Sunday 14 December 2008

Ярилцлага: Банкуудын байдал хүнд байна

“Банкуудын байдал хүнд байна” нийтлэлийг бичсэн Д.Сүндийтэй хийсэн ярилцлага.


-Таныг програм хангамжийн мэргэжилтэй. Ядаж эдийн засгийн мэргэжлийн хүн эдийн засгийн талаар ярих хэрэгтэй гэж зарим хүмүүс хэлж байна. Та энэ дээр юу хэлмээр байна?

Хэн ярьж байна вэ гэдэг тийм гол зүйл гэж үү? Юу ярьж, ямар санаа дэвшүүлж, аль өнцгөөс харж байна вэ гэдэг илүү чухал биз дээ? Зөвхөн эдийн засагчид л эдийн засгийг ойлгодог, ирээдүйд юу болохыг урьдчилан харж чаддаг байсан бол бизнесмэнүүд биш эдийн засагчид илүү баян байх нь яасан юм? Эдийн засгийн ухаан нь аливаа нэг дүгнэлтийг гаргахдаа тодорхой хэдэн хүчин зүйлүүдийг тооцон бусдыг харин тогтмол гэж үздэг боловч амьдрал дээр эдийн засагт оролцож байгаа бүх хүчин зүйлүүд нь үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр ирээдүйн хямралыг эдийн засгийн ухааны шинжилгээгээр бүрэн гүйцэт нотлох боломжгүй, яахав, таамаглал дэвшүүлж л болох юм. Жишээ нь, 1929 оны Дэлхийн эдийн засгийн их хямрал болохын өмнөхөн XX зууны агуу эдийн засагч Жон Мейнард Кейнс, “Миний энэ яваа насанд лав эдийн засгийн хямрал болохгүй” гэж мэдэгдэж байж. Гэвч их хямрал болж хувьцааны үнэ унаснаар мань эр бүх хөрөнгийнхөө 3/4-ийг алдсан. Их хямрал болж өнгөрсний бүр сүүлд нь орчин үеийн эдийн засагчид 1929 оны эдийн засгийн бүх үзүүлэлтүүдийг тавьж байгаад эконометриксийн шинжилгээ хийгээд хямрал болох нь зайлшгүй байж гэж нотлох гээд чадаагүй байх жишээтэй.


-Хvмvvсийн дунд банкууд яачих бол гэсэн айдас байгаа. Үүн дээр нь сөрөг дүгнэлт өгснөөр хадгаламж эзэмшигчид хөрөнгөө татвал арилжааны банкуудын байдлыг улам хүндрэх юм биш үү?


Намайг нийтлэл бичихээс өмнө хэн ч ам.долларын ханшийн өсөлтөөс та бид ямар их хэмжээний мөнгө алдаж байгааг үнэн зөвөөр нь мэдээлээгүй байсан. Миний мэдээлэл харьцангуй хугацаа алдаагүй хүмүүст хүрсэн гэж бодож байгаа. Ам.долларын ханш огцом өсөөд 7 хоног ч болоогүй байхад би бичсэн. Ингэснээр олон хүний анхаарлыг ам.долларын ханшийн өсөлтөөс та бидний алдаж байгаа хэдэн зуун тэрбум төгрөгт хандуулж, хүмүүс мөнгөө банкнуудаас зэрэг шахам татах нь гэсэн айдсыг банкнуудад өгч, банкууд нь Монголбанк болон төр засаг шахалт үзүүлснээр дорвитой биш ч гэсэн арга хэмжээ авч байгаа байх.


Хэрэв хэн ч, юу ч ярихгүй байсаар төгрөгийн ханш улам унаж, хүмүүс хадгаламжаа банкнуудаас чимээгүй татсаар хоёр сар үргэлжлэхэд ам.долларын зохиомол эрэлт үүсч, ханш нь бүр галзуурч та бид их хэмжээний ханшийн алдагдал хүлээгээд зогсохгүй манай улсын банкуудын байдал жинхэнээсээ хүндэрч Анод банк шиг болох байсан байх.

-Чимээгүй байснаараа банк, санхүүгийн системийг донсолгохгүй эдийн засагт сайнаар нөлөөлөх нь хэдэн зуун тэрбум төгрөгийн ханшийн алдагдлыг хүлээхээс илүү ач холбогдолтой байхгүй байсан гэж үү?


