Thursday 26 March 2009

Төсвийн зарлагад реформ хийх алтан боломж бүрдлээ

Өнөөдөр сонины өчигдрийн дугаарт гарсан редакцийн уулзалтыг хүргэж байна.

Тэмдэглэсэн И.Отгонжаргал, Ц.Цэвээнхэрлэн (2008-10-06)
-Редакцын уулзалт-
“Өнөөдөр” сонины ре­дак­цид УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал нар зочиллоо. Энэ удаагийн уулзалтаар бид Монгол Улсын мөнгөний бодлого, төсвийн тодотгол, инфляцын өсөлт, нийгмийн халамж, үйлчилгээ тойрсон олон асуудлыг хөндлөө.

-Инфляцыг 12 хувь болгож бууруулахад мөнгөний бодлого, үндсэн чиглэлийн уян хатан уялдаа холбоог хэрхэн бий болгох вэ?

С.Баярцогт:
-Өнгөрсөн туршлагаас харахад сүүлийн 3-4 жил сангийн болон төсвийн бодлого тэлэх байдлаар явсан. Манай орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Түүнийгээ дагаад зарлагаа нэмээд явчихсан учраас үндсэндээ төсөв байнга тэлж томорч ирсэн. Мөнгөний бодлогын хувьд Батсүх ерөнхийлөгч ярих байх. Сүүлийн жил хагасын хугацаанд төсвийг хумих хатуу бодлого явуулж байгаа. Өмнө нь төсөв тэлэх бодлого явуулж байсан учраас инфляцыг бууруулахад нөлөөлөх эдийн засгийн хоёр хэрэгсэл зөрж, үүнтэй холбоотойгоор үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа нь харагдсан. Хэрвээ цаг алдалгүй инфляцыг багасгахгүй бол эдийн засгийн өсөлт бидний хувьд мөрөөдөл төдий зүйл болно. Тийм учраас 2009 оны гол зорилт бол мөнгөний хатуу бодлоготой төсвийг хумих бодлогыг зэрэгцүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг багасгах замаар, хэмнэх, тэвчихийг мөрдлөг болгож байж үр дүн гарна. Ийм тооцоог Монголбанкны зүгээс ч, манайхаас ч хийсэн.

А.Батсүх:
-Улс бүр л өндөр үнэтэй шатахуун, хүнс, эрчим хүчний өсөлттэй тулсан шүү дээ. Инфляцыг нь харахаар манайхаас бага байгаа. Өөрөөр хэлбэл, инфляци нь 15 хувиас дээш гарсан улс цөөхөн. Азидаа бол Вьетнамынх 28 орчим хувьтай байгаа. Нийлүүлэлтээсээ давсан эрэлтийг дэвэргэснээс л ялгаа нь гараад буй. Тийм учраас нэгдүгээрт, нийлүүлэлтээ сайжруулна. Хоёрдугаарт, нийлүүлэлтээс давсан эрэлтээ тодорхой хугацаанд хөргөөх хэрэгтэй болж байна. Ер нь Монголын эдийн засагт халалтын шинж тэмдэг нэлээд ажиглагдаж байгаа. Төсвийн алдагдал, цалин эрчимтэй өсдөг, хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өсдөг зэрэг хэд хэдэн шинжүүдээр илэрдэг юм. Тэгэхээр үүнийг зөөл­рүүлэх. Ганц манайх ч биш, хойд, урд хөрш, Зүүн өмнөд Азийн эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй зарим орнууд ижил төрлийн асуудалтай байна.
Төсвийн бодлогыг хэр зэрэг шинж­лэх ухааны үндэслэлтэй удирдаж чадаж байна вэ гэдгээс улсуудын инфляцаа ямар дүнтэй авч гарах вэ гэдэг хамаарч байгаа. Манайд шинжлэх ухаан ч байдал үгүйлэгдэж байна. Эрдэмтдийнхээ үг, дүгнэлт, судалгааг дутуу анхаардаг гэж хэлэх байна. Эрдэмтдийн үгийг сонсохоо байгаад, тооцоо судалгааг ч хийхээ байгаад удаж байна.

О.Чулуунбат:
-Сангийн яам, Монголбанк хоёр төсөв болоод мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барьчихаад байна. Сонгуулийн дараа УИХ, Засгийн газраас Монгол Улсыг ямар санхүү, мөнгөний бодлогоор удирдах вэ гэдэг их чухал баримт бичгийг өргөн барилаа. Эндээс хүмүүс инфляцыг бууруулах нь уу, зарлага тал дээр ямар реформ хийх нь үү, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах нь уу, дотоодын бизнес эрхлэгчид ээ дэмжих нь үү гээд олон асуудлыг анхаарч, хүлээж, ажиглаж суугаа. Ер нь бол төсвийн тодотгол сайн болсон санагдсан.

