Friday 19 December 2008

Шилдэг нийтлэл

Б.ОЙДОВ, НОЦТОЙ МЭДЭЭ СОНИНЫ СЭТГҮҮЛЧ

Өгүүллийн нэр:
1. Арабын нэгдсэн эмират улс алтаараа баяжсан бол монголчууд “Оюу толгой”-гоос ганц сайн цадаж авъя байз!
2. Америкийн мэргэжилтнүүд Өвөрмонголын нутагт нүүрснээс бензин гаргаж авах томоохон үйлдвэр барьж байна.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС АЛТААРАА БАЯЖСАН БОЛ
МОНГОЛЧУУД “ОЮУ ТОЛГОЙ”-ГООС ГАНЦ САЙН ЦАДАЖ АВЪЯ БАЙЗ!
“Ноцтой мэдээ” №05 /243/
Б. Ойдов
“Ноцтой мэдээ” сонин
Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар манай улс төрчид, эрдэмтэн судлаачид бүтэн жилийн турш маргалдлаа. Энэ хугацаанд эрдэс баялагийн салбарын эрдэмтэн мэргэд, улс төрчид, сэтгүүлчид данхайсан том нийтлэл бичиж, учир нь олдохгүй тоо баримт бүхий янз бүрийн санаа бодол урсгалаа. Тиймээс манай хууль боловсруулагч эрхэм түшээдийн толгой сүүлийн үед жаахан эргээд байх шиг. Саяхан ашигт малтмалын хуулийн талаархи бүх талын сонирхолын зөрчлүүд төрийн ордонд хуримтлагдсан бөгөөд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесийнхэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид, төрийн захиргааны байгууллагынхан, тэр ч байтугай зарим аймаг, сумдын засаг дарга нар хүртэл татагдан орж зөвхөн өөрсөддөө ашигтай байж болох зөв буруу, хэрэгтэй хэрэггүй, ашигтай ашиггүй олон янзын санаа дэвшүүлсэнээр эрхэм түшээд яах ч учраа олохгүй бүр мангуурч гүйцээд байна. Нэг үгээр хэлбэл алтан дээр суусан гуйлгачид маань алтаа адил тэнцүү хувааж авах хамгийн чухал сонголт яг одоо л тулж ирээд байх шиг. Гэвч ядуурлыг бууруулахад уул уурхайн салбараас олж буй орлогыг хэрхэн зөв зохистой ашиглаж болох талаар оновчтой хариулт гарч ирээгүй л байна. Ялангуяа “Оюу толгой”-н орд газраас 100 тэрбум ам.долларын бодит орлого олно гэсэн сургаар улс төрчид толгойгоо нэлээд гашилгаж байгаа бололтой. Ингэхээс ч өөр аргагүй. Монгол улсын үндэсний ашиг сонирхолын бодитой том асуудал бол “Оюу толгой”-н орд газрыг эзэмших явдал мөнөөсөө мөн. Тиймээс уг ордыг улс орныхоо эдийн засгийн тэнхээ чадавхийг өсгөн арвижуулах, ядуурлыг бууруулах томоохон хүчин зүйл болгох хэрэгтэй. “Оюутолгой”-н орд газрыг лавтай 100 жил, түүнээс ч илүү урт хугацаанд үйлдвэрлэл явуулах нөөцтэй гэж судлаачид үзэж байна. Эдүгээ уг ордыг хэрхэн ашиглах талаар янз бүрийн маргаан дэгдэж байгаа бөгөөд ашгийг 50:50 хувийн харьцаагаар хуваахын төлөө хөдөлгөөн ч бий боллоо. Одоогийн ашигт малтмалын хуулиар бол ашгийн дөнгөж 2,5 хувь нь Монголын талд ноогдох ажээ. Энэ нь үнэхээр шударга бус хуваарилалт бөгөөд 89 хувийн гуулин ээмгэнд нэг хувийн алт хийчихээд монетны хольцтой гэж хуурч байгаатай адил юм. Тийм ч учраас ард иргэд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, зарим улс төрч эсэргүүцээд байгаа