Friday 19 December 2008

Шилдэг нийтлэл 2

А. БАТПҮРЭВ, “ИНФОРУМ” СОНИН
Өгүүлийн нэр:
1. “Боолчлогдлх зам”-аас зугтахуй
2. Эх нь таргалдаггүй, тугал нь томордоггүй Эдийн засаг
“БООЛЧЛОГДОХ ЗАМ”-ААС ЗУГАТАХУЙ
“Инфо” сонин 2006 оны 1-р сар №140
“ӨӨдрийн сонин” 2005 1-р сарын 16
А. Батпүрэв
Инфорум сонин
Энэхүү нийтлэлийг эдийн засгийн сэтгэлгээний сод хүн Ф.Хаекийн гайхамшигт бүтээлийн нэрээр гарчигласан маань учиртай билээ.
Эдийн засгийн шинжлэх ухааныг улс төрийн зорилгод ашиглахдаа илтэд мушгин гажуудуулж, сэтгэлгээний хогийн саванд нэгэнт хаягдсан үзэл баримтлалдаа тулгуурласан шийдвэр гаргуулахын төлөө улайран тэмцэх байдал газар авч буй энэ үед наад захын жам ёсны хууль журмыг өмгөөлөн бичиж буй тул уг нэрийг аймшиггүйгээр зээлдсэн болно.
Чухам иймээс өөрсдийгөө “эдийн засагчид” хэмээн нэрлэж популист уриа лоозонгоор нийгмийг турхирч буй хүмүүсээс үүнийг цаг гарган уншихийн зэрэгцээ санал нийлж хүлээн зөвшөөрөхгүй аваас өөрсдийн баримт нотолгоог/хэрэв байгаа бол/ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган тавихыг хүсч байна.
Мэдээж хэрэг олон нийтийн хувьд ийм мэтгэлцээн шударга үнэн болоод, улс орны эрх ашиг хаана нь байгааг ойлгоход өчүүхэн боловч ач холбогдолтой гэж үзлээ. Энэ нь биднийг нэгэнт мөрөөр нь ороод байгаа “боолчлогдох зам”-аасаа гарах эсэхийг шийдэж болох юм.

Нийгэмд болж буй эдийн засгийн агуулгатай /тухайлбал уул уурхайн салбарт/ үйл явцыг ажиглавал улс төрчид, бизнес эрхлэгчид төдийгүй эдийн засагчид “ард түмний тал”, “дайсны тал” гэсэн хоёр жигүүрт хуваагдан тэмцэж байгаа мэт. Үнэн хэрэгтээ хэн боловч өөрийн хувийн ашиг сонирхлын дагуу энэ харилцаанд оролцож байгаа бөгөөд харин мэргэжлийн эдийн засагчдийн дэвшүүлэн тавьж буй санал дүгнэлтүүд нь нийт нийгмийн эрх ашгийн төлөө байх учиртай.
Миний бие нөхөд “ард түмний төлөө тэмцэгч”-дийн нэг биш, “дайсны тал” бүр ч биш учир тэдгээрийн дунд хутгалдан орж ямар нэг төсөл буюу кейстэй холбогдолтой маргаан хийхгүй. Зөвхөн үзэл баримтлал, бодлогын асуудалд хандаж буй байдалтай холбоотой дараах чиглэлүүдээр өөрийн байр суурийг илэрхийлж байна.
ГАДААДЫНХНЫГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЮУ
“1990 оноос хойш Монголд гадаадын хөрөнгө оруулалт гэж олигтой зүйл хийгдээгүй, үр ашиг нь ч гэж бодитой юм үгүй тул тэд гарч явлаа гээд бидэнд алдах зүйлгүй. Ер нь тэд биднийг шулж мөлжиж байна” гэсэн хандлагыг би эрс шүүмжилмээр байна.
Сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалтын гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт болж байна гэж 2005 онд МонголБанкнаас явуулсан судалгаанд дурьджээ. Гадаад эдийн засгийн зохиомол дэмжлэг алга болсон, үйлдвэрүүд дампуурч, гипр инфляци бий болсон зэргээс шалтгаалж 1990-ээд оны эхэн үед бараг байхгүй болоод байсан хөрөнгө оруулалт 2000 оноос хойш ДНБ-ий тогтмол 30 орчим хувьтай болсоны 61-93% хүртэлх нь гадаадын шууд хөрөнгө оруулалт/ГШХО/ байжээ. Өөрөөр хэлбэл манай улсад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг үндсэндээ ГШХО бүрдүүлж байна. Гэхдээ энэ нь хангалттай биш бөгөөд цаашид ч их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэх гол үндэс болох юм.
Ийнхүү өсөн нэмэгдсэн ГШХО нь Дотоодын нийт бүтээгдэхүүний/ДНБ/ өсөлтөнд шууд нөлөөлдөг нь олон улын жишиг болоод манай улсын үзүүлэлтүүдэд хийгдсэн эмпирик судалгаануудаар нотлогддог. Тухайлбал Монгол банкны дээр дурьдсан судалгаагаар ДНБ-д эзлэх ГШХО-ын 1 хувийн өсөлт нь ДНБ-ийг 1.87 хувиар өсгөж байгаа нь нотлогджээ.
Эдгээрээс гадна ажлын байр, техник технологи, хүний хөгжил гээд дагалдах үр ашгуудыг үгүйсгэх аргагүйг дэлхийн ямар ч “тэнэг улс” хүлээн зөвшөөрдөг. Муу хэлэгдээд байгаа гадаадын уул уурхайн компаниудын хувьд л гэхэд манай бизнесийн орчинд хөрөнгө оруулалтын өсөлт, татварын орлогоос гадна ямар үр ашгийг авч ирж байгаа нь “Эхлэл-хөгжил” төрийн бус байгууллагаас гаргасан судалгаанаас харагдаж байна. Уг судалгаанд оролцсон монголын компаниудын 88.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай геологи, уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах болсноор улсад төлөх татвар нь нэмэгдсэний дээр өөрийн чадавхи, бизнесийн цар хүрээ нь өмнөхөөсөө 5-60 хүртэл хувиар нэмэгдсэн гэжээ.
ТАТВАР НЭМЭХ, БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ НЬ ТӨРИЙН ДЭЭРЭМ ЮМ
Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж байгаа татварын хөнгөлтийн тогтолцоо өнөөдөр мөн л шүүмжлэлийн бай болоод байна. Ядуурал газар авч нийгэмд бухимдал, тогтворгүй байдал үүсээд байгаа өнөө үед “нутаг орных нь баялгийг харийнхан ухаж аваад байгаа, түүгээр ч зогсохгүй үүнийхээ төлөө ямар ч татвар төлдөггүй” гэх мессеж хүчтэй нөлөөлж хэлсэн эзэндээ өндөр рейтинг авчрах нь дамжиггүй.
Гэтэл манай улсын татвар, санхүүгийн орчинг судалсан олон улсын бие даасан байгууллага, судлаачид тийм ч сайхан биш гэж дүгнээд байдаг. Тухайлбал Жеймс Оттогийн “Монголын уул уурхайн салбарын санхүүгийн орчны өрсөлдөх чадвар” судалгааны тайланд монгол дахь Татварын нийт бодит түвшин 63% байгаа нь 40-50% байдаг олон улсын дундажаас өндөр байна гэжээ. Мөн “Эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадвар” төслийн захиалгаар Уиллиам Арнольдын гаргасан тайланд ч Монгол улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд татварын орчноо сайжруулах хэрэгтэй гэсэн байна.
Миний хувьд тэдгээрийн нэгэн адил гадаад дотоод гэж ялгалгүй бүхий л хөрөнгө оруулагчдын татварыг улам ихээр бууруулах ёстой гэж боддог. Харин өчигдөрхөн л надтай ижил татварын дарамтыг бууруулах хэрэгтэй гэж байсан эдийн засагчид өнөөдөр “харийнханд элдэв хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж байгааг халж, татварыг нь нэмээд зогсохгүй төр талыг нь дээрэмдэнэ” гэж байгаа нь үзэл бодлоосоо ухарч байгаа хэрэг үү эсвэл нэг төрлийн нацизм уу?