Хүмүүсийн нүдэн дээр ганцхан сарын дотор ам.доллар зарах ханш 1,146-аас 1,260 төгрөг болж 114 төгрөг буюу ойролцоогоор 10%-аар өсч таны халаасан дахь 100 төгрөгөөс 10 төгрөг нь алга болж 90 төгрөг үлдэж байхад хүмүүс банкнуудаас төгрөгөө татахгүй, нүдэн балай, чихэн дүлий суух байсан гэж бодож байгаа бол гэнэн хэрэг.

Гадны жишгээс харахад компаниуд нь нэгдэж байгаад бодит байдлыг үнэн зөвөөр нь мэдээлж Засгийн газраас тусламж үзүүлэхийг хүсэж байхад, манайд эсрэгээрээ муу мэдээллээ нуугаад байж байвал зөөлөн тусна гэж бодож байгаа нь зөв гэж үү. Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг шиг бодит байдлыг нууж улам хүндрүүлж байгаад сүүлдээ нууж чадахаа больж тэсэрвэл манай улсын эдийн засгийг жинхэнэ хөмөрч мэднэ.


Дээр нь нэмээд хэлэхэд зөв мэдээлэлтэй хэсэг хүмүүс нь ам.долларын ханш өсөхийг урьдчилан мэдээд бусдаас түрүүлж авчихаад өсөхөөр нь буцааж зарж ганцхан сарын дотор их хэмжээний ашиг хийх бололцоог Монголбанк олгоод зогсохгүй, ам.долларын ханш өсөхгүй гэж худлаа мэдэгдэл хийж ард түмэнд ялгавартай хандаж байгаа нь шударга бус үзэгдэл. Өөрөөр хэлбэл уралдааны зам дээр гүйх гэж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь бүр урдаас бусад хүмүүс нь бүр хойноос гүйвэл тэр уралдаан биш болно. Тэгэхээр бүх хүмүүсийн гарааны нөхцөл ижил байх буюу бүгд ижилхэн үнэн зөв мэдээлэл авах эрхтэй, үнэн зөв мэдээлэл түгээх, төгрөгийн тогтвортой байдлыг ханган инфляцийг бага түвшинд барих нь Монголбанкны үүрэг мөн.


-Таны нийтлэлээс харахад тэртэй тэргүй ам.долларын хомсдол үүсч ханш өсөх нь тодорхой байж. Харин ч Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахаар энэ оны 11 дүгээр сарын сүүл хүртэл ам.долларын ханшийг барьж байгаад сүүлдээ үнэхээр валютын нөөцгүй болоод яах ч аргагүй болсон юм биш үү?


Өнгөрсөн оны эцсийн байдлаар зэсийн баяжмалын экспорт Монгол Улсын нийт экспортын 45%, ДНБ-ний 22% хувийг тус тус эзэлснээс үзэхэд зэсийн үнэ унавал ам.долларын нийлүүлэлт буурч ханш өсөх нь тодорхой. Тэгвэл доорх графикаас харахад энэ оны 7 дугаар сард 9,000 шахам ам.долларын ханштай байсан зэсийн үнэ ганцхан сарын дотор шууд хоёр, гурав дахин унаагүй 7 дугаар сараас одоог хүртэл нийт 6 сарын туршид жигд шахуу тасралтгүй буурсаар өнөөдрийн байдлаар 3,200 ам.доллар болжээ. Энэ оны 7 дугаар сард ам.долларын ханш 1160, одоо байгаа ханш 1260 төгрөг, зэсийн ханшийн тасралтгүй уналт нь 6 сарын турш явагдсан гэж үзвэл ам.долларын нийлүүлэлт багасахтай холбогдон ам.долларын ханшийг зугуухан долоо хоногт 3-4 төгрөгөөр өсгөх боломж байж.