юм. Ард иргэдийг туйлширч байна, улс төрчдийг эх оронч дүр эсгэж байна гэж бодъё. Тэгтэл юмны учир мэдэх эрдэмтэн судлаачид, эдийн засагчдын дийлэнх хэсэг нь эсэргүүцэж байна. Тухайлбал Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Пүрэвбаатар “Монголд алт олборлодог гадаадын компаниуд бодит ашиг орлогоо тас нууж, худал тайлан мэдээ гаргаж, татвар төлбөрөөс зайлсхийдэг нь ердийн үзэгдэл болсон. Тэд ашигт малтмалын хайгуулд нэг их мөнгө зарж байгаа дүр эсгэж түүгээрээ түрий барьж Монголын төр засгийг дарамталж, элдвийн хөнгөлөлт чөлөөлөлт шаарддаг. Мөн ажлын байр гаргаж, монголчуудыг ажилтай болгож сарын 100-150 мянган төгрөг олгож байгаагаа сүр бадруулан сурталчилж өөрсдийн явцуу эрх ашгийг хангуулахын тулд эдийн засгийн анхны мэдэгдэхүүнгүй ажилчдыг Монголын төр засгийн эсрэг турхирч байна. Цалингийн хувьд өгүүлэхэд Канад, Австрали, АНУ-ын уул уурхайн ажилчдын цалинтай харьцуулахад 40-60 дахин доогуур буюу төдий хэмжээгээр манай ажилчдыг мөлжиж байна” хэмээжээ. Энэ бол яах аргагүй үнэн үг. Тухайлбал “Айванхоу Майнз”-ын эзэн Роберт Фридланд 2005 оны 3-р сард АНУ-ын Флорида мужид болсон уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын бага хурал дээр “Монголын Оюу толгойн ордоос 100 тэрбум ам.долларын ашиг олно” гэж мэдэгдсэн хирнээ хэдэн сарын дараа Оюу толгойн орд ашиглалтын төлөвлөгөөгөө монголчуудад мэдээлэхдээ “54 тэрбум ам.долларын ашиг олно” гэж мэдэгдсэн нь мөнөөх л бодит ашиг орлогоо тас нууж, худал тайлан мэдээ гаргадаг зарчим ноёрхоод байгааг харуулж байна. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид хаана хууль тогтолцоо зөөлхөн, төр засаг нь сул, ард иргэд нь мэдлэг мэргэжилгүй байна, тэр газар луу ихэвчлэн хошуурдаг ажээ. Энэ утгаараа Монгол улс гадаадын компаниудад яг тохироод байгаа бөгөөд “Би-Эйч-Пи”, “Биллитон”, “Рио Тинто”, “Англо Гоулд”, Ашанти”, “Камеко” гээд нэр нь огт дуулдаж байгаагүй гадаадын олон компани Монголд хөрөнгө оруулахыг хүсч байгаа юмсанж. Тэгэхээр бид “Айванхоу майнз”-ыг нэг их царайчлаад байх шаардлагагүй л юм байна. Ашигт малтмалын хуулинд заагдсанаар бол “Бороо гоулд”, “Алтан Дорнод Монгол”, “Айванхоу майнз” зэрэг компаниуд орон нутгийн хөгжилд тодорхой хөрөнгө оруулах ёстой юм байна л даа. Тиймээс тэд “Орон нутагт тийм ч зам тавьсан, тэдэн оюутан сургалтанд хамруулсан” гэх ухааны өчүүхэн юм яриад байх болж. Тиймээс “Ашгийн тэдэн хувийг нь орон нутагт өгнө” гэсэн тодорхой заалт хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ганц нэг худаг барьж өгчихөөд л орон нутагт тусламж үзүүлсэн ухааны юм ярьж сурталчилаад байна. Үүнд нь манай зарим улс төрч, сэтгүүлчид уяраад сүйд болохыг яана. Ашигт малтмалын нэг л томоохон ордыг эзэмшиж ашигласнаар хоёр сая хүн байтугай 20 сая хүн тэжээдэг