Уул уурхайн томоохон орд нээгдвэл хэн ямар хүч, хөрөнгө зарцуулснаас үл хамааран төр 50:50 хувиар бүтээгдэхүүн хуваана гэдэг санаачлагыг би “төр талыг нь дээрэмдэх” гэж томъёолж байгаа юм.
Уул уурхайн салбарт ашиг хуваарилахдаа бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг өнөөдөр ихэвчлэн Африкийн цөөн тооны улсад ашиглаж байгаа бөгөөд энэ нь төрийн эрх мэдэлтнүүдийнх нь албан ёсны амьжиргааны эх үүсвэр болжээ. Харин бусад улсуудын хувьд манай улсад ашиглагдаж байгаатай адил загварыг/концесс/ ашиглаж байна. Үйл ажиллагааны бүх эрсдлийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө хариуцан засгийн газар ашигт малтмал, газрын төлбөр зэрэг бүх төрлийн татвараар дамжуулан ашигаа хүртдэг энэ загвар манай улсад ч ашиглагдаж байгаа бөгөөд газрын тосны салбарт л бүтээгдэхүүн хуваах аргыг ашиглаж иржээ.
Энэ бодлогыг үндсээр нь сольж бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг ашиглана гэдэг бид бол олсон ололтоосоо нэг алхам ухарна гэсэн үг.
2004 онд Metal Economics Group-ийн мэдээлснээр дэлхий дээр геологи, хайгуулын ажилд хөрөнгө татаж буй эхний 10 улсын тоонд Монгол улс/98 сая ам.доллар/ орж өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа нь уг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах өнгөрсөн 7-8 жилийн бодлого тийм ч буруу байгаагүйг харуулж байна. Үүнийг гадаадынхны эрх ашигт үйлчилсэн гэж тайлбарлана гэдэг нь эдийн засгийн наад захын ойлголтгүй хүмүүсийн яриа.
Цаашид зөвхөн уул уурхайн салбарт биш бусад бүх салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг доривтой татахын тулд “элдэвийн хөнгөлөлтийг үгүй болгоё” гэх биш улам тааламжтай орчныг бий болгох хэрэгтэй баймаар.
Харин уул уурхайн салбарын орлогын хуварилалтаас монгол улсын хүртэх хувийг нэмэгдүүлж, түүний зарцуулалтыг үр дүнтэй байлгахын тухайд нягтлан бодох бүртгэлийг чанаржуулж санхүүгийн хөндлөнгийн хяналтийг хөгжүүлэх, ил тод байдлыг хангах зэрэг арга замыг дэлхий ертөнц сонгож байна. Манай улсын нэгдэн орох гэж буй “олборлох салбарын ил тод байдлын санаачлага” ч энэ чиглэлд ахиц гаргана гэж бодож байна.
АЯСААРАА ГАРАХ АЙДАС ДАГУУЛСАН ҮГС
“Төрийн зохицуулалтыг чангаруулах хэрэгтэй”, “хүчтэй хяналт тогтооё” гэх мэтийн үгс өнөөдөр эдийн засагч гэгдэх хүмүүсийн амнаас зүгээр л гарч байгаа нь надад лав айдас төрүүлж байна. Иймэрхүү үгсийг хамгийн сүүлд Сталин, Гитлер мэтийн хүмүүс л хэлж байсан байх.
Монгол улс 16 жилийн өмнө ардчилал, зах зээлийн замыг сонгож эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангахын төлөө явж байгаа гэж би ойлгодог. Түүнээс биш “төр” хэмээх нэрээр нь бусдын хүч хөдөлмөрийг сорох гэсэн эрхтэн дархтангуудын овоолго бидний өмнөөс аж ахуйг минь зохицуулж, бизнесийг минь хянадаг “боолчлолын зам”-руу яваагүй гэж бид итгэдэг.
