Sunday 14 December 2008

Байрны үнэ буурч, ам метр нь 600 ам.доллар болтол битгий ав

Монгол Улсын 2007 оны эдийн засгийн өсөлт 11.4 хувьтай гарлаа, эдийн засаг өсөж байна гээд л сүртэй юм болов шүү дээ. Үнэндээ эдийн засаг өссөн үү? Би хувьдаа өссөнгүй л гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, аливаа нэг Улсын жижигрүүлсэн загвар нь нэг айл юм гэж ойлгож болно. Яг юу болов гэхлээр, иргэн Дорж маань хашаандаа их мод хураасан, өдөрт нэг сандал хийж зарж амь зуулгаа зогоодог гэж бодъё л доо. Гэтэл нэг өдөр хашаан дахь модны үнэ нь зах зээл дээр өсөв, сандлын үнэ мэдээж дагаад өсөж таарна. Сандлын үнэ өсөхөөр иргэн Доржийн гэр бүлд сул орлого орж ирнэ. Сул орж ирсэн орлогоо хүүхдүүдээ тарааж өгөөд л хэдэн өдрийн дотор иргэн Доржийн гэр бүлийн гишүүдийн хэрэглээ өсч, тэдний гэр бүлийн хувьд мөнгөний үнэлэмж шал өөр боллоо. Тэгэхээр яахав Цэцэгээ дүүдээ 100 төгрөг өгөөд өмдөө индүүдүүлдэг байсан бол дүү 100 төгрөгөө голоод 150 төгрөг авч байж л индүүдэг болно гэсэн үг. Энэ нь эдийн засагт мөнгөний үнэлэмж буурах буюу инфляци болж байна гэсэн үг. Яагаад инфляци болов? Учир нь эдийн засагт бодитой өсөлт болсонгүй. Доржийнх өдөрт нэг биш хоёр сандал хийдэг болсон тохиолдолд л эдийн засагт бодит бүтээмж бий болж эдийн засаг өсөх байсан юм. Мэдээж Дорж хоёр сандал хийдэг болсон бол зовж олсон мөнгийг хуримтлал, эсвэл дахин хөрөнгө оруулалт хийх байлаа шүү дээ. Харин зовж олоогүй үнийн өсөлтөөр олсон болохоороо гэрийнхэндээ сул тараасан хэрэг. Ингээд мөнгийг дураараа тараагаад унах буюу халамжийн бодлого, гадаад дотоодын эх үүсвэрээр хэт их зээл олголт нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэлээ.

Үр дүн нь яахав инфляци буюу таны халаасанд байгаа 100 төгрөг өдөрт л нэг төгрөгөөр унах буюу 99, 98, 97 гээд л зүгээр байж байгаад л мөнгө чинь хорогдож эхлэв. Хүмүүс тэнэг биш болохоороо зүгээр мөнгөө алдаад суухыг хүсэхгүй шүү дээ. Мөнгөө үнэ нь буурахгүй, хадгалах, хамгаалах, менежмент хийхэд хамгийн хялбар үл хөдлөх хөрөнгийг байгаа мөнгөөрөө, дээрээс нь бүр зээлээр хүртэл авав. Зарим хүмүүс асууж магадгүй, хүнсний барааны үнэ маш ихээр өссөн тул хүнсний бараа авч болох байсан гэж. Үгүй, та хүнсний барааг их хэмжээгээр аваад хаанаа яаж хадгалж, сүүлд нь хэрхэн борлуулах юм. Бас хүнсний бараа чинь муудна, хулгайд алдана гээд бөөн асуудал шүү дээ. Ингээд л хүмүүс хүнсний бараа биш, үл хөдлөх хөрөнгө уралдан авсан хэрэг, хэрэглээ ихсээд ирэхээр дагаад байрны үнэ ч өслөө. Үр дүнд нь юу болов. 2006 онд барилгын нэг ам метр нь үнэ 450-650 ам.доллар байсан бол энэ оны нэгдүгээр сард 1000-1500 ам.доллар болтлоо өслөө. Барилгын үнэ огцом өсч, барилгын бизнес ашигтай болоод ирэхээр мөнгөтэй бүх л компани барилга барьж эхлэв. Үүнтэй зэрэгцээд материалын эрэлт өсч, мөн Барилгын бизнес нь өөрөө улирлын шинж чанартай дулааны 4-5 сард л баригддаг тул барилгын материалын хомсдол үүсэж таарна. Үр дүн нь юу болов барилгын материалын үнэ бараг нугарч өсөв.