бөгөөд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү ашигт малтмалын орд бүхий газрынхаа 51 хувийг улс орон, ард иргэдийнхээ халаасанд авч үлдэхийн тулд Үндэсний хувьцаат компани байгуулах тухай тун чухал санаа дэвшүүлжээ. Түүний өгүүлсэнээр бол үндэсний баялагтаа түшиглэн хувьцаагаа сонгодог утгаар нь гаргаж, биржийн арилжаагаар худалдан борлуулж хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгон үндэсний томоохон хувьцаат компани байгуулах явдал ажээ. Ингэснээр найдвартай ноогдол ашиг олгож чадах хувьцаат компаний хувьцааг төр, аж ахуйн нэгж, ард иргэд худалдан авч хөрөнгө оруулах, хувьцаа эзэмших боломжтой болох юмсанж. Энэ нь гадаадын компаниудад бүрэн дүүрэн идүүлэхгүй байх чухал санаа мөн боловч Монголын нийт ард түмний хувьд ашигт малтмалын орлогоос тэгш хүртэх боломж хараахан биш юм. Зарим улс төрч “Нийгмийн баялагийг тэгш хуваарилъя. Монгол орны ашигт малтмал нийт ард түмний өмч” гэж ярьдаг. Зарим нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа лоозун ч болгосон. Тэгсэн мөртлөө монгол хүн бүрт тэгш хуваарилах оновчтой санал гаргаж ирж чадахгүй байна. Тухайлбал Улаанбаатарын Чингэлтэй дүүрэгт хэвтэж байгаа надад “Оюу толгой”-гоос чухам юу оногдох юм бэ. Би ч бас алтан дээр суусан гуйлгачин шүү дээ. “Оюу толгой”-н ашигаас зөвхөн Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан хүртэх ёстой юмуу. “Оюу толгой”-н орд бол Монголын ард түмний өмч. Тиймээс зүүн талын Дорнод аймгийнхан ч хүртэх ёстой, баруун талын Баян-Өлгийнхөн ч хүртэх ёстой, Чингэлтэй дүүрэгт хэвтэж байгаа миний бие ч хүртэх ёстой. Манай улс төрчид ингэж ярихаас зүрхшээгээд улсын төсөвт тэдэн хувь нь орох ёстой гэх ерөнхий үгээр халхавч хийж эх оронч царайлахаас цааш хэтрэхгүй байна. Гэвч улсын төсөвт төчнөөн төгрөг орлоо гээд хувь хүнд чухам юу оногдох юм бэ? Сайндаа л орон нутагт нь эмнэлэг, худаг, халуун ус зэрэг баригдана биз. Гэвч энэ нь нийтийн өмч биш нэг хэсэг хүний мөнгө олдог хэрэгсэл болоод л өнгөрдөг. Гаднаа хичнээн гоё эмнэлэгтэй, халуун устай байсан ч хашаандаа ядуу тарчиг хэвээрээ л байх болно. Монгол хүн бүрт оногдох ёстой ашигт малтмалын бодит орлогыг төр ингэж замаас нь шүүрч авдагаа болих хэрэгтэй. Тэгээд ч төр засгийн зүгээс хэзээ л шударга хуваарилж чадаж байлаа. Эмнэлэг, халуун ус, зам энэ тэрхэн барьж тавьсан болоод л илүү гарсан мөнгөөр нь эрхэм дээдсүүд үнэтэй жийп машин авч, эсвэл гадаад орнуудаар зугаалаад өнгөрдөг. Эцсийн эцэст би юу хэлэх гээд байна вэ гэвэл “Хүүхэд бүрт арван мянган төгрөг” гэдэг шиг ашигт малтмалын орд газраас хүн бүрт хувь хүртээх тийм л механизмд шилжих нь зүйтэй юм. Тухайлбал 1990-ээд оны үед Монголын нийт ард түмний өмчийг задалж хүн бүрт ягаан тасалбар тараасан. Тэрэн шиг хүн бүрт ягаан тасалбар өгөх хэрэгтэй. Гэхдээ заавал ягаан байх албагүй л дээ. Өнөөдөр ийм саналыг хэн ч гаргаагүй байна. Нэг ёсондоо Р.