Thursday 26 March 2009

Төсвийн зарлагад реформ хийх алтан боломж бүрдлээ

Өнөөдөр сонины өчигдрийн дугаарт гарсан редакцийн уулзалтыг хүргэж байна.

Тэмдэглэсэн И.Отгонжаргал, Ц.Цэвээнхэрлэн (2008-10-06)
-Редакцын уулзалт-
“Өнөөдөр” сонины ре­дак­цид УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал нар зочиллоо. Энэ удаагийн уулзалтаар бид Монгол Улсын мөнгөний бодлого, төсвийн тодотгол, инфляцын өсөлт, нийгмийн халамж, үйлчилгээ тойрсон олон асуудлыг хөндлөө.

-Инфляцыг 12 хувь болгож бууруулахад мөнгөний бодлого, үндсэн чиглэлийн уян хатан уялдаа холбоог хэрхэн бий болгох вэ?

С.Баярцогт:
-Өнгөрсөн туршлагаас харахад сүүлийн 3-4 жил сангийн болон төсвийн бодлого тэлэх байдлаар явсан. Манай орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Түүнийгээ дагаад зарлагаа нэмээд явчихсан учраас үндсэндээ төсөв байнга тэлж томорч ирсэн. Мөнгөний бодлогын хувьд Батсүх ерөнхийлөгч ярих байх. Сүүлийн жил хагасын хугацаанд төсвийг хумих хатуу бодлого явуулж байгаа. Өмнө нь төсөв тэлэх бодлого явуулж байсан учраас инфляцыг бууруулахад нөлөөлөх эдийн засгийн хоёр хэрэгсэл зөрж, үүнтэй холбоотойгоор үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа нь харагдсан. Хэрвээ цаг алдалгүй инфляцыг багасгахгүй бол эдийн засгийн өсөлт бидний хувьд мөрөөдөл төдий зүйл болно. Тийм учраас 2009 оны гол зорилт бол мөнгөний хатуу бодлоготой төсвийг хумих бодлогыг зэрэгцүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг багасгах замаар, хэмнэх, тэвчихийг мөрдлөг болгож байж үр дүн гарна. Ийм тооцоог Монголбанкны зүгээс ч, манайхаас ч хийсэн.

А.Батсүх:
-Улс бүр л өндөр үнэтэй шатахуун, хүнс, эрчим хүчний өсөлттэй тулсан шүү дээ. Инфляцыг нь харахаар манайхаас бага байгаа. Өөрөөр хэлбэл, инфляци нь 15 хувиас дээш гарсан улс цөөхөн. Азидаа бол Вьетнамынх 28 орчим хувьтай байгаа. Нийлүүлэлтээсээ давсан эрэлтийг дэвэргэснээс л ялгаа нь гараад буй. Тийм учраас нэгдүгээрт, нийлүүлэлтээ сайжруулна. Хоёрдугаарт, нийлүүлэлтээс давсан эрэлтээ тодорхой хугацаанд хөргөөх хэрэгтэй болж байна. Ер нь Монголын эдийн засагт халалтын шинж тэмдэг нэлээд ажиглагдаж байгаа. Төсвийн алдагдал, цалин эрчимтэй өсдөг, хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өсдөг зэрэг хэд хэдэн шинжүүдээр илэрдэг юм. Тэгэхээр үүнийг зөөл­рүүлэх. Ганц манайх ч биш, хойд, урд хөрш, Зүүн өмнөд Азийн эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй зарим орнууд ижил төрлийн асуудалтай байна.
Төсвийн бодлогыг хэр зэрэг шинж­лэх ухааны үндэслэлтэй удирдаж чадаж байна вэ гэдгээс улсуудын инфляцаа ямар дүнтэй авч гарах вэ гэдэг хамаарч байгаа. Манайд шинжлэх ухаан ч байдал үгүйлэгдэж байна. Эрдэмтдийнхээ үг, дүгнэлт, судалгааг дутуу анхаардаг гэж хэлэх байна. Эрдэмтдийн үгийг сонсохоо байгаад, тооцоо судалгааг ч хийхээ байгаад удаж байна.

О.Чулуунбат:
-Сангийн яам, Монголбанк хоёр төсөв болоод мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барьчихаад байна. Сонгуулийн дараа УИХ, Засгийн газраас Монгол Улсыг ямар санхүү, мөнгөний бодлогоор удирдах вэ гэдэг их чухал баримт бичгийг өргөн барилаа. Эндээс хүмүүс инфляцыг бууруулах нь уу, зарлага тал дээр ямар реформ хийх нь үү, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах нь уу, дотоодын бизнес эрхлэгчид ээ дэмжих нь үү гээд олон асуудлыг анхаарч, хүлээж, ажиглаж суугаа. Ер нь бол төсвийн тодотгол сайн болсон санагдсан.

Харин мөнгөний бодлогын хувьд би сайн харж амжаагүй байна. Инфляцыг онилсон бодлого оруулж ирж байгаа гэсэн. Миний бодлоор 2000 оны эхээр ОУВС-гаас мөнгөний хатуу бодлого баримтлахыг зөвлөж байсан. Зах зээлд мөнгөний нийлүүлэлт их байсан ч инфляц өнөөдрийнх шиг өндөр өсөөгүй. Гэтэл одоо мөнгийг шууд татаад эхлэх юм бол эдийн засаг цусгүй болоод бүх төсөл зогсоно. Улсын хэмжээнд одоогийн байдлаар гэхэд цөөнгүй төсөл зогсчихсон. Тиймээс Монголбанк тууштай судалгаа дүгнэлт хийж мөнгөний бодлогыг тодорхойлох болов уу. Дэлхийд мөнгөний хомсдол бий болоод байна. Европ, Америк, Азид ч тэр. Ийм байтал манайд мөнгөний илүүдэл бий болно гэж байхгүй. Үүнийг Төвбанк сайн харах хэрэгтэй.
-О.Чулуунбат гишүүний дурьд­сан УИХ-д өргөн бариад буй баримт бичигт мөнгөний бодлогыг илүү хатуу тусгасан юм биш үү. Урд хөрш гэхэд адилхан инфляцын өсөлттэй тулгарсан хэрнээ мөнгөний уян хатан бодлого барьж байна шүү дээ.

А.Батсүх:
-Мөнгөний бодлого ер нь их уян хатан шинжтэй байх ёстой. Хятад улсын хувьд ч энэ нь харагдаж буй. Урд хөршид оны эхээр инфляц нь их өндөр хувьтай гарсан. Энэ нь сүүлийн 10-аад жил гараагүй үзүүлэлт байсан. Маш уян хатан арга хэмжээ авчээ. Газар тариалангийн салбарыг богино хугацаанд дэмжсэн байна. Жишээ нь, манай “Атрын III” аян шиг. Бид хүнснийхээ нийлүүлэлтэд анхаарсан учраас энэ намар арвин ургац авбал инфляцыг бууруулахад таатай нөхцөл бүрдэх учиртай.
Хоёрдугаарт, урд хөрш өнгөрсөн сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцөө зэрэг бууруулсан. Америк, Европоос дамжин ирж буй нөлөөллийг мэдэрч байна л даа. Тийм учраас 2-3 улирлын цаадахыг хараад бодлогын хүүгээ бууруулсан болов уу гэж бодож байна. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт инфляцын хажуугаар санаа зовоох асуудал боллоо. Инфляц эхлээд нэгдүгээрт байсан нь үнэн. Монголбанкны хувьд ч эдийн засгийн өсөлт, банк санхүүгийн системийн тогтвортой байдал, үнийн өсөлт зэргийг зэрэг тооцсон уян хатан бодлого барина.

С.Баярцогт:
-Инфляцыг дан ганц мөнгөний бодлогоор зохицуулна гэвэл чадахгүй. Хэдийгээр зах зээлд шилжсэн ч манай эдийн засгийн тал нь төсөв байгаа. Мөнгөний бодлогын хэрэгсэл ашиглах юм бол инфляцад нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага. Харин сангийн бодлогын хэрэгсэл ашиглах юм бол инфляцад нөлөөлөх нөлөөлөл маш өндөр байна. Хэрвээ бид төсвөө тэлээд мөнгөний хатуу бодлого явуулаад байх юм бол улсын төсвөөр дамжиж буй бизнес томроод, хувийн хэвшлийн бизнес жижигрэнэ. Тэгэхээр бидний нөгөө үсрэнгүй хөгжил байхгүй болно. Өөрөөр хэлбэл, 2.6 триллион дотроо л эргэлдээд байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт 571 триллион төгрөг байсныг энэ тодотголоор 500 триллион болгож танасан. Ирэх жилийн төсөвт бүр 407 триллион төгрөг болгож буулгаад байгаа. Нэг үгээр хэлбэл, нийт эдийн засагт өсөлт гарах магадлал багасна. Дан нэг талдаа хатуу бодлого явуулж, нөгөө талдаа сулруулах биш, мөнгөний бодлого уян хатан байж, бодлогын хүүгээ бууруулах, эргэлтэд байх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх мэт боломжийг Монголбанкинд гаргаж өгөхгүй бол болохгүй. Энэ хоёр хэрэгслээ зөв ашиглаж байж Монголын эдийн засаг зөв чиглэл рүү орно. Уян хатан байх гэдэг бол маш чухал санаа.