Эдийн засаг дахь төрийн оролцоо, зохицуулалт, хориг саад ямар байгааг хэмждэг “Эдийн засгийн эрх чөлөөний индекс” нь Хүний хөгжилтэй 70 гаруй хувийн хамаарлтай байдаг нь бидний сонгосон зам зөв байсныг илтгэж байгаа. Heritage Foundation-ий зэрэглээр 2004 оны байдлаар манай улс 2.7 оноо буюу “ерөнхийдөө чөлөөтэй” гэсэн ангилалд байгааг “чөлөөтэй” болгох нь бидний зорилт юм. Үүн дотроо манай оноог хойш чангааж буй засгийн газрын санхүүгийн дарамт/3.5/, эдийн засгийн зохицуулалтын/4/ үзүүлэлтийг нэн даруй сайжруулах ёстой.
Иймээс тэртэй тэргүй тээг болоод байгаа төрийн оролцоо, гайт зохицуулалт, аюулт хяналтыг нэмнэ гэхийн оронд эдийн засагаа яаж илүү чөлөөтэй байлгах вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулцгаая.
БИДНИЙ ЗОРИЛГО ЮУ ВЭ
Эдийн засагчид болон шийдвэр гаргагчдын гол зорилго бол улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх замаар хүн амын амьдрал ахуйг сайжруулах буюу ийм бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх явдал билээ.
Иймд ашигт малтмалын орлого мэтийн өнөө маргааш нүдэнд ил харагдаж байгаа ашгийн төлөө улайран тэмцэж эрхэм зорилго, сонгож авсан бодлогоосоо ухран олон улсын дүрэм журам, эдийн засгийн жам ёсны хуулийн өмнө инээдмийн жүжиг тоглохоосоо татгалзах цаг болжээ. Энэ үйл хэрэгт өөрийгөө эдийн засагч гэж үздэг хүн бүр манлайлан оролцох ёстой.
Монгол орны хөгжлийн үндэс оюун ухаант хүмүүстээ бий гэж бид ярих дуртай билээ. Тэгвэл тэдний өөрийгөө хөгжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэн бүтээлчээр амьдрах замыг бүрэн нээхэд төрийн бодлогоо чиглүүлцгээе.
Эцэст нь хэлэхэд. миний бие докторын хэргэм эсвэл төлөвлөгөөний комисст ажиллаж асан арвин туршлага үгүй боловч хүн төрөлхтөний сэтгэлгээний хамгийн орчин үеийн ололтыг иш үндэс болгон мэргэжлийн судалгаанд суурилан дүгнэх гэж оролдсондоо дулдуйдаж өөрийгөө эдийн засагч хэмээн тодорхойлохын зэрэгцээ эрхэм доктор, профессоруудад хандан аймшиггүйгээр зөвлөснийг зөвөөр ойлгоно уу.

ЭХ НЬ ТАРГАЛДАГГҮЙ, ТУГАЛ НЬ ТОМОРДОГГҮЙ
ЭДИЙН ЗАСАГ
“Инфо” сонин 2006 оны 1-р сар №141
Olloo.mn
А. Батпүрэв
Инфорум сонин
Эдийн засгийн тухай уламжлалт тодорхойлолтуудад “хязгаарлагдмал нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээ шаардлагыг хангах аргыг судалдаг” гэж тодорхойлдог бөгөөд социалист системийн үед боловсорсон манай ихэнхи “эдийн засагчид” үүнийг “эхийг нь эцээж тугалыг нь тураалгүйгээр оновчтой хуваарилах арга” гэж ойлгосоор иржээ. Үнэн хэрэгтээ эдийн засгийн гол зорилго нь хуваарилалтын асуудал биш бөгөөд баялгийг бий болгох өсөлт нь бидний гол зорилго байх ёстой.