Ингээд чадамжтай бүх л хүн, компани барилга руу мөнгөө хийсээр хүмүүсийн хуримтлал үл хөдлөх хөрөнгө буюу барилга руу орж Монгол Улсын хуримтлал нь хөрөнгө оруулалтаасаа ихсээд ирэв. Үүнийг зарим хүмүүс харин ч хуримтлал нь багас ч хөрөнгө оруулалт болж байна гэж үзэж магадгүй. Энэ нь жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалт байж чадаагүй, үнийн хөөсөн дээр тооцоо хийж байсан бөгөөд эдийн засгийн бүтэц нь алдагдан зөвхөн нэг салбарт хэт хөрөнгө оруулалт хийн түгжигдмэл мөнгөтэй болчхоод байгаа юм. Ингээд инфляцийн зохистой бус хэт өсөлтөөс үүдэн хүмүүс банкнаас хадгаламжаа татаж эхэлсэн, зэрэгцээд Монголбанкны банк хоорондын үнэт цаасны хүү өссөн, банкнуудын барилгад олгосон зээл ихсэн банкны зээлжих чадвар нь багассан зэргээс үүдэн банкууд байрны зээлээ зогсоох бодлого баримталлаа.

Мөнгөний хомсдол үүсч, мөнгөний үнэлэмж ихэснэ шүү дээ. Харин байр аваагүй хүмүүсийн хувьд гэвэл байр авах хүсэл байвч санхүүгийн чадамж байхгүй болохоор тэд зээлээр авна. Мөнгөний үнэлэмж өсөхөөр мөнгөний хүү өснө. Мөнгөний хүү өсөхөөр ямар банк нь урт хугацааны хямд хүүтэй байрны зээл өгөх вэ. Мэдээж өөрт байгаа жаахан мөнгөө бусад илүү их хүүтэй эрсдэл багатай бизнест зээл олгоход зориулах л сонголт үлдэв. Мөнгөний үнэлэмж өссөн, зэрэгцээд өндөр үнээр байр авах чадамжтай хүмүүсийн тоо бараг байхгүй болсон тул байрны үнэ өсөхөө байгаад тогтвортой болчхоор хүмүүс байранд оруулсан мөнгөө гаргаж аваад банканд хийсэн нь ашигтай болж таарна. Ингээд байраа зарах хүсэлтэй хүмүүс олширч, худалдаж авсан байруудаа зарж эхлэв. Хүмүүс байраа зарж эхэлсэн боловч байр авах чадамжтай хүмүүс байхгүй. Гэвч ихэнх хүн ашиг олохоор байр авсан тул хүмүүс байраа хямд зарахыг хүсэхгүй байсаар 2008 оны гуравдугаар сараас одоог хүртэл байрны үнэ өсөх биш маш аажим аажмаар буурч байна.

Энэ нь ард түмэнд сайн хэрэг, харин зээлд олгох мөнгөний хэмжээ бага болохоор компаниудын зээл авах шалгуур өндөрсөн, цаашлаад эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай боллоо. Одоо яах вэ? Мэдлэгтэй хүмүүс АНУ-ын 700 тэрбум ам.долларын байлаут төлөвлөгөөг интернэт болон телевизээр харчихаад, Монгол Улс яг л ингэх ёстой, бид чинь АНУ-аас илүү сэтгэж чадна гэж байхгүй гээд УИХ-ын гишүүд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 300 тэрбум төгрөгийг хууль гарган арилжааны банкуудаар дамжуулан одоо 70-80% нь баригдсан санхүүжилтгүй гацаад байгаа барилгын компаниудад зээл өгөх хуулийн төсөл боловсруулж байгаа юм гэнэ. АНУ-ын нөхцөл Монголынхоос огт өөр. Харин үнийн хөөрөгдөл дээр тооцоолон барилга барьсан хүмүүс зах зээлийнхээ зарчмаар ашигтай зарж чадахгүй бол өртгөөрөө зарах гэж оролдоно, зарж чадахгүй бол алдагдлаа хүлээгээд эрэлтдээ тохируулж зарахаас өөр сонголт үлдэхгүй шүү дээ. Яагаад гэхээр, банкны хүүг сар болгон төлж байгаа тул барилгаа зарахгүй удах тутам барилгын компаниудын хүлээх алдагдал ихсэх болно. Тэгэхээр банканд зээлээ өгч чадахгүй болно. Банк нь барилгын зээлийг олгохдоо дунджаар зах зээлийн үнийн 50%-д нь тооцон зээл олгож байгаа. Гол эрсдэл нь компаниуд зээлээ төлж чадахгүй болохоор барьцааны барилгуудыг зарахаар банкууд шүүхэд хандана. Манай шүүх шийдэх гэж хоёр жил болно. Энэ хоёр жилийн мөнгөний сул зогсолт нь банкуудыг жинхэнээсээ дампууруулж мэднэ. Яагаад гэхээр, энэ мөнгийг хадгаламж эзэмшигчдээс хүүгээр татан төвлөрүүлж байршуулсан тул мөнгө сул зогсож байгаа эсэхээс үл хамааран хадгаламжийн хүүг банк төлж л таарна.