Харин мөнгөний бодлогын хувьд би сайн харж амжаагүй байна. Инфляцыг онилсон бодлого оруулж ирж байгаа гэсэн. Миний бодлоор 2000 оны эхээр ОУВС-гаас мөнгөний хатуу бодлого баримтлахыг зөвлөж байсан. Зах зээлд мөнгөний нийлүүлэлт их байсан ч инфляц өнөөдрийнх шиг өндөр өсөөгүй. Гэтэл одоо мөнгийг шууд татаад эхлэх юм бол эдийн засаг цусгүй болоод бүх төсөл зогсоно. Улсын хэмжээнд одоогийн байдлаар гэхэд цөөнгүй төсөл зогсчихсон. Тиймээс Монголбанк тууштай судалгаа дүгнэлт хийж мөнгөний бодлогыг тодорхойлох болов уу. Дэлхийд мөнгөний хомсдол бий болоод байна. Европ, Америк, Азид ч тэр. Ийм байтал манайд мөнгөний илүүдэл бий болно гэж байхгүй. Үүнийг Төвбанк сайн харах хэрэгтэй.
-О.Чулуунбат гишүүний дурьд­сан УИХ-д өргөн бариад буй баримт бичигт мөнгөний бодлогыг илүү хатуу тусгасан юм биш үү. Урд хөрш гэхэд адилхан инфляцын өсөлттэй тулгарсан хэрнээ мөнгөний уян хатан бодлого барьж байна шүү дээ.

А.Батсүх:
-Мөнгөний бодлого ер нь их уян хатан шинжтэй байх ёстой. Хятад улсын хувьд ч энэ нь харагдаж буй. Урд хөршид оны эхээр инфляц нь их өндөр хувьтай гарсан. Энэ нь сүүлийн 10-аад жил гараагүй үзүүлэлт байсан. Маш уян хатан арга хэмжээ авчээ. Газар тариалангийн салбарыг богино хугацаанд дэмжсэн байна. Жишээ нь, манай “Атрын III” аян шиг. Бид хүнснийхээ нийлүүлэлтэд анхаарсан учраас энэ намар арвин ургац авбал инфляцыг бууруулахад таатай нөхцөл бүрдэх учиртай.
Хоёрдугаарт, урд хөрш өнгөрсөн сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцөө зэрэг бууруулсан. Америк, Европоос дамжин ирж буй нөлөөллийг мэдэрч байна л даа. Тийм учраас 2-3 улирлын цаадахыг хараад бодлогын хүүгээ бууруулсан болов уу гэж бодож байна. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт инфляцын хажуугаар санаа зовоох асуудал боллоо. Инфляц эхлээд нэгдүгээрт байсан нь үнэн. Монголбанкны хувьд ч эдийн засгийн өсөлт, банк санхүүгийн системийн тогтвортой байдал, үнийн өсөлт зэргийг зэрэг тооцсон уян хатан бодлого барина.

С.Баярцогт:
-Инфляцыг дан ганц мөнгөний бодлогоор зохицуулна гэвэл чадахгүй. Хэдийгээр зах зээлд шилжсэн ч манай эдийн засгийн тал нь төсөв байгаа. Мөнгөний бодлогын хэрэгсэл ашиглах юм бол инфляцад нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага. Харин сангийн бодлогын хэрэгсэл ашиглах юм бол инфляцад нөлөөлөх нөлөөлөл маш өндөр байна. Хэрвээ бид төсвөө тэлээд мөнгөний хатуу бодлого явуулаад байх юм бол улсын төсвөөр дамжиж буй бизнес томроод, хувийн хэвшлийн бизнес жижигрэнэ. Тэгэхээр бидний нөгөө үсрэнгүй хөгжил байхгүй болно. Өөрөөр хэлбэл, 2.6 триллион дотроо л эргэлдээд байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт 571 триллион төгрөг байсныг энэ тодотголоор 500 триллион болгож танасан. Ирэх жилийн төсөвт бүр 407 триллион төгрөг болгож буулгаад байгаа. Нэг үгээр хэлбэл, нийт эдийн засагт өсөлт гарах магадлал багасна. Дан нэг талдаа хатуу бодлого явуулж, нөгөө талдаа сулруулах биш, мөнгөний бодлого уян хатан байж, бодлогын хүүгээ бууруулах, эргэлтэд байх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх мэт боломжийг Монголбанкинд гаргаж өгөхгүй бол болохгүй. Энэ хоёр хэрэгслээ зөв ашиглаж байж Монголын эдийн засаг зөв чиглэл рүү орно. Уян хатан байх гэдэг бол маш чухал санаа.