Гэтэл төрөс эдийн засгийн талаар баримталж байгаа бодлого хэмээгчүүд болоод, эрхэм “эдийн засагчдийн” дэвшүүлэн тавьж, экстремист тэмцэл хийж буй концепцууд нь бүгд зах зээлийн чөлөөт харилцааны явцад жам ёсоороо бий болж өсөн нэмэгдэж байгаа нийгмийн баялгийг “өөр ямар нэг нийгэмд” “шударгаар” дахин хуваарилахад гол анхаарлаа хандуулж байна.
Ийм хандлага шийдвэрлэх нөлөөтэй байгаагаас манай улсын эдийн засаг доривтой хөгжихгүй байгаа бөгөөд бий болж буй ололтыг үгүй хийх аюултай байгаа юм. Сүүлийн жилүүдийн огцом өсөлт нь бүх нийтийн анхаарлыг татаж хуваарилалтад нь оролцох хүсэл хүн бүрт бий болсноороо Уул уурхайн салбар нь дээрхийн сонгодог жишээ болно.
МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ХАЛДВАР АВЧЭЭ!!!
Шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа төрийн өмчит уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн ноогдол ашгаас бий болж байгаа 36 тэрбум төгрөгөөр төсвийн ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан.., “Эрдэнэт” шиг олон үйлдвэртэй болвол бүгдээрээ арабын эмиратууд шиг амьдарч болох тул байгалийн баялгийг төр хатуу хяналтандаа авч өөрийн мэдлийн компаниар дамжуулан ашиглах хэрэгтэй гэх мэтээр дээр дооргүй ярих болсон нь Монголын эдийн засаг ямар нэг өвчний вирусээр халдварласны тод илрэл болж байна.
Нэг л салбарт хувь заяагаа даатган “ард түмнээ ядуурлаас гаргах цорын ганц, түүхэн боломж…/Н.Д/” гэж үзэж байгаагаас үзвэл энэ “Голланд өвчин” бололтой, эсвэл Засгийн газар нь мөнгө сангаа нэмэгдүүлэх биш хэнд яаж хуваарилахад “эрмэлзэх 9 зүйл”-ээ чиглүүлснээс нь харвал нь энэ нь “коммунист өвчин” ч байж болох юм.
Мэдээж хэрэг тарчиг амьдралтай төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь буруу шийдвэр биш. Гэхдээ бизнесийн тодорхой салбараас улсад орох ашиг гэдгийг зөвхөн 140 мянган хүний цалинг нэмэх, татварын орлогын төлөвлөгөө давж биелэх, ноогдол ашиг их авах гэх мэтээр төсөөлж, бодлогыг ийм байдлаар тодорхойлж байгаа нь тэртэй тэргүй дархлаа султай манай эдийн засгийг хүндээр өвчлүүлэх шалтгаан болж байна.
Хэрвээ төр ихийг олсноор ард түмний амьдрал сайжирдаг бол сүүлийн 5 жилийн дотор 300 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн төсвийн зарлагын үр дүн хаана байна? гэж татвар төлөгчид асуух ёстой. /хэн хариулахыг нь ч мэдэхгүй юм байна/
Эсвэл, бидний өгсөн 270 тэрбум төгрөг хэний амьдралыг өөд нь татав? гэж уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид төрөөс асуух эрхтэй. Энэ мөнгө лав л 11 тн алтаа нутгаасаа ухуулчихаад ширгэсэн голын сайртай хоцорсон “Онги” голийнхонд хүртээгүй.
Энүүхнээс харахад л төр/дарга нар/ хэдийг төвлөрүүлснээр нийгмийн хожоо хэмжигддэггүй нь илэрхий байна. Бас хурааж авсанаа олон хүнд тарааж өгвөл л сайн засаг болдоггүй байх нь.

Тэгэхээр “хайран сайхан эх орон минь, хаа байна миний хувь?!” гэж сууцгаахын оронд дараах 2 асуудалд анхаарлаа хандуулж хэлэлцэх ёстой гэж бодож байна.
Үүнд юуны өмнө эцэг өвгөдөөс минь өвлүүлж үлдээсэн их баялгийнхаа давуу талыг ашиглаж хөгжихийн тулд өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ, бий болсон нааштай ололтыг хэрхэн улам эрчимжүүлэх вэ? гэдэг асуудал.
