Sunday 14 December 2008

Ярилцлага: Барилгын салбарт хямрал болно

“Байрны үнэ буурч, ам метр нь 600 ам.доллар болтол БИТГИЙ АВ” хэмээх нийтлэлийг бичсэн Д.Сүндийтэй хийсэн ярилцлага.

-Яриагаа эхлээд таны хувь хүний талаарх танилцуулгаар эхлэх үү. Таныг програм хангамжийн инженер мэргэжилтэй гэж сонслоо. Энэ үнэн үү. Та хаана ажилладаг вэ?
-Жирийн л нэг төрийн албан хаагч. Үүнээс илүү хэрэггүй биз дээ. Ямар сонгуульд нэр дэвших гэж байгаа биш. Харин мэргэжлийн хувьд програм хангамжийн инженер нь үнэн. Ер нь тэгээд миний тухай, ялангуяа мэргэжил энд нэг их сонин биш болохоор гол сэдэв рүүгээ оръё тэгэх үү.

-Монголын томоохон банкуудын нэг болох Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан: “Манай оронд хямрал байтугай уналтын ч шинж тэмдэг алга” гэж мэдэгдсэн байна шүү дээ. Таны өнцгөөс харвал барилгын салбарт уналт болно гээд байдаг. Та энэ дээр юу хэлмээр байна?
-Д.Баясгалан захирлын нийтлэлийг уншсан. Дэлхийн банк, санхүүгийн зах зээлийн хямрал Монголд шууд нөлөөлөхгүй, түүнээс үүдэлтэй хямрал бидэнд үүсэхгүй гэж хэлсэн болохоос Монголын барилгын салбар хямрахгүй гэж хэлээгүй байна лээ. Харин: “Төлбөрийн чадваргүй хүмүүст орон сууцны зээлийг ихээхэн хэмжээтэй олгож, түүнийгээ үнэт цаас болгох замаар хөрөнгийн зах зээлд борлуулсан. Гол нь үүнээс үүдэлтэй хямрал бий болсон” гэж үзэж байна лээ.

Энэ нь ил үзэгдэж байгаа процессыг л тайлбарлаж байгаа хэрэг. Харин үндсэн шалтгааныг нь би хувьдаа ингэж ойлгож байгаа. АНУ чинь Монгол биш шүү дээ бүх юм нь сүлжээнд орчихсон төлбөрийн чадвартай үгүйг нь дорно тогтоочихно. Хэн ямар орлого олж байгаа, ямар татвар төлөөд, хэдий хэмжээний ашиг олох уу. Энэ нь байрны зээлийг төлөхөд хангалттай юу гээд л дорно тооцоод гаргаад ирнэ. Тэгээд мэдсээр байж төлбөрийн чадваргүй хүнд зээл өгдөг банк гэж байхгүй. Хэрэв тэгсэн бол дүрэм журмаа зөрчсөн гээд холбогдох этгээдүүд хуулийн хариуцлага хүлээж таарна. Харин үндсэн шалтгаан нь юу байсан гэхээр, АНУ хэтэрхий мөнгөний зөөлөн бодлого явуулсан хэрэг. АНУ дэлхийд маш тогтвортой, хэтэрхий найдвартай зах зээлтэй гэсэн ойлголттой түүгээрээ дамжуулан хангалттай их хэмжээний мөнгийг бусад Улс ороноос биржээр дамжуулан татаж авсан байгаа юм. Энэ графикт Dow Jones Industrial Average буюу зах зээлийг төлөөлхүйц 30 том компанийн дунджаар тодорхойлогддог, үндсэндээ үнэт цаасны зах зээлийн индикатор болсон индексийг үзүүлсэн байгаа.