О.Чулуунбат:
-Уншигчдад ойлгомжтой байлгахын тулд нэг тайлбар хэлье. Энэ жил инфляц 34 хувь гээд байна шүү дээ. Миний бүдүүвчилсэн тооцоогоор 14-15 хувь нь төсвийн бодлогоос шалтгаалж байгаа. Хэтэрхий их сул мөнгө цацсан. Харин 10 хувь нь Монголбанкных байгаа болов уу. Монголбанк ч юу байхав, арилжааны банкууд зээл их өгсөн. Мөн 10 хувь нь импортын барааны ханшийн зөрүүтэй холбоотой. Урд хөршөөс импортолсон бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Яагаад гэвэл, юань ам.долларын эсрэг чангараад буй учраас. Чухамдаа бол энэ асуудалд төсөв, мөнгөний зөв бодлого явуулах юм бол инфляцыг бууруулах бүрэн бололцоотой.

Чанга хашгирсных нь цалинг нэмэх нь шударга бус

-Монголын үйлдвэрчний эв­лэлүүдийн холбоо цалин нэ­мэгдүүлэх тухай шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ онд багтаан цалин нэмэх боломж байгаа юу?

Б.Батжаргал:
-МҮЭХ-ноос тавьж буй шаардлагыг нэг зүйлтэй зүйрлэж болохоор байгаа юм. Дөрвөн хүүхэдтэй айл байлаа гэж бодъё л доо. Тэр айлын бага хүүхэд нь хамгийн эрх. Эрх хүүхэд нь хамгийн чанга дуугаар хашгирч, ааваасаа элдвийг нэхдэг. Аав нь дөрвөн хүүхдээ ижил үзэх ёстой. Түүнээс биш хамгийн чанга дуугарсанд нь тал засч болохгүй шүү дээ.
Өнөөдрийн байдлаар багш нарын дундаж цалин 359 мянган төгрөг байна. Гэтэл тэтгэврийнхний дундаж цалин 90 мянга. Энэ шударга бус байгаа биз. Яагаад гэвэл, үнэндээ ҮЭ-ийнхэн хамгийн чанга дуугарч байгаа багш нарын цалинг л нэмэх тухай яриад байна. Төрийн үйлчилгээний албанд хамгийн өндөр цалинтай нь багш нар гэж болно. Гэтэл залуу нас, бүх хүч хөдөлмөрөө нийгэмд зориулсан тэтгэвэрийнхэн 90 мянган төгрөг авчихаад гомдоллохгүй байна шүү дээ. Энэ утгаараа хэрвээ зөвхөн багш нарын цалинг нэмэх юм бол шударга бус болно.

90 мянга, 350 мянгыг харьцуулаад үзье. Хэн нь өнөөдөр инфляцын өсөлтөд хамгийн их нэрвэгдэх вэ гэдэг нь тодорхой. Хэрвээ төсвийн хэрэггүй зардлуудаа хасаад, зайлшгүй шаардлагаар нэмнэ гэвэл тэтгэврийг л гэж хэлнэ. Энэ онд ч, ирэх онд ч тэр. Төсөв хумих бодлогод цалин, тэтгэврийг цаашид нэмэгдүүлэхгүй гэсэн заалт орж байгаа. Гэхдээ тэтгэвэр дээр эргэж харж үзэхгүй бол болохгүй зүйл бий.

А.Батсүх:
-Онолын хувьд хувь хүн, айл өрхийн орлого гэдэг нь чухам юу вэ, яаж тооцох зэргийг одоо хүртэл тодорхойлж чадаагүй байгаа. Ийм учраас зөвхөн нэрлэсэн цалингаар орлогыг хэмжих нь хангалтгүй. Улсын хэмжээгээр авч үзвэл төсвийн албан хаагчийн мэргэжлийн сургалтад олон тэрбум төгрөг зардаг. Залгамж халааг бэлдээд магистр, доктрантурын сургалтад төсвийн зээлээр багагүй мөнгө зарцуулж байгаа. Наашлах юм бол хоол, унааны мөнгө, удаан жил, мэргэжлийн ур чадвар гээд тэрбум тэрбумаар тооцогдох зардал гардаг. Үүнийг ерөнхийдөө цалин дээр нь нэмж тооцох хэрэгтэй. Хувийн хэвшилд зардлын тооцоо сайн хөгжсөн байдгийг бодолцох л хэрэгтэй.

С.Баярцогт:
-Үнэндээ инфляц хөөрөгдөх нэг шалтгаан нь цалин нэмэлт хийгээд үүнийгээ олон нийтэд урьдчилан зарласнаар хүлээлт бий болгодог явдал юм. Улстөрчид 20, 25 хувиар цалин, тэтгэвэр нэмэх болсноо асар том ажил хийж байгаа мэтээр хэдэн сарын өмнөөс нийтэд зарлаж, сурталчилж эхэлдэг. Энэ дохиог наад захын наймаачин ашигладаг. Тамхи зардаг хүн “Би ширхэг тамхиныхаа үнийг 20 хувиар нэмчихэд хэн ч юу ч хэлэхгүй” гэсэн дохиог шууд авчихаж байгаа юм. Ийм байдлаар бүгд үнээ өсгөдөг. Бензин шатахууны үнэ гэнэт өссөн ч сүүлийн үед бага багаар бууж эхэллээ. Гэтэл үүнээс үүдэлтэй бүтээгдэхүүний үнэ буухгүй байна шүү дээ. Тэгэхээр Сангийн сайдын хувьд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ойрын жилүүдэд бид мөнгөө хэмнэж, тэвчиж амьдарч, бүтээмжээ өсгөх нь юу юунаас ч чухал. Түүнчлэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг бид зорилтот түвшинд хүрсэн тэр цагт л олон нийтэд зарлахгүйгээр нэмнэ гэсэн бодлого барьж ажиллана.

-Манай сонин төрийн алба данхайж байгаа талаар олонтаа хөндсөн. Гэтэл улстөрийн намуудын шаардлагаар цалин нэмэхээс аргагүй гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Шинэ УИХ, Засгийн газар энэ асуудалд ямар бодлого барьж ажиллах вэ?
О.Чулуунбат:
-Хувийн салбарынхан хүйтэнд хөрч, халуунд халж дандаа баялаг бүтээж байдаг. Бор зүрхээрээ орлого олж амьдралаа авч явж буй хүмүүсийн цалин өнөөдөр 250 мянган төгрөг байгаа. Гэтэл төсвийн байгууллагынхны цалин 300 мянга гарчихсан байна шүү дээ. Бусад орны цалингийн системийг харахаар хувийн салбарынх байнга илүү байдаг. Манайх шиг төсвийн байгууллагын цалин өндөр орон дэлхий дээр ер нь байхгүй. Энэ бол хамгийн том захиргаадалттай орон гэдгийг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаар зах зээлийн эдийн засаг түүхийгээрээ байна л гэсэн үг. Иймд төсвийн ажилчдын цалинг болж өгвөл нэмээд байх шаардлагагүй.

Б.Батжаргал:
-Чулуунбат гишүүний хэлж байгаа үнэхээр үнэн. Манай нийт зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөр дамжуулаад зарчихаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдийн цалин 250 мянга байхад, тэднээс хумсалж амьдардаг хүмүүсийн цалин 350 мянга гарчихсан. 2007 оны наймдугаар сараас 2008 оны мөн үе хүртэл цалин 84 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл инфляц 34 хувиар өссөн. Цалингийн өсөлт 50 функтээр дээгүүр явна. Хэт өсөлт одоо болтол үргэлжилж байгаа. Харин Төрийн албаны тухай хуульд “Хэрвээ төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлийн адилтгах албан тушаалтны цалингаас таван хувиар доогуур байх юм бол цалин нэмнэ” гээд заачихсан байгаа. Эндээс үзэхэд өнөөдөр төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлийнхээс 16.7 функтээр илүү байна. Ийм үед дахиад нэм гэж байгаа нь боломжгүй шаардлага юм. Хэрвээ цалингаа нэмээд эхлэх юм бол цалин-үнэ-цалин гэсэн өсөлт бие биенээ хөөгөөд явна.