Дараа нь байгалийн баялгаас олж байгаа орлогын менежментийг сайжруулах буюу хамгийн үр ашигтайгаар хуваарилахад анхаарлаа хандуулах ёстой бизээ.
ҮНЭГЭЭ “АЛЧИХААД” ХУВААЦГААЯ
Хэдийгээр уул уухайн компаниуд багагүй мөнгө олж байгаа боловч энэ нь тийм хангалттай их биш юм. Өөрөөр хэлбэл арьсыг нь булаацалдаад байх үнэг унагачихсан юм алга. Харин бий болсон өсөлтийг тогтвортой үргэлжлүүлж, өгөөжийг нь нэмэгдүүлж чадах юм бол сая жинхэнэ “үнэг” болж улс орны хөгжлийн нэг үндэс болох бүрэн боломж бий.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас гаргасан прогнозоос үзвэл хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулж, хууль зүйн орчныг зохистой байлгаж чадвал 2015 он гэхэд манай улсын уул уурхайн салбарын үйлдвэрлэл 3.2 дахин, төсөвт оруулах орлого 4 дахин нэмэгдэх бүрэн боломжтой. Үүнээс гадна үйлдвэрлэлийг 4.5 дахин, төсвийн орлогыг 5.3 дахин нэмэгдүүлэх оптимист хувилбар ч байгаа юм. Энэ нь салбарын үйлдвэрлэлийн хэмжээ оны үнээрээ 1 триллион 800 тэрбум төгрөг, тухайн салбараас олох улсын төсвийн орлого 300 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн үг.
Ийм үр дүнд хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?
Дотоодын болон олон улсын шинжээчид уг салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд анхаарах үндсэн 5 хүчин зүйлийг санал болгож байгаа юм. Үүнд: нэгдүгээрт хууль зүйн тогтвортой байдлыг хангах. “Northern miner” сэтгүүлд саяхан хэвлэгдсэн “NGO research group”-ийн судалгааны дүнд монгол дахь хөрөнгө оруулалтын орчны хамгийн том эрсдэл нь хууль зүйн тогтворгүй байдал гэж дүгнэснийг бид яах аргагүй анхаарах ёстой.
Дараагийн чухал хүчин зүйл нь татвар, санхүүгийн орчин юм. Энэ талаар судалгаа, дүгнэлтүүд хангалттай байгаа бөгөөд ерөнхийдөө нөөц ашигласны төлбөр буюу royalty-с бусад ихэнхи татварын хувь хэмжээг бууруулах шаардлагатайгас гадна төсөв, гадаад худалдааны алдаглыг буруулах ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг хөнгөлөлт нь үүнээс тусдаа асуудал юм.
Өөр нэг чухал хүчин зүйл бол дэд бүтцийг сайжруулах асуудал бөгөөд энэ талаар огт яригдахгүй байна гэхэд болно. Өнөөдөр манай улс төрчид “Айвенхое майнз”-ийг “Оюу толгой” төслийн эрчим хүчийг заавал монголоос ав гэж шахах хэрнээ үүнийг нь яаж нийлүүлэхээ мэдэхгүй сууж байна. Мөн уг төслийн техник тоног төхөөрөмжийг монголын нутаг дээгүүр Хятадын компаниуд тээвэрлэх болж байна. Байдал ийм байхад боловсруулах үйлдвэрийн талаар ярьцгаах нь хэтэрхий хэрээ мэдээгүй явдал болох биш үү.
Өрсөлдөх чадварын бусад хүчийн зүйлс нь хүний нөөцийн хөгжил, хувийн хэвшил, төр, орон нутгийн үр ашигтай хамтын ажиллагааны механизм юм.
Эдгээрээс гадна байгаль орчны асуудал нь тогтвортой хөгжлийн үндэс болохыг анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай.

