Tuesday 3 March 2009

Тогос

Эрт дээр үед биш, энэ л орчин үед гэнэ. Амьтдын нийгэм бидэнтэй зэрэгцэн өндөр соёл иргэншилтэй амьдардаг болсон байна гэнээ.
Ойн захын хажууханд, олон амьтан цугласан нэгэн хөөрхөн тосгон байна гэнэ. Далайд ойрхон, үзэсгэлэнт байгалтай их л сайхан тосгон. Банхар нэртэй нохой, Кэтти нэртэй муур, үргэлж л элдвийг сурвалжилж явдаг Гаанс нэртэй галуу гээд л олон төрлийн амьтад эвтэй найртай амьдрах ажээ. Харин тэр тосгонд аялал жуулчлал их хөгжөөд дэлхийн өнцөг булан бүрээс өөр олон төрлийн амьтад ирж, суурьших нь суурьшиж, бизнес хийх нь хийж, казино байгуулагдаж, том цэцэрлэгт хүрээлэн, үнэтэй баар ресторан, телевизийн байгууллагууд, сонин радио, банк, дэлгүүр гээд л их хотод байдаг бүхэн бий болсоор хэдхэн жилийн дараа өнөө тосгон маань нилээд том хот болжээ.
Чарльз нэртэй нэгэн үзэсгэлэн төгс тогос шувуу тэр хотод ирж амьдрах болов. Дэлхий даяар алдар нь түгсэн, загварын ертөнцийн хаан гэгддэг тэр л тогосыг тойрон сурвалжлагчид, алдартнууд, сайхан хүүхнүүд эргэлдэнэ.


Хамгийн үнэтэй зочид буудалд амьдрах болсон Чарльзийг өглөө гэрээсээ гармагц л шожигносон гэрэл зургийн аппаратууд гялалзаж, өнөөх Гаанс галуу микрофоноо барьсаар гүйн ирнэ. Ёс юм шиг хэдэн жил бүхний хараанд байж, гоё сайхнаараа гайхуулсаар Чарльз хэтэрхий их зантай болж, өнгө үзэмж муутай нэгэнтэй нь огт үг дуугарахаа больж, хялайж ч харахаа больсон гэнэ. Гаанс түүнийг өглөө босоод юу хийж байгаа, ямар хоол идэж байгаа, хаана амарч зугаалж байгаа гэхчлэн бүх л зүйлийг нь сурвалжилна, сонин нь ч сайн борлогдоно.
Зуны нэгэн сайхан өдөр Чарльзийн сүр дуулиантай төрсөн өдөр болов оо. Сайхан муухай, баян ядуу гэлгүй үзэсгэлэнт Чарльзийн гоё сайхан, баян тансгийг гайхан шогширсон хотын бүх л амьтад цугларан, их найр наадам хийж гэнэ. Тансаг ширээний дээд талд тогос, түүнийг шүтэн бишрэгч бүсгүйчүүд, хотын гангачуул, хүүхэд багачууд, хэрэгт дуртай сурвалжлагчид бүгд л тэнд байна. Хамгийн өнгөтэй өөдтэй сайхан бэлгээ түүнд барин, аль болох ойртон сууж, ихэрхэг бардам яриаг нь чих тавин сонсож, үг хэлэх бүрт нь дуун алдан баясаж, ухаантай сайхныг нь гайхна.


Гэтэл тэр хотод нэгэн өвгөн яст мэлхий ирсэн байсныг хэн ч анзаарсангүй.