Эндээс харахад 1982 оноос 2007 оныг хүртэл хувьцааны үнэ урт хугацаанд тогтмол өсөж, АНУ асар их хэмжээний мөнгө босгож байсан нь харагдана. Ингээд үнэт цаасны үнэ тогтмол өссөнөөр АНУ-ын мөнгөний хуримтлал ихсэн илүүдэл мөнгөтэй болоод ирлээ. Түүнийгээ манайхан шиг зүгээр тараана гэж байхгүй. Банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан маш бага хүүтэй зээлийг их хэмжээгээр олгож эхэлсэн байна. Нийлүүлэлт тогтмол байсан, зэрэгцээд төр засгаас зөв бодлого явуулж байсан нь инфляцийг хөөрөгдөхгүйгээр барьж байхад чухал нөлөө үзүүлжээ. Хүмүүс хямд хүүтэй зээлээр орон сууцыг зэрэг зэрэг худалдаж аваад ирэхээр эрэлт өсөж байрны үнэ бодит өсөлтөөс илүү хурдтай байнга өссөн бөгөөд 2005-2006 онд оргил цэгтээ хүрсэн. Энэ үед эрсдэлтэй түвшний зээлдэгчдийн /subprime/ болон байрны зээлийн хүү /ARM, энэ нь олон индексүүдээс хамааралтай хэлбэлзэж байдаг/ өсч эхэлсэн ба сүүлдээ тухайн өссөн хүүгээр зээл аваад цалингаараа хүүг нь тогтмол төлөх чадамжтай хүмүүс багасч эхэлсэн тул эрэлт буурчээ.

Үр дүнд нь байрны үнэ буцаад 2006-2007 онд аажим аажмаар буурсаар нөгөө банканд үнэлүүлэн барьцаанд тавьсан үнээс доош буугаад ирэхээр хэн зээлээ төлөх вэ. Мэдээж зээлдэгчид төлбөрийн чадваргүй болсон гэсэн шалтгаанаар зээлээ төлж чадахгүй, барьцааны байрыг минь ав гэнэ биз дээ. Учир нь банкууд үл хөдлөх хөрөнгийн тасралтгүй өсөлтийг тооцон үл хөдлөх хөрөнгийн тухайн үеийн үнэнд нь бараг тулган зээл олгож байсан нь алдаа байж. Зээлдэгчид зээлээ төлөхгүй болохоор банк барьцааны байраа зарах гэж оролдоно. Гэвч зах зээл дээрх ханш нь анхны үнэлсэн үнээс бага болчихсон байгаа тул банк алдагдалтай зарахаас өөр аргагүй болно. Банк хадгаламж эзэмшигчдийн хүүг төлөх ёстой тул зарахгүй удах тусам илүү их алдагдал хүлээж таарна. Ингээд уралдаад зараад ирэхээр үл хөдлөх хөрөнгийн үнэ улам буурч банкуудын алдагдлын хэмжээ тэр хэрээр ихэслээ.

Үүний өмнө нь юу болсон гэхээр Д.Баясгалан захирлын хэлснээр анхдагч зээлдэгчдийн зээлийг үнэт цаас болгох замаар хөрөнгийн зах зээлд борлуулж, түүнийг худалдан авсан нөхөр хэд хэдэн банкуудын зээлүүдийг дахин багцлан цааш нь хоёрдогч зах зээлд зарна. Түүнийг нь өөр этгээд худалдан авч бас дахин багцлаад үнэт цаас болгоод цааш нь хөрөнгийн зах зээл, гадаад орнууд, хөрөнгө оруулалтын банкууд, тэтгэврийн сангуудад дахин зарж ашгаа олно. Үүнийг нь даатгалын компаниуд даатгана. Ингээд үндсэндээ маш том сүлжээ буюу нэг том саглагар мод үүссэн гэсэн үг. Ингээд модны үндэс нь муудах буюу үл хөдлөх хөрөнгийн чанаргүй зээл нь модыг бүхэлд нь ганхуулж, цаашлаад модны мөчир хүртлээ ганхаж байгаа хэрэг. Монголчуудын овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдгийн адилаар АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямраагүй бол Дэлхийн банк, санхүүгийн зах зээл хямрахгүй байсан байх.

