Sunday 14 March 2010

Бодисадвын ерөөл

Бодь явдалд орохуйг туурвисан
Буй тэр хамаг буянаар минь
Булт хамаг амьтан бүхэн ч
Бодийн дээд явдалд ороосой

Этгээд зүг бүхэнд бие, сэтгэлийн
Элдэв зовлонт өвчтөн буй бөгөөс
Даамай миний буянаар тэд бүхэн
Далай мэт амар баясалд умбаасай

Алимэд тэд бас орчлонг төгстөл
Аливаа амгалангаас хэзээ ч үл буураг
Асар ханьцашгүй, тасралтгүй үргэлжлэх
Амгалан нирваанд амьтан бүгд хүрээсэй

Ертөнц дахинд хичнээн буй бөгөөс
Ер тамын тэдгээр бүх оронд
Элдэв бүх амьтан хотлоороо
Энхжингийн жаргалд цэнгэх болтугай

Хүйтнээр зовогсод бүлээцэх болтугай
Хүчит бодисадвын нүсэр үүлнээс
Хур болон орох өргөн их ус
Халуунд зовсныг сэрүүцүүлэх болтугай

Илдэн навчит ой шугуй ч тэдэнд
Илбийн үзэмжит цэцэрлэг болтугай
Гамшиг тарих шалмали мод ч
Галбарваасан мод болон ургатугай

Нугас, ангир, хун, галуу тэргүүтэн
Нэн яруу дуут шувуудаар чимэгдтүгэй
Анхилуун үнэр ихт лянхуат нуур олшрон
Аюулт тамын ертөнц амар тухтай болог

Улалзсан галт нүүрс нь эрдэнийн их овоолго
Нүргэлэн шатах газар нь зүлгэмэл болор дэлхий
Цуглуулан няцлагч уулс ч тахилын үлэшгүй харш болж
Амгаланд ажирагч бурхдаар зайгүй дүүрэх болтугай

Омголон цог, галт чулуу, мэсэн бороо
Одооноос эхлэн цэцгийн хур болтугай
Хатгалдан мэсээр тэмцэгсэд ч өнөөдрөөс
Хайрын цэцгээ шидэлцэх болтугай

Гал мэт, ёроолгүй мөрөнд живэн мах нь язраад
Гүмүдийн цагаан өнгөт ясан хэлхээ бологсод
Тэнгэрийн биед буяны минь хүчээр төрөөд
Тэнгэр охидтой цуг намуун хүрхрээнд орштугай

Харгис хэрцгий хүн, эрлэг, хэрээ, тас
Хамаг бүгдээр энд айн дагжихын учир юун?
Харанхуй балар хөөгдөж амгалантай
Хачин баяртай болов! хэний хүч вэ? хэмээж
Өөд өндийн харахад нь огторгуйн төв дунд
Өнөөх мутартаа очир бадруулагч үзэгдэхэд
Өр зүрхнээсээ баярлаж хилэнцээсээ ангижран
Өнө мөнхөд түүнтэй нөхөрлөн явах болтугай

Анхилуун үнэрт устай
Ариун цэцгийн хур орсноор
Аюулт тамын гал цог
Шархийн сөнөхийг үзэж
Гэнэтийн амгаланд цэнгэхийн минь
Учир юунд вэ гэж санахад
Гэсгээлт амьтны тамынханд
Мутартаа цэцэгт үзэгдсүгэй

Айдсыг умартан үтэр түргэн дэргэд минь ир анд нар минь!
Аюулт зовлонгоос салгаад баяр жаргалын бэлэглэдэг
Амьтныг бүгдээс аврах энэрлийг төрүүлсэн бодисадва
Асар залуу, тоорцогт, бадрангуй, аюулыг сөнөөгч нэгэн ирэв

Нэн олон тэнгэр тэргүүн титмээ өлмийн лянхуад нь тахил болгож
Нигүүлслийн шүүдрээр (нулимс гэдэг үг) нүд нь норсон, тэргүүнд нь зүйлийн цэцгээр хур орж
Давхар харшийн мянга мянган тэнгэр охидод эгшгээр магтуулахыг нь үз гэж
Зөөлөн эгшигтийг тийнхүү харж амьтны тамынхан сая л шуугих болтугай