О.Чулуунбат:
-Уншигчдад ойлгомжтой байлгахын тулд нэг тайлбар хэлье. Энэ жил инфляц 34 хувь гээд байна шүү дээ. Миний бүдүүвчилсэн тооцоогоор 14-15 хувь нь төсвийн бодлогоос шалтгаалж байгаа. Хэтэрхий их сул мөнгө цацсан. Харин 10 хувь нь Монголбанкных байгаа болов уу. Монголбанк ч юу байхав, арилжааны банкууд зээл их өгсөн. Мөн 10 хувь нь импортын барааны ханшийн зөрүүтэй холбоотой. Урд хөршөөс импортолсон бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Яагаад гэвэл, юань ам.долларын эсрэг чангараад буй учраас. Чухамдаа бол энэ асуудалд төсөв, мөнгөний зөв бодлого явуулах юм бол инфляцыг бууруулах бүрэн бололцоотой.

Чанга хашгирсных нь цалинг нэмэх нь шударга бус

-Монголын үйлдвэрчний эв­лэлүүдийн холбоо цалин нэ­мэгдүүлэх тухай шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ онд багтаан цалин нэмэх боломж байгаа юу?

Б.Батжаргал:
-МҮЭХ-ноос тавьж буй шаардлагыг нэг зүйлтэй зүйрлэж болохоор байгаа юм. Дөрвөн хүүхэдтэй айл байлаа гэж бодъё л доо. Тэр айлын бага хүүхэд нь хамгийн эрх. Эрх хүүхэд нь хамгийн чанга дуугаар хашгирч, ааваасаа элдвийг нэхдэг. Аав нь дөрвөн хүүхдээ ижил үзэх ёстой. Түүнээс биш хамгийн чанга дуугарсанд нь тал засч болохгүй шүү дээ.
Өнөөдрийн байдлаар багш нарын дундаж цалин 359 мянган төгрөг байна. Гэтэл тэтгэврийнхний дундаж цалин 90 мянга. Энэ шударга бус байгаа биз. Яагаад гэвэл, үнэндээ ҮЭ-ийнхэн хамгийн чанга дуугарч байгаа багш нарын цалинг л нэмэх тухай яриад байна. Төрийн үйлчилгээний албанд хамгийн өндөр цалинтай нь багш нар гэж болно. Гэтэл залуу нас, бүх хүч хөдөлмөрөө нийгэмд зориулсан тэтгэвэрийнхэн 90 мянган төгрөг авчихаад гомдоллохгүй байна шүү дээ. Энэ утгаараа хэрвээ зөвхөн багш нарын цалинг нэмэх юм бол шударга бус болно.

90 мянга, 350 мянгыг харьцуулаад үзье. Хэн нь өнөөдөр инфляцын өсөлтөд хамгийн их нэрвэгдэх вэ гэдэг нь тодорхой. Хэрвээ төсвийн хэрэггүй зардлуудаа хасаад, зайлшгүй шаардлагаар нэмнэ гэвэл тэтгэврийг л гэж хэлнэ. Энэ онд ч, ирэх онд ч тэр. Төсөв хумих бодлогод цалин, тэтгэврийг цаашид нэмэгдүүлэхгүй гэсэн заалт орж байгаа. Гэхдээ тэтгэвэр дээр эргэж харж үзэхгүй бол болохгүй зүйл бий.

А.Батсүх:
-Онолын хувьд хувь хүн, айл өрхийн орлого гэдэг нь чухам юу вэ, яаж тооцох зэргийг одоо хүртэл тодорхойлж чадаагүй байгаа. Ийм учраас зөвхөн нэрлэсэн цалингаар орлогыг хэмжих нь хангалтгүй. Улсын хэмжээгээр авч үзвэл төсвийн албан хаагчийн мэргэжлийн сургалтад олон тэрбум төгрөг зардаг. Залгамж халааг бэлдээд магистр, доктрантурын сургалтад төсвийн зээлээр багагүй мөнгө зарцуулж байгаа. Наашлах юм бол хоол, унааны мөнгө, удаан жил, мэргэжлийн ур чадвар гээд тэрбум тэрбумаар тооцогдох зардал гардаг. Үүнийг ерөнхийдөө цалин дээр нь нэмж тооцох хэрэгтэй. Хувийн хэвшилд зардлын тооцоо сайн хөгжсөн байдгийг бодолцох л хэрэгтэй.