-Таны нийтлэлийг маш олон хүн уншиж, нийлээд хэсэг нь дэмжиж байхад, бүр эрс эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна. Програм хангамжийн инженер хүнд итгэх үү, Монгол банк болон арилжааны банкнуудын захиралуудад итгэх үү, ойлгомжтой биз дээ гэж зарим нь ярьж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Манайханд нэг буруу ойлголт байдаг. Эдийн засгийн мэргэжилтэй хүн эдийн засгийн бодит байдлын тухай үнэн зөв ярна гэж, тэгээд бүр доктор профессор байвал бүр сайн. Тийм юм хаана ч байхгүй шүү дээ. Жишээ нь: Олон улсын үндсэн дамнасан хамгийн том корпорацийн нэг Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс үйлдлийн системийг хамгийн анх өөрөө зохиосон гэж бодож байна уу. Бас алдар хүндтэй том сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Юу болсон гэхээр нэг А компаний зохиосон үйлдлийн системийг Билл анх харчхаад тухайн үеийн хамгийн том Интернэшнл бизнес машин компанид /IBM/ дээр очоод надад үйлдлийн систем байгаа, би та нарын хийх гэж байгаа персональ компьютерт тохирох хамгийн сайн үйлдлийн системийг зохиож чадна гэж итгүүлж чадаад гэрээ хүртэл байгуулсан байна. Дараа нь харин нөгөө А компаниас үйлдлийн системийг хямдхан үнээр авч өөрөө цааш хөгжүүлэн одоогийн виндоуз үйлдлийн системийг бий болгосон байх жишээтэй. Гэтэл эндээс харахад Билл сайн зохион бүтээгч биш, харин жинхэнэ бизнесмэн хүн байж шүү дээ.

Түүнтэй адил тухайн мэдээлэлд өөрийнхөө өнцгөөс харж дүгнэлт хийх замаар үнэн худлыг нь үнэлж цэгнэх хэрэгтэй. Энэ даяарчлагдсан ертөнцөд та амьдарч л байгаа бол танд Монголын болон Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хамаатай л болж таарна.

Тийм ч учраас би жирийн нэг иргэн өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гэж л ярьж байна. Миний эрх ашгийг хэн ч хамгаалахгүй байгаа учраас л тэр шүү дээ. Харин би та нартай адилхан ажилчин анги болохоор миний эрх ашиг та нартай давхцаж байна. Мэдээж өөрийн банкийг эсвэл өөрийн салбарыг төлөөлж ярьж байгаа бол тодорхой зорилготой албан тушаалын хүрээндээ өөртөө ашигтай өнцгөөс ярих нь зүй ёсны хэрэг.

-Барилгын салбарт хямрал яагаад болох. Энэ нь бидэнд яаж нөлөөлөх вэ?
-Эхлээд би яагаад хямрал болдгийг энгийн жишээн дээр тайлбарлая. Таны ходоод яагаад хямардаг юм. Хамаагүй юм идэж уугаад, хоолны орц нь хэт алдагдахаар, жишээ нь сүүтэй цай, айраг хоёрыг хольж уугаад байвал ходоод хямарна. Хямарч байна гэдэг маань эрүүлжих гэж хичээж байгаа процесс юм. Өөрөөр хэлбэл хүн чинь дархлаатай тул өөрөө өөрийгөө эмчлэх гэж хичээж байгаа хэрэг. Түүнтэй адил эдийн засаг чинь бас дархлаатай байна. Хөрөнгө нь хэт нэг салбар руу төвлөрч эдийн засгийн бүтэц алдагдах, баялаг нь цөөхөн хүний гарт хэт хуримтлагдах зэрэг хэрээс хэтэрсэн үзэгдлүүд газар аваад эцэстээ тулахаар хямарч байна. Төр засаг юу хийж байв. Зөв бодлого явуулж байв уу, үгүй юу гэж асуух байх. 1992 оноос хойш 2008 оныг хүртэл ядуурлын хэмжээ буурах биш бүр дундаж давхаргыг нь инфляциар дамжуулан ядуу давхарга руу чирж байна шүү дээ. Төр засаг хичээсэн боловч үр дүн нь сөрөг гарснаар хангалттай муу дүн тавих болзол хангаад байгаа хэрэг.