Содхүүгийн өгүүлсэнээр ашигт малтмалын орд газрын үндэсний томоохон хувьцаат компани байгуулах хэрэгтэй. Тэгэхдээ хувьцааг нь Монголын нийт ард түмэн худалдаж авах биш, нөөц нь бүрэн тогтоогдсон газар доорхи эрдэс баялагаа 1990-ээд оны өмч хувьчлалын хэлбэрээр задалж үүцлэн хүн бүрт адил тэгш үнэлгээтэй ягаан тасалбар тараана гэсэн үг. Ингэвэл жинхэнэ шударга хуваарилалт болно. Ер нь ингэж маргалдаж үйлээ үзэж байхаар бүгдээрээ “Оюу толгой”-г хуваагаад “цохьчихвол” яасан юм бэ. Дараа нь хэн хэндээ гомдолгүй. Хувьцаагаа зарах нэг нь зарна л биз. Зарим нь үндэсний хувьцаат компанидаа өгч жил бүр тогтмол орлогоо аваад амьдарна биз. Явж явж энэ чинь харин ядуурлыг бууруулах хамгийн зөв шийдвэр байж магадгүй юм. Монголын нийт ард түмэнд очсон хувьцаа эргэлтэнд орж эргээд л улс орныхоо хөгжил дэвшилд нэмэр болно. Арабын Нэгдсэн Эмират улс алтаараа баяжсан бол монголчууд “Оюу толгой”-гоор ганц сайн цадаж авъя л даа. Газар доорхи эрдэс баялагаа нийт ард түмэндээ хувьцаа болгож задалсанаар Монголын төр хохирохгүй. Өмнө нь энэ орд газартай газаргүй болоод л байсан. Цаана нь гучин сая мал, “Эрдэнэт” үйлдвэр гээд өч төчнөөн юм байхад төр засгийн эрхэмүүд арай ч явгарчихгүй л байх. Тэгээд ч гадна дотноос хөрөнгө оруулалт, мөнгө төгрөг орж ирэх тусам орон нутгийн болон улсын хэмжээний эрх мэдэлтнүүд авилгатай орооцолдох нь ихсэх хандлагатай байгаа нь гадаад дотоодын судлаачдын хараанд ажиглагджээ. Өнөөгийн манай нийгэм янз бүрийн улс төрийн хүчнүүдийн сөргөлдөөний улмаас зүсэн зүйлийн бэрхшээлтэй тулгараад байгаагаас гадна манайх шиг холимог хэлбэрийн системтэй улс орон ашигт малтмалын салбараас бий болох баялгийг зөв зохицуулахдаа маш тааруу байдаг аж. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л “Засгийн газрын өргөтгөл нэрийн дор 20 тэрбум төгрөг ямар ч үр ашиггүй газарт булахаар шийдлээ” гэж сонин хэвлэлээр шуугиад эхэллээ. Нэг ёсондоо Засгийн газар солигдоход л ашигт малтмалаас улсын төсөвт орж ирэх ёстой орлого аль нэг намын эрх ашигаар зохицуулагдана гэсэн үг. Харин дээр өгүүлсэн нийт ард түмэнд хувьцаа болгох асуудал аль ч нам эвсэл төрийн эрх барьж байх үед хүчин төгөлдөр хэвээр байх болно. Засаг солигдоход хүүхдийн гурван мянган төгрөг рүү халдаж чадахгүй л байгаа биз дээ. Тиймээс ашигт малтмалын бодит орлогыг нийт ард түмэнд шударга хуваарилахын тулд яг ийм дархлаа тогтоох хэрэгтэй байна. Хэрвээ ийм дархлаа тогтоож чадахгүй бол газар доорхи эрдэс баялагаа яаран сандран онгичоод байх шаардлагагүй. Олон зуун жил оршсоор ирсэн эрдэс баялаг заавал бидний үед ингэж тартагтаа тултал онгичуулах ёстой ч юм биш. Нууцгүй хэлэхэд гадаад дотоодын