Одоо яах вэ. Нөгөө 300 тэрбум л хэрэгтэй байна гэнэ үү. Банкны болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах, ипотек, мөн банканд байршуулж буй хадгаламжийг баталгаажуулсан хуулиудыг тус тус батлаад л өгчихвөл боллоо шүү дээ. Яахав гэхээр барилгын компаниуд зээлээ төлж чадахгүй болохоор банк шууд дуудлага худалдаанд оруулаад л зарагдах үнээр нь зарна, дуудлагаар зараад эхлэхээр барилгын үнэ жинхэнэ унаж өгнө. Хэн хожих вэ, ард иргэд л хожно. Инфляци багатай, хямд байртай цалин, тэтгэврээрээ бараг боломжийн өдөр хоногоо дөнгөх болно.

Инфляци өсөөд та бидний халаасанд байсан 100 төгрөг гэнэт л 90, 80, 70 гээд л алга болоод ирэхэд эрхэм гишүүд бидний хөрөнгийг хамгаалсан юм. Яаж ч чадаагүй шүү дээ. Барилгын компаниуд сүүлийн 2 жил хангалттай ашиг олсон. Тэд 10 тэрбумаар босгосон барилгаа зургаан тэрбумаар зарж дөрвөн тэрбумын алдагдал хүлээхэд яадаг юм. Энэ чинь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр үнэ нь тогтдог шударга нийгэм шүү дээ. Шударга л байя л даа. Одоо эрсдэлээ хүлээх цаг нь болсон баймаар. Хүмүүс асууж магадгүй. Барилгын компаниуд алдагдалтай ажиллахаар барилга барих компаниуд байхгүй болж, байр хомсдож, байрны үнэ буцаад огцом үнэд орно гэж. Үгүй байх. Цэвэр барилгын бизнес хийдэг компаниуд нэгэнт авсан тэр кран, машин, цемент зуурагч, ажилчдаа яах билээ, компани нь дампуурах уу, эсвэл бага ч байсан ашигтай ажиллах уу. Мэдээж бага зэрэг ашигтай л ажиллаж байж компаниа амьд авч гарахыг л бодно шүү дээ. Тэр 300 тэрбум хэнд хэрэгтэй гэхлээр барилга барьсан компаниуд л өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэж байгаагаас ард түмний эрх ашгийг хамгаалах явдал яавч биш бөгөөд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, арай гэж үнэлэмжтэй болж байсан төгрөгийн ханш буурна шүү дээ. Энэ эрхэм гишүүд дотор ядаж хэдэн барилга барьдаггүй гишүүд байгаад ард түмнээ хааяа ч гэсэн боддог бол энэ хуулийн төслийг батлахгүй байх гэж найдаж байна. Урьд нь та бидний орлогыг татвараар дамжуулан мөнгийг хурааж аваад улс төрийн үзэмжээрээ тэгшитгэн тараагаад, бүтээмжээ нэмэгдүүлэхгүй шууд л цалин нэмдэг байлаа. Үр дүнд нь татвар аваад зогсохгүй дээрээс нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж мөнгөний ханш унагааж та бид буюу дундаж цалингаараа амьдардаг хүмүүсийн халаасан дахь 100 төгрөгийг дор нь 90, 80, 70 төгрөг болгож тоглодог байлаа. Энэ маш их хортой, учир нь дундаж давхаргын цалингаараа амьдардаг хүмүүсийг бүр ядуу давхарга руу чирж, ажил эрхлэлтийг дэмжих биш бүр боймолж байгаа хэрэг шүү дээ. Мэдээж санаатай биш л дээ. Харин энэ удаа манай төр алдаатай бодлого явуулсан нь ард түмэн бидэнд хожих боломж олголоо. Нөгөө яриад байдаг эдийн засгийн номонд л гардаг үнийг зохицуулагч үл үзэгдэгч гар ажиллах боломжийг энэ барилгын салбарын хямрал нь жинхэнээр нь авчирлаа шүү дээ. Хэн их ашиг олсон нь ард түмэндээ зүй ёсны татвараа төлөх цаг болсныг зах зээлийн хуулиараа оногдуулах сайхан боломж гарч ирж байна.