БАЯЛГИЙГ ТӨРӨӨС ӨРӨӨС НЬ ХАРАМЛАЯ
Байгалийн баялгаас олж буй орлогоо зарим улс томоохон хөрөнгө оруулалтуудад зарцуулж байна, зарим нь эдийн засгийн хэлбэлзэл болоод хямралын үед ашиглах нөөц сайн байдлаар байршуулж байна. Харин манай улсад бол талыг нь цалин, тэтгэвэрт нэмээд өгчихсөн. Бусад нь яасныг чөтгөр бүү мэд.
2004 оны эцсийн байдлаар уул уурхайн салбар улсын төсвийн 14, орон нутгийн төсвийн 17 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ тоо жил тутам нэмэгдэж байгаа юм. Харин энэ мөнгөний зарцуулалт төсвийн онгорхой цоорхойг нөхөхөд явчихснаас ирээдүйд үр ашигаа өгөх хөрөнгө оруулалт болсон юм алга. Огцордог Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ашигт малтмалын орлогоор хөгжлийн сан байгуулж боловсро, эрүүл мэндийн төслүүдийг санхүүжүүлэх тухай санаа уран гоё яриад хагас жил өнгөрсөн ч энэ асуудалд албан ёсны түвшинд ахин нэг ч яригдсангүй.
Үүний зэрэгцээ хамгийн ноцтой асуудал бол орлогыг юунд зарцуулав гэдэгээс гадна яаж зарцуулав гэдэг асуудал юм. Энэ тухай хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд Африкийн улсуудаар жишээ аван ярьж, бичих нь их боловч холбогдох байгууллагууд тодорхой хариу үйлдэл үзүүлсэн юм алга.
Орлогын менежментийг сайжруулах чиглэлээр баялгаа ашиглахын сөрөг үр дагаврын тухай санааг нь манайхан ишлэх дуртай болоод байгаа Нобелийн шагналт эдийн засагч Ж.Штиглиц тодорхой арга хэрэгслүүдийг санал болгосон байна. Энэ нь ерөнхийдөө хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг арга хэрэгслүүд болох нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулж, хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэх болон орлого бий болгогч, зарцуулагч, хүртэгч аль алиных нь хооронд хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, ил тод байдлыг бий болгох явдал юм.
Ил тод байдлыг бий болгох нь орлогыг үр ашигтай зарцуулах гол арга төдийгүй ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгийн үндэс юм. Иймээс “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага”-д Монгол улсыг нэгтгэх Нээлттэй нийгэм форумын санаачлагыг Засгийн газар идэвхитэй дэмжиж хамтран ажиллах нь чухал.
Орлогын менежменттэй холбоотой өөр нэг чухал асуудал бол орон нутгын орлогын асуудал юм. Эрдэс баялгийн салбарын гол татвар, хураамжуудыг бүгдийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг нь өнөөгийн энэ олон хөдөлгөөн үүсэх нэг шалтгаан болсон билээ. Зүй нь ард түмний хувьд төрийн хамгийн анхан шатны үйлчилгээг хүргэдэг орон нутгийн төсөвт илүү их хувь хүртээх нь нэгдсэн төсвийн санд цутгахаас илүү ач тустай байхын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг үзэн ядах сэтгэл төрүүлэхгүй байх байв.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувьтай тэнцдэг төсвийн зарцуулалт хэдхэн том дарга нарын зоргоор урсдаг гэж нийгэм үнэлдэг, үүнийг батлах гэж байгаа мэт авилгал нүдэн дээр цэцэглэж байгаа өнөө үед энэ нь хамгийн оносон арга болов уу.

Эцсийн эцэст байгалийнхаа баялгыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас биш төрөөс өөрөөс нь харамлаж түшмэдүүдийн хуваарилах мөнгөнд амьдралаа даатгалгүй идэвхитэй амьдрах нь монголчууд ядуурлаас гарах цорын ганц арга билээ. Харин төр гуай боломж бүх хүнд нээлттэй, бүгд эрх чөлөөтэй ажиллаж амьдардаг орчинг бий болгоход л анхаарах ёстой баймаар.

No comments:

Post a Comment