Хямрал нь өөрөө эрүүлжүүлэх процесс учраас барилгын салбарын хямралаар хөрөнгийн дахин хуваарилалт хийх сайхан боломж зах зээлийн хуулийн дагуу гарч ирж байна. Төр засгаас хамгийн түрүүнд найдваргүй зээлийн барьцааг банкууд нь өөрсдөө дуудлагаар худалдах боломжийг олгосон хуулийг гаргах эсвэл одоогийн байгаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Банкуудад ийм боломж олгочихвол барилгын компаниуд зээлээ төлж чадахгүй тохиолдолд банк шууд дуудлага худалдаанд оруулаад зарагдах үнээр нь зарна, дуудлагаар зараад эхлэхээр барилгын үнэ чинь жинхэнэ унаж өгнө биз дээ. Хэн хожихов ард иргэд л хожно. Хэдий хэмжээгээр хожихов хэдэн зуун тэрбумаар нь хожно. Энэ нь тэр том жийп машины түлш шатахууны үнийг хэмнэх, яамдын тоог багасгах зэрэг зардал хэмнэхтэй харьцуулах аргагүй их том тоо. Тэгэхээр энэ хямралыг бид сайн зүйл гэж харах хэрэгтэй.

Харин төр засгаас буруу бодлого явуулбал бүх салбарыг хамарсан жинхэнэ хямрал бий болгож мэднэ. Жишээ нь: төгрөгийн ханш жоохон л унаж эхлэхэд бүх хүмүүс хадгаламжаа татаад доллар, евро болгож эхэлнэ. Ингэхээр гадаад валютын ханш өсөж төгрөгийн ханш буурна. Гадаад валютыг гайгүй үнэтэй байгаа дээр нь авч чадаагүй хүмүүс нөгөө хөөсөрсөн барилга руу мөнгөө хийж хөөсийг бүр том болгоно. Томорсон хөөс хагарвал банкууд ганхаж зарим нь бүр дампуурч мэднэ. Ийм үр дүнд хүрэхгүйн тулд төрөөс долларын ханшийг одоогийн байгаа түвшингээс дээш огт гаргаж болохгүй. Дээрээс нь бүх банкуудын хадгаламжид төрөөс баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Харин барилгын салбарын хувьд бол тэртэй тэргүй хүндээр хямарч олон компаниуд алдагдал хүлээнэ.

Үүнд төр засаг оролцох ямар ч шаардлагагүй. Бидний халаасан дахь 100 төгрөг инфляциас болж шууд 90, 80, 70 төгрөгийн үнэлэмжтэй болж байхад төр засаг юу хийж биднийг хамгаалсан юм. Тэрэнтэй адилхан зүгээр хараад л сууж байх хэрэгтэй. Барилгын компаниуд чинь сүүлийн хоёр жил хангалттай ашигтай ажилласан. Одоо эрсдэлээ үүрэх цаг нь болсон баймаар. Хэн их ашиг олсон нь төдий хэмжээний татвараа ард түмэндээ төлөх ёстой. Энэ чинь зах зээлийн зарчим шүү дээ.

-Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудаар дамжуулан барилгын компаниудад зээл олгох тал дээр ямар байр суурьтай байна?
-Би өмнөх нийтлэлдээ бичсэн. Гал дээр тос нэмэхээр юу болох уу тийм л юм болно. Тэр 70, 80%-тай баригдсан байр нь үнийн хөөсөн дээр дэндүү өндөр өртөгтэй баригдсан байгаа юм. Жишээ нь ам метр нь 600-700 ам.долларын хооронд баригдсан гэвэл төрийн мөнгийг нэмж оруулаад ам метр нь 800-900 ам.долларт барилга босно. Тэгээд орон сууцаа хэдээр зарах вэ. Одоо иймэрхүү үнэтэй байрууд зөндөө байгаа шүү дээ. Зарагдахгүй л байна. Авах чадамжтай хүмүүс бараг байхгүй. Цөөхөн хэдэн чадамжтай хүмүүс нь байрны үнэ унахыг мэдчихээд хүлээгээд байна. Тэгэхээр энэ байрны үнийн хөөсийг том болгосон хойно нь биш одоо л хаглах хэрэгтэй. Жишээ нь та 2 давхар дээрээс унавал хөл гар хугарах гэх мэт хөнгөн гэмтэж мэднэ. Харин 3, 4 давхар дээрээс унавал амьд үлдэх магадлал бага. Бидний сууж байгаа модны үндэс нь муудчихаад байгаа тул модноосоо бууж үндсээ эмчилчхээд модоо цааш нь ургуулах хэрэгтэй. Энгийн л логик. Харин 300 тэрбум төгрөгийг хямарч байгаа салбарт оруулбал та бидний татвар төлсөн мөнгө буцаж ирэхгүй жинхэнэ бантан болно.

-Тэр 70, 80% нь баригдаагүй барилгын цаана өчнөөн захиалагчийн эрх ашиг байгаа, тэднийг яах вэ гэж зарим хүмүүс асууж байна?
-Тэрийг шийдэх зөндөө арга байгаа. Жишээ нь: иргэн Дорж 10-р хороололд баригдаж буй барилгад 80 ам метр талбайтай 3 өрөө байрыг нэг ам метрийг 1000 ам.доллараар тооцон 30%-ийн урьдчилгаа төлбөр буюу 24,000 ам.доллар төлсөн гэж бодъё. Ийм замаар гүйцэтгэгч хэд хэдэн хүний урьдчилгааг авснаар нийт байрны 30% нь зарагдсан гэж үзье. Тухайн дуусаагүй байрыг дуудлагаар худалдахдаа нөхцөл зааж өгч болно. Тухайлбал уг байрыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах, мөн орон сууц захиалсан хүмүүсийн 30%-ийн хөрөнгийг тооцон барилгыг ашиглалтад ороход байрны нийт үнийн 30%-ийг авахгүй байхаар зааж өгч болно.

Ийм нөхцөлтэй дуудлага худалдаагаар нөгөө байраа зарагдах үнээр нь зарна. Авах хүн нь мэдээж ямар үнээр авбал хэдийг нэмж оруулаад хэдээр зарж болохоо тооцож үзсэний үндсэн дээр авна. Ингэж дуудлагаар худалдахад нэг ам метрийн үнийг бохироор 300 ам.долларт А компани худалдан авсан гэж үзье. Тус компани тухайн барилгыг бүрэн дуусгаад зах зээлийн зарагдах үнийг нь тооцоход байрны ам метрийн үнэ нь 600 ам.доллар гарчээ. Дуудлага худалдааны нөхцөлийн дагуу зах зээлийн үнээр буюу ам метрийг нь 600 ам.доллараар тооцон үлдэгдэл 70%-ийн төлбөрийг Доржоос авч байранд нь оруулна.
Одоо Доржийн хэмнэлтийг тооцъё. 1000 ам.доллараар авах байрыг 600 ам.доллараар авч байгаа тул ам метрийн хэмнэлт нь 400 ам.доллар. Үүнийг 80 ам метрээр тооцвол 80 x 400=32,000 ам.доллар гарна. Үүнээс Доржийн урьдчилж төлсөн 30%-ийг хасвал 32,000 х (100-30)% = 22,400 ам.долларын хэмнэлт гарч байх жишээтэй.