О.Чулуунбат:
-Өнөөдөр төсвөөс цалин авдаг хүний тоо 140 мянгад хүрсэн. Тэгэхээр бид 140 мянган хүний төлөө ажиллаад байгаа мэт. Хөлсөө гаргаж ажиллаж байгаа хүний тоо 1.2 сая. Тэдний цалин хэд ч байсан хамаагүй гэж үү. Гудамжинд гутал тослоод мөнгө олдог, эсвэл ТҮЦ ажиллуулдаг хүн төсвийн байгууллагад манаач хийх нь илүү гэж бодох болсон.
Манай багш нар өндөр цалинтай гэж ярилаа шүү дээ. Гэтэл багш нарын гаргаж байгаа бүтээгдэхүүн чанаргүй байна. Уг нь нийгмийн дунджаас илүү цалин авч байгаа бол хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд сургасан байх ёстой биз дээ. Тухайлбал, 12 жилийн системд шилжүүлж төсөвт улам дарамт учруулж, зарлага нэмлээ. 12 жил болгох санал багш нараас гарсан.
Жишээ нь, намайг Монголбанкинд байхад хувийн сургууль төгссөн хүүхэд ажилд авах гэхээр нэг нь ч шаардлага хангадаггүй байсан. Банк, санхүүгийн нарийн ширийнийг мэдэхгүй байж болно. Ядаж орос, хятад, англи хэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Швейцарт гэхэд л хүүхдээс авахуулаад хөгшид нь хүртэл англи, герман, франц хэлээр ярьдаг. Хонконг, Сингапурт бүгд англи хэлний мэдлэгтэй. Гэтэл манайхан их сургууль төгссөн хэрнээ зах зээлд ямар ч хэрэггүй боловсон хүчин гарч ирж байна.

Хоёр намын амлалттай холбоотой нийгмийн хүлээлт
өмнөхөөсөө асар ихэслээ

-Сонгуулийн амлалт, улс төрийн намуудын шаардлагаар төсвөө зохиож, эдийн засгаа авч явдаг гажиг тогтолцоо манайд бүрдээд удлаа. Хоёр том нам нийлж Засгийн газраа байгуулсан тохиолдолд төсвийн зарлагаа бууруулъя гэдэг Төвбанк, Сангийн яамны шаардлага биелэх боломж бий юу?

С.Баярцогт:
-Хамгийн түрүүнд улс төрийн шийдэлтэй юм л даа. Хэрвээ манайх гурван сонгуультай байх юм бол дөрвөн жилийн хооронд энэ байдлыг бид өөрчилж чадахгүй. Хэрвээ ганц сонгуультай байвал дээрх асуудлыг амархан шийдэж болно. Ноолуураар жишээ авах гэж байна. Ноолуурын асуудлыг тавдугаар сарын 29-нд сонгууль зарлахын өмнөх өдөр баталсан. Тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэнд санал авахын тулд мөнөөх нийгмийн чанартай амлалтууд дахин яригдана. Бид нийгмийн чанартай амлалтдаа хөтлөгдсөөр байвал улс нэг өдөр л сөхөрнө. УИХ, орон нутгийн сонгууль 2012 онд нэг өдөр болох юм. Тийм учраас амлалтын хэмжээ хоёр дахин буурна гэсэн үг. Хэрвээ бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад, Ерөнхийлөгчөө Парламентаас сонгодог болчихвол дөрвөн жилд ганцхан удаа улс төрийн амлалт өгнө гэсэн үг.
Дараагийн нэг зүйл нь УИХ-ын сонгуулийн тойрогтоо холбоотой. Хуучин олдсон хэдэн төгрөгөө 76-н тойрогт хувааж зөвхөн гал унтраах, эсвэл сонгогчдодоо таалагдах маягаар явж байсан. Одоогийн сонгуулийн системээр 26 тойрог болсон. Ингэснээр ядаж аймагтай таарсан хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байгаа юм.

О.Чулуунбат:
-Төсвийн гажиг тогтолцоо бий болсон нь үнэн. Монголын төр, засагт цалингийн системээ, төсвөө эрүүлжүүлэх, зарлагаа цэгцлэх хамгийн алтан үе ирээд байна. Яагаад гэвэл хоёр том нам эвсээд, бие биедээ сөрөг хүч болохгүйгээр хамтарч ажиллахаар боллоо. Хуучин цалинг жаахан хасъя гэвэл нөгөөдүүл нь улс төр хийдэг байсан.

-Алтан боломж бүрдлээ гэж Чулуунбат гишүүн хэллээ. Үнэхээр энэ алтан боломжийг ашиглаад төрийн байгууллагуудын данхайсан зардлыг багасгах боломж байна уу?

С.Баярцогт:
-Алтан боломж гэдэг нь нэг талаасаа үнэн. Хоёр том нам сонгуульд орохдоо маш их хэмжээний нийгмийн чиглэлийн амлалтууд өгчихсөн. Үүнтэй холбоотойгоор нийгмийн хүлээлт өмнөхөөсөө асар ихэссэн. Гэтэл эдийн засгийн бодит байдал түүний эсрэг байгаа.
“Их идсэнийхээ дараа өнж” гэдэг үг амьдралд тулчихаад байна. Дэндүү их зүйл амлачихсан учраас хоёр нам нийлээд зайлшгүй зөвшлөөр шийдэж авч явах цаг ирлээ. Энэ утгаар нь алтан боломж гэж болно. Гэхдээ үүнд улс төрийн шийдэл нөлөөлнө. Тэгэхээр улстөрчид энэ асуудалд харьцангуй ухаалаг хандах хэрэгтэй. Түүнчлэн ард түмнийхээ эдийн засгийн ерөнхий боловсролыг дээшлүүлэх шаардлага бий. Юм хийхгүй хэсэг нь авах ёстой гэсэн байр суурьтай хандаад байна. Харин хийж байгаа хэсэг нь төр бидэнд дарамт учруулахгүй байх ёстой гэж үздэг. Нийгмийн бүлэг болгоны хүсэл, хүлээлт өөр өөр. Энд таарсан бодлого явуулах ёстой. Зөвхөн сонгогчоо бодоод нэг хэсэг улстөрч нь нийгмээс юм авах ёстой гэсэн бүлэгт таалагдах гэж ажиллаад, нөгөө нь баялаг бүтээж буй хүмүүсийнхээ боломжийг нэмэгдүүлье гэсэн зорилт тавиад байна. Үнэнийг хэлэхэд Засгийн газрын мөрийн хөтөлбөр эцэслээгүй байгаа нөхцөлд тодорхой ярьж болохгүй байна.

Адуучид, дараа нь гахайчид засгаас мөнгө нэхвэл яах вэ

-УИХ-ын сонгуулиар намууд Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн орд газруудаас ард түмэнд нэг сая, 1.5 сая төгрөгийн хувь хүртээнэ гэж амласан. Монголчууд бараг дараа жилээс энэ мөнгийг авна гэж бодож, хүлээж байгаа. Үүнийг улс өгч чадах уу?

С.Баярцогт:
-Бэлэн мөнгө хэлбэрээр олгож чадахгүй нь ойлгомжтой. Мэдээж янз бүрийн хувилбараар тараах боломж бий. Гэхдээ энэ асуудлыг хөндөж ярих цаг хараахан болоогүй байна. Учир нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бодлогын хувьд суух ёстой. Үүний дараа тодорхой ажлууд хийгдэж эхэлнэ. Дэлхийн олон орон ашигт малтмалаасаа олсон орлогыг ард түмэндээ хүртээсэн туршлага байдаг. Өнөөдрийн байдлаар бид олон улсын туршлага, аргуудыг судалж байна. Үүний дараа хамгийн тохиромжтой, хамгийн боломжийн, эдийн засагт дарамт учруулахааргүй аргыг сонгох асуудал яригдана.

-Зарим эдийн засагч том орд газруудаа ашиглаад ч ойрын жилүүдэд ард түмэнд хувь тараах боломжгүй гэж үзэж байгаа шүү дээ?
-Бодоод үзье л дээ. 1.5 сая төгрөгийг нийт хүн амдаа үржүүлэхэд дунджаар 3.9 триллион болно. Монгол Улсын ДНБ энэ жил 5.7, ирэх онд долоон триллион төгрөгт хүрнэ гэсэн тооцоо бий. Ингээд бодохоор монголчууд хийж бүтээсэн, олсон орлогынхоо талыг эргүүлээд тараачихна гэсэн үг. Тэр хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт ихэснэ, бараг 1.5 дахин. Гэхдээ энэ асуудлыг бодлогын хувьд шийдэх боломж бидэнд байгаа. Хамгийн гол нь зөв шийдвэр гаргаж чадвал шүү дээ.
Улсын төсвийн багагүй хувийг маш олон төрлийн нийгмийн халамжид зарцуулж байна. Эдгээрийг багцлах хэрэгтэй. Хамгийн гол нь нийгмийн баялгыг зохистой хуваарилахын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарт чиглүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн мөнгөний талыг Засгийн газар аваад ниймгийн хамгааллын арга хэмжээнд буюу эдийн засгийн өсөлтийг дэмждэггүй салбарт зарцуулж байна. Энэ бол эргээд эдийн засгийнхаа өсөлт, тогтвортой байдлын бодлоготой нийцэхгүй, хоорондоо зөрчилдөж байгаа хэрэг. Стратегийн орд газруудын нийт хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих талаар ярьж байна. Энэ хувьцааг зөвхөн монголчууд авдаг байдлаар зохицуулалт хийвэл яах вэ гээд маш том бодлогын асуудал учир одоо ярихад эрт байна.