С.Баярцогт:
-Үнэндээ инфляц хөөрөгдөх нэг шалтгаан нь цалин нэмэлт хийгээд үүнийгээ олон нийтэд урьдчилан зарласнаар хүлээлт бий болгодог явдал юм. Улстөрчид 20, 25 хувиар цалин, тэтгэвэр нэмэх болсноо асар том ажил хийж байгаа мэтээр хэдэн сарын өмнөөс нийтэд зарлаж, сурталчилж эхэлдэг. Энэ дохиог наад захын наймаачин ашигладаг. Тамхи зардаг хүн “Би ширхэг тамхиныхаа үнийг 20 хувиар нэмчихэд хэн ч юу ч хэлэхгүй” гэсэн дохиог шууд авчихаж байгаа юм. Ийм байдлаар бүгд үнээ өсгөдөг. Бензин шатахууны үнэ гэнэт өссөн ч сүүлийн үед бага багаар бууж эхэллээ. Гэтэл үүнээс үүдэлтэй бүтээгдэхүүний үнэ буухгүй байна шүү дээ. Тэгэхээр Сангийн сайдын хувьд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ойрын жилүүдэд бид мөнгөө хэмнэж, тэвчиж амьдарч, бүтээмжээ өсгөх нь юу юунаас ч чухал. Түүнчлэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг бид зорилтот түвшинд хүрсэн тэр цагт л олон нийтэд зарлахгүйгээр нэмнэ гэсэн бодлого барьж ажиллана.

-Манай сонин төрийн алба данхайж байгаа талаар олонтаа хөндсөн. Гэтэл улстөрийн намуудын шаардлагаар цалин нэмэхээс аргагүй гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Шинэ УИХ, Засгийн газар энэ асуудалд ямар бодлого барьж ажиллах вэ?
О.Чулуунбат:
-Хувийн салбарынхан хүйтэнд хөрч, халуунд халж дандаа баялаг бүтээж байдаг. Бор зүрхээрээ орлого олж амьдралаа авч явж буй хүмүүсийн цалин өнөөдөр 250 мянган төгрөг байгаа. Гэтэл төсвийн байгууллагынхны цалин 300 мянга гарчихсан байна шүү дээ. Бусад орны цалингийн системийг харахаар хувийн салбарынх байнга илүү байдаг. Манайх шиг төсвийн байгууллагын цалин өндөр орон дэлхий дээр ер нь байхгүй. Энэ бол хамгийн том захиргаадалттай орон гэдгийг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаар зах зээлийн эдийн засаг түүхийгээрээ байна л гэсэн үг. Иймд төсвийн ажилчдын цалинг болж өгвөл нэмээд байх шаардлагагүй.

Б.Батжаргал:
-Чулуунбат гишүүний хэлж байгаа үнэхээр үнэн. Манай нийт зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөр дамжуулаад зарчихаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдийн цалин 250 мянга байхад, тэднээс хумсалж амьдардаг хүмүүсийн цалин 350 мянга гарчихсан. 2007 оны наймдугаар сараас 2008 оны мөн үе хүртэл цалин 84 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл инфляц 34 хувиар өссөн. Цалингийн өсөлт 50 функтээр дээгүүр явна. Хэт өсөлт одоо болтол үргэлжилж байгаа. Харин Төрийн албаны тухай хуульд “Хэрвээ төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлийн адилтгах албан тушаалтны цалингаас таван хувиар доогуур байх юм бол цалин нэмнэ” гээд заачихсан байгаа. Эндээс үзэхэд өнөөдөр төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлийнхээс 16.7 функтээр илүү байна. Ийм үед дахиад нэм гэж байгаа нь боломжгүй шаардлага юм. Хэрвээ цалингаа нэмээд эхлэх юм бол цалин-үнэ-цалин гэсэн өсөлт бие биенээ хөөгөөд явна.

