Wednesday 7 January 2009

Орчин үеийн гэрийн эзэгтэй

Орчин үеийн эзэгтэй нар, дээр үеийнхээс хэр их өөрчлөгдөв. Өө зөндөө зөндөө, энэ бүхэнд залуус бэлтгэлтэй байх нь дээр. Бүр дээр үед гэр орны ажил, хүүхэд шуухдад хань нөхрийнхөө хурууг нь ч хөдөлгөхгүй өөрөө дөнгөөд байдаг байсан супер гэрийн эзэгтэй аль дээр үед байхгүй болсон. Дараа нь манай ээж эгч нарын үе байсан.

Тэд бас л гэр орон, хүүхэд гээд ар талаа дажгүй авч явдаг ч 200 хувь биш. Яагаад гэвэл аав нар охидын үсийг самнаад цэцэрлэгт нь хүргэж өгдөг, хөвгүүдийнхээ өмд гутлын цоорхойг оёод өгчихдөг л байсан. Яагаад гэвэл ээж нар аав нартай адилхан ажил хийгээд, норм төлөвлөгөө, хурал цуглаан гээд гүйдэг болсон байсан. Тэгвэл одоо…

Одоо бол ийм гэрийн эзэгтэй бараг байхгүй гэдэгт залуус эвлэрэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд буруугүй, цаг үе, нийгмээсээ болоод тэд ийм болсон. Гадуур дотуур гүйдэг хөнгөн явдалтай биш, сэтгэл сайтай л байвал алт шиг гэж тооцох хэрэгтэй болсон. Орой ирэхэд хоол бэлэн, хүүхдээ 100 хувь хариуцдаг, гал тогоо бөгөөд ор хавиар эргэлддэг эзэгтэй бараг олдохгүй гэдэгтэй эвлэрч амьдрах хэрэгтэй болж дээ. Боловсролтой, боловсролгүй, ажилтай ажилгүй, ухаантай даруухан аль ч бай, ер нь л орчин үеийн эзэгтэй нарын нийтлэг дүр төрх ийм л болсон.

Суугаад амьдраад ирэхэд юм оёж чаддаггүй, амттай хоол хийж чадахгүй, ээжийн чинь чанаж чиний хөлсөө гаргаад уудаг сүүтэй цайг чанаж чадахгүй, байхуу цай кофег эрхэмлэдэг, аягүй бол бууз хуушууранд дургүй, пицца, цагаан хоол илүүд үздэг, түүнийгээ идэхийг чамаас шаарддаг, чамтай зэрэгцээд оройтож ирдэг, яг чам шиг хааяа найзуудтайгаа дарвиад шөнөжин наргидаг эзэгтэй нар олон болсон, эвлэрэх хэрэгтэй. Эвлэрээд, байхгүйд нь хоолоо хийгээд, хүүхдээ асраад, гэрээ цэвэрлээд, юмаа индүүдээд, шартсан үед шарыг нь тайлдаг, рашаан, бэлэн хоол авчирч өгдөг байхыг орчин үеийн эзэгтэй нар чамаас адилхан шаарддаг болсон, Эвлэрэх хэрэгтэй.



http://news.banjig.net/news-12015.html

No comments:

Post a Comment