Ингээд Монголчууд бидний ярьдгаар сохорсон биш завшив гэгчээр барилга дуусаагүй нь харин нь ард иргэдэд ашигтай тусч байна. Үүнийг хэдэн зуун хүнээр тооцвол тэрбум төгрөгөөр хэмжигдэх том тоо гарна. Хүмүүс асууж болох юм тэр анхны барилгын компани маш их алдагдал хүлээх нь байна гэж. Нэгэнт бизнес хийж байгаа бол зах зээлийн дүрмээр л хийх ёстой. Компаниуд нь эрэлт, нийлүүлэлтээ тооцохгүй бизнес хийж алдаад, алдагдлыг нь төр засгаас татвар төлөгчдийн мөнгөөр хаагаад байвал юу болох вэ.

-Дэлхийн эдийн засгийн хямрал манайд яаж нөлөөлөх, мөн АНУ-ын гаргасан 700 тэрбумын шийдвэрийг та юу гэж үзэж байна?
-АНУ, Монгол Улс хоёрын ялгаа юу вэ. Хүмүүс тэд чинь маш их баян, бид чинь их ядуу, бас тэд чинь их өндөр боловсролтой Харвард энэ тэр төгссөн, бид боловсролгүй гээд л зөн дөө юм ярих байх. Би хямралыг харж байгаа өнцгийн ялгааг нь хэлье. Тэд үл хөдлөх хөрөнгийн үнийн бодитой бус хэт өсөлт буюу хөөсрөлт нь хямралын эх үүсвэр болсон бөгөөд энэ нь бага дээрээ биш томорч байж хагарсан нь томоор хямрах гол шалтгаан болж гэдгийг ойлгочихоод эрүүлжих замаа хайж байхад манайхан алдаагаа ч ойлгохгүй үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсийг улам том болгох гэж зүтгэх байна.

Тэр 700 тэрбумын байлаутын талаар дүгнэлт хэлнэ гэвэл эхлээд хоёр орны эдийн засгийн ялгааг ярих ёстой юм. АНУ-д зах зээлийн эргэлтэд ордоггүй нэг ч хөрөнгө гэж байдаггүй. Тэд чинь байхгүй зэс, байхгүй алт, байхгүй үр тариаг хөрөнгийн зах зээл дэх үнийг нь ашиглан бодитой бус хийсвэрээр авч зарж ашиг хийж байдаг. Бараг хоосон юман дээр гэсэн үг. Харин бидний байгаа жаахан хөрөнгөнд бараг ямар ч бүртгэл байхгүй. Доржийн хашаанд байгаа үхмэл хөрөнгөтэй адилхан. Доржийнх ч юм уу, Дулмаагийнх ч юм уу бүү мэд. Доржийн хөршүүд л хэнийх гэдгийг мэддэг байх. Бас бид ямар ч хариуцлага хүлээх чадамжгүй. Тэгэхээр яагаад ч бид хөрөнгийн биржийн зах дээр хөрөнгөө эргэлтэд оруулж ашиг олж чадахгүй байгаа юм. Жишээ нь нэг тэрбум хөрөнгө ашиглалтгүй нэг сар хэвтэж байна гэдэг бол банкны сарын дундаж хүү 1% гэвэл бид сард 10 сая төгрөг зүгээр л алдаж байна гэсэн үг. Үүнийг алдагдсан боломжийг өртөг гэж үзэн эдийн засагт тооцдог бол Монголд хэн ч хэзээ ч алдагдсан боломжийн өртгийг тооцдоггүй. Тэгэхээр Монголчууд бид хөрөнгөө ашигладаггүй, хүний мөнгөөр ашиг хийнэ гэж бүр ч байхгүй. Харин АНУ-д бол өөрөө бусдын мөнгийг ашиглан компаниуд нь ашиг хийж, зах зээлд ноёлохын зэрэгцээ ард түмэн нь чинээлэг сайхан амьдарч байна. Тэдний компаниуд нь үндэстэн дамнасан том акулууд, борлуулсан бараагаа бүх улсад зардаг жинхэнэ баялгийг бүтээгчид. Харин АНУ-ын зах зээл хямарвал эдгээр компаниуд нь алдагдалд орж зах зээлд эзлэх байр сууриа алдахын зэрэгцээ АНУ-аас мөнгөний урсгал ганцхан өдрийн дотор гараад явчих бололцоотой. Тэгвэл юу болох вэ. АНУ дэлхийн зах зээл дээрх байр сууриа алдаж эхэлнэ. Цаашлаад дэлхийн банк, санхүүгийн зах зээл хямралд орох нь одоогийн зах зээлд ноёлогч АНУ-д ямар ч ашиггүй, түүнээс тэд маш их алдагдал хүлээнэ. Тэгэхээр энэ зах зээлийг аварч гарахын тул АНУ юу ч хийхэд бэлэн байна. Жишээ нь 700 тэрбум ам.долларын байлаут төлөвлөгөөг Конгресс нь батлахгүй буцаахад ганцхан өдрийн дотор АНУ-ын хөрөнгийн захын үнэт цаасны индекс унаж 1.2 триллион ам.долларын алдагдал хүлээж байх жишээтэй. Тиймээс эдийн засгаа аварч гарахын тулд бүх л боломжтой арга хэмжээг авч байна.