О.Чулуунбат:
-Өнөөдөр төсвөөс цалин авдаг хүний тоо 140 мянгад хүрсэн. Тэгэхээр бид 140 мянган хүний төлөө ажиллаад байгаа мэт. Хөлсөө гаргаж ажиллаж байгаа хүний тоо 1.2 сая. Тэдний цалин хэд ч байсан хамаагүй гэж үү. Гудамжинд гутал тослоод мөнгө олдог, эсвэл ТҮЦ ажиллуулдаг хүн төсвийн байгууллагад манаач хийх нь илүү гэж бодох болсон.
Манай багш нар өндөр цалинтай гэж ярилаа шүү дээ. Гэтэл багш нарын гаргаж байгаа бүтээгдэхүүн чанаргүй байна. Уг нь нийгмийн дунджаас илүү цалин авч байгаа бол хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд сургасан байх ёстой биз дээ. Тухайлбал, 12 жилийн системд шилжүүлж төсөвт улам дарамт учруулж, зарлага нэмлээ. 12 жил болгох санал багш нараас гарсан.
Жишээ нь, намайг Монголбанкинд байхад хувийн сургууль төгссөн хүүхэд ажилд авах гэхээр нэг нь ч шаардлага хангадаггүй байсан. Банк, санхүүгийн нарийн ширийнийг мэдэхгүй байж болно. Ядаж орос, хятад, англи хэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Швейцарт гэхэд л хүүхдээс авахуулаад хөгшид нь хүртэл англи, герман, франц хэлээр ярьдаг. Хонконг, Сингапурт бүгд англи хэлний мэдлэгтэй. Гэтэл манайхан их сургууль төгссөн хэрнээ зах зээлд ямар ч хэрэггүй боловсон хүчин гарч ирж байна.

Хоёр намын амлалттай холбоотой нийгмийн хүлээлт
өмнөхөөсөө асар ихэслээ

-Сонгуулийн амлалт, улс төрийн намуудын шаардлагаар төсвөө зохиож, эдийн засгаа авч явдаг гажиг тогтолцоо манайд бүрдээд удлаа. Хоёр том нам нийлж Засгийн газраа байгуулсан тохиолдолд төсвийн зарлагаа бууруулъя гэдэг Төвбанк, Сангийн яамны шаардлага биелэх боломж бий юу?

С.Баярцогт:
-Хамгийн түрүүнд улс төрийн шийдэлтэй юм л даа. Хэрвээ манайх гурван сонгуультай байх юм бол дөрвөн жилийн хооронд энэ байдлыг бид өөрчилж чадахгүй. Хэрвээ ганц сонгуультай байвал дээрх асуудлыг амархан шийдэж болно. Ноолуураар жишээ авах гэж байна. Ноолуурын асуудлыг тавдугаар сарын 29-нд сонгууль зарлахын өмнөх өдөр баталсан. Тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэнд санал авахын тулд мөнөөх нийгмийн чанартай амлалтууд дахин яригдана. Бид нийгмийн чанартай амлалтдаа хөтлөгдсөөр байвал улс нэг өдөр л сөхөрнө. УИХ, орон нутгийн сонгууль 2012 онд нэг өдөр болох юм. Тийм учраас амлалтын хэмжээ хоёр дахин буурна гэсэн үг. Хэрвээ бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад, Ерөнхийлөгчөө Парламентаас сонгодог болчихвол дөрвөн жилд ганцхан удаа улс төрийн амлалт өгнө гэсэн үг.
Дараагийн нэг зүйл нь УИХ-ын сонгуулийн тойрогтоо холбоотой. Хуучин олдсон хэдэн төгрөгөө 76-н тойрогт хувааж зөвхөн гал унтраах, эсвэл сонгогчдодоо таалагдах маягаар явж байсан. Одоогийн сонгуулийн системээр 26 тойрог болсон. Ингэснээр ядаж аймагтай таарсан хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байгаа юм.

О.Чулуунбат:
-Төсвийн гажиг тогтолцоо бий болсон нь үнэн. Монголын төр, засагт цалингийн системээ, төсвөө эрүүлжүүлэх, зарлагаа цэгцлэх хамгийн алтан үе ирээд байна. Яагаад гэвэл хоёр том нам эвсээд, бие биедээ сөрөг хүч болохгүйгээр хамтарч ажиллахаар боллоо. Хуучин цалинг жаахан хасъя гэвэл нөгөөдүүл нь улс төр хийдэг байсан.

-Алтан боломж бүрдлээ гэж Чулуунбат гишүүн хэллээ. Үнэхээр энэ алтан боломжийг ашиглаад төрийн байгууллагуудын данхайсан зардлыг багасгах боломж байна уу?