О.Чулуунбат:
-Мэдээж энэ асуудал урт хугацаа шаардсан нэлээд хэцүү ажил юм. Монгол Улс хэдэн жилийн дараа дэлхийн зах зээлээс мөнгө босгож чаддаг, зээлж эсвэл урьдчилаад мөнгө авчихдаг түвшинд хүрэх хэрэгтэй. Үүний дараа тэр 1.5 сая төгрөгийг хувьцаа, эсвэл бэлэн мөнгөний хэлбэрээр ард түмэндээ хувь хүртээх асуудлыг ярина. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ бид тэвчээртэй, сахилга баттай, дэлхийн зах зээлийн дүрмээр тоглож чаддаг болсон байх ёстой.

-Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унасан. Гэтэл энэ нь Монголд үйлчлэхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгийг малчдад нөхөн олговор хэлбэрээр тараахаар боллоо. Ингэж болохгүй биз дээ?
-Энэ асуудалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэвч УИХ, Засгийн газрын шийдвэрээр малчдад таван мянган төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болчихлоо. Тэгвэл дараа жил адуучид 10 мянга, гахайчид 20 мянган төгрөг нэхвэл яах вэ, өгөөд л байх уу. Хэрвээ ийм байдлаар улсын төсвийн мөнгийг тарааж, цацаад байвал аль ч орон бидэнд санхүү, эдийн засгийн үнэхээр гаж бодлоготой, ямар ч мөнгө өгөөд хэрэггүй гэсэн дүгнэлт өгнө шүү дээ.

С.Баярцогт:
-Өөрийнхөө мөнгийг хайрлахгүй байгаа хүн хүнийхэд хэрхэн хандах нь тодорхой шүү дээ.

-Тэгэхээр нэг асуудал ойлгомжгүй байна. Монгол Улсын мөнгөний бодлогыг ерөнхийд нь барьж байгаа хүмүүс “Өнөөдөр”-ийн редакцид цуглалаа. Та бүхэн улсын төсвийг буруу зүйлд зарцуулж байгааг маш сайн ойлгодог атлаа яагаад таслан зогсоох арга хэмжээ авахгүй байна вэ?

О.Чулуунбат:
-Нөхөн олговор олгоно гэсэн хууль сонгуулийн өмнө гарчихсан юм билээ. Бид шүүмжлэлтэй хандаж байгаа ч энэ шийдвэрийг буцаах арга байхгүй. Харин дахиж ийм асуудал гаргахгүй байх талд анхаарч байгаа.

А.Батсүх:
-Бусад орны улстөрчид ямар нэг шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмбэл яах вэ гэдгийг шийдвэр гаргахаасаа өмнө салбарын эрдэмтдээс зөвлөгөө авдаг. Эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсдог. Хойд хөршийн төсвийн төслийг хэлэлцэж байгаа явцыг хар л даа. Төсвийн төсөлтэй зэрэгцээд бие даасан шинжээчдийн дүгнэлт гарч байна. Зөв, бурууг нь хайр найргүй шүүмжилж байна. Бусад орны ийм бэлэн туршлага байхад бид зохион байгуулалт хийх л хэрэгтэй.

-Төгрөгийн ханшийг унагахгүй байх, чангаруулах боломж байгаа юу?
О.Чулуунбат:
-Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж сайжирсан тэр цагт төгрөгийн ханш чангарна. Жишээ нь, манай нэг малчин жилд 12 сая төгрөгийн орлоготой мянган хонь малладаг гэж бодье. Тэр хоньчин дараа жил 2000 хониноос авах хэмжээний орлого олдог болбол үүний хэрээр төгрөгийн ханш хоёр дахин чангарна. АНУ, Европ, Япон бүгд л хөдөлмөрийн бүтээмжээрээ ханшаа чангаруулж байгаа. Түүнээс биш санхүүгийн аргаар төгрөгийн ханшийг чангаруулна гэж байхгүй.

-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг унагахгүй байх, чангаруулах боломж байгаа юу?
А.Батсүх:
-Ер нь бол ханшийг зохиомлоор чангаруулж, сулруулж болохгүй гэж үздэг. Угаасаа ханшийн хэлбэлзэл хүний оролцоогүйгээр, зах зээлээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Манай гадаад худалдааны 70 шахам хувь ам.доллараар хийгддэг. Ам.доллартайгаа харьцахаар төгрөгийн ханш чанга байгаад байдаг. Гэтэл ам.доллар манай худалдааны гол түнш болсон Оросын рубль, Хятадын юань хоёрын эсрэг харьцангуй сулраад байна. Рубль, юань олон улсын зах зээлд чөлөөтэй хөрвөдөг валютууд хараахан биш гэдгийг ч тооцох шаардлага байдаг.

-Тэгвэл энэ хэлбэрийг өөрчилж болох уу?
О.Чулуунбат:
-Төгрөгийг ам.доллартай уясан гол шалтгаан нь манай улсын экспорт 100 хувь ам.доллараар тооцож хийгддэг. Одоо ч манай улс ам.долларын орлоготой. Харин БНХАУ-тай хийх худалдаагаа ханшийн эрсдэл, зөрүү гаргахгүй гээд юаниар хийнэ гэхээр болдоггүй. Учир нь гадаадын компаниуд, банкуудыг Хятадын зах зээл юаниар ажиллахыг хориглочихсон байдаг юм. Сүүлийн үед энэ бодлого суларч байгаа. Хэрвээ Хятад АНУ шиг чөлөөтэй болчихбол бид ханшийн зөрүүг арилгах боломж олдоно. Гэхдээ энэ нь тав, арван жилийн дараа яригдах асуудал.

-Зарлагын реформыг заавал 2012 он гэхгүйгээр ойрын хугацаанд эхлүүлэх боломж бий юу?
С.Баярцогт:
-Бид өмнөх жилүүдэд урд нь баталчихсан төсвийн орлого, зарлагыг дахин өсгөх байдлаар зохиодог байсан. Харин энэ удаад алдагдалгүй байлгахын тулд хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг тодорхой хэмжээгээр хумисан төсвийг анх удаа хийж байна. Түүнчлэн бид төсвийн ерөнхийлөн захирагч нарын хязгаарыг анх удаа баталсан. 2009, 2010, 2011 онд Та нарын зарцуулах зарлагын хэмжээ энэ шүү гээд. Нэг үгээр хэлбэл, төсвийнхөө зардлын дээд хэмжээг доод тал нь гурван жилээр мэдэж байх тогтолцоонд шилжүүлнэ. Угтаа бол “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг зарчмыг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ зарчим нь төсвийг сахилга баттай зарцуулахад нөлөөлдөг гол түлхүүр юм.
Үүнээс гадна татварын зардлаар урсгал зардлын ангиллыг гаргах аргачлалаар ажиллана. Манайд инфляц хөөрөгдөх нэг шалтгаан нь урсгал зардал. Эхний ээлжинд бид хөрөнгө оруулалтыг эрс бууруулж байгаа.

-Төсвийн зардал нэлээд буурах нь ээ. Гэхдээ Сангийн яамны энэ бодлогыг УИХ, Засгийн газар хүлээж авахгүй бол яах вэ?
-Мэдээж энд дэмжлэг хэрэгтэй. Хамгийн гол нь өнөөдөр хүмүүсийн эдийн засгийн ерөнхий боловсрол, мэдлэг тун сул байна. Жирийн иргэдийг би хэлээгүй. Улстөрчдийн дунд эдийн засгийн ойлголтгүй хүмүүс цөөнгүй байна. Үнэндээ улстөрчид өнөөдөр дөрвөн жилээр амьдарч байна гэсэн шүүмжлэлийг зарим талаар хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч байна шүү дээ. Бүх асуудлаа дөрвөн жилээр төлөвлөчихдөг. Ийм байхад урт хугацааны бодлого хэрэгжүүлэх боломж бидэнд гарч ирэхгүй.

Жишээ нь, би Сангийн сайд болоод дөрвөн жил хүмүүст таалагдахаар ажиллаж болж байна. Төсвийн зардлыг жил бүр нэмээд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг өсгөөд, нэг л их сайхан ааштай хүн суугаад байж болно шүү дээ. Буруутсан асуудлаа Монголбанк руу чихчихээд ч юм уу. Хэрвээ улс орныхоо ирээдүйг бодьё гэвэл ингэж болохгүй ээ. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс мөнгөтэй болсон. Гэхдээ энэ бодит орлого биш. Дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс орж ирсэн мөнгө. Хэрвээ үнэ огцом буурвал улсын төсвийн дөрөвний нэг хувь нь алга болно гэсэн үг.