Тийнхүү миний буяны ёзоороор
Самантабадра тэргүүтэн
Түйтгэргүй ариун бодисадвын арвин их үүлнээс
Амгалан, сэрүүн анхилуун, шимтэй хур орохыг үзээд
Амьтны тамын аливаа амьтад илхэн баясах болтугай

Адгуус амьтад нэг нь нэгийгээ
Амьдаар нь идэх аюулгүй болтугай
Яруу бус дуут хүмүүстэй адилаар
Ямагт бэрдүүд ч амгалан болтугай

Эрхэмт мэлмийгээр болгоогч хутагтын
Эрхэм мутраас буусан сүүн урсгал
Өлгөлөн бэрдийг цэнгүүлж, бас угааснаар
Өнө үргэлж сэрүүцүүлж байх болтугай

Харалган сохрууд дүрсийг харж
Хатуу дүлийс дууг сонстугай
Хатан Маяа тэнгэр охин шиг
Хамаг жирэмсэд өвдөлгүй нярайлтугай

Нүцгэн нөмгөд хувцастай болж
Нүнжиггүй өлсөгдсөд идээтэй болж
Хатаж харангадсан нь уух ус ба
Хамгийн амттай ундыг олоосой

Гачигдалт ядуус эд таваартай болж
Гаслан шаналагсад баяртай болтугай
Гансран цөхрөгсөд тайтгаран амраад
Ганхашгүй төгс буурьтай болтугай

Өвчлөн зовсон бүхий л амьтан
Өвчин шаналлаасаа үтэр салаг
Өтгөс амьтны аливаа өвчин
Өнө мөнхөд гарахгүй болтугай

Айн дагжсан нь аюултгүй болж
Хүлүүлсэн нэгний хүлээс алдарч
Хүчин мөхөс нь чадал төгсөөд
Харилцан сэтгэл нь дотно болтугай

Зүсэн зүйлийн бүх зорчигсдод
Зүг бүхэн амгалан болтугай
Алив зорьсон явдал хэрэг нь
Алжаал шамдалгүй бүтэх болтугай

Эгэл онгоц, их хөлөгт суугсад
Эгээрсэн санаа нь сэтгэлчлэн бүтээд
Усны оломд мэнд амар хүрээд
Ураг хотлоороо баярлах болтугай

Зэлүүд хөдөө төөрөн хэсэгсэд
Зорчигч хүнтэй учран олдоод
Хулгай дээрэм чонын аюулгүй
Амар мэнд алжаалгүй одтугай

Зах замгүй жихүүцэм хөдөө тэргүүтэнд
Зүйрмэглэн бөгөөд гүн нойрсон унтах
Харгалзах эзэнгүй нялхас, настан өтгөсийг
Хамгаалан сахих тэнгэр байх болтугай

Чөлөө бус нөхцөлгүй бүхнээс салаад
Чин сүжиг билиг оюун, энэрэлтэй болж
Хоол хүнс, явдал мөр хотол чуулаад
Хэзээ мөнхөд төрөл бүхнээ санатугай

Огторгуйн баялаг сан мэт хотлоороо
Огоот үргэлж эдлэлээр үл дутаг
Хямралдах тэмцэл, хөнөөл үгүйгээр
Хэзээд өөрийн зөнгөөр явтугай

Сүр сүлдгүй аливаа амьтан
Сүрлэг их жавхаатай болтугай
Зүс нь буурсан аливаа хатуужигч
Зүс нь төгс сайхан болтугай

Хар доордсууд өөдлөн дээшлээд
Харин омгоо дарж явах болтугай

Өөрийн минь энэ буян заяагаар
Өтгөс амьтан үлдэлгүй бүгдээрээ
Өөдгүй нүглээ тэвчээд харин жич
Өнө мөнхөд буянаа хичээх болтугай

Бодийн дээд сэтгэлээс салалгүй
Бодь явдлаар зоримог тууштай явж
Хамаг бурхдын ивээлд багтаад
Хар шулмасын үйлийг цээрлэтүгэй

Хэтдээ тэдгээр хамаг амьтан
Хэмжээгүй урт настай болтугай
Мөнхөд амгалан аж төрөөд бас
Мөхөл үхлийг дуулах ч үгүй байг

Гоц яруу номын дуу дуурсгасан
Галбарваасан модны таримал цэцэрлэгт
Эрдэнэт бурхан, бурхны хөвгүүдээр
Энэ зүг бүхэн дүүрэх болтугай

