
Г.ИХБАЯР: - Бид Монголд хийж байгаа ажлаа л тэнд хийсэн. Ер нь манайхтай хамтран ажилласан түншүүдийн маань олонхи нь дахин захиалга өгдөг. Энэ бол манай компанийн техник тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийн ур чадварыг үнэлж байгаа хэрэг.
- Танайх хаанахын тоног төхөөрөмжтэй вэ?
Г.ИХБАЯР: - Манайх АНУ, Франц, Канадын багаж техниктэй. Зарим түнш маань “танайд ийм төхөөрөмж байгаа юм уу, та нар үүнийгээ ашиглаж чаддаг юм уу” гэж гайхдаг л юм.
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж, төхөөрөмжийг Монголдоо авчирч байгаа болохоор бид өөрсдийгөө хөрөнгө оруулагч гэж боддог. Тоног төхөөрөмжөөсөө гадна түүн дээр ажиллах хүнийг ч бэлддэг. 2005 оны 4-р сард 2 хүнийг АНУ-д сургасан. Бидний ажил ихэсч байгаа болохоор ахиад багаж нэмж авна. Ирэх жил 2-4 хүн явуулах төлөвлөгөөтэй.
Энд ярих нэг асуудал байдаг. Гадаадынхан 70 мянган долларын багаж авчрахдаа нэг ч долларын татвар төлдөггүй. Харин бид бол гаалийн татвар, НӨТ-аа төлдөгөөрөө төлнө. Тэгэхээр 60 мянган долларын үнэтэй багаж татваруудаа нэмэхээр 78 мянган доллараар орж ирж байгаа юм. Энэ мөнгийг бид хаанаас олох вэ. Мэдээж банкнаас зээл авч, эргээд үйл ажиллагааныхаа орлогоос төлдөг. “Чадалтай багаж төхөөрөмж авчрах сан” гэж хүсдэг олон монгол бизнесмен бий. Гэтэл тэднийг татварын дарамт үнэхээр айлгаж байгаа.
Нэгэнт манай улс өөртөө үйлдвэрлэдэггүй орон болохоор шинэ техник, технологийг дэмжих бодлого явуулмаар байна. Өнөөдөр мэдээллийн технологийн төхөөрөмж дээр хөнгөлөлт үзүүлэх тухай ярьж байна. Түүн дээр уул уурхайн салбарт орж ирж байгаа хамгийн сүүлийн үеийн багаж, төхөөрөмжүүдийг нэмээч ээ. Монголчуудаа сургаж байгаа дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжээч ээ гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл уул уурхай Монголын хөгжлийн ойрын ирээдүйд чухал үүрэгтэй салбар.
ЛИЦЕНЗИЙН НАЙМААГ ХААЯ ГЭВЭЛ ТӨЛБӨРИЙГ НЬ НЭМ Л ДЭЭ/дэд гарчиг/
Бидний яриа сүүлийн үед шуугиад байгаа сэдэв рүү орлоо. АМГТХЭГ-ын дарга 2005 оны 10-р сарын 28-нд 150-р тушаалаараа “Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг зохицуулах журам” баталсан юм. Шинэ журамд лиценз эзэмшигчдийг нэлээн чангалсан хэд хэдэн заалт бий. Тухайлбал, тайлан мэдээгээ ирүүлээгүй лиценз эзэмшигчийн талаар УМХГ-т сар бүр мэдээ гаргаж өгөх, хайгуул, ашиглалтын лицензээ бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад шилжүүлэхээр гаргасан өргөдөл, гэрээ бүрийг Геологи, уул уурхайн кадастрын газарт хянаж үзээд ЦЕГ-ын гааль, татварын хэрэг бүртгэх газар танилцуулж тодорхойлолт гаргуулна гэх мэтээр журамлажээ. Энэ журмаар бас лицензийн гэрээ, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх гэрээг шинэчлэхээр болж загварыг нь баталсан билээ.
- Шинэ журам та бүхний ажилд хэр нөлөөлж байна?
Ж.ТОГТОХ:- Сая хүртэл бид яриад сууж байлаа. Манайх “Геомин” гээд охин компанитай. Тэндээ хэдэн лиценз эзэмшдэг юм. Шинэ журам гарснаар 2-3 талбайгаа алдаад сууж байна. Ер нь цаашдаа лицензтэй талбай маань биднийх үү, хүнийх үү гэдэг ойлгомжгүй болж байгаа.