Thursday 5 March 2009

Логикийн алдаатай Ертөнцийн Эзэн

Ийм гарчиг өгснөөрөө би хэн нэгний шашин шүтлэгийг муучлах ч юм уу дайрч доромжлох гэсэнгүй. Харин саяхан болж өнгөрсөн Далай ламын номын айлтгалд сууж байхад тэрээр иймэрхүү утгатай үг хэлж байсныг давтсан ухаантай юм.
Жил бүр Далай лам Энэтхэгт талаар нэг тарсан Төвдүүдийн бараг үндэсний баяр болдог номын айлтгал хийж тэднийгээ төдийгүй дэвэн дэлхийн Буддистууд цуглардаг томоохон цугларалт хийдэг. Энэхүү номын айлтгал нь жил бүр өөр өөр газар болох нь олонтаа ч ихэвчлэн өөрийнх нь амьдран суудаг Дарамсала хотод болдог. Сүүлийн гурван жилд миний мэдэхээр Дарамсала, Гоманг, Варанаси гэсэн газруудад болсон. Уг айлтгалын үеэр Далай лам шашны сургааль бүхий аль нэг ном барьж авч уг номын утга учрыг сүсэгтэн олноо тайлбарлаж өгдөг. Тэрээр Төвдөөр номоо айлдахад зэрэгцүүлээд синхроноор Англи, Хятад, Орос, Тайланд зэрэг хэлээр давхар орчуулга хийж явдаг. Жижиг жижиг ЭфЭм станцууд байрлаж үүнд аль олон байгаа мөргөлчдөд зориулан тухайн хэлээр нь орчуулах орчуулагч давхар ажиллаж станцаар цацдаг. Өөрөөр хэлбэл чихэвчний хөгжмөөр Далай ламын Төвдөөр юу ярьж байгааг зэрэгцээд сонсоно гэсэн үг. Монголоос мөргөлчид олноор очдог тул энд сурдаг лам нараас хамгийн удсан нь ихэвчлэн Монгол хэл рүү зэрэгцүүлэн орчуулж мань мэтийг сонорыг мялаах болдог.
Энэ жилийн айлтгал дээр Далай багшийн ярьж байсан зүйлээс санаанд тод үлдсэн нь гэвэл «Олон хүний хувьд энэ ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн хэмээх хүчирхэг бурхан байх нь санаа зовох зүйлээс нь хөнгөлж итгэл найдварынх нь түшиг болж өгдөг. Өөрийг нь авран хамгаалагч хүчирхэг бурхан байгаа гэсэн бодол нь хүний амьдралыг хамаагүй амар хялбар болгож айсан эмээсэн үед нь түүнийг энэхүү хүчирхэг бурхан ивээлдээ авч яваа гэдгийг санаж өөрийгөө зоригжуулж байдаг. Буддын шашин энэ тал дээр бусад ихэнх шашнаас тэс ондоо байр суурьтай байдаг. Ертөнцийг бүтээгч хүчирхэг эзэн байна гэдэг маань тэрхүү хүчирхэг эзнийг бас бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэсэн логикт хүргэж байгаа юм. Үгүй бол тэрхүү бүхнийг чадагч хаанаас гарч ирсэн байх вэ? Харин Буддагийн сургаалиар бол энэ ертөнц маань асар олон жилийн тэртэйгээс үйлийн үр хуралдах замаар бий болсон буюу математикийн хэлээр бол infinite (хязгааргүй) цаг хугацааны өмнөөс өөрөө өөрийгөө бүрэлдүүлэн бий болсон гэдэг. Энэ ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй. Хүн бид өөрсдөө бурхан юм. Бид өөрсдийн муу сэтгэл нисванисаас салж чадах аваас энэ ертөнцийн нигүүлсэл энэрлийн эзэн болж бурханы хутагийг олох юм.»
Энэ талаар дурдсан ном сонин хаа сайгүй л байдаг. Харин миний хувьд гурван жил дараалан Далай багшийн номонд сууж ойлгосон багахан зүйл маань гэвэл бид тодорхой итгэл бишрэлтэй байх ёстой. Ингэж байж амьдрах эрч хүчээ олж авна. Гэхдээ энэ нь харь хэлээр ном уншиж гүрэм хийх лам, эсвэл алтадсан бурханд итгэх итгэл биш харин өөртөө, өөрөө бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэх итгэл, оюун санаа болоод үйл хөдлөлөөрөө буян үйлдэж сайн сайхныг сэтгэж бүтээж байснаар энэ нас болоод хойд төрөлдөө дээдийн хутагийг олж зовлонгоос салах тэрхүү итгэл маань байх юм.
Бурхан багшийн номолсон дөрвөн үнэний дагуу бол:
1. Зовлон үнэн
2. Зовлонгийн шалтгаан үнэн
3. Зовлонгоос гарах нь үнэн
4. Зовлонгоос гарах зам үнэн гэсэн байдаг. Энэ ертөнцөд амьд амьтаны биеийг олж төрсөн л бол зовох нь үнэн. Өвдөх шаналах, өлсөж цангахаас эхлээд зовлон юу эс мундах билээ.
Энэхүү зовлон бас өөрийн гэсэн шалтгаантай байх ёстой. Урьд өмнөх төрөлдөө эсвэл энэ биеийг олоод ч юм уу хүн өөрийн мэдэлтэй, мэдэлгүйгээр оюун санаа, хэл, үйлдлээрээ нүгэл үйлдэн эргээд энэ нь өөрт нь үйлийн үр болж зовлонгийн шалтгаан үүсгэж өгдөгийг мэдэхгүй явдаг.
Өөртөө зовлон зүдгүүрийг үүсгэж байгаа тэрхүү муу сэтгэл нисванисаас салж чадах аваас хүн цаашид бий болох зовлонгоо цэглэж Бурхан болох болно гэсэн энэхүү замаар Бурхан Багш 2700 гаран жилийн өмнө замнаж өдгөө энэхүү сургааль нь үе улиран дамжсаар яваа билээ…

Бага байхад Ийгл телевизээр гардаг байсан Шинэ Гэрээгээр хийсэн хүүхэлдэй ихэд сонирхол татдаг байж билээ. Арай томроод Германд байхдаа Евангели судрыг хальт мөлт ойлгон Германаар уншиж байсан маань ч санаанд тод. Дараа нь Энэтхэгт ирсэн хойноо Араб найзуудаасаа хялбаршуулсан Коран авч үзэхэд маань ч өөрийн эрхгүй сонирхол төрж л байлаа. Харин энэ бүхнийг сонирхон судалж явахнээ хэзээ ч билээ нэг номноос уншиж байсан «People believe what they want to believe» (Хүмүүс юу хүснэ түүндээ л итгэдэг) гэсэн үгс санаанд орж байх ажээ…

http://otgonpurew.blogspot.com/2009/01/blog-post_26.html

Шашин

Аливаа шашин нь хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн нэгэн чухал хэсэг нь болдог бөгөөд ямар ч улс үндэстэнд өөрийн онцлог бүхий шашин, шүтлэг оршин байдаг.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд өнөөг хүртлэх түүхийн урт хугацаанд олон зуун шашин шүтлэгүүд буй болж өөр өөрсдийн үзэл санаа, номлолыг түгээн дэлгэрүүлж ирсэн.

Дэлхийн хамгийн том шашины тоонд зүй ёсоор тооцогдох Буддын шашин 2540, Христийн шашин 2000, Исламын шашин 1520 гаруй жил оршин тогтнож сургаал номлолоо түгээн дэлгэрүүлсээр байна.

Буддизмийн эх суурийг хожимоо бидний “Бурхан Будда” хэмээн өргөмжилсөн эртний дорно дахиний гүн ухаантан Сиддхарта Гаутама тавьжээ. Сиддхартаг мэндлэхэд уулнаас бууж ирсэн Асита хэмээх мэргэн даяанч хүүг улсдаа үлдвэл улс орныг нэгтгэсэн аугаа их хаан болно, харин ордноо орхин дияан хийж, үнэнийг олбол энэ ертөнцийг аврах бурхан болох тухай зөгнөсөн байдаг. Сиддхарта 29 нас хүртлээ хан хүүгийн ёсоор элбэг хангалуун сайхан амьдарч байсан боловч түүнд энэ ертөнцийн мөн чанар, үхэл, амьдрал, өвчин, зовлон амьдралийн утга учир, түүнийг ойлгон мэдэх сэтгэл нь түүнийг гэрээ орхих замыг сонгоход хөтлөж, 6 жилийн турш тэрхүү “үнэн”-ийг хайсны эцэст 35 насандаа бодь модны доор бясалгах явцдаа гэгээрлийг олж чадсан байдаг. Тийнхүү гэгээрсний дараагаас Будда буюу “Гэгээрсэн” хэмээн дуудагдах болжээ.

Сиддхарта Энэтхэг орноор шавь нарийн хамтаар явж өөрийн олсон үнэнийг түгээсээр 80 насандаа нирваан дүрийг барьсан хэмээн судар номонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Харин Христос шашин эртний Ромын эзэнт улсын Дорнод хэсэгт үүссэн ба Христос шашинг үндэслэгч Есүсийн мэндэлсэн талаар “Ариун Библи” сударт: …”Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн түл түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүнийг тийн бодож байх үед эзэн тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж,

—Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Түүнийг хүү төрүүлэхэд, чи түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв”· хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Энд нэгэн сонирхолтой зүйл байгаа бөгөөд энэ нь Сиддхартаг мэндлэсэний дараа мэргэн даянч ирсэн шиг Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хурч ирээд,

—“Саяхан мэндэлсэн иудейчүүдийн хаан хаана байиа вэ? Бид зүүнтэйд түүний одыг хараад түүнд мөргөхөөр ирлээ··” гэсэн байдаг.