Хаа бүхнээ газар дэлхий
Хайрга тэргүүтэн үгүй ба
Алтан толио тэгш, биндэръяа чанарт
Амгалан зөөлөн болох болтугай

Хотол тойрон хүрээлэгсэд доторх
Хязгааргүй их олон бодисадвууд
Өөрийн эрдмээр газар дээрхийг
Өчиггүй чимэн орших болтугай

Хамаг бүх амьтан ч шувуу хийгээд
Хавийн мод, аливаа гэрлүүд ба
Хаяалах огторгуйгаас ч номын дууг
Хором ч тасралтгүй сонсох болтугай

Бүхий л амьтан хотлоор үргэлжид
Бурхан, хөвгүүдтэй нь учрах болтугай
Хэмжээгүй их тахилын үүлээр
Хэзээд амьтан багшаа тахиасай

Тэнгэр хурмаст цагтаа хур оруулж
Тариа ургац төгс боловсортугай
Эзэн хаан нь номын дагуу байж
Эргэх ертөнц ч дэгжих болтугай

Уух эм нь эдгээх хүчтэй болтугай
Урьж өгүүлэх нууц тарни бүттүгэй
Дагина хийгээд мангас тэргүүтэн
Энэрэх сэтгэлтэй байх болтугай

Аль ч амьтан зовлонгүй
Аюул занал, бас өвчингүй
Айдас хүйдэс, доромжлолгүй
Аливаад сэтгэл бүү зовтугай

Ариун сүмүүд хурал уншлага
Амны уншлагаар дүүрэн орштугай
Хэзээ хуврагууд эвээ эрхэмлээд
Хэрэг үйлс нь ч бүтэх болтугай

Суртгаал хүссэн гэлэнгүүд
Сайхан аглагийг ч олтугай
Сарнин алгасрахаа цээрлээд
Сэтгэлээ болгон бясалгатугай

Гэлэнмаа нар олзтой байж
Тэмцэл, хорлолыг цээрлэтүгэй
Тэрчлэн аливаа гэрээс гарагсад
Тэрслэн бүү ёсоо цалхайруулаг

Цалхай ёсноосоо жигших сэтгэлээр
Цаашид үргэлж хилэнцээ бартугай
Амгалан сайн заяаг олж төрөөд
Авир ёсоо тэнд ч бүү дордуултугай

Сацлалгүй мэргэд өргөн хүндлүүлж
Саадгүй бинавадаа ч олох болтугай
Сэтгэл үндэс нь бүрэн ариусаад
Сайн алдраар зүг бүрт түгтүгэй

Муу заяаны зовлонг амсалгүй
Мундашгүй бэрхшээл ч эдлэлгүй
Тэнгэрээс илүү сайн биеэр явж
Тэд нар түргэн бурхан болтугай

Бүхий л амьтан олон удаа
Бүх бурхдыг тахих болоод
Санаанд багташгүй бурхны жаргалаар
Сац үргэлж амгалан болтугай

Санасан хэрэг, амьтны тусаа
Саадгүй бодисадвууд бүтээтүгэй
Аливаа итгэлийн таалдаг хэрэг
Амьтан бүхнийг түүнтэй учруултугай
Бас тэрчлэн өөрөө ялагч
Бүх шарвагууд ч амгалан болтугай

Мөнхүү би ч Зөөлөн эгшигтийн (Манзушир бурхны нэр) ачаар
Машид баясах газарт хүртлээ
Мөнхөд үргэлж төрлөө санаад
Мөн бас гэрээс гарах болтугай

Аар саархан идээ хоолоор ч би
Амар хэвийн амьдрах болтугай
Төгс нөхцөлтэй аглаг сайхан орныг
Төрөл тутамдаа олох болтугай

Хэрэвзаяа харахыг хүсэх юм уу
Хэтдээ асуух асуулт байваас
Хэзээд итгэлт Зөөлөн эгшигт бурхныг
Хэрхэвч саадгүй хардаг болтугай

Арван зүгийн хязгаарт тулсан
Аливаа амьтны тусын төлөөх
Зөөлөн эгшигтийг явдал цадигтай
Миний явдал ч адил болтугай

Огторгуйн эн хэдүйг түгнэ
Олон амьтад ч төдий оршино
Тэр хүртэл би бээр оршоод
Тэдний зовлонг арилгах болтугай