компаниуд, гар хоосон нинжа нар газрын доорхи ашигт малтмал руу дэндүү ширүүн дайрч байна. Уг нь ашигт малтмалаа ашиглах талаар улс гүрэн бүрт “Хар хайрцагны бодлого” байдаг юмсанж. Тухайн улс орны газрын доорхи баялаг нь хүн ардынхаа оюун санааг тэтгэх эрчим хүчний эх булаг нь болж байдаг бөгөөд нэг том орд үгүй болоход тухайн газар нутгийн соронзон оронд гажиг үүсдэг тухай эрдэмтэн судлаачид нотлоод байна. Тухайлбал зэсийн орд нь хүний оюун санаанд цэгцрэл өгч, нэг үгээр хэлбэл хүний оюун санааг хурцлагч билүү болж байдаг бөгөөд зэсээ дууслаа гэхэд тэр газар нутагт хүүхэд төрж гэмээнэ оюун ухааны жаахан гажигтай төрдөг юм байна л даа. Мөн ашигт малтмалаа бүрэн тонуулсан тэр газар нутаг микро элементээ алдаж, наад зах нь экологийн цэвэр орчин эвдэрдэг ажээ. Монголын байгаль орчинд ийм аюул нүүрлээд хэдэн жилийн нүүр үзэж байгааг хэн хүнгүй л гадарлаж байгаа. Тиймээс “Оюу толгой”-г нэгэнт л онгичих гэж байгаа бол хожмын нэг өдөр хэн нэгэнд бурууг тохолгүй бүгдээрээ хариуцлага хүлээх зарчмаар дээр өгүүлсэн тэгш хуваарилах механизмд шилжмээр байна. Хэрэв ингэж чадахгүй бол ухаж төнхөхөө ерөөсөө больчих хэрэгтэй. Хожим бидний үр садаас ухаалаг хүн гарч ирээд хүн бүрт тэгш хуваарилах зарчмыг эрхэмлэх нь дамжиггүй. тэгээд ч тэр үед Монгол улс гадаадынхныг царайчлахгүй өөрсдийн хүчээр ашигт малтмалаа боловсруулах хүч чадалтай болчихсон байх биз ээ.
АМЕРИКИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ӨВӨРМОНГОЛЫН НУТАГТ НҮҮРСНЭЭС
БЕНЗИН ГАРГАЖ АВАХ ТОМООХОН ҮЙЛДВЭР БАРЬЖ БАЙНА
“Элдэв явдал” №04 /004/
Б. Ойдов“

Ноцтой мэдээ” сонинр барьж байнаМонгол улсын ядуурлын гол шалтгааныг хүмүүс үндэсний үйлдвэрлэлтэй холбож тайлбарладаг. Нээрээ ч үндэсний үйлдвэрлэлээ сэргээгээгүй цагт ядуурал байсаар байх болно. Гэхдээ ядуурлын гол шалтгаан нь нийт хүн амын ажил хэрэгч чанар алдагдсан, залхуу хүмүүс хэт олширсонд байгаа бөгөөд бусдыг царайчлах, төр засгаас янз бүрийн юм шаардах, тэгээд эцэст нь бурууг өөрөөсөө бус өрөөлөөс, голдуу төр засаг, түүний удирдлагаас хайж, тэдний төлөө амьдарч байгаа юм шиг бухимдах явдал юм. Энэхүү бухимдал нь яван явсаар ядууралд хүргэсэн. Тэрхүү ядуурал дээр нь улс төрийн нам эвслүүд 15 жилийн турш тоглосон. Одоо аль аль нь больцгооё. Ингээд олон зүйл рүү үсчиж давхилгүй ганцхан зүйлийн талаар өгүүлье. Монгол улсын эдийн засгийг зохих хэмжээгээр сөхрүүлж, ард иргэдийг ядууралд хүргэж буй нэг том хүчин зүйл бол Улаанбаатарын гудамжаар зай завсаргүй шахцалдан сажилж буй “төмөр сүрэг” юм. Эдгээр төмөр сүргүүд идэш ихтэйг яана. Гэвч идшийг нь Монгол улс үйлдвэрлэдэггүй. Тиймээс бензин шатахууны үнэ нэмэгдэхэд л юмны үнэ дагаад өсдөг бөгөөд нэг үгээр хэлбэл Монгол улсын эдийн засгийн өсөлт, бууралт, ард иргэдийн амьжиргааны түвшинг бензин