- Талбайгаа яагаад алдчихав аа?
Ж.ТОГТОХ: - Урьд нь Кадастрын албанаас “Танайх тэдний дотор лицензийнхээ төлбөрийг төл. Тэгэхгүй бол хүчингүй болно” гэсэн мэдэгдэл өгдөг байлаа. Тогтсон хугацаанд нь амжаагүй бол 1 сарын дотор алдангитай нь төлдөг. Тэр хугацаа өнгөрвөл ямар ч үггүй эрхийг нь цуцалдаг байсан. Хуульдаа тэгээд заачихсан байгаа л даа.
Одоо бол лицензийнхээ төлбөрийг хугацаанаасаа 1 сарын өмнө төлөх ёстой. Дээр нь жил бүр орон нутгаас санал авахаар болсон. Хуулиасаа ч чанга журам гарсан.
Монгол улсын хуулиар албан байгууллага, хувь хүн ч лиценз эзэмших эрхтэй. Мэдээж компани, байгууллагуудын хувьд арай гайгүй байж болох ч иргэдийн хувьд энэ шийдвэр дарамт авчирна.
- Уучлаарай, хэрвээ иргэн би Баян-Өлгийд лиценз эзэмшдэг байвал жил бүр тийшээ явж, Засаг даргын зөвшөөрлийг авах хэрэгтэй болох нь ээ.
Ж.ТОГТОХ:- Тийм ээ. Гарах зардал компаниудад бага байж болох ч иргэдэд бол хэцүү шүү дээ.
- Хэрвээ Засаг дарга нь зөвшөөрөхгүй гээд гэдийчихвэл лиценз эзэмшигчид яах болж байна?
Б.ЭНХТҮВШИН: -Зөвшөөрөл авах гээд өчнөөн зардал гаргаж очсон хүмүүс чинь бүх л аргаа хэрэглэж таарна биз дээ. Энэ чинь Ашигт малтмалын хуулиар олгосон нээлттэй, ил тод хөшүүргийг боомилоод бүх эрх мэдлийг ганц хоёрхон хүний гарт өгсөнтэй ялгаа юу байх вэ. Эцсийн дүндээ авилгал, хээл хахуулийг дэмжсэн хэрэг биз дээ.
- Эдгээр шийдвэрийн цаана лицензийг дамлан зарж байгааг зогсоох бодлого байгаа юм биш үү. Лицензийн наймааг яавал зогсоох вэ?
Г.ИХБАЯР: - Олон лицензтэй хүмүүс бий. Тэр бүр их ашиг олдог гэж үү. Лиценз зараад сүртэй баяжсан лиценз эзэмшигчийг би сайн мэдэхгүй байна.
Нэг иргэн лицензээ 100 мянган доллараар зарж. Монгол Улсын иргэн 100 мянган доллартай болно. Лицензийг нь авсан хүн талбайд нь ажиллахын тулд Монголд ахиад 100 мянган доллар оруулна. Лицензээ зарсан нөхөр тэр мөнгөөрөө ахиад талбай аваад хамгийн цөөндөө 10-аад хүн тэжээгээд явж байгаа. Эцсийн дүндээ хэнд ашигтай вэ? Монгол улс, монголчуудад бидэнд биш гэж үү.
ТӨЛБӨР НЭМБЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗУГТАХ УУ?
“Уул уурхайнхан их мөнгө олоод байдаг. Ард түмэнд тэр нь хүртдэггүй. Монголын баялгийг гадаадынхан цөлмөж, монголчууд өөрсдөө хоосон хоцорлоо” гэсэн хардлага нийгмийн дунд хүчтэй тарж байна. Тэгвэл нөгөө талаас “Зах зээлийн зарчмаараа явж байгаа бизнест төр засаг хутгалдан оролцох нь буруу. Төрийн түшээд улс төржиж хуулиа өөрчилбөл Монголд итгэж мөнгөө авчирсан гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээнэ” гэсэн үзэл бодол сонсогддог. Хоорондоо зөрүүтэй хоёр байр суурийн талаар хардлагын гол бай болсон геологичдын үгийг сонсох сонин байлаа.