Аливаа амьтны ямар ч зовлон
Алгасралгүй бүгд надад боловсроосой
Бодь сэтгэлт хуврагийн хүчээр
Булт амьтан амгаланг эдэлтүгэй

Амьтан бүхний гагцхан эм нь
Амгалан жаргалан бүгдийн уурхай
Авралт шашин өргөл, хүндлэлтэй
Ашид удаан орших болтугай

Буянт оюуныг төрүүлсэн ачтай
Бурхан зөөлөн эгшигтэд мөргөмүй
Ачлал буянаараа намайг дэгжээсэн
Авралт буяны садандаа мөргөмой

Wednesday 3 March 2010

Татварын мэдрэмжийн шинжилгээ

Судалгааны ажлын танилцуулга

Судалгааны ажил нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачаалал, мэдрэмжийн түвшин нь татварын бодлогын нөлөөгөөр 1990 -ээд он, 2000 -аад он гэсэн хугацааны интервалд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлох, өөрөөр хэлбэл татварын бодлогын өөрчлөлт нь үр дүнгээ өгч буй эсэхийг тодорхойлох зорилготой юм.


Сэдвийн судлагдсан байдал

Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачаалал, мэдрэмжийн шинжилгээг анх 2006 онд МУ-ын Сангийн Яамны захиалгаар Дэлхийн банкны Эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх техник туслалцааны зээлийн төслийн "МУ-ын 2005 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хийсэн мэргэжлийн шинжилгээ" судалгааны хүрээнд хийсэн байна.
Энэхүү судалгааны гол үр дүн нь МУ-ын татварын нийт орлого ДНБ-д мэдрэмжтэй буюу МУ-ын эдийн засагт татварын ачаалал харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлт бөгөөд татваруудын нэр төрлөөр мэдрэмжийн түвшинг хэмжиж үзэхэд орлогын албан татвар болон НӨАТ-ын мэдрэмж нэлээд өндөр байгаа нь ажиглагдсан байна.
Жил бүр татварын мэдрэмж, ачааллын түвшинг ийнхүү үнэлдэг ч МУ-ын татварын бодлогын үр ашиг, нийгэм дэх татварын ачааллыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулж буй талаар судлахгүй байгаа нь дутагдалтай тал юм. Иймд энэхүү судалгааны хүрээнд статистик, эконометрикийн шинжилгээний аргуудыг ашиглан татварын мэдрэмжийн динамик эгнээг шинжилсэн юм.

Судалгааны өгөгдөл, тоон мэдээллүүд

Эдийн засаг дахь татварын мэдрэмжийг шинжлэхдээ МУ-ын төсөвт оруулсан татварын нийт орлогын хэмжээ, ДНБ-ийн хэмжээг 1991 - 1999 , 2000 - 2008 оны интервалтайгаар авч ашигласан.

1999 он хүртэлх хугацааны татварын нийт орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг НӨАТ, орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, онцгой албан татварын хэмжээ нь 1995 , 1997 онуудад өөрчлөгдөж байсан байна. Иймээс загвар 2-т эдгээр татваруудын нормд гарсан өөрчлөлтүүдийг тусгах нэг дамми хувьсагч Dch(T) -ийг нэмж, 1995 онд онцгой татварын норм бусад гол татваруудаасаа хамгийн анхлан өөрчлөгдсөнөөр уг дамми хувьсагчийн 1995 он, түүнээс хойших утгуудыг 1, 1995 оноос өмнөх онууд дахь утгуудыг 0 байна гэж үзсэн.

Харин 2000 - 2008 оны хооронд хамгийн эхэнд орлогын албан татварын норм 2002 онд өөрчлөгдсөн учраас мөн нэг дамми хувьсагчийг нэмж оруулан, 2002 оноос өмнөх утгуудыг 0, 2002 он болон түүнээс хойших утгуудыг 1 гэж үзсэн.