С.Баярцогт:
-Алтан боломж гэдэг нь нэг талаасаа үнэн. Хоёр том нам сонгуульд орохдоо маш их хэмжээний нийгмийн чиглэлийн амлалтууд өгчихсөн. Үүнтэй холбоотойгоор нийгмийн хүлээлт өмнөхөөсөө асар ихэссэн. Гэтэл эдийн засгийн бодит байдал түүний эсрэг байгаа.
“Их идсэнийхээ дараа өнж” гэдэг үг амьдралд тулчихаад байна. Дэндүү их зүйл амлачихсан учраас хоёр нам нийлээд зайлшгүй зөвшлөөр шийдэж авч явах цаг ирлээ. Энэ утгаар нь алтан боломж гэж болно. Гэхдээ үүнд улс төрийн шийдэл нөлөөлнө. Тэгэхээр улстөрчид энэ асуудалд харьцангуй ухаалаг хандах хэрэгтэй. Түүнчлэн ард түмнийхээ эдийн засгийн ерөнхий боловсролыг дээшлүүлэх шаардлага бий. Юм хийхгүй хэсэг нь авах ёстой гэсэн байр суурьтай хандаад байна. Харин хийж байгаа хэсэг нь төр бидэнд дарамт учруулахгүй байх ёстой гэж үздэг. Нийгмийн бүлэг болгоны хүсэл, хүлээлт өөр өөр. Энд таарсан бодлого явуулах ёстой. Зөвхөн сонгогчоо бодоод нэг хэсэг улстөрч нь нийгмээс юм авах ёстой гэсэн бүлэгт таалагдах гэж ажиллаад, нөгөө нь баялаг бүтээж буй хүмүүсийнхээ боломжийг нэмэгдүүлье гэсэн зорилт тавиад байна. Үнэнийг хэлэхэд Засгийн газрын мөрийн хөтөлбөр эцэслээгүй байгаа нөхцөлд тодорхой ярьж болохгүй байна.

Адуучид, дараа нь гахайчид засгаас мөнгө нэхвэл яах вэ

-УИХ-ын сонгуулиар намууд Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн орд газруудаас ард түмэнд нэг сая, 1.5 сая төгрөгийн хувь хүртээнэ гэж амласан. Монголчууд бараг дараа жилээс энэ мөнгийг авна гэж бодож, хүлээж байгаа. Үүнийг улс өгч чадах уу?

С.Баярцогт:
-Бэлэн мөнгө хэлбэрээр олгож чадахгүй нь ойлгомжтой. Мэдээж янз бүрийн хувилбараар тараах боломж бий. Гэхдээ энэ асуудлыг хөндөж ярих цаг хараахан болоогүй байна. Учир нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бодлогын хувьд суух ёстой. Үүний дараа тодорхой ажлууд хийгдэж эхэлнэ. Дэлхийн олон орон ашигт малтмалаасаа олсон орлогыг ард түмэндээ хүртээсэн туршлага байдаг. Өнөөдрийн байдлаар бид олон улсын туршлага, аргуудыг судалж байна. Үүний дараа хамгийн тохиромжтой, хамгийн боломжийн, эдийн засагт дарамт учруулахааргүй аргыг сонгох асуудал яригдана.

-Зарим эдийн засагч том орд газруудаа ашиглаад ч ойрын жилүүдэд ард түмэнд хувь тараах боломжгүй гэж үзэж байгаа шүү дээ?
-Бодоод үзье л дээ. 1.5 сая төгрөгийг нийт хүн амдаа үржүүлэхэд дунджаар 3.9 триллион болно. Монгол Улсын ДНБ энэ жил 5.7, ирэх онд долоон триллион төгрөгт хүрнэ гэсэн тооцоо бий. Ингээд бодохоор монголчууд хийж бүтээсэн, олсон орлогынхоо талыг эргүүлээд тараачихна гэсэн үг. Тэр хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт ихэснэ, бараг 1.5 дахин. Гэхдээ энэ асуудлыг бодлогын хувьд шийдэх боломж бидэнд байгаа. Хамгийн гол нь зөв шийдвэр гаргаж чадвал шүү дээ.
Улсын төсвийн багагүй хувийг маш олон төрлийн нийгмийн халамжид зарцуулж байна. Эдгээрийг багцлах хэрэгтэй. Хамгийн гол нь нийгмийн баялгыг зохистой хуваарилахын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарт чиглүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн мөнгөний талыг Засгийн газар аваад ниймгийн хамгааллын арга хэмжээнд буюу эдийн засгийн өсөлтийг дэмждэггүй салбарт зарцуулж байна. Энэ бол эргээд эдийн засгийнхаа өсөлт, тогтвортой байдлын бодлоготой нийцэхгүй, хоорондоо зөрчилдөж байгаа хэрэг. Стратегийн орд газруудын нийт хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих талаар ярьж байна. Энэ хувьцааг зөвхөн монголчууд авдаг байдлаар зохицуулалт хийвэл яах вэ гээд маш том бодлогын асуудал учир одоо ярихад эрт байна.