Тэдний яриаг жирийн уншигчдад тодотгохын үүднээс зарим газар товч тодотгол хийснээ энэ дашрамд дурдъя.
- Лицензийн төлбөрийг нэмэхээр хөрөнгө оруулагчид дургүйцнэ, улмаар оруулсан хөрөнгөө татан авах болно гэж болгоомжлол байгаа…
Ж.ТОГТОХ:- О. Энхсайхан тэргүүтнүүдийн яриад байгааг сонсоход сайхан. Санаа авууштай зүйл ч яриад байгаа. Жишээлбэл тэр Венесуэлийн туршлага байна. Миний хувьд лицензийн төлбөрөө нэмэх асуудлаа орд болж байгаа газруудтайгаа ярих хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Харин хайгуул бол цэвэр эрсдэл. Газарт мөнгөө булж байгаа л гэсэн үг шүү дээ.

Тодотгол: Венесуэл яаж шийдсэн бэ?
Венесуэлийн Ерөнхийлөгч Х.Чавес одоо мөрдөгдөж буй газрын тос олборлох 32 гэрээнд хүчээр өөрчлөлт оруулан ашгийн татвар 39% байсныг 50%, нөөц ашигласны татвар 1% байсныг 17% болгон нэмжээ. Түүнчлэн гадаадтай хамтарсан үйлдвэрийн 51%-ийг Венесуэлийн талд эзэмшүүлэхийг тулгасан байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг багагүй бужигнуулсан энэ шийдвэрийн үр дүнд зарим нэг компани тус улсаас гарсан ч “Shell” гэх мэт газрын тос олборлогч томчууд үлдэн, төлөх татвараа нэмжээ. Ингэснээр Венесуэл улсын төсөвт 10 тэрбум ам.доллар орсон бөгөөд тэрхүү хөрөнгийг нийгмийн халамжид зарцуулахаар төлөвлөжээ.
Б.ЭНХТҮВШИН: - Нийтэд нь ашигт малтмал гэж хий шуугихгүй, хайгуул, ашиглалт хоёрыг ялгаж ойлгомоор байна. Нэг нь /хайгуул нь/ 1 сая, үсрээд 10 сая доллар, нөгөө нь /ашиглалт нь/ хамгийн багадаа 100 сая, олох ашиг нь 500 сая доллараар яригддаг. Харьцуулахад нэг нь саятан, нөгөө нь тэрбумтан.
Нэг нь авчирсан мөнгөө газарт булаад буцаж ч магадгүй. Нөгөө нь бол баталгаатай, нөөц нь тогтоогдсон, үгүй ядаж ашигт малтмал байгаа гэдэг нь тов тодорхой болсон орд дээр ирж, түүнийг ашиглаж, мөнгөө өсгөхөөр хөрөнгө оруулж байгаа.
10 сая доллараараа хайгуул хийж хийж юу ч олохгүй буцах хүмүүс, 75 сая доллар оруулаад тэндээс 500 сая доллар олох хүмүүс ялгаатай шүү дээ. Гэхдээ хоёулаа л хөрөнгө оруулагч.
Тэгэхээр хайгуул хийж байгаа хүнийг бид айлгах биш дэмжмээр байна. Хайгуул яагаад бидэнд чухал вэ гэхээр 1:50 000-ы масштабаар Монгол Улсын 20 гаруй хувийг л судалсан. Үлдсэн 70-аад хувь нь хөрөнгө оруулагчдын ачаар судлагдаж байгаа. Шинэ ордыг шууд олдоггүй, 1-2, бүр 10 удаа эргэж байж орд болдог. Хайж хайж юу ч олохгүй байж болно. Тэр чигээрээ эрсдэл.
Байдал ийм л байгаа. Харин баахан лиценз авчихаад хав дараад сууж байгаа хүмүүсийг хөшүүрэгдэх л хэрэгтэй. Магадгүй хөшүүрэгдэх нэг арга бол лицензийн төлбөрийг нь нэмж болно.
Г.ИХБАЯР:- 5 центийг 1 доллар болговол 30 лиценз эзэмшдэг хүн өөрийн эрхгүй бодож эхэлнэ. Аль лицензээ авч үлдвэл дээр вэ, алинд нь дэмий мөнгө төлөх бол гэж. Тэгснээр эзэмшдэг 30 лицензийнх нь тоо 14 болж буурч болно. Ер нь лицензийн төлбөр маш бага учраас иргэн тавь, жаран лиценз бариад сууж байгаа шүү дээ.