Есүс өөрийн сургааль номлолоо номлохоос өмнө цөлд очиж дөчин өдөр дөчин шөнө мацаг барин бясалгал хийсэн өгөөд эргэн ирж сургааль номлолоо түгээж эхэлсэн. Есүсийг даган бишрэгч нар олон зуу, мянгаараа гарч байснаас хаад ноёд өөрсдийн эрх мэдлийг нь булаан авах нь хэмээн айж улмаар загалмайнд цовдлон алсан билээ.

Нөгөө хоёр шашнаа бодвол харьцангуй “залуу” Исламын шашины тухайд: Аллах тэнгэрийн газар дээрх элч Мухамед нь энгийн нэгэн худалдаачин байсан бөгөөд бичиг үсэг мэддэггүй нэгэн байжээ. Мухамед нь “Аллах тэнгэр”-н номлолыг хүмүүст дэлгэрүүлхээсээ өмнө Хира хэмээх нэгэн уулын агуйд мөн л бясалгал хийсэн байх ба бясалгах үед нь бурхны элч түүндээр ирж Коран судрыг хүмүүст таниулан дэлгэрүүлэх талаар хэлсэн байдаг. Тийнхүү Мухамед “бурхний элч”-н үгийг дагж номлолоо тараан дэлгэрүүлэх болсон.

Будда болон Христ гэдэг үг нь хоёул Гэгээрсэн гэсэн утга илтгэх бөгөөд нэг зүйлийн хоёр өөр хэлнээ илэрхийлсэн хэрэг юм. Оросын эрдэмтэн Эрнст Мулдашевийн Энэтхэг, Балба, Төвдөд хийсэн шинжилгээний ангийн материалдаа тулгуурлаж бичсэн номноос үзвэл сүүлчийн Будда 2044 жилийн өмнө дэлхий дээр заларсан байхад анхны Будда 18013 жилийн өмнө заларсан хэмээгээд “Буддагийн гадаад төрхний багагүй шинж тэмдэг нь түүнийг хагас усны байдалтай байсныг гэрчлэнэ. Жишээ нь сэлүүр хэлбэрийн хөл, хуруунууд хоорондын таславч, том цээжний хөндий гэх мэт. Хэрвээ үүнийг төвдийн сүм дээрх нүдээр эргэн сэргээсэн дүр төрхтэй харьцуулбал сүүлийн тохиолдолд усны амьдралын илүү их зохицлыг харж болно. Энэ нь хавхлаг хэлбэрийн хамар болон өвөрмөц хэлбэртэй нүд юм. Үүнээс хүн төрөлхтөн усны амьдралаас цэвэр хуурай газрын амьдралд дасан зохицсон хувьсал ажиглагдаж байна. Хагас усны амьдралтай зохицсон дүр төрхтэй хүн нь атлант бус харин илүү эртний буюу лемурын үеийн хүн юм· гэсэн нь зарим нэгэнд нь Сиддхартагын талаар 2500 жилийн тэртээ төрсөн хааны хөвгүүн мөн эсэх талаар эргэлзэх сэтгэл төрүүлж байна. Мөн бурхны шашны домогт “Анх ертөнцийг сая тогтох цагт замбуутивийн хүн маш их урт настай, биеэс гэрэл гарган нисэж явдаг…·· гэжээ. Э.Мулдашев мөн номондоо билгийн нүдтэй анхны хүн төрөлхтнөөс эхлээд манай гариг ертөнцөд таван хүн төрөлхтөний ертөнц үүссэн бөгөөд бид хамгийн сүүлийн тавдахь болж байгаа талаар нилээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэдгээр хүмүүс нь дээрх домогт гардагтай төстэй том биетэй, мөнх настай мөн билгийн нүд буюу дотоод хүчээрээ дэлхийн татах хүчинд нөлөөлж ямар ч хүнд зүйлийг төвөггүй өргөж чаддаг байсан талаар дурьдсан байдаг.

Дээрхи гурван шашинаас одоогоос 2500 гаруй жилийн тэртээ үүссэн Буддын шашин, 2000 жилээр Христийн шашин, эцэст нь 1500 гаруй жилийн “нас”-р Исламын шашин орж байгааг анзаарсан байх. Эдгээр шашин нь түүхийн энэ урт үеийг дамжин бидний үед уламжлагдан ирэх хүртлээ анх дэлгэрч байсан үеийнх шигээ байж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Нэгэн жишээ дурьдхад “УМ МА НИ БАДЬ МИ ХУМ” хэмээх эмээ өвөө нарын диваажинд аваачих увидастай гэж итгэж, байнга амандаа үглэдэг энэхүү 6 үг нь бодож байсан шиг нь шидэт тарни бус харин Сиддхарта өөрийн шавь нартаа захиж байсан захиас үг нь байсныг мэдэх хүн цөөн.

Тэрхүү шашинг үндэслэгчид нас баснаас хойш тухайн шашны үнэн ном, номлол нь анх дэлгэрүүлж байснаасаа гажиж эхэлдэг ба “Будда Бурхан”-г нас барснаас хойш буддын шашин үндсэндээ их, бага хөлгөн хэмээн хуваагдсаныг бид мэдэх билээ. Их, бага хөлгөн баримтлагчид нь хоёул Будда багшын үнэн номыг тараан дэлгэрүүлж байна гэлцдэг. 14-р зууны үеэс Зонхав шашны дэг журмыг чангатган улмаар “Шар”-н гэгдэх урсгалыг үүсгэсэн түүхтэй. Энэхүү урсгал нь “Бурхан”-н шавь нар эхнэр авахгүй, байнга сүм хийддээ сууна гэх мэтчлэн чанга хатуу дүрэм журмыг өөрийн дураар нэмэн оруулж түүнийгээ даган мөрдүүлэх болжээ. Харин Ромын эзэнт гүрэн задран унасныг дагаад Христийн шашин Католик, Үнэн Алдартан, гэж хуваагдсан бол хожим Католик урсгал нь мөн л хуваагдан Протестант хэмээх урсгал төрөн гарсан билээ. Исламын шашин ч гэсэн Сүнит, Шийт гэх мэтээр хуваагдсан. Ийнхүү хуваагдах болсон шалтгаан нь гагцхүү тухайн үеийн шашны тэргүүлэгчдийн үзэл бодлын зөрөлдөөн, ертөнцийг үзэх үзлээс л болдог байна. Эдгээр хүмүүс нь өөрсдийн амьдарч байсан үедээ шашны болон төр нийгмийн томоохон зүтглтнүүд байдаг. Зонхав болон Фома гэх мэт хүмүүсийг дурьдхад л хангалттай юм. Фома л гэхэд дундад зууны үеийн том, нөлөө бүхий санваартны нэг буюу шашны тэргүүн байсан. Фома нь өөрийн үндсэлсэн төрийн үүслийн талаарх “Шашны онол”-доо төр шашин хоёр бол нэг зүйл бөгөөд нэг нь нөгөөгийнхөө газар дээрхи илрэл нь болох тухай тусгасан байдаг.

Мөн тухайн шашинг янз бүрийн зорилго, шалтгаанаар янз бүрийн улс орнуудад дэлгэрүүлдэг бөгөөд тэгэхдээ тухайн улс орны өөрийнх нь онцлогтой холбож улмаар “эрлийз” шашинг үүсгэдэг байна. Түүнээс гадна шашинг дэлгэрүүлэх үед түүний судар, ном, номлолыг тухайн улс орны эх хэлэнд хөрвүүлэх шаардлага гардаг бөгөөд энэ үед орчуулгын том жижиг алдаанаас болж үзэл санааны гажуудал гарах тохиолдол байхыг ч үгүйсгэх аргагүй...

Төрсөн өдрөөрөө ээлтэй чулуугаа олох

Үнэт болон хагас үнэт чулуу нь одны ордуудын бэлэг тэмдэг болоод зогсохгүй эмчилгээний шинж чанартай байдаг. Тухайлбал, зэс даралтыг хэвийн болгодог бол мөнгө биеийн дархлааг сайжруулах үйлчлэлтэйг бүгд л мэднэ.

Зурхайн зурлагад Одны ордууд өөр өөрийн бэлэг тэмдэг болсон чулуутай байдаг.

Нэгдүгээр сард төрсөн хэнд ч болов гранат буюу улаан анар чулуу хамгийн ээлтэй. Анар чулуу нь эрүүл мэндийг бэлэгддэг. Түүнийг ягаан кварцит буюу ягаан өөхөн чулуугаар орлуулж болно.

Харин хоёрдугаар сарынхны хувьд аметист буюу цэнхэр башги илүү тохирдог.

Гуравдугаар сард төрсөн хүмүүст эр зоригийн бэлэгдэл болсон аквамарин илүү зохино.