Чарльзийн төрсөн өдрийн тансаг найранд тэрээр орж ирээд шууд л түүнд очиж, төрсөн өдрийн бэлэг болгон хүрэн бор хавтастай, хуучирч элэгдсэн, зузаан гэгчийн ном өгөв гэнэ.
"Хн! Чи намайг доромжилж байна уу? Үзлийн муухай амьтан минь."
"Надад энэ ном чинь ямар хэрэгтэй юм! ийм сайхан нэр хүнд, гоё сайхан царай зүс, бие хаа байхад наад ном чинь хэрэггүй, тэртээ тэргүй би энэ ертөнцийн хамгийн сайхан амьтан!" , хэмээн уурсав гэнэ. Өвгөн яст мэлхий юу ч хэлэлгүй мэхийн ёслоод гарч одов. Өгсөн бэлгий нь хог новшин дундаа хийн сөхөж ч харсангүй ээ.
Түүний баян тансаг, зугаа цэнгэлтэй амьдрал үргэлжилсээр... Хамаг л амьтад түүний тухай шар мэдээг шимтэн уншиж, гоо сайхных нь нууцыг сонирхоно, зөвлөгөө авна.Өдөр бүр хамгийн сайхан хоолтой, хамгийн үнэтэй ресторанд орж, хүн хүний дээгүүр шидэлсэн харцаараа гоо бүсгүйчүүдийг хуйлруулах нь гайхам.
Нэг мэдэхнээ жил өнгөрч, ахиад л түүний төрсөн өдөр болов. Урдны л ёсоор хамгийн нижгэр сайхан баяр хийж байна гэнэ, өвгөн яст мэлхий ахиад л нэг ном бэлэглэж байна. Ахиад л түүнийг нь хөсөр орхиж, таг мартжээ.
Энэ мэтчилэн 5 жил өнгөрч, таван хуучин ном, тансаг сайхан харш, үлгэрийн юм шиг амьдрал, зугаа цэнгэл, найр хурим үргэлжилсээр.
Гэтэл яг 5 жилийн дараа төрсөн өдрийнх нь маргааш үүдэнд нь цуглардаг олон амьтан, Гаанс галуу, бусад шүтэн бишрэгчид нь алга байна гэнэ. Ерөөс ийм зүйлд дасаагүй тогос шувуу гайхахын ихээр гайхаж, зүүдэлж байна уу ч гэж бодлоо. Гэтэл үнэхээр үнэн байна гэнэ. "Өөдгүй муусайн юмнууд, та нар яана гэнээ? Үдийн хоолондоо урихгүй дээ" гэж ихэрхүү зандаа амандаа бувтнана.
Гэтэл хотод шинээр өөр нэгэн үзэсгэлэнт залуу тогос ирсэн гэж дууллаа. Тэр өдрөөс эхлэн амьдрал нь өөрөөр эргэж, хэн ч түүнийг тоохоо байж, сурвалжлагч нар ч алга болж, шогшрон байдаг бусад шувууд ч ирэхгүй, хөөрхөн хүүхдүүд даган гүйлдэхээ болив.
Хөөрхий түүнийг хөгширлийн хатуу хууль тойрч гарсангүй, дайраад гарлаа. нүүрэнд нь үрчлээ сууж, гоё сайхан нүд, цовоо цолгио харцанд нь асдаг байсан гэрэл унтарч, хэнд ч гайхагдах гоо сайхан үлдсэнгүй. Ганцаардахын ихээр ганцаардаж, нэр хүндгүй түүнийг зочид буудал ч хөөж орхив. Үнэтэй хувцас, сайхан хоол, нэр хүнд, зугаа цэнгэл, юу ч үлдсэнгүй. Залуу тогосыг тойрон хуучны эчнээ танилууд нь эргэлдэж, өөрийнх нь тухай огт мэддэггүй байсан шиг байхыг нь яана гээч. Төрсөн өдөр нь ойртсоор. Сэтгэлийг нь харуусал харамсал зовоож, өнчин нулимстай, хөөрхий нэгэн хөгшин шувуу болсон байна.
Залуу нас гэдэг даанч богино, бодож санаж явсангүй ээ, ийм зүйлийн тухай. Дэндүү омголон, бас их зантай байснаа ойлгож. Төрсөн өдрийн баярт гудамжны хогноос олсон лаазаа дэрлээд, хөдсөн хөнжил нөмөрч өнжихөөс өөр юу ч хийх билээ. гэтэл өнөөх өвгөн яст мэлхий өөрийг нь олоод ирж гэнэ. "Чи бас л намайг даапаалах гэж ирээ юу?" гэж уурсангуй хэлэхэд гарт нь нэг жижиг цаас атгуулаад яваад өгөв.
Үзэхгүй гэж хичээсэн ч, тэсэлгүй нээн үзлээ. Өнөө орой хотын аль нэгэн газарт болох цуглааны урилга байв. Очих эсэхээ шийдэж ядан байж, юу ч гэсэн хайж очихоор шийдэв.
Яваад ортол, Ганнс галуу, шүтэн бишрэгч бүсгүйчүүд, хотын гангачуул, урд өмнө нь танил байсан дүр зураг нүдэнд харагдав. өвгөн яст мэлхий анир чимээгүй дунд тэдний өмнө, тухлаг сандалд залран сууж, ямар нэг юм ярьж байна гэнэ. нулимс асгаруулам танил, сайхан санагдаад танхимын голд очлоо. Өөрийг нь тойрон хүрээлдэг байсан бүхл амьтад өвгөн яст мэлхийн үгийг нэг бүрчлэн сонсож, ихэд хүндэтгэж байх юм.
Энэ бүхний учрыг ойлгож ядах юу байх вэ, хөөрхий хөгшин тогост яст мэлхийн ухаантайг ойлгуулах үйл явдал л байна шүү дээ.

Дэндүү богинохон залуу нас.
"Гоё сайхан байна гэдэг залуу насны хэрэг. Насан туршдаа, хөгширсөн хойноо ч хамгийн гоо сайхан, үзэсгэлэнтэй, нэр хүндтэй, баян тансаг хэвээр байхын тулд эрдэм мэдлэг, боловсрол гэдэг зүйл зайлшгүй юм" гэдгийг Чарльз маань нэгэнт сайн ойлгожээ. Өөрийн өнгө зүсээр амьдарч болдог ч цаг хугацаа гэдэг хоромхон зуур урсан өнгөрч, нэг л мэдэхэд чи хөөрхий нэгэн хөгшин болно. Тиймээс үүрд залуу сайхан байхын тулд дотооддоо чухамхүү хамгийн үнэтэй гоо сайхнаа цогцлоох хэрэгтэй байдаг байна.

Эрдэм номд шамдан, алдаагаа зассан Чарльз хотын хамгийн алдартай эмч, хуульч, бизнесмен, багш, эрдэмтэн болохыг алийг тэр гэх вэ.

2009-03-03. 16:18.

No comments:

Post a Comment