Б.ЭНХТҮВШИН:- Тэгээд ч лицензийн төлбөрийг нэмэх бодит шалтгаан ч байна. Өнөөдөр түлш, шатахууны үнэ өссөн. Түүнийг дагаад хэрэглээний бүх зүйлийн үнэ өртөг нэмэгдэж байна. “Инфляц ийм болсон тул бид лицензийн төлбөрөө ингэж нэмлээ” гэвэл гадаад, дотоодын хэн ч эсэргүүцэхгүй. Харин улс төржсөн буруу сурталчилгаа сөрөг нөлөөтэй.
Тодотгол: Лиценз эзэмшигчид хэдийг төлдөг вэ?


Г.ИХБАЯР:- Тэртэй тэргүй бид хуулиараа мянган сайхан нөхцөл амласан ч дэлхийн зах зээл дээр алтны үнэ унахад хайгуулд хөрөнгөө оруулсан улс гараад л явчихна. Гараад явахад бэлэн улсыг бид нэмж хөөх шаардлага байна уу. Харин олборлолт хийдэг компаниуд бол өөр. Тэд илүүг олох гэж энд хөрөнгөө оруулсан. Түүнийгээ нөхөж, нэмж ашиг олж байж л явахыг бодно шүү дээ. 500 саяыг олно гээд 50 сая доллараа зарсан хүн ашгийн төдөн хувь гээд тогтоосон ч оруулснаа олж байж явна.
Б.ЭНХТҮВШИН:- Хайгуулынхан 1998 онд гараад л явсан шүү дээ. Тэр үед ардчилсан, ил тод Ашигт малтмалын хууль маань ч тэднийг энд тогтоож хүчрээгүй.
ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ҮҮ, ЭСВЭЛ ?
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг энэ салбарынхан өмөөрдөг. Харин улс төрчид шүүмжилдэг. Шүүмжлэлийн гол санаа нь “Монголчууд баялгийнхаа талыг авах ёстой” билээ.
Г.ИХБАЯР: - Хууль өөрчлөх тухай шуугиад эхлэхээр судлаад үзсэн Ашигт малтмалын гэхээсээ бусад хууль тогтоомжид нэн түрүүн өөрчлөлт хиймээр санагдсан шүү.
Б.ЭНХТҮВШИН: - Орд болгон өөр өөр онцлогтой. Алт бол худалдан авагч нь тодорхой бүтээгдэхүүн. Алт гараа л бол аль нэг улсын банкинд аваачаад худалдана. Гэтэл алтан дээр НӨТ яагаад тэглэснийг би хувьдаа ойлгодоггүй.
Г.ИХБАЯР:- .Алтаар бизнес хийсэн улс эрс баяжсан нь нууц биш. Миний хувьд олборлох бүтээгдэхүүний хэмжээнд татварын хөнгөлөлт үзүүлэхээс биш ашиглах жилээр хөнгөлнө гэдэг байж боломгүй санагдсан. Тухайлбал олборлосон эхний 10 тн алтны татварыг хөнгөлнө, чөлөөлнө гэвэл өөр. Түүнээс биш үйл ажиллагаагаа явуулснаас хойш эхний 5 жилд татварыг хөнгөлнө, чөлөөлнө гэдэг буруу юм.
Татваргүй хугацаандаа багтаан ашгаа олох гээд хөрөнгө оруулагч маш чадалтай, дэвшилтэт технологи оруулж ирээд 3 жилд хамаг алтыг нь аваад явлаа гэхэд бид хоосон л хоцорно. Тэгэхгүй гэх газаргүй шүү дээ. Миний бодлоор эн түрүүнд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилмөөр байна.
Б.ЭНХТҮВШИН: - УИХ-ын гишүүн О.Энхсайханы дэвшүүлсэн 50:50-ийн саналын эх үндэс нь Бороогийн алтны уурхай. Бэлэн болсон орд ашиглалтад орохдоо ямар их бэрхшээл, хугацаа туулдагийг Бороогийн түүх бэлхнээ харуулж байгаа. Бороогийн орд ашиглалтад орсноор Монголд огт байгаагүй барууны дэвшилтэт технологи орж ирсэн. Энэ бол үнэхээр сайн зүйл. Гэхдээ ярих зүйл ч бас бий.