О.Чулуунбат:
-Мэдээж энэ асуудал урт хугацаа шаардсан нэлээд хэцүү ажил юм. Монгол Улс хэдэн жилийн дараа дэлхийн зах зээлээс мөнгө босгож чаддаг, зээлж эсвэл урьдчилаад мөнгө авчихдаг түвшинд хүрэх хэрэгтэй. Үүний дараа тэр 1.5 сая төгрөгийг хувьцаа, эсвэл бэлэн мөнгөний хэлбэрээр ард түмэндээ хувь хүртээх асуудлыг ярина. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ бид тэвчээртэй, сахилга баттай, дэлхийн зах зээлийн дүрмээр тоглож чаддаг болсон байх ёстой.

-Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унасан. Гэтэл энэ нь Монголд үйлчлэхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгийг малчдад нөхөн олговор хэлбэрээр тараахаар боллоо. Ингэж болохгүй биз дээ?
-Энэ асуудалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэвч УИХ, Засгийн газрын шийдвэрээр малчдад таван мянган төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болчихлоо. Тэгвэл дараа жил адуучид 10 мянга, гахайчид 20 мянган төгрөг нэхвэл яах вэ, өгөөд л байх уу. Хэрвээ ийм байдлаар улсын төсвийн мөнгийг тарааж, цацаад байвал аль ч орон бидэнд санхүү, эдийн засгийн үнэхээр гаж бодлоготой, ямар ч мөнгө өгөөд хэрэггүй гэсэн дүгнэлт өгнө шүү дээ.

С.Баярцогт:
-Өөрийнхөө мөнгийг хайрлахгүй байгаа хүн хүнийхэд хэрхэн хандах нь тодорхой шүү дээ.

-Тэгэхээр нэг асуудал ойлгомжгүй байна. Монгол Улсын мөнгөний бодлогыг ерөнхийд нь барьж байгаа хүмүүс “Өнөөдөр”-ийн редакцид цуглалаа. Та бүхэн улсын төсвийг буруу зүйлд зарцуулж байгааг маш сайн ойлгодог атлаа яагаад таслан зогсоох арга хэмжээ авахгүй байна вэ?

О.Чулуунбат:
-Нөхөн олговор олгоно гэсэн хууль сонгуулийн өмнө гарчихсан юм билээ. Бид шүүмжлэлтэй хандаж байгаа ч энэ шийдвэрийг буцаах арга байхгүй. Харин дахиж ийм асуудал гаргахгүй байх талд анхаарч байгаа.

А.Батсүх:
-Бусад орны улстөрчид ямар нэг шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмбэл яах вэ гэдгийг шийдвэр гаргахаасаа өмнө салбарын эрдэмтдээс зөвлөгөө авдаг. Эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсдог. Хойд хөршийн төсвийн төслийг хэлэлцэж байгаа явцыг хар л даа. Төсвийн төсөлтэй зэрэгцээд бие даасан шинжээчдийн дүгнэлт гарч байна. Зөв, бурууг нь хайр найргүй шүүмжилж байна. Бусад орны ийм бэлэн туршлага байхад бид зохион байгуулалт хийх л хэрэгтэй.

-Төгрөгийн ханшийг унагахгүй байх, чангаруулах боломж байгаа юу?
О.Чулуунбат:
-Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж сайжирсан тэр цагт төгрөгийн ханш чангарна. Жишээ нь, манай нэг малчин жилд 12 сая төгрөгийн орлоготой мянган хонь малладаг гэж бодье. Тэр хоньчин дараа жил 2000 хониноос авах хэмжээний орлого олдог болбол үүний хэрээр төгрөгийн ханш хоёр дахин чангарна. АНУ, Европ, Япон бүгд л хөдөлмөрийн бүтээмжээрээ ханшаа чангаруулж байгаа. Түүнээс биш санхүүгийн аргаар төгрөгийн ханшийг чангаруулна гэж байхгүй.