Зарим хүмүүс хэлж магадгүй. Та юу мэддэг юм, цаана чинь Монгол банкны экс болон одоогийн ерөнхийлөгчтэйгөө, бүр зарим гишүүн гаднаас мөнгө босгож мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, эдийн засгаа аваръя гэж ярьж байна гэж. Мөнгө нийлүүлэх нь хэнд ашигтай юм бэ. Чадварлаг том компаниуд, баян хүмүүст ашигтай тусна шүү дээ. Үүнийг яриад байгаа хүмүүс өөрсдөө баян. Тэд өөрсдийн эрх ашиг, баян компаниудыгаа л бодохоос биш та бидний халаасан дахь мөнгө зүгээр байж байгаад алга болж байна уу, үгүй юу гэдэг нь тэдэнд сонин байх уу. Дээр нь энэ тэртэй тэргүй үнийн хөөсөн дээр баригдсан барилгуудыг дуусгаад заръя гэж бодоход хэн худалдаж авах юм бэ. Та юу, эсвэл би юу, 900, 1000 ам.доллараар байр авах тийм чадвартай хүмүүс одоо байхгүй. Тийм чадвартай хүмүүс нь аль хэдийн авсан. Тэгэхээр нь энэ нь зарагдахгүй бүр та бидний татварын мөнгийг хямралтай салбарт оруулаад хямралаас гарах биш бүр бантан болгоод 300 тэрбум ч үгүй болно гэсэн үг. Та сайн бодоорой.

Урт хугацаанд барилгын үнэ яах вэ? өсөх үү, буурах уу
Байрны үнэ нь эрэлт талаасаа, Монголын эдийн засгийн ашигт малтмалаар дамжин орж ирэх сул мөнгө, гадаад ажиллагчдын илгээх мөнгө жилээс жилд нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчдийн хуримтлал нь 1990 оноос хойш тогтмол өсөж байгаагийн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү ихээр орж байгаа, хөдөөнөөс хот руу чиглэлсэн их нүүдэл, хотын хүн амын ихэнх нь гэр хороололд байгаа, мөн хүний нөөцийн хомсдолоос болж хүмүүсийн авдаг цалин зарим компаниудад тогтмол өсөж байна. Цаашид томоохон төслийг дагаад гадныхны Монголд амьдрах тоо байнга ихсэж байгаа зэрэг хүчин зүйлүүд байрны тогтмол эрэлтийг бий болгож байна. Харин нийлүүлэлт талаасаа Улаанбаатарт газар олдохоо байсан, томоохон барилгын компаниуд байгаа ганц нэг газартаа нэг удаа зарах орон сууц биш байнгын түрээсийн орлоготой үйлчилгээний төв барих хандлагатай байгаа, УБ хотын дулаан, цэвэр усны дэд бүтцийн хүчин чадал дахиад 10 мянган байр барихад ч хүрэхгүй болсон, хотын зам, гэрэл, цахилгаан, нийтийн тээвэр гэх мэт дэд бүтцийн хүчин чадал их барилгажилтыг дааж чадахгүй. Барилгын материал нь гаднаас хамааралтай.

Ингээд дүгнэхээр урт хугацаандаа байрны үнэ тогтмол багаар өснө, харин ямар цэгээс өсч эхлэх вэ гэхээр нилээд хэдэн барилгын компаниуд их хэмжээний алдагдал хүлээж, банкууд барьцааны байруудыг дуудлага худалдаагаар зарснаар байрны үнэ хамгийн доод цэгтээ хүрнэ. Энэ үед л жинхэнэ нөгөө 300 тэрбум төгрөг, дээрээс нь гадны эх үүсвэрийг татан оруулаад банкуудаар дамжуулан барилгын компаниудад биш эцсийн хэрэглэгч болох дундаж орлоготой хүмүүст хямд хүүтэй байрны зээл олгох хэрэгтэй. Үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй дутуу барилгыг дуудлага худалдаагаар зарахдаа ашиглалтанд орсны дараа байрны үнийн дээд хэмжээг хамгийн бага ирүүлснийг шалгаруулалтын нэг гол хүчин зүйл болгож авч үзэх шаардлагатай, тэгэхгүй бол зээл өгөөд эхлэхээр дутуу баригдсан байраа хямд авчихаад хэт өсгөж зарах үзэгдэл гарч мэднэ. Уг цэг дээрээ хэсэг хугацаанд тогтсоны дараа мэдээж байрын үнэ тогтвортой бага багаар өсөж эхэлнэ.

Эцэст нь хэлэхэд нөгөө ард түмнээ бодож Сүхбаатарын талбай дээр жагсдаг хүмүүс чинь одоо л тэр 300 тэрбум болон бусад эх үүсвэрээр барилгын салбарт их хэмжээний зээл өгөхийг эсэргүүцээсэй билээ. Дээр нь өнөөдрөөс эхлээд байрны үнэ ам метр нь ядаж 600 ам.доллар болж бууртал нэг ч хүн байр авахгүй байхыг уриалж байна. Ингэвэл та бид зах зээлийн шударга байх зарчмаар хэн их ашиг олсон нь төдий хэмжээгээр бусдаас илүү татварыг ард иргэддээ төлөх ёстой шүү дээ. Та бид хамтдаа хэдэн зуун тэрбумыг хожих болно шүү.

Д.Сүндий

No comments:

Post a Comment