Тодотгол: Бороогийн орд
Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нутагт оршдог Бороогийн алтны ордыг 1910 онд “Монголор”-ынхон нээжээ. Социализмын жилүүдэд энэ ордын нөөцийг тогтоож, Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийсэн бөгөөд зөвхөн 1982- 1988 онд Бороод 343 цооног өрөмдсөн байна.
Бороогийн алтны орд 2.5 км х 1.5 км газар нутгийг эзэлдэг. Батлагдсан ба боломжит нөөц нь дундажаар 3.5 гр/тонн ангилалтай 1.2 сая унц алт. Ордын ашиглалтын хугацаа нь 6 жил. 2004 оны 3-р сарын 1-нээс ашиглалтад ороод тухайн онд гэхэд 225 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. /Энд жирийн хүмүүст ойлгомжтой байх зарим тоог оруулбал зүгээр/
Г.ИХБАЯР:- Хайгуул эхэлж байгаа улстай ашгаа 50:50 хувиар хуваана гэж ярих өөрөө инээдтэй. Алаагүй үнэгний арьсаар малгай хийсэнтэй л адил. Олборлож, ашиглалтад оруулж байгаа ордуудын хувьд Тогтвортой байдлын гэрээг нь нягталж хийгүүштэй санагддаг. Хөрөнгө оруулалтын хууль дээр эргэж хармаар зүйл бий. Жишээ нь, би нэг гадаадын иргэнтэй joint venture байгуулъя. Тэгвэл би татвар төлөхгүй. Өөрөө дангаараа, монголчуудтайгаа байгууллаа гэхэд татварын дарамт шууд бууна.
Б.ЭНХТҮВШИН:- О.Энхсайхан тэргүүтнүүдийн ярьж байгаагаар бол “Бороогийн алтны ордыг дотоодын компани эзэмшсэн бол татварт нийт ашгийнх нь 30 орчим % явах байсан. Гэтэл гадаадынхан болохоор хөнгөлөлт үзээд огт татваргүй 5 жил ажилладаг юм“ гэж шүүмжилж байгаа.
Тийм учраас Тогтвортой байдлын гэрээг байгуулахдаа Засгийн газар маш нухацтай хандмаар байна. Эрдэнэт бол Монгол Улсад маш ашигтай гэрээ байсан. 100% зээлээр хөрөнгөө гаргаад эргээд давуу эрхтэйгээр хувь эзэмшсэн. Дээр нь энэ хөрөнгө оруулалтын ачаар бүхэл бүтэн хот бий болсон. Төсөвт төлдөг татварын жин хэмжээ гээд Эрдэнэт монголчуудад үнэхээр өгөөжтэй хөрөнгө оруулалт болсон. Иймэрхүү том орд газарт ажиллах барууны аргачлалаар бол 1. хэзээ ч хот суурин босдоггүй. Түр зуурын хотхон бий болдог. 2. Хөрөнгө оруулагчид Тухайн улсын нийгмийн асуудал энэ тэр гэхээсээ илүү гаргаснаа нөхөх, товчхон хэлбэл цэвэр ашгийн төлөө ажилладаг. Тиймээс Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа тэр бүхнийг маш сайн бодолцох ёстой.
75 сая долларын хөрөнгө оруулаад 500 сая доллар олохоор ашгийн төлөө явж байгаа хүмүүстэй байгуулах гэрээнд татварын хувь хэмжээг яах вэ, хөнгөлөлт чөлөөлөлт яах вэ гэдэг чухал шүү дээ. Манай хөрөнгө оруулалтын хуулиар бол гадаадын хөрөнгө оруулалтад эхний 5 жил татваргүй байгаа. Тэгвэл Тогтвортой байдлын гэрээг байгуулахдаа ядаж л тэр ордыг бэлтгэхэд улсын төсвөөс гаргасан зардлыг суулгах л ёстой.
Г.ИХБАЯР:- Би хувьдаа сүүлийн үед хийгдсэн гэрээнүүдээс хамгийн боломжийнх нь Төмөртэйн овооны цайрын ордынх гэж бодож байгаа. Хойшид байгуулах гэрээнүүдэд бараг үлгэр болгомоор гэрээ санагдсан шүү.