-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг унагахгүй байх, чангаруулах боломж байгаа юу?
А.Батсүх:
-Ер нь бол ханшийг зохиомлоор чангаруулж, сулруулж болохгүй гэж үздэг. Угаасаа ханшийн хэлбэлзэл хүний оролцоогүйгээр, зах зээлээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Манай гадаад худалдааны 70 шахам хувь ам.доллараар хийгддэг. Ам.доллартайгаа харьцахаар төгрөгийн ханш чанга байгаад байдаг. Гэтэл ам.доллар манай худалдааны гол түнш болсон Оросын рубль, Хятадын юань хоёрын эсрэг харьцангуй сулраад байна. Рубль, юань олон улсын зах зээлд чөлөөтэй хөрвөдөг валютууд хараахан биш гэдгийг ч тооцох шаардлага байдаг.

-Тэгвэл энэ хэлбэрийг өөрчилж болох уу?
О.Чулуунбат:
-Төгрөгийг ам.доллартай уясан гол шалтгаан нь манай улсын экспорт 100 хувь ам.доллараар тооцож хийгддэг. Одоо ч манай улс ам.долларын орлоготой. Харин БНХАУ-тай хийх худалдаагаа ханшийн эрсдэл, зөрүү гаргахгүй гээд юаниар хийнэ гэхээр болдоггүй. Учир нь гадаадын компаниуд, банкуудыг Хятадын зах зээл юаниар ажиллахыг хориглочихсон байдаг юм. Сүүлийн үед энэ бодлого суларч байгаа. Хэрвээ Хятад АНУ шиг чөлөөтэй болчихбол бид ханшийн зөрүүг арилгах боломж олдоно. Гэхдээ энэ нь тав, арван жилийн дараа яригдах асуудал.

-Зарлагын реформыг заавал 2012 он гэхгүйгээр ойрын хугацаанд эхлүүлэх боломж бий юу?
С.Баярцогт:
-Бид өмнөх жилүүдэд урд нь баталчихсан төсвийн орлого, зарлагыг дахин өсгөх байдлаар зохиодог байсан. Харин энэ удаад алдагдалгүй байлгахын тулд хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг тодорхой хэмжээгээр хумисан төсвийг анх удаа хийж байна. Түүнчлэн бид төсвийн ерөнхийлөн захирагч нарын хязгаарыг анх удаа баталсан. 2009, 2010, 2011 онд Та нарын зарцуулах зарлагын хэмжээ энэ шүү гээд. Нэг үгээр хэлбэл, төсвийнхөө зардлын дээд хэмжээг доод тал нь гурван жилээр мэдэж байх тогтолцоонд шилжүүлнэ. Угтаа бол “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг зарчмыг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ зарчим нь төсвийг сахилга баттай зарцуулахад нөлөөлдөг гол түлхүүр юм.
Үүнээс гадна татварын зардлаар урсгал зардлын ангиллыг гаргах аргачлалаар ажиллана. Манайд инфляц хөөрөгдөх нэг шалтгаан нь урсгал зардал. Эхний ээлжинд бид хөрөнгө оруулалтыг эрс бууруулж байгаа.

-Төсвийн зардал нэлээд буурах нь ээ. Гэхдээ Сангийн яамны энэ бодлогыг УИХ, Засгийн газар хүлээж авахгүй бол яах вэ?
-Мэдээж энд дэмжлэг хэрэгтэй. Хамгийн гол нь өнөөдөр хүмүүсийн эдийн засгийн ерөнхий боловсрол, мэдлэг тун сул байна. Жирийн иргэдийг би хэлээгүй. Улстөрчдийн дунд эдийн засгийн ойлголтгүй хүмүүс цөөнгүй байна. Үнэндээ улстөрчид өнөөдөр дөрвөн жилээр амьдарч байна гэсэн шүүмжлэлийг зарим талаар хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч байна шүү дээ. Бүх асуудлаа дөрвөн жилээр төлөвлөчихдөг. Ийм байхад урт хугацааны бодлого хэрэгжүүлэх боломж бидэнд гарч ирэхгүй.

Жишээ нь, би Сангийн сайд болоод дөрвөн жил хүмүүст таалагдахаар ажиллаж болж байна. Төсвийн зардлыг жил бүр нэмээд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг өсгөөд, нэг л их сайхан ааштай хүн суугаад байж болно шүү дээ. Буруутсан асуудлаа Монголбанк руу чихчихээд ч юм уу. Хэрвээ улс орныхоо ирээдүйг бодьё гэвэл ингэж болохгүй ээ. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс мөнгөтэй болсон. Гэхдээ энэ бодит орлого биш. Дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс орж ирсэн мөнгө. Хэрвээ үнэ огцом буурвал улсын төсвийн дөрөвний нэг хувь нь алга болно гэсэн үг.

No comments:

Post a Comment