шатахуун удирддаг гэхэд болно. Гэвч шинэ баян цээж өвчтэй гэгчээр монголчуудын дийлэнх хэсэг нь ихээхэн баярхуу болсон бөгөөд хэн нэг нь жаахан мөнгөтэй болоод ирүүтээ шууд л машин авч унах гэдэг. Тэгээд гадаад руу баахан мөнгө цацдаг. Гаднаас нь харахад машин тэрэгтэй нэг л их баян хүн харагддаг. Гэтэл цаанаа амьдрал нь баталгаагүй байдаг. Нууцгүй хэлэхэд манай зарим иргэд өөрсдийнхөө идэшийг бэлдэхийн хажуугаар унаж яваа машиныхаа идшийг бэлдэх гэж үнэндээ зүдэрч байна. Хамаг мөнгөө шавхаж авсан автомашин нь бензинээс гадна шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл гээд есөн шидийн юм араасаа шаарддаг бөгөөд энэ бүхнийг манай улс үйлдвэрлэдэггүй болохоор мөн л гадаад руу их хэмжээний мөнгө урсдаг. Ер нь Европ, Азийн хог дээр хаягдах шахсан хуучин машинууд Монголд ирж ясаа тавьсаар хэдэн жилийн нүүр үзлээ. Солонгосын “Эксел” машин гэхэд л 1994 оноос хойш үйлдвэрлэгдэхээ больсон бөгөөд уг машины дийлэнх хэсэг нь Монголд ирчихсэн, зарим нь “оршуулагдаж” эхлээд байна. Дараагийн оршуулагдах машинууд одоо орж ирж байгаа. Монгол улс Солонгосын хуучин машины оршуулгын газар юмуу хаашаа юм бэ. Оршуулагдсан машинуудын халцарч элэгдсэн дугуйнууд хаа сайгүй л хэвтэх болж. Гэтэл хятадууд машины халцарч хаягдсан дугуйнуудыг цуглуулаад хаймран хавтан үйлдвэрлээд манайх руу илгээдэг болсон байна. Энэхүү хавтангаар гал тогооны болон хүүхдийн өрөөний шал хийхэд нэн тохиромжтой ажээ. Бид үгүй ядаад халцарч хаягдсан дугуйнуудаа ашиглаад дээрх үйлдвэрийг байгуулж болмоор санагдах юм. Өнгөрөгч оны байдлаар манай улсад нийт 190 гаруй маркийн 168 мянган тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд үүгээрээ Монгол улс нэг хүнд ноогдох автомашиныхаа тоогоор дэлхийд тэргүүлэхээр болжээ. Гэвч нийт машины 60 гаруй хувь нь Европ, Азийн хог дээр хаягдах шахсан хуучин машины сэгнүүд байгаа нь харамсалтай. Цаана нь тооллогонд ороогүй хичнээн хуучин машины сэг байгааг хэн мэдлээ. Зүй нь эдгээр хуучин машинуудыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх нь чухал юм. Манай улсын дөнгөж хаяанд байдаг буурай хөгжилтэй Татар улс гэхэд л хуучин машин хилээрээ нэвтрүүлэхгүй байх хууль тогтоомж боловсруулж амьдрал дээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь тус улсын эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа юмсанж. Тиймээс манай эрхэм дээдсүүд үүнээс санаа авч хэдхэн жилийн настай хуучин машиныг хилээр оруулахгүй байх тухай хууль гаргасан ч болохгүй гэх газаргүй. Нийслэл хотоор өдөр шөнөгүй сүлжилдэх мянга мянган машин Монголын эдийн засгийг хэрхэн яаж сөхрүүлж байгааг тооцож байгаа хүн үнэндээ алга. Сүүлийн гурван жилд импортын бүтцэд ихээхэн өөрчлөлт орсон бөгөөд үүний дийлэнх хэсгийг автомашин, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл эзэлжээ. Зөвхөн автобензиний импорт гэхэд л өнгөрөгч онд 24,2 сая ам.