Тодотгол: Төмөртэйн цайрын үйлдвэрийн гэрээ
2005 оны 9-р сард ашиглалтад орсон Төмөртэйн овооны цайрын үйлдвэр Хятад- Монголын хамтарсан 51:49 хувийн хөрөнгө оруулалттай. Монгол Улс өөрт ногдох 49 хувийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр /Эрдэнэт шиг/ бүрдүүлжээ. Товлосон хугацаанд зээлээ төлж дуусмагц Монгол Улсын эзэмших хувь нэмэгдэж, эн тэнцүү 50:50 харьцаатай байхаар Тогтвортой байдлын гэрээнд тусгажээ. Энэ орд 25 жилийн нөөцтэй бөгөөд Монгол Улс богино хугацаанд зээлээ төлж, цаашдаа ашигтай ажиллахаар мэргэжилтнүүд тооцсон байна. /энд мэргэжлийн тайлбар/
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордуудыг үнэлэх асуудал босч байгаа. Та бүхэн түүнийг дэмжиж байгаа юу, эсэргүүцэж байна уу?
Г.ИХБАЯР:- Улсын төсвөөр хайгуул хийгдсэн олон орд байгаа. Нэгэнт л улсаас хөрөнгө гаргаж олсон юмыг шууд хувийн болгоно гэвэл мэдээж шударга бус. Тодорхой хэмжээгээр төлбөр аваад олборлолтынхоо үед түүнээс хөрөнгө авах гэрээ байгуулах нь байх л зүйл гэж бодож байна. Харин яаж, ямар хэлбэр, үе шаттайгаар авах вэ гэдгийг сайн тооцох хэрэгтэй.
Б.ЭНХТҮВШИН:- Улс төсвөөс хөрөнгө гарган бэлтгэсэн ордуудын хувьд давуу эрхтэй байх нь зүй. Харин хувийн компани 100% хөрөнгөө гарган олсон ордыг “Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаагийнх нь төлөө ашгаа 50:50-аар хуваа” гэж тулгана гэвэл дээрэм болох болов уу.
- Уул уурхайгаас олж байгаа ашиг орон нутагт бараг хүртэхгүй байгаа. Яавал хүртээдэг болгох вэ? Энэ талаар санал бодлоосоо хуваалцаач.
Г.ИХБАЯР:- Хүмүүс ярьдаг. Хайгуулаас орон нутагт сүртэй нялзах юм байхгүй ээ. Байгаль орчин бохирдуулж байна гэдэг. Би нэг суманд 4000 га талбайд лицензтэй байж гэж бодъё. Би тэр лицензийг эзэмшиж байгаагийнхаа төлөө эхний 3 жилд 2000 ам.доллар, 4-5 жилийн дараа 4000 доллар улсад төлөөд явж байгаа. Гэтэл бидний төлсөн мөнгөнөөс яагаад орон нутагт өгөхгүй байгаа юм бэ. Энэ бол үнэхээр шударга бус. Миний бодлоор орон нутагт 60- 70 хувь нь очих ёстой.
Байгаль орчны тухайд нэг жишээ яръя. 1989 онд би Тавтын орд руу хэдэн геологичтой очсон. Тэр үед Тавтын ордыг оросууд ухаад, нисдэг тэргээр зөөгөөд дууслаа гэж шуугиж байсан. Очоод үзтэл жирийн л геологийн, эрэл үнэлгээний ажил хийгдсэн байсан.
Өнөөдөр хайгуул, ашиглалт хоёрыг ялгаж салгахгүй байгаагаас олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байгаа. Оюутолгой өнөөдөр орд болоогүй. Зөөгөөд аваад явсан юм ч байхгүй. Тийм байтал Оюутолгойн хамаг эрдэнэсийг зөөж байгаа мэт шуугиулах нь буруу юм. Харин ашиглалтад орсон орд бол өөр. Тухайн газар нутагт үйлдвэрлэл явагдана. Тэр хэрээр байгаль орчин өөрчлөгдөнө.
Б.ЭНХТҮВШИН: -Орон нутагт мэдэгдэх юм бага байна гэдэг Тогтвортой байдлын гэрээгээ муу хийсэн гэсэн үг. Орон нутагтаа баялгаас нь хүртээе гэвэл одоогийн төсвийн зохицуулалтыг өөрчлөх хэрэгтэй байна.