Загварын үнэлгээ

Татварын орлого нь төсвийн санхүүжилтын гол эх үүсвэр болохоос гадна хамгийн гол үүрэг нь төрийн эдийн засгийн зохицуулалтын түлхүүр хэрэгсэл юм. 2008 оны гүйцэтгэлээр манай улсын төсвийн нийт орлого, тусламжийн 87,6 хувийг татварын орлогоор бүрдүүлжээ. Татварын нийт орлого нь ДНБ-тэй эерэг хамааралтай ба ДНБ-ийн өсөлтөөр, эсвэл татварын хувь норм, түвшний өсөлтөөр тус тус өсдөг функц юм. Татварын нийт орлого дахь энэхүү өсөлтийг татварын мэдрэмжийн аргаар тодорхойлно. Мэдрэмж нь татварын орлого ба улсын төсвийн нийт орлогын хоорондох эмпирик хамаарлыг тооцоолох чухал үзүүлэлт бөгөөд энэ шинжилгээгээр ДНБ-ээс хамаарах МУ-ын татварын нийт орлогыг регрессийн хандлагаар тодорхойлов.

Татварын мэдрэмж нь ДНБ-ийн нэг хувийн өөрчлөлтөд ногдох татварын нийт орлогын өөрчлөлтийн хувийг хэмждэг ба уг мэдрэмжийг дараах томъёогоор тооцно:


Үргэлжлэл бий....



Үгс

Бусдаас илүү гарах гэж зүтгэх хэрэггүй। Бусдаас илүү байх нь тэдний нүдийг хорсгодог।

Арга барилаа өөрчилж бай। Тэгэхгүй бол төлөвлөснийг чинь мэдэж, төлөвлөж, нураачих вий!

Хүн бүхэнд таалагддаг хүн өөрийгөө золиосолдог।

Цөөнхтэй хамт сэтгэж, олонхитой хамт дуугар!

Итгэл, өөдрөг хүсэл тэмүүлэл хувь заяаг жолооддог।

Сайныг хүсээд хийж чаддаггүй бол гутамшиг, хүсэхгүй байгаад муу зүйл хийдэг бол мунхаглал।

Мунхаглал, завхайрал хоёр хүнийг шууд алдаг।

Сэтгэлийн зовиуртайгаа тэмцэж чаддаггүй хүн залуугаараа хөгширдөг।

Бүтэхгүй гэж боддог хүн тушаал ахидаггүй।

Харамсахгүйгээр өнгөрсөн цаг мөч бүр аз жаргал байдаг।

Ярилцаж буй хүнээ "тийм" гэж хариулахаар асуулт тавьж байвал тэр ялалтын эхлэл।

Зөвхөн анддаа л алдааг нь хэл। Сануулж хэлчихээд нэрээ хамгаалах, алдаагаа засах боломжийг түүнд үлдээ।

Хамгийн сайн өшөө авалт бол зүгээр л мартаж орхих। Дайсныг өөрийнх нь өчүүхэнд булж орхи।

Тэнэг мангуучууд горьдлого, найдлагаар амьдардаг।

Нэгэн хэвийн амьдрал сэтгэлгээг үхүүлж байдаг।
Өөрөө мөнгөний машин байхаар өөрийн мөнгөний машинтай бол।

Мөнгөний төлөө хүсээгүй ажлаа хийхийн оронд хүсдэг, дуртай ажлаа хийж мөнгө олох нь хамаагүй дээр।

Өөрөөсөө илүү хүнтэй харьц।

Өрөвдүүлэхээс зайлсхийж, зовлонгийн эсрэг зогсдог хүнийг хүмүүс дагадаг। Тэр бүгдийн цаана эрдэнэсийн агуй бий।

Аливаад ухаалаг байж, уур хилэнг таягдан хая।

Амьдралдаа хүрч чадахааргүй том зорилго тавьж, түүндээ тэмүүл।

Бусдаас илүү биш, өөр байхын төлөө бай!

Хайхрамжгүй хүн ядуу байдаг।

Сонирхсон сэдвийнхээ дагуу хүмүүсийн бичлэгийг уншиж, заавал тэдэнтэй уулз।

Өөртөө амжилтанд хүрэхийг сануулж, шавдуулж байдаг тийм нөхцлийг бүрдүүл।

Шинэ санаагаа тэмдэглэж ав। Энэ нь тэдгээрийг танд хоногшуулна।

Сайн, зөв бясалгал хийж бай।

Үндэсний ашиг сонирхол хүнийг булшилдаг।

Нар мандах, жаргах, од гарах үес мөргөлийг дотроо үйлдэж бай। Дээд ертөнцтэй холбоо барихдаа үнэн сэтгэлээсээ бай। Гэхдээ туйлширч, сүмийн боол бололгүйгээр дотроо мөргөж бай।