доллараар өсчээ. Мөн шатах тослох материалын хэрэгцээ жилд 500 тонн болтлоо өссөн байна. Тэгсэн мөртлөө нефтийн бүх бүтээгдэхүүнээ зуун хувь гадаадаас оруулсан хэвээр л байна. Ер нь монголчуудад машины хэнээ туссан бөгөөд баячууд нь өчнөөн мянган долларын үнэтэй жийп унаж, ядуучууд нь хог дээр хаягдах шахсан хуучин машин руу хошуурдаг болжээ. Ерөнхий сайд М.Энхболд гэхэд л 84 мянган ам.долларын үнэтэй ВМW машин унадаг гээд бодчих. За тэгээд төсвийн болон төслийн мөнгөөр 20-90 сая төгрөгийн үнэтэй жийп авсан сайд дарга нар, пүүс компаний эзэд зөндөө байна. Тэд гоёмсог жийпээрээ сав л хийвэл хурдан морьдын уралдаан дагаж давхин баахан бензин шатахуун үрдэг болж. Тухайлбал шинэ сарын дараа Багахангайд болсон морины уралдааны үеэр жийп машинууд уралдаад байна уу, морь уралдаад байна уу гэж эргэлзэхэд хүргэжээ. Энд дөч гаруй жийп машин хурдан морьд дагаж давхиснаар долоо найман хүүхэд машины тоосонд дарагдан мориноосоо унаж бэртсэн байгаа юм. Манай томчууд арай дэндэж байна. Тэгтэл өндөр хөгжилтэй орны сайд дарга нар шатахуун бага зарцуулдаг, утаа бага хаядаг хямд төсөр үнэтэй машин унадаг гэж байгаа. Эндээс эх оронч сэтгэлгээ харагдахгүй байна гэж үү. Тэгэхээр одоо яах вэ? Цаашид бид энэ замаараа л яваад байх уу? Энд би Монгол улсыг ядуурлаас жаахан ч гэсэн аварч болох ганцхан санал дэвшүүлье. Тэр нь юу гэвэл нүүрснээс бензин гаргаж авах асуудал бөгөөд үүнийг сонсоод зарим хүн эвэртэй туулай үзсэн мэт гайхаж магадгүй. Нүүрс, нефть хоёр химийн найрлагаар ижил төстэй бөгөөд нүүрс нь дан ганц нүүрстөрөгч агуулдаг бол бензин нь нүүрстөрөгч, устөрөгч хоёрын нэгдэл аж. Тиймээс нүүрсийг шингэн шатахуун болгохын тулд устөрөгчөөр баяжуулдаг байна. Энэ аргаар шингэн түлш гаргах анхны төхөөрөмжийг 1927 онд германчууд боловсруулжээ. Хүрэн нүүрснээс моторын шингэн түлш боловсруулах технологийг АНУ, ОХУ, Герман, Индонез зэрэг арваад улс маш амжилттай хэрэгжүүлж байгаа юмсанж. ӨАБНУ-ын “Сосал” компани 1956 оноос эхлээд нүүрснээс моторын түлшийг үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд эдүгээ 120 нэрийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гаргаж, жилд 50 сая тонн шингэн түлш үйлдвэрлэдэг аж. Өнөөдөр Америкийн мэргэжилтнүүд “Сосал” компаний технологийг ашиглаж Өвөрмонголын нутагт нүүрснээс бензин гаргаж авах томоохон үйлдвэр барьж байгаа юмсанж. Тус үйлдвэр 2007 онд ашиглалтанд орох бөгөөд 10 гаруй сая автомашиныг нүүрсний бензинээр хангах ажээ. Хятадууд ийм л овсгоотой. Өмнөговийн Таван толгойн нүүрсийг хятадууд нутаг руугаа зогсоо зайгүй зөөж нөөцлөөд байгаа нь ийм учиртай юмсанж. Манай улс нүүрсний асар их нөөцтэй бөгөөд үүнийг зөвхөн түлшинд хэрэглээд дуусгамааргүй байна. Яагаад гэвэл бидэнд нүүрснээс шатахуун гаргаж авах дэвсгэр бас байгаа юм. Манай эрдэмтэн судлаачид 1989 оноос хойш өнөөг хүртэл хүрэн нүүрснээс шатахуун гаргах төрөл бүрийн технологийг сонирхон судалсаар ирсэн бөгөөд үүний нарийн технологийг Д.