ХУУЛИЙГ ӨӨРЧИЛБӨЛ ЯАХ БОЛ…
“Геосан” компанийн геологичдын санал бодол энэ. Мэргэжлийн онцлог гэх үү геологичид ярихаасаа илүү бодохыг, сонсохыг эрмэлздэг улс. Тиймдээ ч уул уурхай тойрсон шуугианы төвд геологичид биш улс төрчид байгаа ч байж мэднэ. УИХ-ын нэр бүхий гишүүд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах саналдаа бат зогсож байгаа эгзэгтэй үед геологичидтэй хийх ярилцлагын маань сүүлийн асуулт тодорхой байлаа.
- Хэрвээ АМХ-ийг өөрчилбөл яах бол?
Б.ЭНХТҮВШИН: -Уул уурхайн салбарт бид дэлхийн дэвжээнд олон өрсөлдөгчтэй. Өрсөлдөөний түрүүнд Канад (27.5% буюу 697.1 сая ам.доллар), Австрали (20.6%- 524.1 сая ам.доллар), АНУ (11.2% - 2…сая ам.доллар) гурав явдаг. Яагаад гэвэл эдгээр улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах зөв бодлого явуулдаг.
Энэ ширүүн өрсөлдөөнд манай Монгол улс нэлээн дээгүүр давхиж байгаа. Монгол улс дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 3.9% -ийг буюу 99.4 сая ам.долларыг өөртөө татаж чадсан. Манай улсын хүн амын тоо, газар нутгийн байршил, эдийн засгийн хөгжил зэрэгтэй харьцуулбал үнэхээр том амжилт.
Энэ амжилт юуг харуулж байна гэхээр Монголын уул уурхайн салбарын тогтолцоо, хууль эрхзүйн орчин барууныханд ч, манайханд ч таалагдаж байгаа гэсэн үг. 1996 оноос өмнө лиценз, зөвшөөрөл авахын тулд хэрэгтэй мэдээллээ арын хаалгаар чүү чамай олж авдаг байсан. Одоо бол эрс өөр. Лиценз олгох гол шалгуур нь цаг хугацаа. Их шударга. Дээр нь мэдээлэл ил тод. Иргэн Номундарь 95 лиценз эзэмшдэг, тэр талбай нь хаа хаана ямар хэмжээтэй байгаа нь бүгд мэдэж байна. Энэ бол манай Ашигт малтмалын хуулийн хамгийн давуу тал.
Монгол Улсын экспортын орлогын 57.5%-ийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа. Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын үйлдвэрлэл 8-12 % өссөн. /?????????/ Ингэж тогтвортой зөв ажиллаж байна гэдэг энэ хууль зах зээлтэйгээ хэр нийцсэн бэ гэдгээ 10 жилийн дотор харуулсан гэсэн үг. Ийм байтал асуудлыг улс төржүүлж байгаад харамсч байна.
Г.ИХБАЯР:- Гарсан хуулийг сайжруулна гэдэг байх л асуудал. Батлагдаад гарсан хууль мөрдөгдөөд эхлэхээр амьдралын шаардлагаар боловсронгуй, цаг үетэйгээ уялдан зохицох хэрэгтэй болдог. Тэр л зарчмаар Ашигт малтмалын хуульд гар хүрч болно. Харин цаанаа улс төрийн болоод эдийн засгийн ашиг харж сенсаац дэгдээж байгаа бол өөр хэрэг.
Хуульд өөрчлөлт оруулах тухай яриа хөрөнгө оруулагчдыг сүрдүүлж байгаа юм шиг сонсогдож байгаа. Ард түмэнд баялгаасаа хүртээе гэж ярихад сайхан. Сонсоход ч сайхан. Тэгвэл би ч, манай компанийнхан ч ард түмний нэг хэсэг биз дээ. Монголын ард түмэн авах ёстой гээд байгаа 50 хувийн ашиг ард түмэнд, надад хүртэж байгааг нь би яаж мэдэх юм. Бид яаж хянах юм бэ. Журмаар ч юм уу, өөрчлөлт оруулаад болчих юмыг улс төржүүлээд нийгмийг шуугиулаад байх хэрэгтэй гэж үү.

No comments:

Post a Comment