Дөрөвдүгээр сард төрсөн хүмүүст цэвэр ариун, үнэн шударгын бэлэгдэл болсон очир алмааз илүү ээлтэй бөгөөд түүнийг хуваар ч орлуулж болох аж. Хувыг олон төрлийн өвчнийг анагаах зорилгоор хэрэглэдэг юм.

Харин тавдугаар сард төрсөн хүмүүсийн хувьд хайр сэтгэл, амжилтын бэлэг тэмдэг болсон маргад чулуу хамгийн ээлтэй байдаг. Хэрвээ маргад байхгүй бол түүнийг хризопразаар орлуулж болно.

Зургадугаар сард төрсөн хүмүүст гурван чулуу хамаатай. Малахит буюу ногоолин, агат буюу гартаам бас сувд нь энэ сарынхны хувьд алдагдсан эрүүл мэндийг нь эргүүлэн авчирдаг ч гэдэг.

Долдугаар сард төрсөн бол рубин буюу бадмаараг эсвэл сердолик буюу мана хамгийн ээлтэй. Эдгээр чулуу нь эмчилгээний шинж чанартайгаас гадна эд баялаг авчирах, амжилт дууддаг гэх.

Наймдугаар сард төрсөн хүмүүст гэр бүлийн амьдралд таатай уур амьгал үүсгэгч авантюрин, сардоникс болон хризолит буюу арур чулуу илүү ээлтэй. Энэ чулуу нь амар амгалан, энх тайвныг бэлэгдэнэ.

Есдүгээр сар нь эр зоригийн бэлэгдэл болсон сапфир буюу индранил болон лазурит буюу номин хамгийн ээлтэй.

Аравдугаар сарынхны хувьд бүх л амьдралынх нь туршид опал болон турмалин депресст орох, амьдралын хүнд асуудал тулгарахаас сэргийлж байдаг гэх.

Арван нэгдүгээр сард төрсөн хүмүүст эрүүл мэнд, сэтгэл санааны тогтвортой байдлыг “Барын нүд” бэлэглэнэ. Мөн барын нүднээс гадна гүн өнгийн топаз романтик сэтгэгдэл төрүүлдэг.

Арванхоёрдугаар сард төрсөн хэнд ч болов гүн өнгийн оюу болон циркони эрүүл мэнд материаллаг баялгийг авчирах бэлэгдэл болдог. Иймээс төрсөн сард тань ээлтэй чулуугаа сонгон хэрэглэвэл таны амьдрал болон эрүүл мэнд ажил үйлсэд “харийн” чулууг бодвол илүү ээлтэй байх юм.

Оникс нь өвчнийг намдаах увидастайгаас гадна сонсголыг сайжруулна.

Аметист нь муу сөрөг бодлыг зайлуулж ухаан санааг саруулжуулдаг.

Оюу чулууг судасны ханыг бэхжүүлж, цэвэрлэх үйлчлэлтэй гэж үздэг. Үүнээс гадна тэнгэрийн гүн хөх өнгөтэйг нь шархыг эдгээхэд тустайн дээр, цус бүлэгнүүлдэг гэх. Ийм шинж чанар шүрэнд бас бий. Шүр нь янз бүрийн шархыг эмчлэх эдгээх увидастай байдаг.

”Нарны чулуу” хэмээх хувын анагаах чанар нь толгой эргэх, бронхит, астам, ходоодны өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсний дээр хүч тамир оруулдаг гэх.

Tuesday 3 March 2009

Тогос

Эрт дээр үед биш, энэ л орчин үед гэнэ. Амьтдын нийгэм бидэнтэй зэрэгцэн өндөр соёл иргэншилтэй амьдардаг болсон байна гэнээ.
Ойн захын хажууханд, олон амьтан цугласан нэгэн хөөрхөн тосгон байна гэнэ. Далайд ойрхон, үзэсгэлэнт байгалтай их л сайхан тосгон. Банхар нэртэй нохой, Кэтти нэртэй муур, үргэлж л элдвийг сурвалжилж явдаг Гаанс нэртэй галуу гээд л олон төрлийн амьтад эвтэй найртай амьдрах ажээ. Харин тэр тосгонд аялал жуулчлал их хөгжөөд дэлхийн өнцөг булан бүрээс өөр олон төрлийн амьтад ирж, суурьших нь суурьшиж, бизнес хийх нь хийж, казино байгуулагдаж, том цэцэрлэгт хүрээлэн, үнэтэй баар ресторан, телевизийн байгууллагууд, сонин радио, банк, дэлгүүр гээд л их хотод байдаг бүхэн бий болсоор хэдхэн жилийн дараа өнөө тосгон маань нилээд том хот болжээ.
Чарльз нэртэй нэгэн үзэсгэлэн төгс тогос шувуу тэр хотод ирж амьдрах болов. Дэлхий даяар алдар нь түгсэн, загварын ертөнцийн хаан гэгддэг тэр л тогосыг тойрон сурвалжлагчид, алдартнууд, сайхан хүүхнүүд эргэлдэнэ.


Хамгийн үнэтэй зочид буудалд амьдрах болсон Чарльзийг өглөө гэрээсээ гармагц л шожигносон гэрэл зургийн аппаратууд гялалзаж, өнөөх Гаанс галуу микрофоноо барьсаар гүйн ирнэ. Ёс юм шиг хэдэн жил бүхний хараанд байж, гоё сайхнаараа гайхуулсаар Чарльз хэтэрхий их зантай болж, өнгө үзэмж муутай нэгэнтэй нь огт үг дуугарахаа больж, хялайж ч харахаа больсон гэнэ. Гаанс түүнийг өглөө босоод юу хийж байгаа, ямар хоол идэж байгаа, хаана амарч зугаалж байгаа гэхчлэн бүх л зүйлийг нь сурвалжилна, сонин нь ч сайн борлогдоно.
Зуны нэгэн сайхан өдөр Чарльзийн сүр дуулиантай төрсөн өдөр болов оо. Сайхан муухай, баян ядуу гэлгүй үзэсгэлэнт Чарльзийн гоё сайхан, баян тансгийг гайхан шогширсон хотын бүх л амьтад цугларан, их найр наадам хийж гэнэ. Тансаг ширээний дээд талд тогос, түүнийг шүтэн бишрэгч бүсгүйчүүд, хотын гангачуул, хүүхэд багачууд, хэрэгт дуртай сурвалжлагчид бүгд л тэнд байна. Хамгийн өнгөтэй өөдтэй сайхан бэлгээ түүнд барин, аль болох ойртон сууж, ихэрхэг бардам яриаг нь чих тавин сонсож, үг хэлэх бүрт нь дуун алдан баясаж, ухаантай сайхныг нь гайхна.


Гэтэл тэр хотод нэгэн өвгөн яст мэлхий ирсэн байсныг хэн ч анзаарсангүй.