Дэлхийн эдийн засаг Монгол улсад нөлөөлөхийн хувьд гэвэл, бид чинь бараг импортлогч орон. Тэгэхээр дэлхийн банк, санхүүгийн хямралаар бидний импортолдог барааны үнэ буурч, бидэнд харин ч сайнаар нөлөөлж байна. Харин гадаадад байгаа Монголчууд маань ажилгүй болох эсвэл цалин нь буурах эрсдэл байгаа бөгөөд үүнийг байрны үнэ буурснаар нөхөж болох байх. Учир нь тэд ганц байр авах гэж олон жил гадаадад ажилладаг байсан бол байрны үнэ буурснаар энэ хугацааг багасгаж наашлуулах байх.

Мөн энэ эдийн засгийн уналт нь зэсийн үнийг 2 дахин бууруулж манай гадаад худалдааны алдагдлыг ихэсгэж байгаа боловч нөгөө талаар төр засгийн үнийн өсөлтөөс олсон бэлэн мөнгийг сул тарааж инфляцийг хөөрөгдөн бидний дундчуудыг улам ядуурал руу чангаадгийг хязгаарлаж, мөн төр засаг нь зардлаа хэмнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Харин бид төгрөгийн доллартай харьцуулсан ханшийг тогтвортой барьж байх тохиолдолд Монголын зах зээлийн системийг эрүүлжүүлж эхлэх сайхан боломж гарна. Үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарах үед л жинхэнэ хямарч эхлэх бөгөөд зэрэгцээд эрүүлжих процесс бас эхэлнэ. Юмны үнэ байвал зохих хэмжээндээ хүрч буух үед л зах зээлд шинэ мөнгө оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ зөв оруулж ирэхгүй бол байдлыг бүр хямрааж мэднэ.

Ингээд бодохоор хэрэв бид ухаантай байгаад бас одтой бол хамгийн том хямралаас хамгийн том эдийн засгийн системийн дэвшилт хийж гарч болох юм. Харин төр засаг маань зөв л нүүх хэрэгтэй, зөв нүүж чадахгүй бол ядаж зүгээр хараад сууж байх хэрэгтэй, зах зээл нь өөрийнхөө дархлаагаар системээ зөв гольдролд нь оруулна байх. Иргэд маань харин хөөс хагарч байр байх ёстой үнэ дээрээ очтол нэг ч байр битгий аваарай

No comments:

Post a Comment