Monday 22 December 2008

Төрийн үйлчилгээ болон менежмент Монголын хөгжлийг удаашруулж байгаа нь судалгаагаар нотлогдож байна

Монголд анх удаа эдийн засгийн эрх чөлөөг боомилж, өсөлтийг бууруулж, цаашилбал тус улсын хөгжлийг удаашруулж байгаа ганц зүйл нь төрийн зохицуулалтаас үүсч байгаа зардлууд гэж ойлгож болох дүгнэлтийг нэгэн судалгааны дүн харуулжээ.

Энэ нь Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм гэсэн судалгааны дүгнэлт бөгөөд МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш Ч. Хашчулуун Нээлттэй нийгэм форумийн санаачилгаар хийж саяхан энэхүү судалгааны тайлан тавигдсан байна.

Мөн Фрейзер институтийн гаргадаг Эдийн засгийн эрх чөлөөний сүүлчийн тайланд Монгол анх удаа орж 130 орноос 74-р байрт жагссан билээ. Үндсэн таван үзүүлэлтээр улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөтэй байдал ямар байгааг харуулдаг энэхүү судалгааны хууль эрх зүйн бүтэц болон институцийн асуудлаар Монгол бараг хамгийн сүүлд шахуу 130 орноос 123-т орсон байна.

Үүнийг эдийн засгийн мэргэжилтэнүүд трансакцийн зардал гэж нэрлэдэг юм байна. Судалгааны дүнгээс энэ зардал нь 1995 онд хамгийн бага буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувьтай тэнцэж байснаа өссөөр сүүлийн жилүүдэд 35 орчим хувьтай болсон гэж гарчээ.

“Төрийн тусгаар хийгээд бие биеэ тэнцвэржүүлдэг институциудын функц нь байхгүй болчихсон. Одоо гүйцэтгэх, хууль тогтоох бүх зүйл нь нэлээн холилдсон байдалтай байгаа. Арилжаанд орсон цөөнхийн олигархийн мэдэлд Үндсэн хуулийн үзэл санаа болон төрийн хуулийн санаа нь ч орчихлоо. Ийм цул бөмбөлөг бий болж байна. Энэ бүхний үр дүнд трансакцийн зардал улам их өсөх юм байна гэж бодож байна. 1990 оны өмнөх байдал руу явж байна ” УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэллээ.

Энэ зардал нь үйлдвэрлэлийн зардал биш бөгөөд ихэвчилэн үр ашиггүй зардал байдаг байна.

Энэ зардал нь өмчийн эрх, солилцооны хэмжүүр, гэрээний биелэлттэй холбоотой зардлууд гэж ангилагддаг байна. Монголд хувийн өмчийг бүртгүүлэхэд 5 өөр алхам хийж 11 өдөр болон өмчийн үнийн дүнгийн 2,3 хувьтай тэнцэх зардал гаргадаг бол энэ судалгаанд оролцсон 100 орноос 83-р байрт орсон нь өмч бүртгүүлэх ажил Монголд маш их чирэгдэлтэй байгааг харуулсан байна.

Гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх нь Монголд харьцангүй хэцүү бөгөөд зардал өндөр байна гэж Дэлхийн банкны судалгаанд гарчээ. Шинэ Зеландад гэрээний хэрэгжилт 50 өдрийн дотор 19 алхамыг хийж гэрээний өртгийн дөнгөж 4,8 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг гаргадаг бол АНУ-д 250 өдрийг зарцууллаг боловч 17 алхамаар гэрээний өртгийн 1,5 хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргадаг байна. Харин энэ нь Монголд 314 өдөр шаардагдах 26 алхмыг хийж, гэрээний өртгийн 22,6 хувийг зарцуулдаг байна.

Зохицуулалтын дарамт жижиг компаниудад хүндээр тусч илүү өндөр зардал гаргадаг байна. Жижиг бизнесийн нэгжүүдийн үүсгэн байгуулалтын албан бус нийт зардал нь дунджаар 200,000 гаас нэг сая байдаг бөгөөд нийт хөрөнгийн 10-30 хувийг эзэлдэг бол том нэгжүүдийнх 2 саяаас 100 сая буюу нийт хөрөнгийн 0,3-12,5 хувьтай тэнцдэг байна.

Жижиг компаниуд төрийн дарамт, хууль дүрмийн зохицуулалт ихтэй гэж хариулсан бол том нэгжүүд төрийн оролцоог бага гээд хууль, дүрэмтэй холбоотой л дарамт байдаг гэжээ.

“Улс төр бизнес хоёр нэг бүлэглэл болчихсон. Олигарх болчихоод байна. Трансакцийн зардал багатай том компаниуд бүгд томчуудын эрх мэдэлд байдаг. Тэд ямар нэг аргаар татвараа хөнгөлүүлж, хөрөнгө оруулалт авдаг. Гэтэл жижиг дунд буюу 99 хувийг эзлээд байгаа компаниуд тэр зардалдаа сөхөрч унах болчихоод байна. Тиймээс төрийн зохицуулалтын шинэтгэл хийх ёстой гэж би бодож байна ” Ч.Нэргүй Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимийн ажилтан.

”Жижиг компаниуд дарамтаас салахын тулд хахууль өгдөг бол том нь улс төрийн лоббид орж байна. Хууль журам сайн хэрэгжиж, төр хийх ёстой ажлаа хийж байсан бол энэ хүмүүсийн бизнес хамаагүй амар байх байсан” гэж Ч.Хашчулуун тэмдэглэн хэлэв.

“Монголын хуулиуд харьцангуй сайн. Хууль хэрэгжүүлэх механизм байна. Ганц хэрэгжилтэндээ хяналт алга. Хэрэгжүүлэхгүй байна. Гэрээний биелэлтийг чангатгах, хувийн өмчийн хамгаалалт чанга байх ёстой” гэж тэр нэмж хэлсэн юм.

Монголын эдийн засгийн өсөлтийг гуравхан салбар хийж байгаа бөгөөд 1997-2005 онд 31,8 хувиар өссөний 27,1 хувийг хувийн хэвшлийнхэн бий болгосон байна гэж судалгаанд дурьдсан.

No comments:

Post a Comment