Чарльзийн төрсөн өдрийн тансаг найранд тэрээр орж ирээд шууд л түүнд очиж, төрсөн өдрийн бэлэг болгон хүрэн бор хавтастай, хуучирч элэгдсэн, зузаан гэгчийн ном өгөв гэнэ.
"Хн! Чи намайг доромжилж байна уу? Үзлийн муухай амьтан минь."
"Надад энэ ном чинь ямар хэрэгтэй юм! ийм сайхан нэр хүнд, гоё сайхан царай зүс, бие хаа байхад наад ном чинь хэрэггүй, тэртээ тэргүй би энэ ертөнцийн хамгийн сайхан амьтан!" , хэмээн уурсав гэнэ. Өвгөн яст мэлхий юу ч хэлэлгүй мэхийн ёслоод гарч одов. Өгсөн бэлгий нь хог новшин дундаа хийн сөхөж ч харсангүй ээ.
Түүний баян тансаг, зугаа цэнгэлтэй амьдрал үргэлжилсээр... Хамаг л амьтад түүний тухай шар мэдээг шимтэн уншиж, гоо сайхных нь нууцыг сонирхоно, зөвлөгөө авна.Өдөр бүр хамгийн сайхан хоолтой, хамгийн үнэтэй ресторанд орж, хүн хүний дээгүүр шидэлсэн харцаараа гоо бүсгүйчүүдийг хуйлруулах нь гайхам.
Нэг мэдэхнээ жил өнгөрч, ахиад л түүний төрсөн өдөр болов. Урдны л ёсоор хамгийн нижгэр сайхан баяр хийж байна гэнэ, өвгөн яст мэлхий ахиад л нэг ном бэлэглэж байна. Ахиад л түүнийг нь хөсөр орхиж, таг мартжээ.
Энэ мэтчилэн 5 жил өнгөрч, таван хуучин ном, тансаг сайхан харш, үлгэрийн юм шиг амьдрал, зугаа цэнгэл, найр хурим үргэлжилсээр.
Гэтэл яг 5 жилийн дараа төрсөн өдрийнх нь маргааш үүдэнд нь цуглардаг олон амьтан, Гаанс галуу, бусад шүтэн бишрэгчид нь алга байна гэнэ. Ерөөс ийм зүйлд дасаагүй тогос шувуу гайхахын ихээр гайхаж, зүүдэлж байна уу ч гэж бодлоо. Гэтэл үнэхээр үнэн байна гэнэ. "Өөдгүй муусайн юмнууд, та нар яана гэнээ? Үдийн хоолондоо урихгүй дээ" гэж ихэрхүү зандаа амандаа бувтнана.
Гэтэл хотод шинээр өөр нэгэн үзэсгэлэнт залуу тогос ирсэн гэж дууллаа. Тэр өдрөөс эхлэн амьдрал нь өөрөөр эргэж, хэн ч түүнийг тоохоо байж, сурвалжлагч нар ч алга болж, шогшрон байдаг бусад шувууд ч ирэхгүй, хөөрхөн хүүхдүүд даган гүйлдэхээ болив.
Хөөрхий түүнийг хөгширлийн хатуу хууль тойрч гарсангүй, дайраад гарлаа. нүүрэнд нь үрчлээ сууж, гоё сайхан нүд, цовоо цолгио харцанд нь асдаг байсан гэрэл унтарч, хэнд ч гайхагдах гоо сайхан үлдсэнгүй. Ганцаардахын ихээр ганцаардаж, нэр хүндгүй түүнийг зочид буудал ч хөөж орхив. Үнэтэй хувцас, сайхан хоол, нэр хүнд, зугаа цэнгэл, юу ч үлдсэнгүй. Залуу тогосыг тойрон хуучны эчнээ танилууд нь эргэлдэж, өөрийнх нь тухай огт мэддэггүй байсан шиг байхыг нь яана гээч. Төрсөн өдөр нь ойртсоор. Сэтгэлийг нь харуусал харамсал зовоож, өнчин нулимстай, хөөрхий нэгэн хөгшин шувуу болсон байна.
Залуу нас гэдэг даанч богино, бодож санаж явсангүй ээ, ийм зүйлийн тухай. Дэндүү омголон, бас их зантай байснаа ойлгож. Төрсөн өдрийн баярт гудамжны хогноос олсон лаазаа дэрлээд, хөдсөн хөнжил нөмөрч өнжихөөс өөр юу ч хийх билээ. гэтэл өнөөх өвгөн яст мэлхий өөрийг нь олоод ирж гэнэ. "Чи бас л намайг даапаалах гэж ирээ юу?" гэж уурсангуй хэлэхэд гарт нь нэг жижиг цаас атгуулаад яваад өгөв.
Үзэхгүй гэж хичээсэн ч, тэсэлгүй нээн үзлээ. Өнөө орой хотын аль нэгэн газарт болох цуглааны урилга байв. Очих эсэхээ шийдэж ядан байж, юу ч гэсэн хайж очихоор шийдэв.
Яваад ортол, Ганнс галуу, шүтэн бишрэгч бүсгүйчүүд, хотын гангачуул, урд өмнө нь танил байсан дүр зураг нүдэнд харагдав. өвгөн яст мэлхий анир чимээгүй дунд тэдний өмнө, тухлаг сандалд залран сууж, ямар нэг юм ярьж байна гэнэ. нулимс асгаруулам танил, сайхан санагдаад танхимын голд очлоо. Өөрийг нь тойрон хүрээлдэг байсан бүхл амьтад өвгөн яст мэлхийн үгийг нэг бүрчлэн сонсож, ихэд хүндэтгэж байх юм.
Энэ бүхний учрыг ойлгож ядах юу байх вэ, хөөрхий хөгшин тогост яст мэлхийн ухаантайг ойлгуулах үйл явдал л байна шүү дээ.

Дэндүү богинохон залуу нас.
"Гоё сайхан байна гэдэг залуу насны хэрэг. Насан туршдаа, хөгширсөн хойноо ч хамгийн гоо сайхан, үзэсгэлэнтэй, нэр хүндтэй, баян тансаг хэвээр байхын тулд эрдэм мэдлэг, боловсрол гэдэг зүйл зайлшгүй юм" гэдгийг Чарльз маань нэгэнт сайн ойлгожээ. Өөрийн өнгө зүсээр амьдарч болдог ч цаг хугацаа гэдэг хоромхон зуур урсан өнгөрч, нэг л мэдэхэд чи хөөрхий нэгэн хөгшин болно. Тиймээс үүрд залуу сайхан байхын тулд дотооддоо чухамхүү хамгийн үнэтэй гоо сайхнаа цогцлоох хэрэгтэй байдаг байна.

Эрдэм номд шамдан, алдаагаа зассан Чарльз хотын хамгийн алдартай эмч, хуульч, бизнесмен, багш, эрдэмтэн болохыг алийг тэр гэх вэ.

2009-03-03. 16:18.

Monday 2 March 2009

Zuerst liebe ich mich selbst

Яг одоо, хаа нэг газар, миний хайрлаж явсан хүн ямар нэгэн зүйл хийгээд явж байгаа. Яг одоо, хаа нэг газар одоо хайрлаж хамт байгаа хүн маань ямар нэг юм хийж байгаа. Магадгүй яг одоо, хаа нэг газар, миний ирээдүйд хайрлах хүн ямар нэг юм хийгээд явж байгаа.
хэхэ. ;)


Ich habe schon mein Deutsch vergessen! Schade.
Abet jetzt will ich etwas auf Deutsch schreiben. Aber was? hehe. Ich weiss nicht.

Ok, dann schreibe ich ein Gedicht von Goethe:



Tiefe Stille herrscht im Wasser,
Ohne Regung ruht das Meer,
Und bekümmert sieht der Schiffer
Glatte Fläche rings umher.

Keine Luft von Keiner Seite!
Todesstille fürchterlich!
In der ungeheuren Weite
Reget keine Welle sich.


Einmal habe ich dieses Gedicht in meinem Heft abgeschrieben, und hab uebergesetzt. Das war im Jahr 2001, то есть 8 лет тому назад. Zur Zeit я только начала изучать немецкий язык.

За за, больё. Нэг юм бичих гэсэн чинь үгээ санадгүй, оросоор холиод байх юм байна. хэхэ. За энэ, нэг тийм хэнд ч хэрэггүй дэмийрэл байлаа дөө. Зүгээр л бичмээр санагдаад ... :)

2009-03-02. 22:13.

Би бичгийн хүн


Би бичгийн хүн.
Энгийн л нэгэн оюутан.
Багадаа, би сод авъяастан гэж өөрийгөө итгүүлээд
Ер бишийн зүйлсийг дотроосоо дан хайж явдагсан.
Хүүхэд насанд хэн бүхэнд төрдөг л бодол,
Хүний хорвоод зүгээр л сайхан амьдрах юмсан.
Аз жаргалыг олдог газартаа,
Аз жаргалыг өгдөг хүмүүстэйгээ,
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л сайхан амьдрах юмсан.
Аав ээжийн энгэрт эрхэлж хүн болсоон,
Амьдрал нэг л сайхан санагддагсан...
Түлээ хагалж, ус зөөж үзсэнгүй
Тоонот гэрт гал түлж үзсэнгүй
Монгол ахан дүүст дэндүү гологдом ажил муутай
Дотроо бас өөрийгөө өмөөрсөн баахан бодолтой,
Би ер нь бичгийн л хүн.
Сурсан эрдэмдээ хэнээс ч дутуугүй
Зорьсон зүйлдээ юуны ч хориггүй.
Үзэг атгаж суухдаа жаргалыг мэдэрдэг,
Би ер нь бичгийн л хүн.


2009-03-01. 23:30.

Цаггггггггггггг ... урсана ...


Цаггггггггггггг ... урсана ...
Сэтгэл рүү урсах толтин дусал!
Тоогдох гэж би хэн нэгэнд дурладаггүй
Тоосоон гөвүүлэх гэж тэмцээнд би ордоггүй
Атга дармын зайд амьдрал намайг урлаж байдаг
Алаг хүний хорвоод өөртөө л би жаргалтай байх гэдэг.
Таалагдах гэж хүмүүст би ханддаггүй
Дардан замд учрах бүхэн учирч л байг
Хэнээс ч хамааралгүй эрх чөлөөтэй л байх гэдэг
Хэнд ч төвөггүй, өөртөө л би жаргалтай байх гэдэг!
Цаг урсан, өдөр хоногууд өнгөрнө...
Өөрөө ч анзааралгүй нас нэмэн хөгширнө...
Цагаахан цаасан дээр өөрөө л би өөрийгөө зурсан учраас
Цагдаж намайг хоргоох асуудал бүхнээс хулчийдаггүй ээ!
Тоогдох гэж, таалагдах гэж хүмүүстэй би харилцдаггүй
Төөрөөд одох заяатай нь байхад, түшээд явах ерөөлтэй нь байдаг юм
Би нөхөддөө хайртай, гэр бүлдээ хайртай!
Тэдний л хувьд эрдэнэ нь байхад, энэ хорвоод надад өөр юу ч хэрэггүй ээ!

Б.Оюунтөгс 2009-03-01. 22:32 цаг.