Харин одоо доорх графикаас Монголбанкны 2008 оны ам.долларын албан ханшийн өөрчлөлтийг бүтэн жилээр харж болно. Ам.долларын нийлүүлэлт багассаар байтал Монголбанк нөөцийн сангаас ам.доллар нийлүүлэх замаар албан ханшийг хүчээр буулгаж байгаад 11 сарын сүүлд дийлэхээ байгаад маш огцом тэсрэлт болсон нь харагдаж байна


Энэ нь өөрөө Монголбанкны мөнгөний бодлого буруу байсныг харуулж байна. Хэрэв 7 хоног тутам ам.долларын ханш 3-4 төгрөгөөр өсөх буюу 6 сарын турш жигд өссөн бол ханшийн өсөлт хүмүүсийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлөхгүй, дээр нь бизнес эрхлэгчид болон компаниуд бизнесийн ашиг орлогоо тооцоолон ажиллах боломжтой байх байсан. Мөн Анод банкны байдал ингэж хүндрээ ч үү, үгүй ч үү.

Харин өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудад 150-хан сая ам.доллар байршиж байгаа бөгөөд, Монголбанкны валютын нөөц 600 сая орчим ам.доллар буюу 3 сарын импортын хэрэгцээг л дөнгөж даах боломжтой байна. Энэ нь өөрөөр хэлбэл валютын нөөцөө яаралтай ихэсгэж арга хэмжээ авахын зэрэгцээ гаднаас 2-3 тэрбум ам.долларын зээлийг босгохгүй бол цаашид ам.доллар ханш өсөх нь тодорхой болж байна.


-Ам.долларын ханшийн өсөлтөөс бүгд алдагдал хүлээх үү? Ханшийн өсөлт нь ямар хүмүүст ашигтай тусч болох вэ?


Ам.долларын зээл авсан хүмүүст хамгийн хүнд тусна. Жишээ нь та байр авахын тул ам.долларын зарах ханш 1,146 төгрөг байхад 50 мянган ам.долларын зээл авсан тохиолдолд өнөөдрийн зарах ханш 1,280 төгрөг болж 134 төгрөгөөр өссөн гэвэл 50,000 x 134 = 6 сая 700 мянган төгрөгийн алдагдал ганцхан сарын дотор хүлээнэ. Нөгөө талд нь барилгын компаниудын ашиг 11%-иар нэмэгдэнэ.

Мөн ам.долларын өсөлт нь төсвийн цоорхойг нөхөхөд бодитой хувь нэмэр оруулна. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр зэсээ ам.доллараар борлуулдаг боловч татвараа төгрөгөөр төлдөг учир ам.долларын ханшийн өсөлтөөс төрд тушаах татвар нь 10%-иар нэмэгдэнэ.

Эдгээр хүчин зүйлүүд нь төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн гол шалтгаан гэсэн хардлагыг үүсгэж байна.


-Дэлхийн аль ч оронд ам.долларын хомсдол үүсэж, ханш нь өссөн биз дээ. Манай оронд өсөх нь хэвийн үзэгдэл биш үү?

Бусад орнуудын хувьд бол хүн ам нь хэдэн зуун сая, эдийн засаг нь ам.долларын дүнгээр хэдэн зуун тэрбумаар хэмжигдэхээр том, дээр нь экспортын бүтээгдэхүүн нь маш олон төрөл тул ганц хоёр бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлснээр валютыг нөөцийг ихэсгэх ямар ч боломжгүй л дээ. Тиймээс хямралын үед тэдний давуу тал нь сул тал болж байна.

Харин манай улсын хувьд 3 сая ч хүрэхгүй хүн амтай, дээр нь эдийн засаг нь маш жижигхэн, валютын нийлүүлэлтийн үндсэн хүчин зүйлүүд нь зэс, алт, ноолуурын экспорт бол гол эрэлтийг үүсгэгч нь нефтийн бүтээгдэхүүний импорт болдог. Ганц хоёрхон бүтээгдэхүүнээс хамаарсан эмзэг эдийн засаг гэж үзэгдэн үргэлж та бидний сул тал болдог байсан бол энэ удаа давуу тал болох боломж олдож байна. Жишээлбэл дэлхийн зах, зээл дээр 1 унци алтны ханш 808 ам.доллар, 1 барель нефть 100 хүрч чангарч байснаа 44 ам.доллар хүртэл буурсан байгаа тохиолдолд алтны 68%-ийн татварыг өөрчилж, алтны экспортыг нэмэгдүүлэхэд л дэлхийн эдийн засгийн хямралд бид маш бага өртөж, магадгүй зөв нүүвэл бүр ашигтай тусна.

No comments:

Post a Comment