Навчаа гэдэг судлаач өнгөрөгч жил нэлээд тод томруунаар тайлагнажээ. Тиймээс манай улс төрч, бизнесменүүд энэ асуудлыг ажил хэрэг болгох хэрэгтэй. Амьхандаа 168 мянган автомашиныхаа идшийг л бэлдэх гээд байгаа хэрэг шүү дээ. Мэдээж дээрхи үйлдвэрийг байгуулахад гадаадын мэргэжилтнүүдийг урьж залахаас эхлээд их хэмжээний зардал орж таарна. Гэвч том юмнаас том л юм унана шүү дээ. Жилийн жилд шилдэг бизнесменээр шалгарч энгэрээ цоолуулаад байдаг манай бизнесменүүд нэгэн үзүүрт сэтгэлээр хамтарч ажиллан дээрхи үйлдвэрийг эх орондоо байгуулах хэрэгтэй. Ер нь гадаадаас үнэтэй шатахуун оруулж ирж хэдэн ядуу жолоочийнхоо халаасыг сэгсэрч баяжих нь тийм ч олигтой зүйл биш. Амьдрал ахуй нь бүрэн баталгаажаагүй иргэд ч юу юугүй машин авч унах гэж хөөрцөглөх хэрэггүй болсон байна. Тэгээд ч том жижиггүй машин унаж ядуу тарчиг, нарийхан замынхаа бөглөөсийг улам нэмэгдүүлэх шаардлагагүй. Уг нь манайх шиг шахцалдсан нарийхан замтай улс оронд Австрали улсад зохион бүтээгдээд байгаа нисдэг машин л тохирох юм. Гэвч нийслэл хотынхоо агаарын бохирдлыг арилгаж чадахгүй байж. Газраар гэлдэрч яваа төмөр сүргийнхээ идшийг бэлдэж чадахгүй байж нисдэг машин руу санаархаад ч яахав дээ. Ер нь автомашины тоог хязгаарлах нь эх оронч сэтгэлгээний шинжтэй болж ирж байна. Сүүлийн үед Япон, Солонгосоос орж ирж байгаа шинэ машинуудын үнэ хямд төсөр мэт санагдах боловч бизнесийн цаад далд санаа нь сэлбэг хэрэгсэлдээ байдаг аж. Нэг ёсондоо машиныхаа араас сэлбэг хэрэгсэл илгээж машиныхаа үнийг хэд дахин нугалаад авчихдаг байна. Ийм тохиолдолд манай улсын эдийн засаг сэргэнэ гэж байхгүй. Тиймээс яваандаа жижиг оврын машины үйлдвэр юмуу, сэлбэг хэрэгслийн үйлдвэр байгуулах тал дээр санаа тавих шаардлага аяндаа гарч ирж таарна. Явган явах дургүй, дугуйгаар зорчиж сураагүй монголчууд цаашид машин тэрэг, бензин шатахуунд хамаг мөнгөө тавьж туусаар байх нь ойлгомжтой. Тиймээс машины буюу сэлбэг хэрэгслийн үйлдвэр анхалж сэдсэн, мөн нүүрснээс бензин гаргаж авах үйлдвэр байгуулсан бизнесменд хөдөлмөрийн баатар цол олгож, ардын баатар мэтээр өргөмжлөх хэрэгтэй. Жижиг орны хүмүүс том сэтгэж байж л амжилтанд хүрсэнийг дэлхийн түүх гэрчилнэ. Ер нь монголчууд яг цагаа тулахад бусдаас илүү тэсвэртэй, биеийн болоод оюуны асар их чадвартай, нэгэнт зүтгэсэн юмныхаа эцсийг үзэж байж санаа нь амардаг улс бөгөөд энэхүү чадвараа ашиглан ертөнцийн хөгжил дэвшлийн шат гишгүүр өөд алгуурхан боловч итгэл төгс авирцгаая!

No comments:

Post a Comment